sonin.mn
Улсын Дээд шүүхээс ИЗНН-ыг сонгуульд оролцуулах шийдвэрийг өчигдөр гаргасан. Энэ талаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай ярилцлаа.
 
-ИЗНН-ын бүрдүүлсэн материал дутуу, зарим нь хуурамч гэсэн шалтгаанаар СЕХ бүртгэхээс татгалзсан. Харин Улсын Дээд шүүхээс СЕХ-ын шийдвэрийг буруу гэж үзсэн дүгнэлт гарчээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?
 
-Бидний хувьд шударга үнэн ялсан талархалтай өдөр болж байгааг онцолж хэлмээр байна. Хэдийгээр сонгуулийн  кампанит ажил нэлээд хугацаагаар явсан байгаа ч шүүх шударга ажиллаж байна гэдэг нь нотлогдлоо.
 
ИЗНН-ыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахгүй, татгалзсан шийдвэрийг СЕХ гаргасан нь хууль бус байсныг Улсын Дээд шүүх Захиргааны хэргийн танхимдаа хяналтын журмаар шийдвэрлэсэн. Бидний сонгуульд оролцох үйл ажиллагаа тодорхой хэмжээнд саатсан ч үнэн, шударга ёс Монгол Улсад байгааг харууллаа.
 
Ер нь шүүх иргэдээ төрийн дарамт, дарангуйллаас хамгаалдаг үүргээ биелүүлж чадлаа. Улсын Дээд шүүх давж заалдах шатандаа таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдсан. Хуралдаанаар ИЗНН-ын гомдол нөгөө талаас СЕХ-ны тайлбарыг сонсч, шүүгч нар нэлээд удаан ярилцаж байж сонгуульд оролцуулах ёстой гэж үзсэн.
 
ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй байх дарамт бүх шатанд хүчтэй байна. Зөвхөн УИХ-ын ээлжит сонгуулиас гадна нийслэл, Хэнтий аймагт оролцуулахгүй байх хууль бус шийдвэрүүд гарсан. Энэ бүх асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр ажиллаж байгаа. Ямар ч байсан энэ сонгуульд ИЗНН дангаараа оролцох бүрэн эрхтэй боллоо.
 
ИЗНН-аас бүрдүүлж өгсөн баримт нь хуулийн дагуу байна. Мөн бүрдүүлсэн баримтуудад хуурамч материал байхгүй байсан учраас захиргаа хууль бусаар бүртгэхээс татгалсан байна. Үүнийг нь шүүх хангаагүй  шийдвэрлэсэн нь буруу гэдэг үндэслэлээр шийдвэрээ гаргасан.
 
-Сонгуулийн хуулиар намууд нэр дэвшигчдээ энэ сарын 28-ны дотор тодруулсан байхаар хуульчилсан. Тэгэхээр хуулийн хугацаа өнгөрсөн учир СЕХ нэр дэвшигчдийг бүртгэж авах боломжгүй байх үндэслэлтэй шүү дээ? 
 
-Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой асуудлаар СЕХ-н дээр очиж уулзана. Хуулиар тогтоосон хугацаа дуусч байгаа. Гэхдээ Улсын Дээд шүүхээс шийдвэр гарсан учир шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Тиймээс энэ асуудлаар СЕХ-нд хандана. Нөгөө талаас нэр дэвшигчийн үнэмлэх олгох хугацаа зургадугаар сарын 7-ны өдөр учир энэ хооронд ямар нэг байдлаар зохицуулах боломжтой гэж харж байгаа.
 
Энэ асуудлыг хуулиар нарийн зохицуулаагүй учраас зөвшилцлийн хүрээнд шийдэх байх. Гэхдээ Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр учраас заавал биелэгдэх ёстой.
 
-ИЗНН хуралдаад энэ сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэж шийдсэн. Энэ дагуу танай намын нэг дарга С.Дэмбэрэл намын даргаас чөлөөлөгдөөд АН-аас дэвшихээр болсон. Мөн ИЗНН-ын гишүүн Р.Булгамаа, Б.Хүдэр-Ян зэрэг хүмүүс АН, Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвс­лээс дэвших гэж байгаа?
 
-Хүмүүс тодорхой цаг хугацааны хувьд тооцсон байж магадгүй. Ер нь бусад намаас дэвшиж, сонгогдох эрхээ эдлэх гэж зорьж байгаа хүмүүсийг буруутгамааргүй байна. АН-ыг дэмжиж оролцоно гэсэн ямар нэг шийдвэр манай намаас гараагүй. Энэ бол зөвхөн хүмүүсийн ярилцлагын төвшинд байсан зүйл.
 
ИЗНН-ын Үндэсний хорооноос ямар ч шийдвэр гараагүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд хуралдсан Үндэсний хороо ИЗНН дангаараа сонгуульд оролцоно гэсэн шийдвэр гаргасан. Энэ тогтоолыг СЕХ-нд хүргүүлсэн. Мөн уг тогтоол нь хууль ёсны байна гэдгийг Улсын Дээд шүүх баталсан.
 
-Тэгэхээр эдгээр гишүүдийг танай намаас гарсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юу?
 
-Манай намаас гарсан. Нэг намын гишүүн өөр намаас дэвшихийг хуулиар хориглодог.
 
-Та аль тойрогт нэр дэвших вэ?
 
-Нэр дэвшинэ. Энэ тухай одоо ярихад төвөгтэй байна. Намын нөхцөл байдлаас үүдэн нэр дэвшихээр зорьж байсан зарим гишүүн гурван намаас дэвшихээр явж байгаа. Ер нь нэр дэвших сонирхолтой нам бусчууд,залуучууд хандаж байна. Яг одоо ИЗНН-аас хэдэн хүн нэр дэвшинэ гэдгийг хэлэхэд эрт. Ямар ч байсан шударга ёсны төлөө олон хүн нэгдэнэ гэж найдаж байна.
 
-С.Оюун дарга нэр дэвших  болов уу?
 
-Тэр тухай хэлж мэдэхгүй байна.
 
-СЕХ ИЗНН-ыг бүртгээгүйгээс болж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гээд нэлээд хугацаа алдлаа. Энэ хугацаанд нам болоод гишүүдэд тодорхой хэмжээний хохирол учирсан байх?
 
-Энэ тухай бодож амжаагүй байна. Мэдээж нам асар их зүйлээр хохирсон. Сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байсан гишүүд сэтгэл санааны хохирол гээд хохирсон зүйл бий. Бусад улс төрийн нам шиг тав тухтай сонгуульд бэлтгэх боломж олгосонгүй. Цаг минут тутам бидэнд үнэтэй байна.
 
Сонгуулийн нэр дэвшигчдийг бүртгэхээс өмнө Улсын Дээд шүүх шийдвэрээ гаргасанд талархаж байгаа. ИЗНН сонгуульд  дангаараа орно. Гишүүдээ нэр дэвшүүлнэ. Дашрамд хэлэхэд Улс төрийн намын тухай хуульд нэг тодорхой заалт бий. Улс төрийн нам хэрэв байгуулагдвал,  байгуулагдаад дүрмээ батлах, дүрмэндээ өөрчлөлт оруулсан тохиолдолд энэ бүх өөрчилсөн асуудлаа 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх заалт бий.
 
Намын даргын бүртгэлтэй холбоотой зохицуулалт манай хуульд сул байдаг. Тийм учраас энэ асуудлаар маргаан их өрнөсөн. Ямар ч байсан ИЗНН-ын бичиг баримтууд хууль ёсны байсан нь нотлогдсон.
 
Техникийн зарим зөрчил байсан. Үүнийг СЕХ нягталж, манай намын Үндэсний хороо хуралдаж ямар шийдвэр гаргасныг харалгүйгээр шийдвэр гаргасан нь гоомой зүйл болсныг шүүх дүгнэсэн.
 
-ИЗНН нийслэл болон аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох уу?
 
-Одоогоор Улсын Дээд шүүх биднийг УИХ-ын сонгуульд оролцох эрхийг хангаж өглөө. Нийслэлийн намын хороо сонгуульд оруулахаас татгалзсан. Мөн Хэнтий аймгийн намын хороог оруулахгүй байгаа. Оруулахгүй шалтгаанууд нь маш хөгийн гэж болно. Гэхдээ нийслэл болон Хэнтий аймгийн намын хороо сонгуульд орно гэж найдаж байна.
 
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: