sonin.mn
Эх орны хоймор налайх Завхан нутгийнхан хэзээний л алдар нь түгсэн ард түмэн л дээ. Эртдээ нутагт хувилгаад хаанаас тодордог байв Завханаас. Сүүлд үед Ерөнхийлөгч заалттай юм шиг бас Завханаас төрдөг байсан үе бий. За тэгээд төр, засгийн нэртэй зүтгэлтэн, урлаг соёлын алдартнуудыг нь тоолбол хоёр оронтой тоо лав багадах биз.
Тэдний нэг нь Монгол Улсын гавьяат жүжигчин, ая зохиогч Нанзадын Чулуунхүү мөнөөс мөн. Уугуул нутаг чинь хэмээх асуултад Сантмаргац, Цэцэн-Уул сумын унаган хүн гэдэг. Энэ нь бас учиртай л даа. Н.Чулуунхүүг хорвоод дөнгөж ирчихээд байх үед Цэцэн-Уул гэдэг сум байгуулагдсан байдаг. Энэ сумын Цэцэнхайрхан, Батсуурь уулыг бараалан урсдаг Галуутайн голын урд биед орших Худгийн ам түүний мэндэлсэн газар нь ажээ. Тиймдээ ч өнөөгийн Н.Чулуунхүүд хоёр нутаг нь хос авьяас заяасан ч юм билүү. Н.Чулуунхүүг Сантмаргацынхан манайх гэдэг. Цэцэн-Уулынхан бидний дундаас дуу хуурын төлөө төрсөн нэгэн гээд л булаалдах. Мань хүн болохоор хоёр нутагтайгаараа бахархаж явдаг байх юм. Түүний бага нас хөдөөний цэн­хэр­хэн салхинд илбүүлж дуутай хамт өсч өндийсөн намтартай юм. Бусдын адил бага, дунд сур­гуу­лиа төгсөөд ХАА-н дээд сургуульд орсон байдаг. Дунд сургуульд байхдаа дуулах авьяас нь мэдрэгдсэн юм билээ. Жаахан хүү цангинасан хоолойгоор “Цомбон туурайтай хүрэн” гэдэг уртын дууг дандаа л дуулна.
Сургуулийн концерт, сум, аймгийн чанартай урлагийн үзлэгт оролцоно. Голдуу түрүүлчихнэ. Уртын дуу жаал хүүд тийм ч ахдаж байсангүйг бодоход ирээдүй нь тэндээс л танигдсан гэж болох.
1964 онд ХАА-н дээд сургуульд малын эмч мэргэжлээр суралцаж эхэлсэн. Гэтэл ердөө хоёр сар бололгүй цэргийн албанд мордсон гэдэг. Энэ нь жирийн түүх юм шиг хэрнээ Н.Чулуунхүүгийн ирээдүйг бүрэн өөрчилсөн явдал байлаа. Өөрөө хэлэхдээ Очирваань хайрхан, нутгийн уул ус л надад тийм азтай өөр хувь заяа бэлэглэсэн байх гэж бурханлиг үг хэлж байналээ. Эссе тэрлэгч би түүнтэй лав 30 гаруй жилийн өмнийн танил. Залуухан уран бүтээлч түүнийг сурвалжилж гитараа түшсэн зурагтай нь “Улаанбаатарын мэдээ” сониндоо тавьж байсан минь саяхан ч юм шиг. Цаг хугацааг аргамжих биш дээ. Түүнээс хойш олон жил өнгөрч. Ер нь Н.Чулуунхүү хэдийгээр сурсан сургууль нь цэргийн талынх ч угаасаа дуулах гэж төрсөн мах цусны “амьтан” юм билээ л. Тэр амнаасаа ямар ч үг унагаж мэдэх л хүн. Энэ нь ерөөл ч хэлнэ, хараал ч урсгана гэсэн үг биш л дээ.
 
