sonin.mn
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
 
–Аж ахуйн нэгжүүд татвар төлөхгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Мэдээж ЖДҮХС-гийн зээлээс үүдсэн асуудал бизнесийнхэн болоод ард түмний дургүйцлийг хүргэж байгаа. Гэхдээ татвар төлөхгүй байснаар компаниудад алданги, торгууль ногдуулахгүй гэх баталгаа бий юү?
 
-Нийтийн санхүүгийн менежментийг хийж чадахгүй байна. Үүнийгээ эрх мэдэлтэн, төрийн өндөр албан тушаалтнуудаас хамгаалах систем Үндсэн хуульд байдаггүй. Түүнийг далимдуулан сангаар дамжуулан мөнгөждөг үйл явц илэрч байна. Үүнд холбогдоогүй ганц ч институци алга.
Гэтэл эдгээр албан тушаалтан, эрх мэдэлтнүүддээ хариуцлага тооцохгүй байгаа нь шударга бус байна. Гол шалтгаан нь Үндсэн хуульд нийтийн санхүүгийн тухай асуудлыг тусгасан ганц ч үг өгүүлбэр байхгүй. Тэгэхээр хуулийн цоорхойг ашигласан гэсэн үг. Гэхдээ сүүлийн 27 жилийн гажуудал юм. Бизнесийнхэн татвараа давуулан биелүүлсэн учраас төсвийн орлого тасарна гэж шоудах хэрэггүй. Хамгийн гол нь нийтийн санхүүжилтийн схемийг ил тод, нээлттэй болготол бизнесийн байгууллагынхан харъя гэдэг санал оруулж байгаа юм. Үнэн хэрэгтээ төрд шургалсан хэдхэн хүн татвар төлөгчдийн мөнгийг гувчуулан хулгайлж байхад улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг 150-аад аж ахуйн нэгж, иргэд өөрсдийнхөө мөнгийг өөртөө зарцуулж болохгүй гэж үү. Үндсэндээ цаашид ийм байдлаар эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын өгөөш болж болохгүй гэсэн үг.
Татвар төлөхгүй бол алданги, торгуульд унах эрсдэл бий. Гэхдээ төр нь Үндсэн хуулийнхаа хэд, хэдэн заалтыг зөрччихлөө. Гэтэл ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Гэтэл хууль дүрмээ ягштал биелүүлдэг, татвараа цаг хугацаанд нь төлдөг аж ахуйн нэгж яагаад хохирох ёстой юм. Үнэн хэрэгтээ төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр зохих эзэндээ хүрэхгүй байгаа энэ үед бидэнд үүнээс өөрөөр тэмцэх арга алга. Бүр тодруулбал, төр Үндсэн хуулиа зөрчсөн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж чадахгүй байна. Хэдийгээр татвар төлөх нь иргэн, аж ахуйн нэгжийн зайлшгүй хүлээх үүрэг болов ч төр ч гэсэн хүлээх үүрэг хариуцлагатай. Төрөөс бусад институциэс үүргээ биелүүлэхийг шаардах хэрнээ төр яагаад хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм бэ.
 
–Мэдээж ЖДҮХС-гийн зээл зорилтот бүлэгтээ очоогүй нь олны дургүйцлийг хүргэсэн. Гэсэн хэдий ч төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдээр дамжуулан зээл авсан ч үндэсний компаниуд, баялаг бүтээж байна гэх тайлбарыг зарим гишүүн өгч байгаа харагдсан?
 
-Жижиг, дунд үйлдвэрлэл гэдэг институцидээ хүрч чадаагүйн гол шалтгаан. Авсан зээлээ хэрэг мандаж эхлэнгүүт шууд гаргаад өгөх чадамжтай аж ахуйн нэгжид олгогдох зээл биш гэдгийг л яриад байна. Үнэхээр хууль бусаар зээл авсан газрууд эргүүлэн төлсөн бол үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төсөл хөтөлбөрөө өгсөн жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулалтын дагуу олгох хэрэгтэй.
 
Түүнчлэн энэ зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн  аж ахуйн нэгжүүдийн хохирлыг төр барагдуулах учиртай. Энэ бол төрийн үндсэн үүрэг юм шүү. Ер нь нийтийн санхүүжилтийн мөнгөний захиран зарцуулалтын асуудал төсвийн хөрөнгө оруулалт, концесс, Засгийн газрын авч буй өр зээлээр илэрнэ. Тоглогчдыг тэгш шударга оролцуулах, зах зээлийн өрсөлдөөний зарчим баримталж ажиллах нь Үндсэн хуулийн үүрэг. Цаашилбал, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, концесс гэсэн гоё нэртэй санхүүжилтийн хөтөлбөрөөс хувь хүн биш компани зээл авдаг. Гэхдээ ЖДҮХС-гийнх ямар нэгжид зарцуулах вэ гэдгийг тодорхой заасан байгаа гэдгийг ойлго. Нэрнээсээ эхлээд тодорхой байтал өөр ангиллын этгээдийг оруулчихаад шударга ёс яриад сууж байгаа эрх мэдэлтнүүд өөрсдөө ичих хэрэгтэй. Энэ бол эмгэнэл бөгөөд ёс зүйн асуудал.
Томоохон санхүүжилттэй сангуудын үйл ажиллагааны гажуудал 2013 оноос эхэлсэн юм шүү. Зах зээлд 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн тэр цаг үед том дарга нар өөртөө ойр компаниудад хуваарилсан. Үүний гороор эдийн засаг зогссон гэхэд хилсдэхгүй. Учир нь арилжааны банкнаас 20 гаруй хувийн хүүтэй мөнгө авах уу, төрийн санхүүжилттэй сангаас 3-4 хувийн хүүтэй мөнгө авах уу гэдэг уралдаан болсон. Хэвийн явж байсан ажлуудаа царцаагаад бага хүүтэй мөнгө авах “тулаанд” орсон аж ахуйн нэгжүүдийг буруутгах аргагүй. Хэдийгээр одоо “хэрүүлийн алим” болчихоод байгаа санхүүжилтийг компаниуд авсан ч бодит үр дүн нь сөрөг үр дагавар дагуулсан. 2013 онд зээл авсан аж ахуйн нэгжүүд өнөөдөр хүнд байдалд байгаа. Яагаад гэвэл 2014 оны дунд үеэс төгрөгийн ханш 40 хувь унасан. Эндээс эдийн засагт эргэлдэх хөрөнгийн системийг том дарга нар зохицуулж чадахгүй гэдгийг хэзээ ч мартахааргүй ойлгосон байх учиртай. Өөрөөр хэлбэл, 2016 оны сонгуулиар эрх баригч нам унах нэг шалтгаан болсон гэж болно.
 
–Та төрийн нийтийн хамааралтай өмч, нийтийн санхүүгийн менежментийн талаар олон жил ярьсан. Гэвч одоогийн үүссэн нөхцөл байдал нь энэ талд төдийлөн ахиц, дэвшил гарахгүй байгаагийн нэг илрэл гэж болох уу?
 
-Нийтийн санхүүгийн менежментийг хийж чадахгүй болохоор түүнд тавих хяналтын талаар яриад ч нэмэргүй. Манай байгууллага Ч.Сайханбилэгийн Засгийн газартай хамтран ажиллаж төрд орлого олж өгдөг бүх сувгийг нээж чадсан. Өнөөдөр татварын орлого давуулан биелэх бодит нөхцөл бүрдсэн гэж болно. Энэ нь НӨАТ-ын системийг ажиллуулсны үр дүн. Цахим төлбөрийн баримтын системийг ажиллуулснаар төсвийн орлогын гол эх үүсвэрийг бүрдүүлж байна. Тэгэхээр орлого олох механизмыг нь сайн болгосон байтал нийтийн санхүүг зарцуулдаг, хянадаг системээ ажиллуулж чадахгүй байна.
Одоо Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр авч нийтийн санхүүгийн менежментийг хийлгэж байна. Гэтэл тус сангийнхан тусгай сангуудыг хянахгүй орхисон гэхэд итгэхгүй байна.
Би дээр дурдсан нийтийн санхүүгийн асуудлыг Үндсэн хуульдаа тусгаагүйгээс завхрал гарч байгаа юм. Монголын төрд 27 жил бугшсан идээг шахах хуулийн зохицуулалтыг хийгээгүйн гор. Гэхдээ хууль баталж байх үед нийтийн мөнгийг хувьдаа шамшигдуулах, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн эрх ашигт нийцүүлэн завших ёс зүй, ойлголт байгаагүй. Бид гадныхныг дууриах дуртай шүү дээ. Тэгвэл Польшийн үндсэн хуульд нийтийн санхүүг хэрхэн хамгаалах тухай заалтыг оруулсан байдаг. Тэгэхээр бид ч мөн энэ зарчмаар ажиллахгүй бол цаашид улам даамжирна.
 
–Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр төсвийн орлого, зарлагыг хянаж байгаа юм биш үү?
 
-Нэгэнт нийтийн санхүүг хянаж байгаа юм бол сангуудыг ч мөн хянах л учиртай. ОУВС-гаас орж ирэх 5.4 тэрбум ам.долларын гурван тэрбум нь Монголбанкны гурван их наяд төгрөгийн алдагдлыг дарах, арилжааны банкны шинэ системд зарцуулж байгаа. Үлдсэн хэсгийг зах зээлд оруулах байх. Тэгэхээр энэ мэт санхүүгийн бүхий л системийг хянах ёстой. Аль ч Засгийн газрын үед нийтийн мөнгөний зарцуулалтдаа гадны аудитаар шалгуулах сонирхол байдаггүй.
Хяналттай холбоотой бас нэг зүйл бий. Манай улсад бүхий л салбарт хяналт тавих бүрэн эрх Үндсэн хуулийн цэцэд байдаг ч огт ашиглахгүй байна. Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч улсын төсөвт бүхэлд нь хориг тавих гэж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй. Гэтэл УИХ-д хандсаны гороор хориг нь буцаж байна. Нөгөөтэйгүүр, ямар шалтгааны улмаас хориг тавих болсноо тодорхойлох учиртай. Тухайлбал, 2019 оны төсөв Монгол Улсын эдийн засагт хохирол учруулж байна гэдгээ тодорхой бичиж Үндсэн хуулийн цэцэд хандах нь зүйтэй. Яагаад гэвэл улсын төсөв хууль болж батлагддаг шүү дээ.
 
–Төрөө дээдлэх ёс жудаг гээгдэж байна гэх болсон. Мэдээж үүнийг увайгүй улстөрчдийн хар мөр гэж тайлбарладаг?
 
-Монгол төрийн тухай 800 жил дуулсан “Эрхэм төр” гэдэг уртын дуу бий. “Эрхэм төр энхжээд эрх чөлөө нь тунгалаг энгийн олон нөхөдтэйгөө үүрд хамтаар цэнгэн жаргая” гэж дуулдаг. Төрийн энхжих, тунгалаг байхыг хянадаг газар нь Үндсэн хуулийн цэц. Тэгэхээр ЖДҮ-ийн асуудлаар өөр хоорондоо хэрэлдэж байхаар УИХ-ын дарга гишүүдийнхээ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргачих. Цэц тавхан хоногийн дотор хууль зөрчсөн эсэхийг нь хянаад, шийдвэрлээд өгнө. Ерөнхий сайд танхимын гишүүдээ өгчих л дөө. Ерөнхийлөгч төсөвт хориг тавих гээд байгаа юм бол бас л цэцэд ханд л даа. Түүнээс би, чи гээд хэмлэлдэж олны шившиг болох шаардлагагүй. Төр тунгалаг байлгах ганц байгууллага нь Үндсэн хуулийн цэц гэдгийг мартаж болохгүй. Төрийн гурван том өндөрлөг хоорондоо хэрэлдээд байх шаардлагагүй. Хэрэв Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд өөрсдийгөө шүүх гэж оролдвол 1990 онд байгуулсан ардчилсан ёс үгүй болно. Угтаа бол ардчилсан хуультай орны төрийн институцийн маргааныг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэдэг юм шүү дээ. Тэгэхээр цэцийг л ажиллуул.
 
