sonin.mn
Сэлбийг өгсөхөд сэрүүхэн ч Сэтгэл гэдэг бас тийм ч жолоо цулбуургүй, хаашаа л бол хаашаа хайлсан тугалга шиг халбилзах  эд бишээ. Ялангуяа өнгө мөнгөнд алдрах сэтгэлээ үнэн үг мэргэн ухаанаар хандыг нь байнга хага дарж байхгүй бол нисэж нисэж яваад нэг л өдөр нисдэг тэрэгний ослоор ч чад хийлгэчихэж чадах эд шүү.
Хүн сэтгэлээ юугаар тэжээж хэрхэн жолоодож байгаа эсэхээс хамаараад  хүний сэтгэл сайн муу буруу зөв олон янз байна л даа, тухайлбал хатуу үг чулуудавч өр зүрх шимшрээд байвал хайрын сэтгэл, халуун баяр хүргэе гэвч араа шүд зуугдаад байвал хорсох сэтгэл, хан тэнгэрт дүүлэх мэт алдаршивч харц доогуур гишгэх нь даруу сэтгэл, уу ид хэмээн дайлавч цайлавч хайран санагдах нь хармын сэтгэл, углах гуталгүй ч гишгэх хөлтэйдөө баясах нь хангалуун сэтгэл, улсын юм хүний юм хэмээн хэмхчин хаях нь цэвдэг сэтгэл, урмын үг баатар цолноос ч ум хумгуй зугтах нь ухаарах сэтгэл, өрөөлийг хальтрахад өргөх бус түлхэх нь хорон сэтгэл, өстөнөө цангахад жадлах бус ундаалах нь уучлах сэтгэл гэх мэт.  
Социализмын үеийн тээр жар далаад онд аав маань жилдээ хуримтлуулсан ноос ноолуураа  сумын төв орж нэгдлийн дарга нярав нябо-д биеэрээ тушааж тооцоогоо бодуулдаг байсан шигээ тэнгэрт хальсан тэр жилээ насандаа хуримтлуулсан сайн муу тооцоогоо хаа нэгтээ мөн сэтгэлээрээ бас бодуулсан л болов уу. Манай аав ээж ч, ер нь ялгаагүй коммунист ёс суртахууныг миний ардын цайлган сэтгэлтэй хослуулан хүмүүжсэн тэр үеийн хүмүүс ч их сайхан сэтгэлтэй байж. Ямартаа манай аав Зул сар гарахаар идшээ хийн том гэрээ яг баруун аймгуудын төв зам дагуу Хөтөл усны Шар дөрөлжийн ойролцоо Бөөт үзүүр хэмээх намаржаан дээрээ нэг үхрийн гуя, бага сага чанаж идэх мах, аргал түлээ тогоо шанагатай  орхин “хөөрхийс даарч ядарсан замын жолооч нар хонож чанаж идэж байг” хэмээн гэрийнхээ үүдийг цоожлолгүй, хөвөрхий уяагаар уяад өвөлжөө рүүгээ нүүдэг байж билээ.
Харин аав ээжийнхээ тэр сайхан сэтгэлийн хувийг үргэлж аргадаж гамнаж арвижуулж хүртэх нь бидний үүрэг юмуу даа. Учир нь, хоног тутам булангийн дэлгүүрээс авсан талхаа бид гурав хуваан ээж аавдаа өрөө төлж, үр хүүхэддээ зээлээр өгч, эхнэртэйгээ үлдсэнийг нь иддэг амьдралын нэг хууль байхын адил хором тутам сэтгэлдээ жигнэсэн “талх”-аа бид тэдэнтэйгээ бас хуваалцан газарт ч тэнгэрт ч хэдэн үеэрээ хүртэж байдаг бас нэг хууль байдгаас тэр. 