Дуу ярьж байснаа халиад хайр яриад явчихна. Тэгснээ бөх яриад унана. Сүүлдээ улс төр ярьж яг өнөө үеийг хэлэх юм алга даа гээд толгой сэгсэрч байналээ. Гэхдээ удалгүй самуурсан бодлоо дуугаар сүлээд яриагаа түвшитгэнэ. Тэр жилийн халгиж цалгисан яриатай Н.Чулуунхүү яг л хэвээр. Тэрнийг би амьтантай зүйрлүүлж бодож үзсэн л дээ. Тэгвэл мань хүн нэг сайхан цангинатал янцгаадаг суман хээр морь байх гэж. “Дэлт” Ц.Чимэддоржтой найздаа биш “Хоёр загал” зэрэг морины олон дууны эзэн гэдэгтээ ч биш тийм л нэгэн сэтгэгдэл төрж байснаа өнөө ярихад хөгжилтэй л юм даа. Завханыхан Очирвааны бурханы сахиустай Отгонтэнгэр уулаа шүтэцгээдэг. Н.Чулуунхүү ч тиймийн нэгэн. Мөнхцаст Отгонтэнгэр уулын мөс хайлж галтай ус нь хад цоолон урсаж сэлбэсэн Бадархундага хэмээх тэнгэрийн нуурын долгио мянган өнгийн гэрэл гэгээ цацрааж байдаг гэдэг.
Тэгвэл Н.Чулуунхүү энэ тухай олон дуундаа шингээн зохиосон юм. Бас эцэж цуцашгүйгээр дуулсан. Одоо ч дуулсаар л. Тэрнийг нь бурхан уул сонсдог болохоороо хувь заяаг нь түшиж, авьяасыг тэтгэдэг ч юмсан уу. Уран бүтээлч эрийн бүтээх онгод нь дандаа өөдөө байдаг ч тэрэнтэй холбоотой гэж болом. Жинхэнэ төрмөл авьяастан гэж Н.Чулуунхүү юм даа. Өнөө үед би дуучин гэх хүн дэндүү олон болсон цаг.Тэднээс Н.Чулуунхүү шиг зүрхэндээ аялгуутай нь ер нь хэд бол гэж бодогдох. Дуулдаг, дуулах дуугаа өрөө зохиодог нь л лав байхгүй л дээ. Н.Чулуунхүүг дуулахуйд хүн хүнээ хайрлах хайр гал лугаа урсаж эх нь үрээ, эцэг хүүгээ, дарга нь цэргээ, нөхөр нь ханиа гэх утга уянгын санаа амиланхан байдаг билээ л. Бас нутгийнх нь уулс өндөлзөж чагнаж Цэгээн нуур нь цэлэлзэж байх ерөөл билэгдэл төрөх ажгуу. Тиймээ Н.Чулуунхүүг хэн бэ гэдгийг хэлэх үг ердөө энэ бишээ. Жавхаалаг гялалзсан цэргийн дарга явсан 25 жилийн амьдрал нь бас өвөрмөц. Цэрэгт очоод хэдхэн сарын дараа улирч бага дэслэгч болоод рот, салаа командалж явсан үе бий. Удалгүй үеийн олонхи дундаас шилэгдэж Ленинградын цэргийн академид ар тал, тээврийн салбарт суралцсан байдаг. Тэр үеийнхнээс нь Жанжин штабын дарга асан Ц.Дашзэгвэ, Д.Даваа нарын 10-аад генерал төрсөн юм билээ. Харин Чулуунхүү хоёр анги нэгтгэл дамжин захирагчийн орлогчоор олон жил ажиллаад хурандаа цолтойгоор дөч гаруйхан насандаа чөлөөнд гарсан юм билээ. Түүнээс тэр чигээрээ цэргийнх байгаад генералын тоог нэмэхгүй яасан юм бэ гэхэд:
 
