sonin.mn
Нэгэн бүсгүй шинэ найз залуугаа эцэг, эхдээ танилцуулахаар ресторанд сууна. Залуугийн гадаад төрхөнд илт дургүйцэнгүй хандах эцэг, эх нь унадаг машин , ажилладаг газрынх нь тухай мэдмэгцээ эерэг хандлагатай болох агаад "Төрийн Банк"-ы хадгаламжийн дэвтэр хармагцаа дуу алдан баярлана. Ийм л ядуу сэтгэлгээтэй, хоцрогдсон сурталчилгааг "Төрийн банк" бүтээжээ. Аргагүй л Төрийн өмчийн банк шүү. Монголд рекламны салбар бизнесийн агуулгатай үүсч хөгжөөд 30 шахам жил болж байна. Энэ хугацаанд  Монголын томоохон үүрэн телефон, банкнууд уг салбарын хамгийн том төдийгүй хамгийн сайн реклам төлөвлөгч, захиалагч байсан бөгөөд уг салбарын хөгжилд томоохон эерэг нөлөө үзүүлсэн юм. "Голомт", "Худалдаа Хөгжлийн Банк", "Хаан" банк тэргүүтэй банкнуудын маркетингийн аливаа бүтээлүүд нь хэлбэр хийц төдийгүй үзэл, санаа өгүүлэмжийн хувьд ч Монголын рекламны салбарт пионер нь байж, шинэтгэл хийж байдаг. Гэтэл төрийн өмчит "Төрийн банк" үзэл санааны хувьд нийгмийн хоцрогдсон хэлбэртэй, хуулбар сурталчилгаа хийн цацаж, телевиз үзэгчдээр тохуурхаж буй нь харамсалтай. Төрийн банкийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү, МАН-ын дэргэдэх элдэв холбоонд ажиллаж байсан нөхөд гэх мэтийн л туршлагатай хүмүүс удирддаг. Гэхдээ дунд түвшний удирдлагад нь ядаж мэдлэг боловсролтой шинэлэг хүмүүс удирддаг байх гэсэн горьдлого олон нийтэд байсан биз ээ.
 
Э.Мягмар