sonin.mn
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2019 оны төсөвт тусгасан санхүүжилтийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Утааг бууруулахын тулд орон сууцжуулах, дэд бүтцийг шийдэх, цахилгаан халаалт ашиглах зэрэг олон шийдэл байгаа ч эдгээр нь урт хугацааных. Учир нь орон сууцжуулахад дор хаяж 10 жил шаардлагатай, дэд бүтцийг нь шийдээд хашаанд нь шугам, хоолой оруулчихаад байхад 6 сая төгрөгөөр холболтоо хийх боломжгүй, цахилгаанаар халаалтын асуудлыг шийдэх сонголт хийвэл цахилгаан станциудын хүчдэл дийлэхгүй, Улаанбаатар тэр чигтээ цахилгаангүй болох зэрэг эрсдэл нүүрлээд байгаа аж.Тиймээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн 1 жилийн хугацаанд хуралдаж, утааг ойрын хугацаанд бууруулах хамгийн үр дүнтэй арга нь иргэд гэр байшингийхаа дулаан алдагдлыг бууруулах, сайжруулсан түлш хэрэглэх, бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж ашиглах гэдэг шийдэлд хүрчээ.
Энэхүү шийдэлд үндэслэн Эрчим хүчний яамнаас цахилгаан шөнийн тарифын хөнгөлөлтөд зориулж 14,7 тэрбум төгрөг, гэр хорооллын 100.000 айлын янданд бүрэн шаталтыг дэмжиж шүүлтүүр суулгахад 54 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг саналыг 2019 оны төсөвт суулгуулахаар БОАЖЯ-нд өгсөн байна. Энэ дагуу саналыг 2019 оны улсын төсөвт суулгажээ.
Мөн 120.000 өрхөд сайжруулсан түлшийг түүхий нүүрснээс хямдаар борлуулахад татаас олгоход зориулж 54.7 тэрбум төгрөг, нам даралтын 3000 зууханд бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр суулгахад зориулж 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Улаанбаатар хотын хүн амын 60 гаруй хувь нь буюу 220.000 өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд эдгээр өрхийн 100.000-д бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр суулгаж, 120.000-ыг сайжруулсан түлшээр хангаснаар Улаанбаатарын утааг 50 хувь бууруулна гэж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон үзсэн байна.
Бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр нийлүүлэх компанийг нээлттэй тендер зарлах замаар сонгох бол сайжруулсан түлш нийлүүлэх аж ахуйн нэгжүүд нэгдэж, "Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл" байгуулан нэгдсэн журмаар шахмал түлшийг нийлүүлэхээр болсон байна. Мөн төрийн өмчит " Тавантолгой түлш" ХХК ч ажиллаж эхэлсэн байна
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд бүх яамны дэд сайд, МХЕГ, иргэний нийгмийн байгууллагууд, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газар зэрэг байгууллага багтдаг юм.