sonin.mn
Монгол Улсын түүхэнд хүндтэй байр эзлэх эмэгтэйчүүдийн нэг бол Эх дагина Цэндийн Дондогдулам (1874-1923) юм. Тэрбээр Бүрэн засагчийн (1861-1874) сүүлчийн (1874) оны намрын сүүл сарын 15-нд Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон бэйс Цанлигдоржийн хошууны нутагт мэндэлжээ. Жаал (Загал) зоригт дарь хатан, угсаа залгамжилсан Хөвчийн жонон ван Цогбадрахын хатан Дэндэвдулам нар Дондогдуламын дүү аж. Монгол Улсын Эх дагина хэмээн өргөмжлөгдсөн хатан Дондогдуламын намтар судлалд Үндэсний түүхийн төв архивын сан хөмрөгт хадгалж буй данс хараа, дурдатгал, ном зохиолуудад тэмдэглэн үлдээсэн мэдээ, баримт, гэрэл зураг, Богд хааны ордон музейн биет дурсгалууд, аман хууч яриа чухал хэрэглэгдэхүүн болдог.
 
Хатантныг дүү нар нь Дүүдий, өвгөн Жамбалын ярианд Өргөмөл хүү Ламъяа нь Эх дагиныг Алиа, нутгийнхан нь Дунгаа гэдэг байсан тухай дурьдсан ч архивын мэдээнд тэмдэглээгүй байдаг. Харин архивын баримт болон түүхэн хүмүүсийн дурсамжид  Дондубалхам (Дондогдулам), Ачлалт ялгуун дагина, эрх Цагаан дара ноён, Цагаан дара, Эх дагина, Улсын эх дагина, Улсын эх, Төрийн хатан хэмээдэг байсныг тэмдэглэжээ. 
Дондогдулам VIII Богд Агваанлувсанхайдавтай анх танилцсан тухай сурвалж судалгааны мэдээ нэлээд зөрөөтэй ч Хөвчийн жонон вангийн хошууны харьяат М.Пүрэвдоржийн туурвисан “Хөвчийн жонон вангийн хошуу” (1688-1990) номд “Монгол түмэн дээдэс харцас бүгдээр ...VIII Богд Жибзундамба хутагтыг амилсан бурхан хэмээн бишрэн хүндэлж байжээ. Богд гэгээн 25-ны сүүдэр зооглосон ойн бэлэгт 1894 (Бадаргуулт төрийн XX он) онд манай хошуу засаг ноён Цанлигдоржоос шилдэг урчуудаараа гоёмсог бүтээлгэсэн өвч бүрэн тавилгатай том эсгий гэр өгч байсан болон XIX зууны дундуур тус хошууны дээд ноёд, түшмэд, лам хуврагууд Богд Агваанлувсанд үнэнч гэргийг хошуунаасаа тодруулахаар шийджээ.
18-30 насны 50 бүсгүйг сонгон, шалгаснаас 10-ыг нь Хүрээний газраа бараа бологч хиа дагалдуулан “оёдолчин” нэрээр одуулжээ. Тэдний дотор нуруу цогцос гоо, зан ааш ялдам, эрүүл чийрэг, ухаан гойд сэргэлэн, амны хиншг буянтай төрх бүхий Дондогдулам байсан” гэж өгүүлжээ. Дээр дурдсан баримтуудыг нягталбал Бадаргуулт төрийн 20, 21 дүгээр (1894-1895) оны үед Дондогдулам Богд нар танилцсан бололтой. Үүнд Жонон ван Цанлигдоржийн хатан (Дондогдуламын эгч гэх) ихээхэн нөлөө, үүрэг гүйцэтгэсэн нь хэргэм зэрэг, албан тушаал ахихын хамт нутаг хошууны ард олныг алба татвараас хэлтрүүлэх, хөнгөлөх, алсын бодлоготой нь холбоотой ч байж болох юм. Улмаар Богдыг Амарбаясгалант хийдэд мөргөх аяллыг Цанлигдорж нар хариуцан их хөрөнгө, хүч зарцуулжээ.
 