-Надад чөлөөнд гарнаа гэдэг бөөн баяр байсан шүү. Цэргийн дарга байхдаа нэг бус удаа дуулахаас өөр юм хийсэнгүй гэж зэмлүүлж байсан бол чөлөөнд гараад дууныхаа уран бүтээлдээ бие сэтгэлээ бүрэн зориулж эхэлсэн юм шүү гэж хариулж байналээ.
Хойно академид байхдаа ч дуулж л байж. Тэнд суралцдаг 40-өөд орны залуустай дуугаар өрсөлдөж ач тач л байв. Уралдаанд түрүүлж байсан ч удаа байдаг л гэсэн дурсамж хэлдэг юм тэр. Хэрвээ урлагийн хүнд цэрэг шиг цол хүртээдэг байсан бол тэр маргаангүй “генерал” л даа.
Түүнтэй цэргийн хүн байхдаа, чи гээд л яриа өдөхөөр нөгөө дуу, хуураа ярина. Тэгэхээс ч аргагүй л юм даа. Тангараг өргөсөн цэргийн хүн албаа ч амжуулна. Гэхдээ энэ тухай нь өөрт нь тийм ч сонин биш байдаг нь ч урлагийн бүтээлдээ л шамдаж ирснийх нь байх. Цэргийн дарга, дуучин, ая зохиогч Нанзадын Чулуунхүүгийн тайлан тоглолттой л гэнэ. Үзэгчид алга ташин угтдаг байж. Нэг удаагийн тайлан тоглолтоо долоо хоног бүтэн хийж байсан юм билээ. Тэгэхэд түүний дуулсан ардын дуунуудыг олон үзэгчид дахин дуулуулдаг. Радиогийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр “Ванлий”, “Өдтэй бичиг”, “Гоолингоо”, “Сийриймаа” зэрэг дууны захиалга тасрахгүй цаг үе байж. Тэгэхэд П.Адарсүрэн, Н.Чулуунхүү гэсэн хоёр эрэгтэй дуучин хоёулаа Завханых. Тэр мартагдах шахсан ардын дууг энэ хоёр л сэргээн дуулж байсан даа. Үүнийг Монголын радиогийн алтан фонд “хэлээд өгнө”. Н.Чулуунхүүгийн дуулсан дуу гэхэд тэр фондод лав 40-өөд дуу, гурван цагийн концерт байдаг гэх юм билээ.
Н.Чулуунхүүгийн цэргийн амьдрал ч дуун дунд л явсан тухай дээр өгүүлсэн. Хүүхэд байхдаа уртын дуугаар урлагт амдаж сүүлд нь ардын дуугаар нэрд гарч ирсэн дуучин маань ая зохиогч болсон нь уран бүтээлийнхээ цар хүрээг улам тэлэх боломжийг нээсэн гэж болно. Дуулж явсаар хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Б.Шарав, С.Билэгжаргал нартай танилцсан. Монголын хөгжим дууны нэг цаст оргил гэгддэг Л.Мөрдорж гуайтай дотноссон гэх. Ингээд ая зохиож эхэлсэн байдаг. Тэх байтлаа анхны аялуулсан шүлэг нь “Настан буурал эмээ”. Олонд түгсэн дуу л даа. Одоо ч гандан бууршгүй дуулагдаж байгаа бүтээл. Энэ дуу бас нэрт дуучин С.Цэрэнчимэдийг ямар дуучин бэ гэдгийг тодруулж өгсөн гэж болох. Өөрийнх нь хувьд ая дуу зохиож болох юм байна гэдгийг “хэлж өгсөн” анхны дуу нь. Тэгээд Д.Пүрэвдоржийн “Насны хань”, Б.Дашзэгвийн “Айдаа хүмүүс минь амьдрах сайхан” гээд л дуунд дуртай бүхний аялахад бэлэн байдаг олон дууг төрүүлсэн байдаг.
Шүлэгт ая хийнэ гэдэг амь оруулж байгаа хэрэг л дээ. Бурхан номын хэлээр яруу найргийг шүншиглэсэн гэсэн үг. Энэ буянтай үйлсийн эзэн дууны их мастер нь Н.Чулуунхүү гэж хэлэхэд онох байх. Түүнийг цэргийн академи дүүргээд ирэх үе социализм ид цэцэглэж байсан цаг. Тэр үед хүний сэтгэлгээ үзэл, өвөрмөцхөн санаа бодлыг, дотоод ертөнцийг нь хүлээн зөвшөөрөхгүй тохиолдол олон байсан тухай уран бүтээлчид ярьдаг. Өөрт чинь ийм юм таарч байв уу гэж түүнээс асуухад:
-Бас мэдрэгдсээн. Миний анхны бүтээл “Настан буурал эмээ” дууг радиогийн уран сайхны зөвлөл батлахгүй удсан. Зас гэсэн. Засаагүй. Гэтэл удалгүй нийтэд түгээд гараад ирсэн. Цэрэнчимэдээс эхлээд л дуулаад эхэлсэн. Манай хөгжмийнхөн сайхан дуу гэж магтсан. Надад их урам өгсөн дөө гэж ярьсан.
 
Тиймээ эмээтэй бүхэн амандаа хүлхэж явдаг дуу л даа. “Айдаа хүмүүс минь амьдрах сайхан” дууг мэдэхгүй, аялдаггүй хүн ховор байхаа. Аялахдаа энэ цагийн төр, засгийн ороо бусгаа үеийг, амьдралынхаа гацуу дутууг мартан “Айдаа хүмүүс минь амьдрах сайхан, Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ” гэж сэтгэлээ сүлж байдаг. Энэ дуу малын бэлчээрээс, үйлдвэрийн цехээс, сургуулийн танхимаас, айл бүрийн гал голомтоос дуурсаж байдаг юм. Ая зохиогчийн маань бүтээлд цэргийн сэдэв нэлээд зонхилдог. “Цэргийн харуул”, “Морьт суман” “Цэргийн вальс” гээд 60-70 дуу “төрүүлсэн”. Цэргийн ангиудад сүлд нь болсон дуу ч бий. Бас цэргийн анги нэгтгэлийн алдрын тавцанд гантиг чулуун дээр сийлж мөнхжүүлсэн дуутай уран бүтээлч бол Н.Чулуунхүү л дээ. Түүний олон дуу адуу, морины сэдэвтэй. “Эр хоёр загал” “Соёолонгийн тоос” гэх зэрэг дуунаас нь адууны хийморь, салхи үнэртэж байдгиймаа. Мөн нутаг усны сэдвийг эрхэмд үздэг. Одоо хэвлэлд бэлдчихээд байгаа “Отгонтэнгэрийн хишигтэй дуунууд” томоохон номын эхийг нээж үзвэл
 
Бадархундага тунгалаг мэлмийтэй
 
Вансамбэрүү тэнгэрийн хос цэцэгтэй
 
Хатан тээлийн сүрлэг даваатай
 
Хамгийг ариусгах маналын рашаантай
 
Амьдрал тэтгэсэн буянт уулаа
 
Амьдын заяатай бурхан уулаа гэж эхэлж байналээ. Бас “Ээжийн бор аяга” гэдэг хөөрхөн дуу бий.
 
Ээзгий ааруул ёроолд нь дэвтээстэй
 
Ээжийн бор аяга харагдаад байнаа
 
Эрхээ барьж мааниа хэлсэн
 
Ээж тандаа очмоор байнаа гэх жинхэнэ монгол төрх басхүү монгол аяаар чимэглэгдсэн бий.
 
Ер нь өөрөө ардын дууг ая дууны тэнгэрлэг эцэг нь гэж бодож явдаг болоод ч тэрүү Н.Чулуунхүүгийн дууны бүтээл ардын дууны хэв шинж, билгэ төрхийг хадгалж байдаг байж ч мэднэ л дээ. Урлагийн замналтай 40-өөд жилдээ лав 800 шахам дуу бүтээсэн гэж өөрөө хэлнэлээ. Тэр дундаас онцолж хэлсэн нь бас олоон. Арга ч үгүй биз. Олны хүртээл болж одоогийн хэллэгээр хит болсон нь хэдэн арав гэж л яригддаг болохоор уран бүтээлч бүхний хийсэн бүтээл Н.Чулуунхүүгийнх шиг мартагдахгүй аль үеийнхэн мэддэг, дуулдаг байвал сайхан л даа гэсэн бодол төрдөг юм.
Дуугаараа өөрийн болоод олон түмний амьдралд жаргал бэгэлэж ирсэн хүн хэн бэ гэвэл Н.Чулуунхүү. “Зуу наслаарай” гэж дуулсаар байгаад ижийгээ зуу насыг зооглуулсан. Дууны хүч ид шид гэж ч энэ байх л даа. “Амьдрах гэдэг амьдын жаргал” гэж дуулсаар түмэнд өөрийгөө таниулсан нь бас авьяасынх нь содонд оршино.
-Би ижийтэйгээ хамт өтөлж байна гэж тэр бахархан ярьдаг. Нээрээ ч зуу настай ижий Б.Роломжав нь хүүгээ дуундаа жаргаж яваа гэж хайрладаг юм гэсэн. Ер нь бол Н.Чулуунхүүд урлагийн хувьд удам гэж байхгүй ч өөрийнхөө төрөлхийн дур сонирхлоо бүр авьяас болгон хөгжүүлж өнөө цаг үеийн томоохон уран бүтээлчийн дансанд аль хэдийнэ бичигдсэн хүн л дээ. Дуугаараа олон уралдаанд оролцож манлайлж явж. Жил бүр болдог “Морин хуур” шилдэг дуу шалгаруулах наадамд лав 20-иод удаа оролцохдоо хоёр удаа аман хүзүүдэж олон ч шагналт байр авч байсан бол 2014 онд билгэ танхай яруу найрагч Ай.Төмөр-Очиртой хамтран “Ижий гөрөөс” гэдэг сайхан дуугаараа түрүүлж нэг зорилгоо биелүүлсэн юм.Мөн Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэд ерөнхийлөгчөөр бараг долоон жил ажилласан нь хөгжмийн ертөнцөд гүнээ хөл тавьсан үе байсан гэдэг. Ээжийн сэдэвтэй, бас морины сэдэвтэй дууны хэдэн сиди гаргасан бий. Одоо аавынхаа тухай дууны сиди хийнэ гэсэн. А.Нанзад гэж аав нь жирийн малчин хүн байсан гэнэлээ. Олон жил тууврын замд явсан тухай нь бас нэгдлийн мужаан байсныг нь магтан дуулсан дуунуудтай юм.
 
Өнөө цагийн баячууд банкинд өчнөөн зуун сая төгрөгтэй, олон арван компанийн хувьцаа эзэмшдэг гээд л гайхуулдаг. Тэгвэл эссе бичлэгийн маань баатар Н.Чулуунхүү зөвхөн дуугаараа, дуулж яваагаараал баян хүн дээ. Өөрийн бүтээл олон зуун дуу маань надад аз жаргал авчирсаан гэж хэлнэлээ тэр. Түүний заяаны нь “хань” гитар гэдэг уянгалаг хөгжим. Лав 10 гаруй гитар элээсэн дээ гэж байна лээ. Гитарыг “миний багш” гэж ч хэлэхийг нь сонссон. Яагаад гэхээр Н.Чулуунхүү урлагийн ямар нэг сургууль, дамжаанд яваагүй ч өөрийн оролдлого, төрөлх авьяасаа тордон урлагийн том хүн болсон нь их содон юм даа. Тэр хэд хэдэн дуугаа төрсөн түүхийг хуучилж байсан. Тэр дотор “Халагдах цэргийн вальс” гэдэг сайхан дуу бий. Бүтсэн түүхийг хэлбэл нэг өглөө Н.Чулуунхүүг ажил дээрээ байж байтал “дэлт” хэмээх яруу найрагч Цэндийн Чимэддорж орж ирээд:
-Чи цэргийн хүн биз. Халагдах цэрэг оройн тоондоо жагсах гэж л байна уу гэж мөр хэлэн мэндлэв. Тэгээд л ердөө нэг цагийн дотор дууны үг бэлэн боллоо гэсэн гэдэг. Дахилтаас эхлээд л ая ороод ирсэн дээ. Энэ дуунд халагдах цэргийн жинхэнэ дүр төрх тодордог юм даа гэж Н.Чулуунхүү ярьдаг.
 
Настай ижийдээ яарах тусмаа
 
Нартай дэлхийгээ улам хайрлана…
 
Цэл залуухан насандаа
 
Цэргийн андуудтайгаа зургаа татуулаад…
 
Одоо ингээд халагдана гэхээр
 
Оройн тоондоо жагсаад л байна даа гэсэн энгийн мөртөө давтагдашгүй сэтгэлд хүрсэн хүчтэй дуу. Цэрэг халагдах үед цэргийн анги нэгтгэл дээр очиход энэ дуу хангинах агшинд хүн бүхний сэтгэл хөдөлдөг. Цэргийн дарга нь бас цэрэг нь ч уйлж харагддаг даа. Энэ дууны ая ч дорхноо монгол хүн гэр барих шиг л амархан бүтэж мөн тэр л өдрөө ангийнх нь дуу, хөгжмийн хүн Цоодол дуулж цэргүүдэд заасан гэдэг юм билээ. Одоо цэргийн хүрээнийхний дунд “Халагдах цэргийн вальс” дууны хөшөө босгох тухай яригдаж байгаа гэх.
 
