sonin.mn
Ботулин токсинийгдэлхийн хамгийн хүчтэй хорын нэг гэж үздэг. Botulinum toxin нь “bak-terium Clostridiumbotulinum”-aac үүсгэгддэг мэдрэлийг хордуулдаг хор юм. Могойн хорноос 400 дахин хүчтэй.
 
Нэг грамм аэрозольны ботулин токсин 1.5 сая хүний амь насыг хөнөөж болох талаар гарсан судалгаа байдаг. Шинжлэх ухаан ботулин токсиныг практикт сайн талаас нь ашиглах боломжийг эрэлхийлж байна.
 
Сүүлийн үед гоо сайхны зориулалтаар ботулин токсиныг өргөнөөр хэрэглэх болсон нь бид бүхний мэддэг “Боттокс" юм, Нэг микро грамм ботулин токсиныг гоо сайхны эмчилгээний зориулалтаар зөв хэрэглэхэд 5-15 жилээр залуу харагдуулдаг гэж мэргэжлийн эмч нар үзэж байна. 
 
Ботулин токсиныг бид гэрийн нөхцөлд хийж давсалсан хүнсний ногоо болон бүтээгдэхүүний тагны доороос хамгийн түрүүнд олж болно. ОХУ-ын нэрт халдвар судлаач эмч АУ-ы доктор, профессор Владимир Владимирович Никифоров ботулин токсины гарал үүсэл, хор уршгийг судалж, хэрхэн энэхүү хүчтэй хороос өөрийгөө болон бусдыг сэргийлэх талаар олон зөвлөмж, зөвлөгөө гаргасан нь жирийн иргэд биднийг мэдлэгтэй, болгоомжтой байж, амь насаа хамгаалахад ач тусаа өгч байна. 
Намар шинэ ургац гарч, жимс ногоо элбэгшихэд айл өрх бүр өвлийн бэлтгэлээ хангаж хүнс ногоогоо дарж, давсалж бэлддэг. Ногоо, жимсээ дарах шилээ угааж, халуун усанд буцалган ариутгаж, цэмцийтэл арчиж бэлдэнэ. 
 
Хэрэндээ л усанд чанаж, буцалган, ариутгаж, цэвэрлэсэн байхад шилэн саванд ботулин токсин яагаад хэвээр үлддэг байна вэ? Ботулизмыг үүсгэгч нь агааргүй орчинд амьдрах чадвартай анаэробны буюу агааргүй типийн бактери юм. Жирийн нөхцөлд идэвхгүй спор хэлбэрээр байдаг, агааргүй орчинд маш тэсвэртэй. Жишээ нь бид мөөг түүгээд хичнээн угааж цэвэрлэсэн ч газрын хөрс, шороотой хамт ирсэн спор заавал үлдэнэ. Буцалгах үед бусад хэрэгтэй бактериуд нь үхжиж, харин ботулин токсин үхдэггүй. Хүчил төрөгчгүй орчинд гал хүртэл унтарч бөхдөг байхад, харин ч, хүчил төрөгчгүй халуун орчин нь ботулин токсины үржиж, өсөх таатай орчин болдог байна. 
 
Иймд, гэрийн нөхцөлд давсалж дарсан ногоог технологийн дагуу хийхгүй бол хордох аюултай. Бид шилэн саванд (бидний ярьж хэвшсэн варьений шил) давсалж дарсан бүтээгдэхүүнийг худалдан авах, сонголт хийхдээ зөвхөн гадна талаас нь ажиглаж хардаг. Хэрэв таглаа нь төвийсөн, хийгээр дүүрсэн мэт байх юм бол муудсан, ботулин токсин агуулагдсан байж болзошгүй хэмээн үзээд авдаггүй. Савны таглаа төвийснөөр тэнд ботулин токсин байна гэж мэдэхийн аргагүй.
 