–Төсвийг хоригт оруулснаар гарах үр дагавар нь төсвөөс цалинждаг, төрөөс санхүүждэг хөтөлбөр гацах эрсдэлтэй гэж тайлбарлаад байна. Хэр үндэслэлтэй вэ?
 
-Ирэх оны төсөвт Төсвийн хөрөнгийн оруулалтыг 1.4 их наяд төгрөг болгож оруулж ирсэн. Үүнийг энэ оны төсөвтэй харьцуулбал нэг их наядаар өссөн дүн. Түүнээс бусад зардлыг 2018 оныхоор төсөвлөсөн. Тэгэхээр өссөн дүнд нөлөөлсөн нэг их наяд төгрөгийг 2020 оны сонгуульд зориулсан байж магадгүй гэж хардаж байгаа юм. Гэтэл Монгол Улс их өртэй байгаа энэ үед 76 гишүүнд зориулах нэг их наяд төгрөгийг өр дарахдаа ашиглавал илүү өгөөжтэй. Нэг үеэ бодвол дэд бүтцэд чамгүй хөрөнгө зарцуулсан учраас аймгуудаа автозамаар холбочихсон. Эрчим хүчтэй болчихсон. Тиймээс макро эдийн засгаа босгоход зарцуулах хэрэгтэй гэж боддог. Хамгийн гол нь орон нутаг, ИТХ-ын төсөв Улсын төсвийн тухай хуулиас хамаарч батлагддаг учраас эдгээр асуудал оройтох эрсдэл бий. Яагаад гэвэл хоёроос бусад аймаг улсын татаасаар үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнээс төрийн албан хаагчдын цалин өгөхгүй болно гэх шалтгаан байхгүй. Мөн бизнесийнхний ажил зогсч татварын орлого тасарна гэж тайлбарлавал утгагүй л дээ.
 
-2020 оноос улсын эдийн засаг тийм ч таатай байхгүй гэдэг мэдээлэл гарч байгаа. Энэ нь мэдээж бизнесийн салбарынханд ч сөргөөр нөлөөлөх эрсдэл. Таныхаар?
 
-Бид төсвийн орлогыг бүрдүүлэх аргыг нь зааж өгөөд, механизмыг нь бүрдүүлчихсэн. Тийм дээ өнгөрсөн оноос татварын орлого эрс өссөн шүү дээ. Үүн дээр татварын багц хууль батлагдвал илүү үр дүнд хүрнэ. Бүртгэлийн системийн хууль батлагдсанаар Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх аж ахуйн нэгж татвар төлөх нөхцөл бүрдэнэ. Үүнийг техникийн дэвшлээр шийдвэрлэж байна. МҮХАҮТ хоёр жилийн өмнө их сургуулийн профессоруудтай ажиллаж улсын төсвийн оновчлолыг бодож гаргасан. Ингэхдээ төсвийн орлого, зарлага, түүний ялгааг багцын онолыг ашиглан хоорондын хамаарлыг гаргаад программчилсан. Энэ программынхаа өгөгдлийг энэ оны төсөвтэй харьцуулахад ирэх жилийн төсөвт татвараас авах орлогыг 600 тэрбумаар багасгах учиртай гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл Сангийн яам татварын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмээд оруулж ирсэн. Энэ нь бидний гаргасан онолтой зөрж байгаа юм. Мөн ирэх жил өр, зээл, зээлийн урьдчилгаа төлбөрөө 122 хувиар төл гэж гарсан. Энэ мэтчилэн Сангийн яамнаас гаргасан төсвийн тооцоолол зөрж байна. Тиймээс нийтийн санхүүгийн зарцуулалт, нийтийн хөрөнгө оруулалтад “Хөрөнгө оруулалтын оновчтой бодлого” гэдэг онолыг ашиглахыг зөвлөдөг. Ингэснээр шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой болно. Ирэх жилийн төсвийн орлого энэ жилийнхээс өссөн дүн бий. Гэтэл тэр орлогоо хаанаас олох вэ. Тооцоо судалгаа нь бодитой юу гээд яривал олон асуудал гарна. Жишээлбэл, нүүрсний экспортоос олох орлого бүрдэхгүй байх эрсдэлтэй. Учир нь манай гол хэрэглэгч урд хөрш нүүрс авахгүй болсноо мэдэгдэж байна. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч хориг тавихдаа ч үндэслэлээ тодорхойлсонгүй. Тиймээс нийтийн мөнгийг зарцуулах, олох орлогоо тодорхойлохдоо загварыг нь шинжлэх ухааны үндэслэлээр батлах ёстой. Өнөөдөр улсаараа ядуу байгаагийн гол шалтгаан ямар ч онолгүй, загваргүйгээр албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдлийн төлөө зарцуулснаас үүдэн гуйлгачин болж байна. Өнгөрсөн хавар Үндэсний хөгжлийн газарт их сургуулийн багш нараар хөрөнгө оруулалтын оновчлолыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх аргачлалын талаар мэдээлэл хийсэн.
 
–Эдийн засгийн хямрал, институцийн хямрал оновчгүй, онолгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй бодлогын гор гэж хэлэх гээд байна уу?
 
-Тэгэлгүй яахав. Дөрвөн жилийн хямралыг давахын тулд компаниуд их хичээсэн. Гадаад талд нэр хүндээ алдах вий гэж болгоомжлон бүх гарц гаргалгааг хайсны эцэст хэцүү давааг даван туулсан юм шүү. Энэ жилээс бизнесийн салбар сэргэх хандлага ажиглагдаж орлого гайгүй болоод ирэхээр дахин алдаагаа давтах эрсдэл байна. Ялангуяа. уул уурхайн салбараар мөнгө олдог нөхдүүд үүнийг анхаарах хэрэгтэй. Онолгүй, үндэслэлгүй бодлогын горыг үйлдвэрлэгчид амсана. Хамгийн наад зах нь дөрвөн том цементийн үйлдвэрийг байгуулсан. Гэтэл эдгээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал хоёр нь шууд дампуурна. Яагаад гэвэл, зах зээлийн багтаамж нь тэр шүү дээ. Үүний өмнө Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 16 гурилын үйлдвэр байгуулсан байдаг юм. Хэрэв бүгд ажиллавал нийт хураасан буудайгаараа тав нь ажиллаад үлдсэн 11 нь ажилгүй. Эцсийн эцэст хэн нэгний мөнгө гэж туйлшрахаас илүүтэй энэ мөнгөнүүд нийлээд Монгол Улсын мөнгө болдог.
Манай улс 2004 он хүртэл хөрөнгө оруулалт болж чадахгүй хэмжээний амь зогоох төдий тусламжийн мөнгөөр амьдарсан. Учир нь хойд хөршдөө төлөх есөн тэрбум ам.долларын өртэй учраас санхүүжилт хийх, хөрөнгө оруулах боломжийг боомилж байсан. Ингээд 2003 онд их өрөө тэглэсэн мөчөөс эхлээд манай улс руу хөрөнгө оруулалт цувж эхэлсэн гэдгийг сана. Тэгэхээр өртэй хүнд хэн ч мөнгө зээлүүлэхгүй, хөрөнгө оруулахгүй гэдгийг бид мэдэж авсан баймаар. 2021 онд манай эдийн засаг тэлнэ. Үүнийг манай топ улстөрчид мэдэж байгаа. 2020 онд Засгийн эрх авсан нам татварын орлого биелэхгүй байх вий гэж эмээх зүйлгүй учраас 2019, 2020 оныг попиулизм болгоод байна. Үүгээр юу хэлэхийг хүссэн бэ гэвэл бид эдийн засаг тэлэх тэр цаг үеийг үр бүтээлтэй ашиглахын тулд технологийн дэвшил, чадвартай хүний нөөцтэй байх шаардлагатай юм.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин