sonin.mn
МЭДЛЭГ БҮХНИЙ СУУРЬ
 
Бурханы шашныг 2500 гаруй жилийн өмнө номлосон. Энэ нь олон зуун жилийн турш шалгарч, өнөөдөртэй золгосон агуу том ухаан юм. Аливаа юмны зүй тогтолыг мэдэж түүний цаад талд нь төгс гаран билэг билгүүний мөн чанарыг олж гэгээрсэн хүний сургаал билээ. Хамаг амьтанд туслахын тухай орчлонгийн бүх зохилдолгоо хүний сэтгэлийг ариусгаж зовлонгоос салах шалтгаан арга замыг үнэн зөвөөр заасан байдаг. Хүн төрөлхтөн бурхны шашин шиг ийм үнэн төгс номлол байхгүй хэмээн хүлээн зөвшөөрцгөөж байна. Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад бурханы шашин хүчтэй хөгжиж эхэллээ. Материаллаг, өндөр хөгжлийг шүтсэнээр хүн зовлонгоос ангижран жаргалд хүрсэн үү гэвэл үгүй. Байгаль экологийн тэнцвэрт байдал алагдсанаас болж нийгэмд маш олон хохирол үүсдэг. Үүнээс гэтэлгэх ирээдүйн хөгжлийг тодорхойлоход Бурханы шашин л авралын зам болно гэдэгт маш олон эрдэмтэн, мэргэд санаа нэгдэж байна. Харин бидний хувьд өвөг дээдсийнхээ 2000 гаруй жилийн хугацаанд уламжилж ирсэн Бурханы шашнаасаа 70 гаруй жил хол хөндий байлаа. Бурханыг ны мухар сүсэг гэж ярьдаг. Энэ бурханы шашныг шүтлэгийн хэлбэрээ цаад утга учрыг танин мэдээгүй төөрөгдөлд орсон хүний яриа. Бурхан багш шашнаа алт яаж шинждэг вэ түүн лугаа адилаар тунгаагаад үз хэмээн сургасан байдаг. Бид уламжлалаа мэдэхгүй, суралцаагүйн улмаас төөрөгдөлд орсон. Үүнээс гарах ганц арга бол мэдлэг. Аливаа нэгэн муу муухай тайлбаргүй санаа сэтгэл болгон мэдэхгүйгээс  үүсдэг.
 
БҮХ ЗҮЙЛ СЭТГЭЛЭЭС ҮҮСДЭГ
 
Аливаа нэгэн асуудлыг шийдэхээсээ өмнө өөрийнхөө сэтгэлийн гэмийг засах хэрэгтэй. Мөн үнэн мэдлэг болгонд суралцаж өөрийгөө хөгжүүлэхийг зорь. Бусдад тусалдаггүй юмаа гэхэд хор хүргэхгүй бай. Ийм замаар замнавал үнэн ном буюу бурханы шашны гол зорилгод хүрнэ. Бусдад туслахын тухайд бие, хэл, сэтгэл гурвын үүднээс ямар ч тусыг үзүүлж болно. Биеэрээ гэдэг нь амьтны амийг аврах, хорлохгүй, өгөөгүйг авахгүй байх өглөгийг эс үйлдэх зэрэг 10 муу үйлийг тэвчээд сайн үйл бүтээх хэрэгтэй. Өөрөө зөв явахад ойр орчиндоо нөлөөлдөг. Өөрийнхөө сэтгэлийг хянан аливаа зүйлийг авах гээхийн ухаанаар ялгаж сурах ёстой. Хэлж буй үг, яриа, хийж буй үйл, бодож буй сэтгэлээ хямгадаж байвал хамаг амьтанд туслах бүх зүйл үүснэ. Бүх зүйл сэтгэлээс үүддэг. Сэтгэсний дараа хэлж, хийж, бүтээдэг. Тэгэхээр хамаг зүйлийн уг сэтгэлд байна гэсэн үг. Амьтныг хорлох сэтгэл, хомхой сэтгэл, буруу үйлдлийг цээрлэх хэрэгтэй. Эс мэдэх буюу мунхагийг харанхуй дээр суурилаад аливаа юм гоё сайхан харагдаж шунан тачаах сэтгэл төрдөг. Жаахан дургуй зүйл дээр бухимдал, уур хилэн үүсдэг. Шунал тачаал, уур хилэн, мунхаг гурав дээр үндэслээд 84 мянган муу сэтгэл төрдөг. Тиймээс энэ муу сэтгэлийг арилгахын тулд хамгийн түрүүнд мунхаг буюу мэдэхгүй байхтай тэмцэх хэрэгтэй. Үнэн мэдлэг гэдэг бол буян нүглийг салган ялгасан Бурхан багшийн сургаал билээ. Сэтгэлийн гэмийг яаж арилгах, ариутгалыг эдлэх аргыг Бурхан багш номлосон. Бурхны сургаалыг судлахын тулд хамгийн түрүүнд бодь мөрийн зэрэг дээд номлолыг багшаар хөтлүүлэн шат дараалалтай сурах хэрэгтэй. Хэрэв тэгэх юм бол бид өөрийн бие цогцос амьдарч буй орчны мөн чанар харилцан уялдаа холбоо, сэтгэлийн ариусгалыг олж мэднэ. Боловсрол эзэмшсэний үндсэн дээр сэтгэлийн гэмээ дарж ариусалд хүрнэ. Үүнд лам хар нь хамаагүй. Лам болж сахил хүртэнэ гэдэг нь ертөнцийн эгэл амьдралаас татгалзан бие сэтгэлээ бурхны сургаалыг судлахад зориулж, хамаг амьтны тусын тулд үтэр түргэн бурхан болно гэсэн чин зоригийг барьсан хүний ажил. Хар гэдэг нь хүний амьдралаар амьдарч яваа хүмүүс юм. Гэхдээ эгэл амьдралаар яваа хүмүүс бурхны шащныг үзэж судлах боломжтой. Ийм боломжийг өөрөө л гаргах хэрэгтэй. Шашин өөрөө хамаг амьтны тусын тулд байдаг.
 
84 МЯНГАН МУУ СЭТГЭЛ БАЙДАГ
 
Бид хүний биеийг олж, энэ хорвоо дээр төрсөн. Гэтэл энэ хорвоо угаасаа зовлонгийн мөн чанартай. Энэ бие маань өөрөө зовлонтой шүтэн барилдсан байдаг. Төрөх, өтлөх, үхэх, өвдөх зэрэг зовлонгийн дөрвөн далайг туулахгүй өнгөрөх хүн байхгүй. Бидний сэтгэлд 84 мянган сэтпэл мөн чанараараа оршдог. Биед 404 өвчин орогнодог. Төрсний эцэст өвддөг, өтөлдөг, үхдэг нь үнэн. Ийм зовлонтой газар төрсөн амьтан учраас зовлонгоос зугтаж, жаргалтай амгалан больё гэдэг хүний бүү хэл сохор хорхойн ч хүслэн. Энэ зовлонгоос гэтэлгэх ганцхан зүйл бидний уламжлалт бурхны сургаал юм. Энэ номлолоор түр зуурын амгаланд бус туйлын мөнхийн амар амгаланд хүрч чадах хамаг аргыг заасан байдаг. Зовлонгийн үндэс нь бидний сэтгэлтэй барилдсан 84 мянган муу сэтгэл. Энэ муу сэтгэлүүдийг бид 84 мянган сайн сайханд нь урвуулж чадвал зовлонгийн үндсийг тасална. Муу сэтгэлийн үндсийг таслаагүй цагт хэзээ ч зовлонгоос ангижирч чадахгүй. Хилэнцэт үйлийн үр зовлон, сайн үйлийн үрд жаргал гардаг. Хүн өөрөө сайн сайхан зөв явахын тулд хичээх юм бол түүний үрийг заавал хүртдэг. Энэ бол жам ёсны хууль.
 
ЁС СУРТАХУУН НИЙГМИЙГ ЗОХИЦУУЛДАГ
 
Энэ нийгэмд олон янзын хүн амьдардаг.Олон янзын сэтгэл бий. Үүний нийтийн харилцаанд зохилдох хэм хэмжээг бүрдүүлж өгөхгүй бол өөрсдийн дур зоргоор амьдарч, энэ хорвоо чинь тамын орон болж хувирна. Хэн нэгнээс болж зовлонд унаад байхыг хэн хүсэх вэ? Тэгэхээр бүгдээрээ сайн сайхан аз жаргалтай амьдрахын тохирол хэн нэгэнд хор хүргэхгүй буруу зөвийг нь ялгаж өгдөг хийсэн буруу үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг, зөв зүйтэй зүйлийг хуульчлан тогтоож өгч ёсчлон зан заншил болгодог. Мөн буруу үйлээс гарч буй муу юмыг дарахын тулд гаргасан номын их ёс юм даа.
 
ХҮНИЙ ХҮМҮҮЖИЛ НИЙГЭМД НӨЛӨӨЛДӨГ
 
Хүмүүжил гэдэг бол сэтгэлийн асуудал. Аливаа нэгэн зүйлийг хүчээр дарамталж явуулах гэдэг боломжгүй. Хүчирхийлэл өөрөө эсэргүүцлийг төрүүлдэг. Иймээс хувь хүний хүмүүжлийн төлөв хэмээх асуудал яригдах нь мэдээж. Нийгэм хувь хүнээс бүрдэнэ. Өөрийнхөө сэтгэлийг номхотгон дарж, гэгээрэлд хүрсэн тохиолдолд үнэд хүрдэг. Хүнд зовлонгийн шалтгаан хийгээд зовлонгоос гарах уршиг түүнийг дарах арга замыг нь зааж сайн сайханд хүрэх боломжийг итгүүлэн үнэмшүүлж, зөв номлолоор хангасан цагт нийгмийг амар амгалан болгож чадна. Уламжлалт бурхны шашны сэтгэлийн сайн сайхныг авчирахыг номлосон номлол сургаалыг цэцэрлэг, дунд сургуульд оруулах хэрэггэй. Хүний сэтгэлийг засаагүй, хүмүүжил олгоогүй цагт нийгэмд гарч буй сөрөг үзэгдлийг зогсоож чадахгүй. Муу зүйлийг дарах арга бол хүнд үнэн мэдлэг олгох явдал юм. Үнэн мэдлэг хүмүүжлийг буй болгодог. Хүмүүжилтэй хүн нийгэмд нөлөөлж бусадцаа тус дэм болж явдаг. Гагцхүү үүнийг соёл боловсролын бодлого болгож хүүхдэд багаас нь хэвшүүлэх ёстой.
 
ГЭГЭЭРЭХ ХОРВООД АМЬ ЗУУХААС АМАРХАН
 
Сэтгэлийн гэмээ дараад эрдэм болгонд тэгш хүнийг гэгээрсэн хүн гэдэг. Энэ нь үнэн мэдлэгийг бүрэн төгс сэтгэлээр олж мэдсэн хүн юм. Гэгээрэлд хүрэх зам хорвоод амь зуухаас амархан. Хорвоод амь зуухын тулд бүхнийг гаднаас хайдаг. Харин гэгээрэлд хүрэхэд гаднаас гуйх юм огтхон ч байхгүй. Бүгдийг өөрөөсөө бий болгодог. Юуны өмнө бурхан багшийн сургаалыг үнэн сэтгэлээр хичээж үзэх нь чухал. Муу юмнаас чөлөөлөх, аврах аврал үнэн сургаал билээ. Үүнийг мэдсэн хүн хүчтэн, эрдэмтэн, баатар, амьтанд туслагч, гэгээрэгч юм. Сэтгэлээс бүхнийг хайх хэрэггэй.
 
СЭТГЭЛ БОЛ ХҮНИЙ БҮХ БИЕ
 
Ямарваа зовсон амьтанд өчүүхэн ч гэсэн тус хүргэвэл зөв үйл болно. Амьтныг энэрэн хайрлах зөв үйл болгон буян юм. Сайн үйлийг ямар ч хэлбэрээр хийж болно. Энэрэл нийгүүлсэл гэдэг хамгийн хэрэгтэй зүйл. Энэ оюун ухаант хүн гэдгийг өөрт нь ойлгуулж буй хэрэг. Ийм сэтгэл оршсоны үндсэн дээр хүнлэг ёсыг үзүүлнэ. Гэхдээ сэтгэл маань бариад авчих бодит юм биш. Тэгсэн атлаа оршдог. Бидний бие махбодь сэтгэлгүй бол үхсэн цогцос болно. Сэтгэл байгаа учраас амьтан байдаг. Сэтгэл маань биетэй барилдаж төрөл авдаг. Бие сэтгэл хоёр шүтэн барилдсаны улмаас хүн бий болдог. Сэтгэл бол хүний бие.
Хүний бие бүдүүн нарийн биеэс бүтдэг. Нарийн бие гэдэг нь судас, хий, дусал гурван зүйл юм. Тиймээс сэтгэл нарийн биеэр дамжин бүх биеийг удирддаг. Мөн нарийн биеийг бүтээдэг 10 хий байдаг. Түгж гүйдэг хөдөлгөөн уруу байрлагч, бие засах тэгш хүйтэн, хоол боловсруулах хий гэх мэт тус тусын үүрэгтэй. Энэ хийгээр бидний сүнс дамжин хөдөлж, удирдан залдаг. Угаасаа сэтгэл биетэй барилдсан учраас биеэр нь дамжуулж сэтгэлийг барьж авдаг. Сэтгэлийг засах олон янзын арга бий. Хүн хүний хүсэл сонирхол өөр өөр. Түүнд тохирох уламжлалт олон аргаас сонгох хэрэгтэй. Тухайлбал, бясалгалын аргаар сэтгэлийн гэмээ дарсан хүн олон байдаг. Энэ аргууд эцсийн эцэст амьтанд туслах Бурхан багшийн номлосон сургаал юм. Дорно дахнны ард түмэн олон гайхамшигтай номлол түгээсэн. Үүнээс аль авралтай гэж болсныгоо хэрэглэж, сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал.
 
БҮХ ЮМ ХООСОН
 
Мөнх орших юм хаана ч байдаггүй. Бүтсэн юм болгон эвдэрч төрсний эцэст үхдэг. Иймээс алив зүйлийг мөнхөд байх юм шиг сэтгэж болохгүй. Орчлонгийн юмс үзэгдэл шүтэн барилдлагын хүчин. Шүтэн барилдсан юм болгон цаг болж нөхцөл бүрэлдэхэд нэг төлвөөс нөгөөд шилждэг. Энэ шүтэн барилдлагын хуулийг хоосон чанар хэмээдэг. Юмыг хооронд нь барилдуулж буй зүйл нь бодлого биш, уг бүтцийн чанар нь хоосон юм. Буян мөрд шамдагсад энэ гайхамшигт мөн чанарыг олохын тулд суралцдаг.
 
“БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ”-ИЙН УЧИР
 
Энэ нь гэгээрэлд хүрэх шатчилсан зам гэсэн үг. Сэтгэлийг гэгээрэлд хөтлөх зовлонгоос салахын үнэнийг номлосон юм. Богд Зонховагийн айлдсан энэ номд, Бурхан багшийн сургаалийг маш дэлгэрэнгүй нягтлан эрхшээж бодь мөрийг олох, бодь сэтгэлийг үүсгэх гэгээрэлд хүрэх замыг заасан байдаг. Зовлонгийн учир шалтгаан, мөн чанарыг олъё гэвэл энэ номыг судла. Гэхдээ энэ номыг судлахдаа багшаар хөтлүүлэх нь чухал. Бид уламжлалт гүн ухааныхаа нэр томьёог мэддэггүй, оюуны ядууралд орсон учраас зарим үгийн утгыг ойлгохгүй. Өнөөдөр Монгол хэлний 1 үгсийн сангийн 20 хувиар ярьж байна шүү дээ. Зөвхөн бие гэдэг үг шүтээн бие, эрдэнэт бие, чөлөөт учралт бие, солонгон бие, номын бие, хувилгаан бие, бүдүүн бие, нарийн бие, машид нарийн бие гэх мэт өөр утгыг илэрхийлдэг. Чөлөөт учралт бие гэхэд чөлөөтэй найм, арван учрал бүрдсэн байх жишээтэй. Иймээс Монгол хүн бүр өв соёлоо мэдье, зовлонгоос салъя гэвэл өөрийнхөө үгнээс эхлэх хэрэгтэй
 
СЭТГЭЛИЙН БАРИЛДЛАГА ТАСАРДАГГҮЙ
 
Хүн төрөл арилжлаа гэхэд энэ насны үйлийн барилдлага тасарснаас биш дараа төрөлд төрөх сэтгэлийн барилдлага тасардаггүй. Бид сэтгэлийн барилдлагаар ах дүү. төрөл төрөгсөд болон төрдөг. Энэ насны бариддлага тасарлаа ч дараа төрөлд ямар нэгэн байдлаар учралдцаг. Тэр учралыг буянтай, зовлонгүй, зөв байлгахын тулд тэр хүний хойноос буян үйлддэг учиртай. Ном сайн уншиж буян их үйлдсэний хүчинд талийгаачийн сүнсийг тэтгэж сайн төрөл авахуулдаг. Хэрюэ сайн төрөлд очих юм бол бидний барилдлага дараа төрөлд сайнаар учирна. Буяны үйлийг тааруухан хийвэл өс хонзонгоор ч учрах муу үйл тохиолдох гэм бий. Ийм учраас талийгаачийн хойноос буян сайн үйлдэх учиртай юм шүү дээ.
 
БУРХНЫ НОМ ХҮНИЙ ҮЙЛСИЙГ ТЭГШИЛДЭГ
 
Мах цусны бүдүүн биеийг олсон бидэнд төрсөн өдөр, гараг, од...бүх зүйл барилдаж байдаг. Үүнээс хамааран бидний өмсөх, идэх, нас буян хэмжээтэй. Мөн сайн, муу явах үйл ч хамаардаг. Тиймээс төөрөг заяагаа засах, завсрын, хөндлөнгийн гай барцдаас салахын тулд зурхай засал, ном гүрэм уншуулдаг. Аливаа зүйлийг сайн сайхнаар билэгдэн засаж явах юм бол “Амны билгээс ашидын билэг” гэдвийн үрийг амсдаг. Үүний тулд жаахан ч гэсэн итгэл хэрэгтэй. Үнэн юканд итгэсэн итгэл шиг хүчтэй зүйл байхгүй. Сайн сайхны үүд болдог. Итгэлийг үнэн мэдээллээс олдог. Заслын ном хүний биед байдаг 10 хийд үйлчилдэг. Тухайлбал, ажил үйлсийн тухай ном уншуулаад сангаар утахад хүний сайн сайхныг тэтгэж өгөх, ялангуяа сайн санааны хийд наалдсан бохир муу зүйлийг зайлуулах жишээтэй. Сангийн утлага нь хүртэл олон янзын зай ордог учраас хүний биеийн хийг тэтгэдэг.
 
Ө.Батзориг
Эх сурвалж: "Ган зам" сонин