Ботулин токсиныг амт, өнгө, үнэрээр ялгаж чадахгүй. Ботулин токсин тухайн бүтээгдэхүүнд агуулагдсан байна гэж үзэхэд ямарч чанарын өөрчлөлт  бүтээгдэхүүнд харагддаггүй. Өөрөөр хэлбэл, биднийг хордуулж, бүүр алж болох хэмжээний ботулин токсин бидний хэрэглэх гэж буй бүтээгдэхүүнд байгаа эсэхийг бид үнэртээд ч, амтлаад, хараад илрүүлж чадахгүй. Хэрэв шилэн савны таглаа төвийсөн, хийгээр дүүрсэн мэт байх юм бол энэ нь ботулин токсин биш, гэхдээ тэнд байхыг үгүйсгэхгүй, таг өөр төрлийн бактери, нянгийн улмаас хөөнө.
 
Ботулизм өвчин нь хамгийн үхэл өндөртэй өвчин гэж зүй ёсоор тооцогддог. Уг өвчин нь бүр эртний Грек, Ромын үеэс гарал үүслийн түүхтэй бөгөөд уг өвчин хордсон хоол хүнстэй хэрхэн холбоотой болохыг дөнгөж 1700 оноос эхэлж судалж мэдсэн байна. Анх 1793 онд Германы эрдэмтэн Justinus Kerner муудсан хиам ботулизмыг үүсгэдгийг олж илрүүлсэн байна. Хордолтын шалтгаанаас хамаараад хоолны гаралтай ботулизм, шархнаас үүсэлтэй, хүүхдийн ботулизм гэсэн гурван төрлийн ботулизм байдаг. 
 
Хоол, хүнснээс үүдэлтэй ботулизм нь гол төлөв гэрийн нөхцөлд даршилсан бүтээгдэхүүнээс үүдэлтэй, нийт ботулизмын 25 хувийг эзэлдэг бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Ботулин токсин бол булчин, мэдрэлийг гэмтээдэг хор юм. Ботулин токсиноор хордсон өвчтөн ямар ч мэдрэмжгүй болж булчингийн үйл ажиллагаа нь саарч бүр хөдөлгөөнгүй болдог. Ялангуяа ярих, нүдээ нээх чадамжгүй болж нүүрний хөдөлгөөн тэр чигээрээ алга болдог. Ийм өвчтэй хүний хамгийн анхны шинж тэмдэг бол ам аргаж, аман дотор ямар ч шүлсгүй хуурай болж, дараахан нь нүд юм харахгүй бүрэлзэж эхэлнэ. 
 
Хэрэв ийм төрлийн шинж тэмдэг илрэх юм бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. Энэ нь уг өвчний эхлэл бөгөөд яаралтай зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд цаашид хүнд хэлбэр лүү шилждэг. Дараа нь мэдээгүйжилт улам даамжирна. Дээрээсээ доошоо мэдээгүй болоод байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ байдал нь толгойноос эхэлнэ. Эхлээд нүд нээгдэхээ болино, хэл хөдөлгөөнүй болж, ярьж чадахаа больж улмаар залгих булчингууд ажиллагаагүй болон амьсгалж чадахаа больсноос амьсгалын дутагдалд орж хүн нас бардаг.
 
Энэ байдлаас ажиглахад хэдийгээр бид гэрийн нөхцөлд өөрсдөө ногоогоо дарж идэх нь эдийн засгийн хэмнэлттэй, мөн үндэсний бүтээгдэхүүнийг бий болгоход дэмжлэг үзүүлж байгаа боловч халдвар хамгаалал, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөөгүй, стандартын дагуу хийгдээгүй бол үүнээсээ илүү хор хөнөөлтэй болохыг харуулж байна.
 
Зөвхөн та, танай гэр бүлийнхэн хордоод зогсохгүй, таны бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн бүр ийм өвчинд нэрвэгдэх аюултайг сануулах нь зүйтэй гэж бодож байна. Намар болохоор бид үндэсний бүтээгдэхүүнээ дэмжих, савлаж, дарсан ногоо, жимснүүдийг эх орныхоо байгалийн үр шимийг хүртэх зорилгоор, мөн бидэнд тэр их үр шимээс хүртээж байгаа хөдөмөрч бусдынхаа зүтгэлийг үнэлэн худалдан авч гэртээ байлгаж байгаад гамнан иддэг. 
 
Тэгэхээр, хэдийгээр сайхан сэтгэл, хөдөлмөр шингэсэн ч стандарт, эрүүл ахуйн норм, зөв технологийн дагуу хийгдээгүй бол хүний эрүүл мэндэд хөнөөлтэй гэдгийг аль аль талдаа гомдож, гоморхолгүй уужуу ухаанаар тунгаан ойлгох ёстой. Энэ бол иргэний хариуцлага, хариуцлагатай, хүнлэг бизнес хийх үүрэг, хариуцлагын асуудал юм. Үүнийг үнэн зөвөөр нь эмч бид шударгаар хэлж өгөх үүрэгтэй. Яагаад гэвэл манай улсын Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл бол нийгмийн эрүүл мэнд.Нэн тэргүүнд авах  арга хэмжээ бол урьдчилан сэргийлэлт. Өвдчихсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авах явдал юм. Тэгэхээр, үйлдвэрийн нөхцөлд дарж хийсэн бүтээгдэхүүнийг худалдаж авах нь аминд өлзийтэй.
 
Яагаад гэвэл тэнд заавал автоклавд оруулж, тусгай технологиор ариутгадаг. Түрүүчийн нийтлэлээрээ би та бүхэнд хүнсний аюулгүй байдлын талаар товч мэдээллийг өөрийн амьдралд тохиолдсон явдал буюу тарвасан дээрээс үндэслэн өгсөн. Эрүүл мэндийн салбар бүгдийг зохицуулах боломжгүй. Салбар болгон хариуцлагатай байж, иргэн болгон сонор сэрэмжтэй, эрүүл мэндийн мэдлэгтэй байх учиртай. Ботулин токсин нь булчин, мэдрэлийг хордуулдаг хүчтэй хор гэж түрүүн тайлбарласан. Сүүлийн үед ботулин токсиныг зохих хэмжээгээр гоо сайхны эмчилгээнд хэрэглэдэг талаар би дурдсан. Охид, бүсгүйчүүд байтугай залуучууд, эрчүүд маань гоо сайхандаа ихэд анхаарч өргөнөөр энэхүү эмчилгээг хийлгэдэг болсон. 
 
Энэ нь огт буруу зүйл биш юм. Боттоксыг булчинд тарьсны дараа хэсэг хугацаанд тухайн булчинг агшаадаг мэдрэлийг булчинтай нь гэмтээдэг учраас агшилт өгөгддөггүй. Нэгэнт булчин агшихгүй болсон учир хэсэг хугацаанд үрчлээ үүсэхгүй, арьс тэнэгэр байдаг. Гэхдээ хор үйлчилж дууссаны дараа дахин булчин агшиж үрчлээ бий болох учир байнга энэхүү хорыг сайн дураараа хийлгэх нь зүйтэй юу гэдэг дээр манай охид, бүсгүйчүүд бодно биз.
 
Гоё сайхан байх нь хувь хүний хүсэл, бас эрх боловч зөв мэдлэгтэй, мэдээлэлтэй байвал аливаа гарч болох хүндрэлээс урьдчилан сэргийлж бид чадна. Хамгийн гол нь эмнэлгийн нөхцөлд, мэргэжлийн эмчээр, стандартын дагуу, сайн зөвлөлдөж байж боттоксыг хийлгэх хэрэгтэй. Энэ бол таны сайн дурын сонголт болно. Эрүүл байх нь иргэн бидний өөрсдийн хүсэл эрмэлзэл, мэдлэгээс асар их шалтгаалах билээ.
 
АУ-ы доктор, профессор Ж.ЦОЛМОН