Эдийн засгийн хямралын шалтгаан буюу бизнес мөчлөгийн онолыг Австрийн сургууль хэмээн алдаршсан эдийн засагчид хамгийн зөв оновчтой тайлбарласан байдаг.
Чөлөөт зах зээлийн барааны эрэлт нийлүүлэлт, үнийг зах зээл өөрөө зохицуулах боломжгүй гэдэгт итгэлтэй болсон улс төрчид зах зээлд төр идэвхитэй оролцох үүрэгтэйг байнга учирладаг болжээ. Бизнесийн бүхий л салбарын үйл ажиллагаанд өнгөрсөн жилүүдэд төр засаг хэр их оролцож ирснийг зарим салбар дээр жишиж үзье.
Хувийн хэвшлийнхэн зах зээл дээр бараа, үйлчилгээний эрэлтийг хоорондоо чанар, үнээрээ өрсөлдөн нийлүүлж байнаа гэж бодъё. Зарим барааны нийлүүлэлт буурснаас үүдэн үнэ нь өсөх эсхүл эсрэгээрээ буурах явдал гардаг. Сонгогчдод буюу хэрэглэгчдэд үнэ өсөх нь бухимдал төрүүлдэг тул эрх баригчдаас үүнийг зохицуулахыг шаардана. Эндээс засгийн газар барааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс зах зээлийг зохицуулах гэж төрийн оролцоогоо эхлүүлэх шалтаг нь гарч ирдэг. Бизнес эрхлэгчдийг салбар салбараар нь дуудан цуглуулж "Төр та нарт яаж туслах уу, ямар дэмжлэг хүсэж байна?,, гэдэг алдарт асуултаа тавихад нь бизнес эрхлэгчид бүгд нэгэн дуу хоолойгоор банкны зээлийн хүүг багасгах эсвэл бүр хүүгүй зээл шаардах, импортын хязгаарлалт, гаалийн татвар болон барааны квот тавих, урамшуулал, татаас олгох хэрэгтэй гэж хариулна.
Ингээд бизнесийн элдэв танхимууд, мэргэжлийн болон салбарын холбоод, үйлдвэрчний эвлэлүүд зэрэг хамтын хүчээ нэгтгэсэн ашиг сонирхлын бүлэглэлүүдийн нөлөөнд төр засаг автагдаж бүтээн байгуулалтынхаа төлөвлөгөө боловсруулан гаргаж хэрэгжүүлэх ажилдаа шаргуу орно. Нэн тэргүүнд засгийн газар түүний сиамын ихэр болох дангаараа монополь эрхтэй хэвлэх газар буюу төв банкаараа дамжуулан их хэмжээний цаасан тэмдэгт хэвлэн гаргаж үйлдвэрлэл, үйлчилгээний ямар ч туршлагагүй ч бай, шинэ ч бай хамаагүй үй олон иргэд, бизнес эрхлэгчдэд арилжааны банкуудаас зах зээлд санал болгож буй хүүгээс хамаагүй бага хүүтэй зээл санал болгоно.
Иргэд, бизнесмэнүүд хямд болон хөнгөлөлттэй зээлийн хүүнд бүгд хошууран шуурч хувийн болон компанийхаа бизнес төлөвлөгөөнүүдийг гаргаж ээлж дараалан уг зээлээс авч эхэлнэ. Мэдээж зээл олголтыг зах зээлд юу, хаанаас, яаж, хэрхэн, хэдийг ямар үнээр гээд бизнес плануудын бүх тооцооллыг төр ба түүний төв банк нь нэгдсэн нэг төвлөрсөн төлөвлөгөөнд оруулж шийдэх нь гарцаагүй.
Уг зээлээс авсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ашиг орлого нь нэмэгдэж амжилттай явах хувийн хэвшил, эсхүл ипотекийн зээл авч цалин орлогоосоо графикийнхаа дагуу зээлээ төлөөд асуудалд орохгүй яваа нь цөөнгүй байхыг үгүйсгэхгүй. Гэвч бодит байдал дээр дутуу болон буруу тооцоо хийж алдаа гаргах иргэд болон бизнесмэнүүд цөөнгүй байдаг. Тухайн барааны эрэлт нийлүүлэлтийн бүхий л тооцоо, бизнес план, төлөвлөлтүүдийг нэгтгэж нэгдсэн нэг төлөвлөгөө зохиосон төр засаг тэднээс ч илүү их алдаа гаргах нь нэгэнт тодорхой. Чухам эдгээр алдаатай тооцоолол буюу калкуляцуудын нийлбэр нь эдийн засгийн хямралын эх үүсвэр болох гол шалтгаан нь болдог байна.
Тодорхой цаг хугацааны дараа буруу тооцоо, алдаа, эндүүрлүүд нь зах зээлд барааны хэт үйлдвэрлэл, таваарын илүүдэл үүсгэж үнийн уналт эхэлнэ. Төр засаг хямдхан, хүү багатай зээл л олгочихвол бид босчихно гээд байсан бизнесийнхэн маань зээлээ эргэн төлөх чадваргүй болж эхнээсээ хаалгаа барьж эхэлснээр бүтээн байгуулалтаар шинээр бий болсон ажлын байрууд үгүй болж ажилгүйдлийн түвшин эрс өснө. Энэ нь цаашлаад зах зээлд худалдан авах чадварт муугаар нөлөөлснөөр олон зуун иргэд ипотекийн зээлээ төлөх чадваргүй болсноор бизнес эрхлэгчдийн найдваргүй зээл дээр нэмэгдэж улмаар банкны салбарын хямралыг эхлүүлнэ. Үхлүүд хөрөнгө болсон хөрөнгө оруулалт, барааны илүүдэл, үнийн уналтаас эдийн засаг бүхэлдээ дифляцид орж хямрал улам гүнзгийрнэ.
Дифляци нь инфляциасаа илүү хор уршигтай, учир нь түүний дараа хиперинфляцитай тулгардаг. Эдийн засагт төв банк мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлж, мөнгөний хүүг хүчээр буулгаж, засгийн газраас бизнест оролцож зээл олголтыг идэвхижүүлж хөөс үүсгэснээс болж эдийн засаг бүхэлдээ хямардаг гэж Австричууд тайлбарласан байдаг.
Одоо тэгвэл уг онолыг сүүлийн хэдэн жилд өрнөсөн Монголын үйл явдлуудтай харьцуулж үзье. Монгол банк их хэмжээний мөнгөн тэмдэгт хэвлэж хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис болон Самурай зэрэг бондоор Хөгжлийн банкаар дамжуулж санхүүжүүлсэн Үйлдвэржүүлэлтийн хөтөлбөр, иргэдэд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр гэх мэт бүхий л арга хэмжээнүүд нь эрх баригчдын зүгээс зах зээлд эрчимтэй интервенци хийж эдийн засаг дахь төрийн оролцоог эрс нэмэгдүүлсэн билээ. Сайхан уриа лоозон нэр бүхий хөтөлбөрүүд эхэн үедээ богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангаж, шинээр ажлын байрууд нэмэгдсэнийг үгүйсгэхгүй.
Харин дунд болон урт хугацаандаа эдгээр бүтээн байгуулалтууд, үр ашиггүй, алдаатай тооцоо эсхүл эхнээсээ мөнгө завших зорилго агуулж барьсан үйлдвэрийн хөрөнгө оруулалтууд ямар гамшиг, үр дагавар дагуулсныг бид одоо харж сууна. Хаалгаа барьж ажилчидаа тараахад хүрсэн дээрх үйлдвэрүүд болон бизнес эрхлэгчид ингээд зогсохгүй төрөөс дахин дараагийн дэмжлэг үзүүлэхийг лоббидож борлогдохгүй бүтээгдэхүүндээ протекционист бодлогыг шаардаж улмаар ижил төстэй бараандаа импортын гаалийн татвар, хориг, квот тавиулж авсан билээ.
Зах зээл дэх төрийн оролцоо хамгийн бага байсан үе болох 90-ээд оны хүнд хэцүү жилүүдэд шинээр гарч ирсэн засгийн газар чухам гаалийн татварыг тэглэж гадаад худалдааг чөлөөтэй болгосноор худалдаачид, наймаачид, ганзагачид, ченжүүдийн ашиг олох хөшүүргийг бий болгож өгсөнөөр зах зээлд бараа таваарын төрөл болон нийлүүлэлт эрс сайжирч эдийн засгийг зах зээл рүү амжилттай шилжүүлж байсан түүхээ бид мартжээ. Чухам чөлөөт худалдаа, үйлдвэрлэлийн хэрэгслийн чөлөөт хөдөлгөөн болон чөлөөт зах зээлтэй эдийн засгийн бодлого л улс оронд эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшил авчирч увайгүй ядуу орныг баян чинээлэг болгодог түүх бий.
Энэхүү нийтлэлийн эхэнд дурдсанчлан бараа таваарын үнийн өсөлт, бухимдалаас үүдэж барааны үнийг бууруулахад чиглэсэн үнэ тогтворжуулах болон түүний дараах импортыг орлох хөтөлбөрүүд нь эсрэгээрээ бараа таваарын үнийг улам нэмэгдүүлж сонгогч-хэрэглэгчдийнхээ нуруун дээрхи ачааг улам хүндрүүлсэн нь аливаа төрийн оролцоо нь жам ёсоороо бүтэлгүйтдэгийг дахин харууллаа.
Дээрх бизнес мөчлөгийн онолыг цэвэр, шударга өрсөлдөөнтэй зах зээлтэй гэсэн нөхцөлд тайлбарласан болно. Өөрөөр хэлбэл улс төрчид бизнес эрхлэгч нарын хооронд манайд өргөн цар хүрээгээр тахал мэт тархсан клайнтелизм буюу авилга, хээл, хахууль, жалга довны үзэл, зээл бүтээгчдийн хүртдэг 10 хувь зэрэг хууль бус үйлдлүүд уг онолд хамарч ороогүй болно. Эдгээр хуулийн хүрээнээс гадуур зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь сайхан уриа лоозонтой элдэв хөтөлбөрүүдийн зардлыг л улам нэмэгдүүлж эдийн засгийн үр ашгийг бууруулах нь гарцаагүй.
Мөн төрийн ивээл дор бусдаас давуу эрх эдэлж зах зээл дэх өрсөлдөөнд давамгай байр суурь тогтоосон хувийн хэвшлийн бүлэглэлүүд нь төрөөс огт дэмжлэггүйгээр шударгаар өрсөлдөж ирсэн бизнесүүдийг зах зээлээс шахан зайлуулж шударга бус өрсөлдөөнийг тогтоодог. Цаашлаад алдагдалтай ажилладаг хэдэн зуун төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, стратегийн гэх буюу монополь байдал ноёрхсон уул уурхай дахь төрийн оролцоо мөн төгрөгийн девальваци зэрэг хямралыг гүнзгийрүүлэхэд нөлөөлдөг үзэгдэлүүд байдаг.
Ийм энгийнээр аливаа эдийн засгийн хямралын гарал үүсэл хийгээд шалтгааныг Л. Фон Мизэс, Ф. Хаек тэргүүтэй Австричуудаас өөр бусад онолын (маркист, кэйнист, монитарист) эдийн засагчид тайлбарлаж чадаагүй байдаг. Шинээр сонгогдсон эрх баригчид өмнөх засгийн гаргасан энэхүү эдийн засгийн алдаатай социалист бодлогыг засаж залруулж хэрэглэгч, зах зээл рүүгээ хандсан либерал бодлого баримталж эдийн засгаа эрүүлжүүлж иргэдээ ядуурлаас гаргах нэг л сонголттой тулгарлаа.
“Алтан тариа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.ЦЭНГҮҮН
Сэтгэгдэл0
Бурмаагийн зөв байсан уу? Одоо Сэргэлэн сайд яаж байна кк
Бид төрийн зохицуулалтай,зөөлөн мөнгөний бодлоготой эдийн засгийг Кейнсийн онолоор,хатуу мөнгөний бодлоготой э/з-ийг фридманы онолоор тайлбарладаг.Ийм л байдаг гэж бидэнд эрдэмтэн багш нар заадаг байж билээ.Одоо хараад байхад үүнийг хольж хутгасан,бантан болгосон юм шигл ажиглагдаад байгаа юм.Уг нь зүүний чиглэлийн намын э-з-ийн онолын суурь Кейнсийнхээр,ардчлалынхан Фридманы чиглэлээр явах ёстой байсан гэж ойлгогддог.Гэтэл бидэнд альч намд аль ч онол их онцгойрч ялгагдаж гарч ирсэнгүй,Цэнгүүн энэ талаас нь авч үзвэл зөв ласуудал хөнджээ,амьдралаараа үүнийг үзэж яваа хүн ингэж хэлэх ёстойл доо.
Manaid ediin zasag bish zasaglaliin hyamral yyssen
Манай улсын эдийн засгийг одоогоор уул уурхайн салбар бараг дангаараа үүрч явна. Гэвч гол тулгуур болсон энэ салбарын голлох үнэ хүрэх бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс хэд дахин хямд борлуулсаар, дундаас нь зуучлагч компаниуд ашиг хүртсээр. "WoodMac"-ийн судалгаараар нүүрсний үнэ ирэх онд ч мөн үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Хөрөнгө оруулагч болон нийлүүлэгчдийн хувьд өнгөрсөн оноос эхэлсэн нүүрсний үнийн уналт зогсож, эргэн сэргэх болсон нь гарцаагүй таатай мэдээ. Гэхдээ Монгол улсын хувьд нүүрсний үнээ дэлхийн зах зээл дээрх түвшинд хүргэж чадаагүй хэвээр байна. Ганцхан жишээ дурдахад дэлхийн зах зээл дээр нүүрс 250 ам доллараар үнэлэгдэж буй өнөө үед Монголын нүүрс экспортлогч компаниудын аль нь ч дээрх үнэд хүрэхгүй хэвээр байна. Тухайлбал, нүүрс экспортлогч гурван гол компанийн нэг болох төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой компанийн хувьд нэг тонн нүүрсийг ердөө 33 ам доллараар үнэлэн худалдаалж байгаа нь дэлхийн зах зээл дээрх үнийн 1/4 хувьд ч хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл бид нүүрсээ одоо хэр нь бодит өртгөөр нь худалдаж чадахгүй байна. Сайн мэдээ нь Монгол улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон Эрдэнэс Таван Толгой компанийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсний дүнд энэ сард нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлаас 85 хувиар нэмэгдүүлэхээр болж байна. Харин Энержи Ресурс компанийн хувьд нүүрс харьцангуй өндөр үнэтэй худалдаж байна. Өнгөрсөн 10 дугаар сард тус компанийн нүүрсний хилийн үнэ 85 ам доллараар үнэлэгдэж байсан бол энэ сард 107 орчим ам доллар болж өсгөхөөр зорьж буйгаа компанийн зүгээс мэдэгдээд байна. Дээрх хоёр компанийн нүүрсний үнэ харьцангуй зөрүүтэй байгаагийн гол шалтгаан нь нэг нь нүүрс угаах баяжмалын үйлдвэртэй бол нөгөө нь уурхайн аман дээрээсээ шууд худалдаа хийдэгтэй холбоотой. Тухайлбал, Энержи Ресурс компани нүүрсээ угааж гаргаснаар нүүрсний үнийг харьцангуй өндөр байлгаж чадаж байгаа бол уурхайн аман дээрээс шууд худалдаалагддаг нүүрс маш хямд экспортлогдож, зуучлалын компаниар дамжин хэд дахин өндөр үнээр зах зээлд борлуулагддаг ч, зөрүү ашиг нь Монголын хилээс гадна үлдэж байна. Ийм л учраас өнөөг хэр нь Монголын нүүрс дэлхийн зах зээлд хангалттай үнэ хүрэхгүй хэвээр, монголчууд бодит ашиг хүртэж чаддаггүй уламжлал тогтсон хэвээр. Монгол улс гадагшаа цөөн хэдэн экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ хагас дутуу болгоод гаргадаг жишээ олон. Эдийн засгийн хямрал, төгрөгийн сулралыг өнөө маргаашаа аргацаасан зээл, тусламж бус, угтаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлснээр дарах нь хамгийн зөв шийдэл болохыг цөөнгүй судлаач, мэргэжилтнүүд хэлсээр байгаа ч Төрийн эрх барих байгууллагын өмнө даанч хэзээ ч бодитоор яригдаж, яригдсан нь хэрэгжиж байсангүй. Дээрээс нь өмнөх Засгийн газрын ачаар томоохон хөрөнгө оруулагчдаа үргээн явуулснаар хөрөнгө оруулалт буурч, орох валют огцом багассаныг дурдахгүй өнгөрч боломгүй. Түүхий эдээ үнэ хүргэж чадахгүй байгаа нь зөвхөн нүүрсэн дээр бус, экспортоор гаргадаг бусад бүх л салбарын түүхий эд дээр ажиглагддаг гол алдаа. Түүхий эдээ экспортлохдоо боловсруулж, стандартад нийцүүлэн гаргавал дэлхийн жишиг үнэд хүргэх боломж бий. Энэ нь зөвхөн нүүрс болон бусад түүхий эдийг баяжуулах, боловсруулах тухай хэрэг биш. Угтаа Монгол улсад нүүрлээд буй эдийн засгийн хямралын хамгийн гол гарц. Учир нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлснээр манай улсад орох валютын урсгал нэмэгдэнэ. Ингэснээр долларын нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт багассанаар гадаад валютын ханш тогтвортой байх боломж бий. Нөгөөтэйгүүр орох валют нэмэгдсэнээр нөөц мөнгө нэмэгдэж, төлбөрийн тэнцэл эерэг гарах дүр зураг харагдана. Гэвч манайд эсрэгээрээ, үндэсний үйлдвэрлэл гэх зүйл тун ховор. Байсан ч хэрэглэгчдэд хүрэх цөөн. Өдөр тутамдаа зарцуулж буй бидний мөнгө ихэнхи нь гадагшаа урссаар, гарах валютыг нэмэгдүүлж, долларын эрэлтийг үүсгэж, дотоодын мөнгөн тэмдэгтээ үнэ цэнэгүй болгож байна. Монголбанкны мэдээлснээр Монгол улс 2015 онд тоног төхөөрөмжийн импортонд 749 сая ам доллар, аялал жуучлалтай холбоотой импортонд 250 сая ам доллар зарцуулж байсан бол зэсийн баяжмал гадагшаа гаргаснаар 280 сая америк доллар оруулж иржээ. 2016 оны есдүгээр сарын 30-ын байдлаар Монгол улс дахь валютын орох гарах урсгал буюу төлбөрийн тэнцлийн байдлыг харвал урсгал тэнцэл 118.9 мянган ам долларын алдагдалтай, хөрөнгө санхүүгийн тэнцэл 185.2 мянгад хүрсэн. Бүхэлд нь авч үзвэл төлбөрийн тэнцлийн нийт дүн хасах буюу гадаад валютын цэвэр нөөц 232.1 мянган ам доллараар буурсан үзүүлэлттэй байна. Харин экспортын өсөлт 5.39 хувиар, импортын өсөлт 14.3 хувиар тус тус буурсан нь Монгол улсыг зорих хөрөнгө оруулагчдын тоо үлэмж хоргодож, дотоодын үйлдвэрлэлээ хангалттай хөгжүүлж, экспортод гаргаж чадаагүйг бэлхэн илтгэж байна.