Хүн төрөлхтөн XX зууны босго алхан орсон тэр жилүүдэд Богд Агваанлувсанхайдав Манж чин улсын доройтол, 300 илүү жил тэдний дарлалд нэрвэгдсэн монголчуудын цөхрөл, хилэнг эргэцүүлэн дүгнэлт хийж чадахуйц шашны төдийгүй улс төрийн зүтгэлтэн болсон байлаа. Тэрбээр шашны хатуу жаяг ёсонд хэт баригдалгүй гэргий авч, урьдын хаадын төрийн ёсыг эрхэмлэн дээдэлж байсан нь мөн энэ үед бөгөөд үүнийг тохиолдын шинжтэй гэж үзэж боломгүй. Зарим сурвалжийн мэдээгээр, тэр охиныг өөрийн шавь болгон авсан гэх, шашны номд үнэн сэтгэлээс сүжигтэй тэрбээр номын үйлд суралцсан аж.
 
Дондогдулам бүсгүй Их хүрээнээ Богдын өргөөнд ирснээс хойш 10 гаруй он болсон ч тэр цагт шууд хатанд өргөмжлөгдсөнгүй. Хэдэн жилийн турш ордны ёс журам, дэг жаяг, заншилд суралцан, шашин, амьтны тусыг зохиохын гүн бясалгалыг үзүүлэн, эрдэм ном заалган зохих түвшинд хүрсэн нөхцөлд хатанд өргөмжилдөг эртний уламжлалыг дагасан талтай ч, бас Богдын байр суурь ихээхэн өссөнтэй холбоотой байж болох тул хэсэг хугацаа өнгөрсний эцэст элч нарын сорилтыг давж, Богдын хатан болжээ.
 
Олны дунд нэр алдрыг нь нэмэгдүүлэхийн тулд “Монгол охин Дондогдулам болбоос бага наснаас ном үзэж, нэвтэрсэн хувилгааны байдалтай. Цагаан дара болбоос энгийн бус. Зарим нутагт болсон өвчин тахал, ган, зуд тохиолдох тутам түүнийг аргалан арилгагч олонд тусыг илтээр үзүүлсэн” гэх мэтээр ухуулж байжээ. Түүнийг сайн чойжин (гүртэн) байсан гэх. Төвөдийн том лам нарын айлдвараар чойжин болох эрх авдаг. Сүм хийдэд байнга шавилан суудаггүй ч чойжингийн гол үүрэг нь аливаа үйлийг урьдаас хэлж, гай гамшгийг зайлуулуулахад оршино. Чойжин буух үед тусгай өмсгөл сэлт хэрэглэн, бөө шиг хэнгэрэг дэлддэг ёстой байжээ. Дондогдуламын тухай арай хожим бүх олны явдал, итгэл болсон Очир дара багш Жибзундамба лам лугаа хамталж, шашин, амьтны тусыг зохиохын гүн бясалгалыг үзүүлсэн Эх дагиныг Улсын эх дагина болгосон хэмээн бичсэн байдаг. Тиймээс алдарт зураач Шаравын зурсан Дондогдуламын хөрөгт Эх дагиныг таван риньа өмссөн бурхны хувцастай, хонх очиртой хувилгаан хүний төрхөөр дүрсэлжээ.
1903 оны зун Дондогдуламыг Эх дагинад өргөмжлөх ёслол үйлдэж, Ачлалт, ялгуун дагина, эрх Цагаан дарь эх цол олгожээ. Түүний эцэг, эх, төрөл төрөгсдөд Есөн цагааны бэлэг хүртээсэн. Мөн эцэгт нь хиагийн жинс, Шадар дайчин, эхэд нь Далай ижий цол шагнан дархан эрх эдлүүлэх зарлиг уламжилжээ. Эх Дагины нэр хүндийг алдаршуулахын тулд 1903 онд Эх Дагинын аймгийг байгуулан, шавь олноос 4700 гаруй лан мөнгө татварлан дуган бариулж, 1442 лан мөнгөөр жасын хөрөнгө хүүлэх мөнгөний эх үүсвэр тавьжээ. Энэ аймагт хэрэглэх бурхан тахил, ном судрыг Богдын ордноос авчруулан нэр хүндтэй лам нарыг суулгав. Эх дагины хүч чадал, хөрөнгө чинээ, хүн ард өссөөр шавийн дөрвөн отогтой болжээ. Богд хаан гэргий авсан тухайгаа Манжийн эзэн хаан болон Гадаад Монголын төрийг засах явдлыг яаманд айлтгасны дагуу Бээжингийн Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас 1905 оны долдугаар сард Богд гэгээний Эх дагина Дондогдуламд 100 000 илүү лан мөнгө зарцуулан Эрзэнэ сэцэн цол шагнаж, тэмдэгт бичиг олгожээ.
 
Хожим Хаант Орос улсын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец “Богдод итгэх хүмүүсийн итгэл түүнийг эхнэр авсан хийгээд хатуу дарс хэрэглэх зэргийг ч үл тооход хүргэж байв. Богдын эхнэр бол лам нарын бодож олсноор үл үзэгдэх далдын хүчин” хэмээн Дондогдулам хатны тухай бичсэн. Нийтийн он тооллын 1911 он, Монголын XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өлзий учрал бүрдсэн, билэгт сайн өдрийн морин цагийг сонгон, монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж Очир дара Богд гэгээнтнийг Монгол Улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залж, их төрийн ёслол гүйцэтгэсэн. Энэ тухай Магсаржав хурц “Богд Жавзандамба хутагт ламыг Монгол Улсын хаанд өргөмжлөн,  эрдэнийн ширээнд залж, Эрдэнэ сэцэн Цагаан дара Дондогдуламыг улсын эхэд өргөмжлөн, хамтаар ёслох учир хааны эрдэнэ хасын тамга, алтан үсэгт өргөмжлөл ба Монгол газраас гарсан ёсны есөн цагаан билгийн есөн цагаан тэмээ, мөнгөн буйл, булган молцогт нэжгээд цагаан морь, булган мулцагт наймаад хадаг сэлт бэлэглэн өргөхдөө Төрийн ордноо хуралдсан хүн бүгдээр хичээнгүйлэн Богд, Улсын эхэд тус тус гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж мөргөсөн” хэмээн өгүүлжээ.
Богд хааныг Олноо өргөгдсөн шашныг мандуулах, амьтныг жаргуулагч аврал итгэл, хамгийг айлдагч оройн чандмань эрдэнэ, арга билгийг хосолж таалан зохиосон Очир дара гэтэлгэгч Богд гэгээнтэн, Монгол Улсын эзэн шашин, төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хаан хэмээн өргөмжилжээ. Хатныг Эрдэнэ сэцэн шашныг өрнүүлэгч, чин үнэн сүжигт, тус ачлалт, тунгалаг чандмань, далай дайчин, ялгуусан дагина, эрх Цагаан дара ноён айлдал энэрлийн эзэн, гурван орны дагинасын эрхэмтнийг улсын эхээр өргөмжилсөн байна.
 
Аливаа улсын эрх засаг, сүр хүчний бэлгэдэл олон зүйл түүхэн цаг үеийн онцлогийг илэрхийлэн, утга агуулга нь баяжин хөгжсөөр ирсэн. Монгол орон Манжийн захиргаанаас ангижирч, тусгаар тогтнолоо зарлан, Богд гэгээнийг Төрийн тэргүүнээр өргөмжлөөд долоон эрдэнийг бүтээн залж, төр, улс оршин тогтнож буйг илтгэн хүндлэн дээдлэх болжээ. Хаан төрийн долоон эрдэнийн магтаалд “...Хүний ёсонд эмэгтэй хүн, эхнэр, эх хүн нь хүн төрөлхтний нэгэн бат түшиг тулгуур тул төр, улс, айл гэрт үзэсгэлэн төгс, ухаан бүрдсэн, эрдэм гүйцсэн элбэрэл журамтай бүсгүй нэн чухал агаад үйлийн муу гэмийг тэвчсэн, үргэлжид амгалангаар цэнгүүлэгч, үнэр ариун хатан-хаан  төрийн долоон эрдэнийн нэг” гэжээ.
 
Урьд өмнө шашны үйлд хэрэглэж байсан Богд хааны алтан тамганаас гадна 1911 онд Монгол Улсын эзэн хаанаар Богд Жавзандамбыг өргөмжлөөд хийсэн Шашин, төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга хэмээх үсэг бүхий аливаа тархаах зарлиг, хэлтрүүлэх зарлиг, ухуулах, сургах, өргөмжлөл, жуух шар торгоны бичигт дарж хэрэглэх цагаан хаш болон мөнгөн тамгын хамт Дондогдулам “Шашин, төрийг хослон өрнүүлэгч улсын Эх дагинын тамга” гэсэн дардастай тамга барьж, шашин номын аливаа хэрэг учрыг шийдвэрлэж байжээ. 11.3x11.3 см, дөрвөн кг жинтэй мөнгөн тамгыг Сэцэн хан аймгийн дархан Барайшир ван урласан бөгөөд эдүгээ Богд хааны цагаан хаш, мөнгөн тамгын хамт Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж байна.
Тусгаар улсын хааны хувьд Богд Төвөдийн Далай лам болон Банчин Богдод айлтгал өргөсөн. Улсын эх дагина ч өөрийн нэрээр айлтгал өргөсөн байдаг. Богд хааны нэр хүнд, хөрөнгө чинээ нэмэгдэхийн хэрээр Улсын эх дагинын эрх сүр ч өсөж, тусгай цалин, пүнлүү хүртэх болжээ. Тухайлбал, Олноо өргөгдсөний III (1913) оны долдугаар сарын 26-нд Сангийн яамаас тушаасан бичигт “Богдын зарлигаар...Хотлыг баясуулагч дагинад жил бүр мянган лангийн цалин олгуулж байхаар бичиг үйлдэж, журамлан шийтгэсүгэй” гэж заажээ. Дондогдулам хатны намтарт холбогдолтой бас нэг баримт бол Олноо өргөгдсөний III он (1913 он)-д буюу түүний 40 насны ойд зориулан, төрсөн нутаг хошуунд нь шүтээний сүм байгуулах тухай хүсэлтийг Богд хаан Тунгалаг ноёнд даалгажээ.
 
Дондогдуламын гэр бүлийнхний тухай мэдээ хомс. Сүсэгтэн олон Богдод хүүхдээ үрчлүүлдэг, Далай ээж буюу Дондогдуламын төрсөн эх тэднийг нь өсгөн, хүмүүжүүлдэг болжээ. Тухайлбал, Юндэндоо, Ишдоо, Лутдоо гэж байсныг Богдын тусламжаар гадаад, дотоодын сургуульд явуулжээ. Хожим Хүрээнд ирснийхээ дараа ч ийм буянтай ажлаа үргэлжлүүлсэн гэдэг. Дондогдуламд төрсөн хүүхэд байсангүй. Хаан, хатан хоёр хүрдэн дээр тавьсан болон өнчин ядуусыг өргөж асран, тэжээн тэтгэж олон хүүхэд үрчлэн өсгөхийн хамт үр хүүхэдгүй болон бололцоотой айлд үрчлүүлж байсан тухай Өвгөн Жамбалын ярианд дурьдсан байдаг. Түүнээс гадна Богдын дэргэд Ялгуусан лам, Чин бишрэлт лам гэж хоёр хүүхэд байсан. Сундуй гүнийхээс нэг хүүхэд өргөж авсан тухай, бас Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдорж гуай ч тэдний өргөмөл хүү юм. Бусад нь борчууд байсан гэсэн аман мэдээ байдаг. Улсын эх дагина Хүрээний дуу, урлагийг хөгжүүлэхэд нь эгч Дэндэвдуламдаа тусалж байсан гэж зохиолч, яруу найрагч, ардын дуу судлаач Д.Баасанжав гуай бичжээ.
 
Дондогдулам хатан нийгэм, соёлын амьдралд багагүй нөлөөтэй байсан.
Түүний хөрөнгө чинээний тухай 1918 оны шавийн өрх ам, малыг байцаасан дүнгийн товч дансанд Харьяат отгуудад нь хувраг 1073, өрх 352, ам 2373, тэмээ 1330, адуу 21 603, хонь 28 475” болохыг тэмдэглэжээ. Богд хаан, хатан хоёр “Монгол Ор” алтны концерны тодорхой хувийг эзэмшдэг байсан гэдэг. Мөн Эх дагина Хятадын “Тянь Дэхао” пүүсийн хувь нийлүүлэгч байжээ.
Эрт цагаас Монгол хатад, авхай нар нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй байсан. Энэ утгаараа Дондогдулам улсын үнэт өвийг хааны өргөөнд хадгалах, өвлүүлэхэд багагүй хүчин зүтгэл гаргасан аж. 1913 онд Бүгд ерөнхийлөн захирах яамны сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн тушаалаар Хотлыг баясгагч хатан Дондогдуламд 100 лан мөнгөний шагнал олгож, Богдын ордны дэргэдэх Сангай аймгийн хэргийг эрхлэх болжээ. Ордны дэргэдэх уран дархчууд болон Хүрээний урлагийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн Сангай аймгийн үйл ажиллагаанд Дондогдулам хатан дүү Дэндэвдуламын хамт, урчууд дархчуудын хэргийг удирдан явуулдаг байв. Эх дагина маш уран байжээ. XIX, XX зууны монголчуудын Хүрээний хэв маягийг бий болгосон гэж болно.
 