Нэг удаа Ш.Сүрэнжав гуай “Монгол бөхийн дуулал” гэсэн үг өгч. Бодоод байхнээ бармааргүй ч юм шиг санаа төрөөд байх үед ангийнх нь спортын албаын хүн улсын заан Ч.Гочоосүрэн, улсын начин Ж.Чулуун хоёр ороод ирж. Байдлаа хэлбэл мань хоёр шагнал өгвөл туслана гэж байх юм гэнэ. тодорхой л доо. Картын барааны ганц шил юмаа гаргаж. Тэгэхээр бөхчүүд дэвээ, шавааны сайхныг харуулахгүй юу даа. Тэрнээс нөгөө дууны ая дан бүтсэн тухай дурсамж бас ярив. Нээрээ л энэ дууг улсын начин, гавьяат  жүжигчин Г.Эрхэмбаярын дуулахыг сонсоход нэг л сайхан бөх дэвээд байгаа дүр төрх амилан байдаг даа. Дуу төрнө гэж ийм л түүхүүд хөвөрнө. Энэ зуур Дондогийн Цэвэгмэд агсны нэг үг байдаг нь санаад оров.
-Би яахав ээ. Миний хувьд Сайд нарын зөвлөлийн орлогч морлогч гээд төрийн өндөр албан тушаал тэгсхийгээд мартагдана. Харин “Хэнз хурга”, “Хоньчин Найдан” мэт зохиол маань л дурсагдах байх. Тэгэхээр уран бүтээлч хүнд бүтээл нь л үлддэг юм шүү гэсэн захиас бий. Тийм ээ. Нанзадын Чулуунхүү гэдэг урлагийн тэнгэрлэг нэгэнд 800 гаруй дуу нь л үр хойчдоо барьсан, барьж буй бэлэг нь аж.
 
***
 
Түмний хайртай уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүүтэй уулзах болгонд дуу, дууны тухай амттайхан яриа сонсдог юм даа. Тэднийд ороход төгөлдөр хуур, өнгө өнгийн гитарууд л нүдэнд тусах. Бас Отгонтэнгэр хайрхнаас нь эхлээд Завхан нутаг, сартуул түмний унаган нутаг уул усны зураг байрных нь хана бүхэнд өлгөөстэй. Тэр бүхэн өөрт нь ая, аялгуу бэлэглэдэг ч байж мэднэ. Бөхөөр юм бол наадамд нутгийнх нь уулс хамт очдог гэсэн үг байдагтай адил дууны уралдаан наадамд эрхэм нөхрийг хурайлан “дагаж явдаг” болов уу гэсэн бодол төрөх. Түүний амьдралынх нь зам мөр дуутайгаа л зурайсаар авай. Гэрч нь гэвэл одоохон нийтийн хүртээл болохоор зэхэгдээд байгаа дууных нь эмхэтгэл хэдэн боть ном.
Н.Чулуунхүү өрөөлийг хайрлахын тулд дуугаа бүтээдэг, дуулдаг даа гэж хэлсэн. Бас зөвхөн талхныхаа мөнгийг олох гэж бүтээл хийдэггүй. Харин хүний сэтгэлийг засах гэж, хэн нэгэнд уйтгар, гуниг тохиолдсон бол түүнийг нь нимгэлэх гэж дуугаа бүтээхийн төлөө оюун бодлоо чилээж яваа нь энэ хүний эрхэм зорилго юм билээ. Ханын шүүгээндээ олон номтой юм. Тэрний нь тал хувь яруу найргийнх гэж хэлнэлээ. Тийм ээ. Дуу, яруу найраг хоёр ихэр гэж хэлж болно л доо.
Дуучин Н.Чулуунхүүг дуулахад хөрст дэлхий уул, ус баясаж, хааны хүлэг эмээлтэйгээ янцагааж, ургамал ногоо суга суга ургаж байдаг болов уу. Н.Чулуунхүүг дуулахад…
 
 
Д.ЦЭРЭННАДМИД
 
 
 
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин