sonin.mn
Манай сонины энэ удаагийн зочноор Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй уригдлаа.
 
-Сайн явж байна уу, Нэргүй ах. Нутагтаа хэзээ ирэв?
 
-Ирээд удаагүй ээ. Хэнтий нутгаараа дамжаад ах дүүс, хамаатан садантайгаа уулзчихаад Дорноддоо ирлээ.
 
-Дорнод гэснээс та чинь Хэнтийн хүн шүү дээ. Хэдэн настайдаа Дорнодод ирж байв?
 
-Багадаа ирж одоогийн хоёрдугаар сургууль буюу “төмөр замын” дунд сургуулийг төгссөн. Миний амьдралын хамгийн эрч хүчтэй, аз жаргалтай үе энд өнгөрсөн болохоор Дорноддоо хайртай байлгүй яахав. Эндээс л би соёлт ертөнцтэй танилцаж хөл дээрээ боссон хүн. Дорнодын  ард олон л намайг хүн болгож өдий зэрэгт хүргэсэн юм ш дээ.
 
-Нийтийн аж ахуйн иижеиер байгаад сэтгүүлч болсон намтар таниас харагддаг.
 
-Хойно Оросод Усан хангамжийн ариутгах татуургын инженерээр төгсөж ирээд Дорнод нийтийн аж ахуйд слесарээр ажлын гараагаа эхэлж байлаа. Яруу найрагч Бат-Оршихын аав “онин” Базаррагчаа гуай, халхын цуутай “атаман” Мөнгөншагай гээд олон сайхан хүмүүсийн гар дээр ирж байлаа шүү дээ. Жинхэнэ мэргэжлийн, мэргэжилдээ эзэн болж чадсан хүмүүсийн ачаар хойно сурсан жаахан юмаа амьдрал дээр ажил хэрэг болгож чадсан.
 
Жирийн ажилчнаас Ерөнхий инженер хүртэл ажиллаж байтал 90-ээд он ч гарлаа. Хүн хүссэн юм аа хийх боломж нээгдсэн. Хойно төгсөж ирсэн биднийг чинь цэрэгт явуулдаггүй, хүссэн сургуульд нь ч оруулдаггүй байлаа шүү дээ. Онцгой чухал мэргэжилтэн гэдэг утгаар. Би уг нь Горькийн Утга зохиолын дээд ч юм уу МУИС-ийн гадаад хэлний ангид орох гэж хэд хэдэн удаа хүсэлт гаргаад зовшоороөгүй юм.
 
Тэгээд цагийн аяс эргэх үед унших бичих сонирхолтой хүн чинь түүндээ хөтлөгдоөд “Дөл” сонинд утга зохиолын ажилтан-сурвалжлагчаар орж байлаа. Бас л сайхан хүмүүс тосч авсан. Дугарсүрэн, Хэрээ ах гээд. Сонины “а” ч үгүй хүнийг одоо энэ МҮОНТ- ийн Ж.Эрдэнэцогт, танай сонины эрхлэгч Б.Туяа хоёр л сургасан даа. Дээр нь манай Б.Батцэрэн гэрэл зураг яаж авах талаар их зүйлийг хэлж өгсөн.
 
-Сүүлийн жилүүдэд орчуулга их хийлээ. Ажаад байхад яалт ч үгүй түүхэн баримттай, хэн бүгдийн мэдэхгүй зүйлийг монгол хэлэнд хорвүүлж байна. Энэ мэдрэмж үү, сонголт уу?
 
-Одооны уншигчид баримтат зохиолыг илүү таашааж байна. Дээр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог зохиолууд. Жишээ нь Айн Рэнд ч юм уу аль эсвэл 13-р далай ламын Монголд байсан үеийн түүхэн баримтуудыг уншиж байна шүү дээ. Түүх гэдэг чинь түүвэрлэх гэсэн үг байх.
 
Тиймээс түүхэн үнэнийг гарцаагүй баримтаар нь нотолж гаргасан зохиолууд илүү үдэ цэнэтэй байдаг гэдэг утгаар Нууц товчооны Палладий Кафаровыг би саяхан орчуулсан. Энэ хүн бол Монголын нууц товчоог дэлхийд анхлан таниулсан хүн.
 
-“Яруу найргийн зохиолыг орчуулдаг хүн яруу найрагчтай өрсөлдөх болно” гэж үг байдаг. Та Есениний шүлгүүд юм уу Алтан ордны яруу найргийг орчуулснаараа энэ үгийг баталчих шиг.
 
- Тийм бол сайн л хэрэг. Гэхдээ бас хэмжээгээ мэдэж байна. Ер нь яруу найргийг яруу найрагч л орчуулдаг юм. Өмнө нь М.Цэдэндорж, Ш.Цэндгомбо, С.Баясгалан, тэр ч бүү хэл Э.Оюун гуайн хийсэн Есениний шүлгийн орчуулгууд Монголд “нутагшиж” чадаагүй. Есениний үгийг монгол руу хөрвүүлэхээс гадна уянгыг нь буулгах хэрэгтэй байсан юм. Харин би өөрийгөө тооход уянгыг нь буулгачихсан гэж бодож байгаа. 
 
-Та бол мэргэжлийн орчуулагч, биш шүү дээ. Тэгсэн атлаа “гал гармаар” орчуулгууд хийдэг. Энэ нь эх хэлээ сайн эзэмшсэнийх үү? хэлний авьяас уу?
 
-Би чинь яруу найрагч хүн шүү дээ. Яруу найрагч гэдэг чинь авьяас, онгод хоёр юм байгаа биз дээ. Дээр нь би инженер хүн. Инженерүүд нисэх онгоц бүтээж чадсан улс. Тэгээд дээр нь тэнгэрээс жаахан “юм унадаг” л байх. Тархин дахь саарал бодисоо зөв ашиглаж чадвал шүлэг бичих гэж Горькийн утга зохиолын дээд ч юм уу сэтгүүлч болох гэж МУИС-д “балбуулах” албагүй.Ер нь  онол их заалгаад ирэхээр хүний төрөлх авъяас билэг “хашигдаад” байдаг талтай.
 
Төрөлхийн тансаг хэлийг чинь эхийнхээ сүүнээс, эмээ өвөөгийнхөө ярианаас олж авдаг юм. Түүнээс биш шал өөр үндэстний дунд оччихоод тэд нараар монгол хэлнийхээ найргуулгыг заалгаад байх ч юу байхав. Галсансүх л гэхэд Горькийн сургууль төгсч ирснээсээ хойш бүр зориггүй болчихоод өнөөх сайхан задарсан юмаа гаргаж чадахаа больсон шүү дээ. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр... Галсансүх шиг, Данзангийн Нямсүрэн шиг хүмүүсийг хуурай онол самууруулчихдаг юм. Тиймээс иймэрхүү хүмүүс элдэв шалдав сургуульд явах хэрэггүй.
 
- Нямсүрэн гэснээс та их дотно байсан хүнийх нь нэг. Дахин Монголд түүн шиг найрагч төрөх болов уу?
 
-Нямсүрэнг өөд болсноос хойш найз нөхөд гэх хүмүүс нь тоогоо алдсан. Харин Ц.Жамбалгарав бид хоёр бол түүнтэй өвөр түрийдээ орж, ууж идэж, уйлж дуулж явсан хүмүүс Дорнодын хэдэн сайхан найрагч дүү нар минь байлаа. Б.Бат-Орших, Г.Хүрэлчулуун, Б.Тайван., Т.Содномнамжил гээд нойтноос нлүү ах дүүс минь тэнгэрт одсон. Манай Бат-Орших бол гайхалтай яруу найрагч. Ер нь ажаад байхад өөрчлөлтийн зааг дээр дандаа агуу хүмүүс гөрсөн байдаг. Монголд хориод оны зааг дээр Нацагдорж, ерээд оны зааг дээр Галсансүх, Бат- Орших гэх мэт. Харин Нямсүрэн шиг найрагч ойрд төрөхгүй байх аа.
 
-Орчуулга хийнэ гэдэг төрөлх хэлнийхээ баялагийг маш сайн эзэмшсэн, үгийн “уурхай” хүн байна биз?
 
-Тэгэлгүй яахав. Сайн номыг төрөлх хэл рүүгээ буулгана гэдэг чинь зүгээр нэг “нус” шүлэг бичихээс илүү чадвар байдаг. Шүлгийн хувьд гэвэл зүрх рүү хашгиран орж ирсэн үгийг тавьчихаж болно. Орчуулгын хувьд тэгж болдоггүй юм. Маш нарийн үгийн сонголт хэрэгтэй. Аливаа үндэстний өөрийнх нь зохиолч, яруу найрагчид ард түмнийхээ оюуны хэрэгцээг хангахуйц уран бүтээл туурвиж чадахгүй бол гадаадын “томчуул”- ыг унших гэж гүйлдцэг юм.
 
Манайх чинь эрх чөлөө, эдийн засгийн хувьсгалыг улаан цусны дусалгүй хийчихсэн мөртлөө сэтгэлгээний хувьсгал хийж чадахгүй өдийг хүрсэн улс.
 
-Тархиа мөлжөөд хэр амьдарч байна гэвэл зэмлүүлдэг болов уу?
 
-Мөлжүүлэх гэж хүнд тархи байдаг. Мөлжиж л байна. “Өт шиг шалдан ч өөрөөрөө би баян хүн” гэж Вийоны хэлсэн үг бий. Монголд оЮуны үнэлэмж маш муу байгаа. Харин би жаахан өсгөсөн. Онгирч байгаа ч юм биш. Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв”-ийг орчуулахад “Алтан тариа”-гийн Цэнгүүн гэж залуу хоёр өрөө байр өгсөн. Монголд оюуны хөдөлмөрийг үнэлдэг оюунлаг хүмүүс байгаагийн нэгээхэн жишээ энэ. Харин төр засаг энэ талаар бодох л хэрэгтэй.
 
-Таныг утга зохиолын хүрээнийхэн “Барон жанжин” гэх болсон байна лээ. Барон Унгерд гэдэг хүний талаар олон ном орчуулснаар тийм нэр хайрлав уу?
 
-Барондоо биш 1920,1921 оны үйл явдлуудаас хамгийн том цагаан толботой байгаа нь Бароны командлан орж ирсэн Азийн морин дивизийн үйл ажиллагаа шүү дээ. Баронгүйгээр Монгол орон Хятадын дарлалаас салахгүй байсан. Тэр 18000 гаминг Сүхбаатарын цэрэг ч бут цохичихсон юм биш. 
 
Гаминг хөөсөн Бароныг зайлуулах гэж орж ирсэн улаан Армийн цэргүүдийг монгол цэрэг болгож харагдуулах гэсэндээ орж ирэх зам дээр нь хэдэн зуун монгол дээл аваачиж хаясан байдаг юм. Тэр үед чинь бас дипломат ёсыг олон улсын хэм хэмжээнд сахидаг байсан цаг. Гамингаа Бароноор хөөлгүүлсэн. Бароныгоо дараа нь улаан цэргүүдээр хөөлгүүлэн. 
 
Энэ бол тухайн үеийн удирдагчдын яах аргагүй монгол “шатрын ухаан “ даа.
Барон бол өөртөө үнэнч байж чадцаг цөөхөн хүний нэг. Тиймдээ ч улаантнууд байцааж байхдаа “Таныг манай талд орвол Петроградын комендантаар тавина” гэхэд нь тас тас хөхрөөд урдаас нь салаавч үзүүлсэн байгаа юм. Байцаалтынх нь протоколд яг ингэж бичсэн байдаг. Хэрвээ тэдний тавьсан
 
нөхцлииг зөвшөөрсөн бол улаантнууд түүнийг цаазлахгүй байсан. Өдийд Унгерн Фон Штернберг, Буденный шиг нэг том улаан армийн жанжин түүхэнд үлдэхгүй юу. Монголд уригдаад л, хятадуудаас монголчуудыг салгасныхаа гавьяанд БНМАУ-ын баатар цолоор шагнагдаад л.
 
-Таны бичсэн “Хүмүүсийн тухай роман”-ы хоёр дахь дэвтрийг хэзээ гарах бол гэж хүмүүс их хүлээдэг. Уулзсаных баараггүй тов сонсмоор байна.
 
-Бичнэ ээ. Гаргана чиг. Гэхдээ бодох юм байна. Оруулах хэдэн сайхан хүн байна. Нэгдүгээр дэвтэрт Дорнодын олон хүн орсон. Хоёрт нь ч бас оруулна. Зураас П.Мэлс гэж сайхан нөхөр минь саяхан өөд болсон. Амьд сэрүүндээ “Нэргүйнхээ «Хүмүүсийн тухай роман»-д орчих юм бол тэр гавъяат энэ тэр ч яамай хэвтэнэ ээ” гээд инээж байлаа, муу нөхөр минь. Мэлсийгээ бичнэ. Өөр хэд хэдэн сайхан хүн байгаа.
Ер нь хүнийг муулах түмэн шалтгаан бий.
 
Харин магтах урамшуулах сэтгэлийг нь тонхийлгэх ганц нэг шалтгааныг олж харах хэрэгтэй. Залуус та нарт захиж хэлэхэд өөрсдийнхөө үеийнхнийг гололгүй бич. Сайн сайхныг нь олж хар. Дараа түүх болж үлдэнэ шүү.
 
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн Танд талархлаа. Уран бүтээлийн өндөрөөс өндөр амжилт хүсье.
 
-“Дөл” сонины буурин дээр боссон “Дорнод” сониндоо зочноор уригдсандаа сэтгэл өндөр байна. Та бүхний үзэг хурц үйлс өөдрөг байх болтугай.
 
Н.Мөнхсайхан
Эх сурвалж: “Дорнод” сонин