Хуучин Чин гүрний үеийн уламжлалт хэв маягаас татгалзан, монгол уламжлалт болон харьцангуй шинэлэг, чөлөөтэй, тайсаг хувцас, дээл, малгай, хантааз, гутал зэргийг хэрэглэдэг байв. Улсын эх дагины тухай И,Я.Коростовец “Богдын хатан алтан даавуун дээл өмсөж, том сувдаар чимэглэсэн, толгойн өндөр хэрэгсэлтэй байв. Би анх удаа хувилгааны эхнэрийг ийм ойроос харлаа. Зөв хэлбэрийн царай, бүхнийг илэрхийлсэн нүдтэй, залуухан эмэгтэй. Монгол эмэгтэйчүүдийн нэгэн адил боровтор царайтай, нүдэнд дулаахан, цоглог нүдтэй юм” гэжээ. Швед гаралтай, франц суддаач Ларсо “Шашин, номоор бол Богд эхнэр авах учиргүй. Гэсэн ч тэрбээр үзэсгэлэнт охинд дурлаж, тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ. Энэ эмэгтэй туйлын ухаалаг, маш сайн эзэгтэй байв. Монголчууд түүнийг бурханчлан өргөмжилжээ. Үнэндээ тэрбээр морь унахдаа гарамгай, бас гайхалтай буудагч байв. Амьд будда эхнэрээрээ онцгой бахархдаг байлаа” гэж дурджээ. Орос улсын Ерөнхий консул В.Любэ “Богд эртний хаадын очирт сэнтийд заларч байлаа. Түүний хажууд адилхан сэнтийд Эх дагинаар өргөмжлөгдсөн хатан сууна” гэсэн бол Японоос Хүрээнд сууж байсан Кодама “Ноён Миллер надад “Дарь эх маш ухаалаг бүсгүй” гэсэн тул түүнтэй уулзахыг хүссэн ч “Ямар ч бололцоогүй” гэж Ханд ван хариулав...Миний өмнөөс бяцхан бэлгийг минь түүнд хүргэж өгөхийг хүслээ” гэх мэтээр тэмдэглэсэн байдаг. Дондогдулам хатан 1890-ээд оноос Богдын дэргэд байж улмаар ханилан сууж 30 гаруй он болсон. 1923 онд хатны бие чилээрхэн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд, ёс төртэйгээр шарилыг хайлуулж, одоогийн Улаанбаатар хотын хойд энгэрт онголж, шарил хөлөглөсөн шарга морийг тэнд нь сэтэрлэн талибсанаас тэр газрыг эдүгээ Шарга морьт гэх болжээ.
Дондогдулам хатан бол ХЖ зууны эцэс XX зууны төвөргөөнт он жилүүдийн түүхэн үйл явдлын дунд амьдарсан. Тиймээс намтар түүхийг нь тодруулах, андуу ташаа зарим ойлголтыг залруулах явдал оршсоор байгаа энэ үйлсэд зориулж миний бие 2012 онд “Улсын эх дагина” сэдэвт бүтээл туурвиж, доктор Ж.Урангуа хянан тохиолдуулж, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун санхүүжүүлэн хэвлүүлсэн юм.
Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээж, бататгахын төлөө цөхрөлтгүй зүтгэсэн Богд хааны итгэмжит хань, шашин, төрийн үйл ажиллагааг нь дэмжигч, дотнын зөвлөгч нь байсан Дондогдулам бол шашин номын хэрэгт зохих ёсоор боловсорсон, бичиг ном бүхий, нийгмийн идэвх сайтай, олны хүндэтгэл хүлээсэн, тухайн үедээ Монголын сор болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл байсан бөлгөө.
 
 
Д.Энхцэцэг
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш (Рh.D)