Хүний биеийг сүлбэх буу сум жад сэлэмнээс илүүтэйгээр сэтгэлийг жадлах хорон муу санаа давхар иртэй сэлэм мэт цавчиж, хорон үг хурц үзүүртэй жад мэт хатгаж, хор шар сэтгэлийг гангийн зуух мэт түлж байдаг. Тиймдээ сэтгэл дэх энэ их шархдалт шаталт түлэгдэлтээс үүдээд наад зах нь хацар улайж, гар чичирч, нүд гялалзаж бие хямарч даралт өндөрсөж, зүрхний цохилт ихсэж нойр хоолгүйдэн эм тариан дээрээ ч тулах явдал гарна. Үүнийгээ хүмүүн бид тэр болгон ажигладаггүй, мэддэггүй, бас мэдэрддэгүй нэг л мэдэхэд хорон санааны уршгаас бөөр зүрх тархи мэдрэлийн суурь өвчтэй болдог.  Биеийн сөрөг шинж тэмдэгүүд ч яахав тэгэсхээд парацетомол энэ тэр уугаад  өдөртөө л гайгүй болно. Харин сэтгэлийн хордлого цахим санамж ой мэт хадгалагдан цар хүрээ хэм хэмжээнээнээсээ хамаараад түүний уршиг нь өөрт төдийгүй үр удам үндэстэн ястанд хэдэн зуу, мянган жилээр ч үргэлжилж мэднэ.
Хөөрхий зайлуул авилгачдын ч, донтогчдын ч, аливаа хүмүүсийн ч буруу гэж юу байхав, архинд ч хахуульд ч бурууд ч сунгадаг гараа ухаанаар хөдөлгөвч, ухаанаар сэтгэлээ жолоодох бус, сэтгэлдээ хамаг юмаа тавиад туучихсаных.  Нэгэнт сэтгэлээ хорон санаа дон шуналаар дүүргэж түүгээрээ зэтгэрийг аажим аажмаар хооллосноос нэг л мэдэхэд сэтгэлийн хойморт зэтгэр хүчээ авч хаан ширээнд заларч гар хөл ухаан санаа зүрх сэтгэлийг юутай хүйтэй нь дөнгөлөн өөрөөсөө бүрэн хамааралтай болгож биднээс ханаж цаддаггүй бирд зангаараа улам их дон шуналыг нэхэхээс гадна агсамнал бардамнал хорсол занал атаа жөтөө гээд хамгийн муу муухай бүхнийг хором тутам гаргуулан хооллож, ялгадасаараа хавь ойрын аль өнгөтэй өөдтэй үнэт хайрт хүн, ардыг нь гамшиг осол цус нулимсанд хутган давхар хооллож бие хүнийг амьдаар нь өөр шигээ болгоод ч санаа нь амрахгүй, үр хүүхэд үндэстэн ястанаар нь давхар залгих санааг өвөрлөж байдаг.
Харин үнэн үгийг зүрхэндээ хадаж мэргэн ухаанаар сэтгэлээ жолоодвоос хамаг бие сэтгэлд шударга Үнэний хүч ноёрхож зэтгэр түүнээс барааг нь харах нь бүү хэл сургыг нь сонсоод сүүл хавчин зугтах нь таны дулаан гэрэлтэй өргөөнд хасах/нэмэх дөчин градус, харанхуй/гэрэл хоёр нэгэн зэрэг хамтдаа оршин тогтнох боломжгүйн адил юм.
Тиймээс өрх гэрээ үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шүүрдэж цэвэрлэх айлын цэмцгэр хичээнгүй эзэгтэй мэт өглөө сэрээд орой нойрсох хүртлээ хорон муу санаа буюу энэ тэргүүнд атаа хорсол, шунал, бардамналаас сэтгэлээ үгийн хүч, ухааны саруулаар үргэлж шүүрдэж цэвэрлэж жолоодож чадваас, таниас инээмсэглэл хайр баяр баясгалан уучлал ерөөл тэсвэр тэвчээр өгөөмөр үйлдэл дулаан харц амар амгалан зэрэг зөв сэтгэлийн үр жимс бал бурам мэт асгарах болно. Бие сэтгэлээс би бүрдэж, би чи-гээс өрх босож, өрх гэрээс ураг залгаж,  ураг төрлөөс улс тогтон бид бүгдийн өсөн дэвжихийн үндсийн үндэс нь зөв сэтгэл гэдгийг хөх толбот хүн бүр ухаараасай.
Жич: Олон улсын эрдэмтэн физикчдийн баг хүний сэтгэл (душа, soul) гэдэг нь квантын физикээр хэмжигдэж болох бөгөөд долгионтой ижил төстэй, квантын бодит орон зайг эзэлдэг гэдэг дээр санал нэгджээ. http://yournewswire.com/scientists-say-they-have-found-proof-of-the-human-soul/
 
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт