sonin.mn
Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-УИХ-ыг тарааж Ерөнхийлөгчийн засаглалд шилжих хэрэгтэй гэх байр суурийг сүүлийн үед цөөнгүй улстөрчид болон олон нийтийн зүгээс илэрхийлэх боллоо. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
 
-Парламентын засаглалыг дэмждэг. Геополитикийн бодлого талаасаа ч тэр, хуулийн засаглал талаасаа ч парламентын засаглал нь Монголд тохиромжтой. Бүх нийтээрээ Үндсэн хуулиар тунхагласан энэ засаглалаа цаашид улам бэхжүүлж хөгжүүлэх нь зөв. Парламентын засаглалын сайн талыг бид сайн хөгжүүлж чадаагүй байна.  Энэ ажлаа л гүйцээх хэрэгтэй. Парламентын засаглалын талаар ойлголт муу гишүүд УИХ-д их байгаа нь энэ засаглалыг жинхэнэ утгаар хөгжүүлэхэд саад болж байгаа юм. 
 
-Эрх баригч намын хагарлыг хэрхэн харж байна. МАН-ын зовлон төрийн зовлон болж хувирлаа гэх зүйлийг иргэд, олон нийт ярих болж?
 
-Тамын тогооны алдарт үлгэрийг санагдуулам үйл явдал болж байна. 29 жилийн дараа ухаан оржээ л гэж харж байна. Тэд оройтож ухаан орсон. Бүгд худлын дунд удаан амьдарсан хүмүүс. Намынхаа хагарлыг улсынхаа хагарал болтол ужигруулна гэдэг бол энэ нам татан буугдах болсны шинж. Улс хөгжүүлэх онолгүй, бодлогогүй намууд 29 жил Монголчуудыг доройтууллаа. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Ер бол МАН, АН хоёрыг намаараа нийлж ард түмний эсрэг хийсэн хариуцлагагүй үйлдлийнх нь төлөө олон улсын Гаагын Шүүхэд өгч шүүлгэх хэрэгтэй. Хүн төрөлхтний нэг хэсэг 3 сая гаруй Монголчуудын эсрэг гэмт хэрэг хийсэн гэдгээр хандах хэрэгтэй.
 
-“60 тэрбум”-ын хэрэгтэй холбоотой яриа 2016 оны сонгуулиас хойш эрчимтэй яригдаж байна. Улстөрийн намын санхүүжилтийн талаар та хувьдаа ямар байр суурьтай явдаг вэ. Танай намын тухайд сонгуульд оролцох, сонгуулийн бус үеийн үйл ажиллагааны зардлаа хэрхэн шийдэж байна?
 
-60 тэрбумын яриа ил болсон. Зохион байгуулж үйлдсэн эсэхийг нь хуулийн байгууллага тогтоох байх. Улс төрийн намын санхүүжилтийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Улс төрийн намуудад сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй. Улс төрийн намын өмчүүдийг хураах хэрэгтэй. Намууд өмчгүй байх хэрэгтэй. Цэвэр бодлогын институт байлгах тал дээр анхаарч, төрөөс энэ тухай тусгай бодлого гаргах хэрэгтэй. Улсаасаа хулгай хийж, татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийж намаа санхүүжүүлдэг ийм гаж тогтолцоог МАНАН бий болгосон. Энийг МАН, АН бүгд мэдэж байгаа. Тэр бүхэн илчлэгдэнэ. МАНАН булайг тэднээс хамааралгүй хүмүүс ил тод болгоно. Одоо бол дөнгөж зах нь цухуйж байна. Манай нам үйл ажиллагааны зардлаа жилийн татвар, сайн дурын дэмжлэг дээр тулгуурлаж явуулж байна.      
 
-Сүүлийн үед МАНАН дэглэм гэдэг зүйлийн талаар нэр бүхий улстөрчид эрчимтэй ярих боллоо. Улмаар энэ дэглэмийг халах хэрэгтэй хэмээн жагсаал цуглаан хүртэл зохион байгуулах гэж байна. МАНАН дэглэм үнэхээр бодитой оршиж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?
 
-МАНАН дэглэм биш дарангуйлал оршиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн, эрх мэдлийн, албан тушаалын, бодлогын дарангуйлал гээд олон дарангуйлал ард түмнийг тамирдуулж байна. Зөвхөн УИХ-ын дарга биш олон хүнтэй хариуцлага тооцож байж МАНАН-г үгүй хийнэ. У.Хүрэлсүхийн дэмжигч гишүүд дунд ч МАНАН бүлгийнхэн байгаа. Удахгүй ил болно байх. МАН, АН тэмцэж чадахааргүй, хариуцлага тооцож чадахааргүй болтлоо барьцаалагдсан нь тодорхой байна. Бие  биендээ барьцаалагдсан МАНАН бүлэглэлийг л тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй.   
 
-АН, МАН-ыг албан ёсоор татан буулгаж, энэ хоёр намд байгаа эрүүл саруул ухаантай нэр цэвэр залуусыг нэгдэн нийлэх ёстой гэдэг байр суурийг та илэрхийлж байсан. Энэ үнэхээр боломжтой зүйл үү. Хэрвээ ингэж нэгдэн нийлбэл, ямар замаар яаж гэдэг асуултад хариулт өгөөч?
 
 -Аливаа нам хууль бус үйл ажиллагаа явуулсан бол татан буугдах хуультай. Хэрвээ хууль зөрчсөн бол Улсын дээд шүүх эргэж харах ёстой. Ер нь тэгээд нам нь болохгүй байгаа бол намынхаа үнэмлэхийг өгчих хэрэгтэй. Ийм л улс төрийн боловсрол бидэнд үгүйлэгдэж байна. Улаан, хөх үнэмлэх амьдралын баталгаа биш шүү дээ. Тэр үнэмлэх амьдралд хэрэггүй шүү дээ. Манай нам бол хатуу гишүүнчлэлийг дэмждэггүй. Сонгуулиар сайн бодлого дэвшүүлсэн намд саналаа өгөөд явах улстөрийн боловсрол улс орныг хөгжлийн шинэ шатанд хүргэнэ. Нам гэдэг хайрцгаасаа гараад нас, хүйс, шашин, нам үл хамааран Монголын үндэсний хөгжлийг авчралцах, МАНАН-д хүлэгдээгүй хүмүүс нэгэн дээвэр дор сууж эв нэгдлээ ярилцах хэрэгтэй. Цаг нь болжээ. Бид бас нам гэдэг хайрцгаасаа гарч тэр ярианд оролцоно. Удахгүй энэ талаар манай нам санаачлага гаргана. Тэр санаачлагадаа олон хүнийг урина.
 
-1990 оны ардчилсан хувьсгал, 1992 оны Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн, одоо Үндсэн хуулиа өөрөөр бичиж, шинэ төвшний хувьсгалыг дахин эхлүүлэх хэрэгтэй гэх байр суурийг дэвшилтэт үзэлтэй сэхээтнүүд илэрхийлэх болж. Энэ тохироо үнэхээр бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдсэн үү. Монголчууд дахин хувьсгал хийвэл тэр нь ямар хувьсгал байх бол?
 
-Монголчуудад хувьсгал хийх хангалттай хүч бий. Харин хэзээ, хэрхэн, яаж хийх вэ? гэдгийг олноороо ярилцах хэрэгтэй байх. Орчин цагийн хувьсгал гудамжнаас өөр газар зохион байгуулагдаж байх шиг байна. Хувьсгал гэхээсээ илүү эрс шинэчлэлийг олон хүмүүс ярьж байна. Энэ бүхэн нэгдэж нэг том өрнөл бий болох болов уу. Сэхээтнүүд хувьсгал хийхгүй л дээ. Ард түмэн л үеийн үед хувьсгалыг хийдэг. Ард түмэн хүсвэл хувьсгалт өөрчлөлт, эрс шинэчлэл явагдах нь аль ч цаг хугацаанд байсаар байдаг.  Хувьсгал уу? Үндэсний үнэ цэнэтэй зүйлээ хамгаалах, дотоодын хэт даврагчид /МАНАН/-аас салж хуулийн засаглалыг тогтоохын төлөөх хувьсгал байна байх. Бас авилгачдын эсрэг, ёс суртахуунгүй байдлын эсрэг тэмцэх байх.
 
-“Монголын ихэнхи намууд шоуны арга барилтай. Энэ худал шоуны арга барил нь эрүүл улс төрд ихээхэн хортой” хэмээн та цахим хуудастаа шүүмжлэн бичсэн байсан. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?
 
-Сонгууль бол шоу гэж ойлгодог улстөрчид олон байгаа нь улстөрийг муухай харагдуулж байгаа юм. Сонгууль бол үнэн гэж ойлгодог улстөрчид нь их болоосой. Тэгвэл үнэнээ сонгож, үнэнтэйгээ нүүр тулна. Улстөр муухай зүйл биш. Улс төрийг муу хүмүүс л муухай харагдуулдаг. Үл биелэх санал дэвшүүлэх, тухайн цаг үедээ олон нийтэд таалагдах гэж худал ярих, популизм хийх, сонгогчийн саналыг авахын тулд элдэв муу арга хэрэглэх гээд уламжлалт, арга ядсан улс төрөөсөө бид салахгүй бол худал хуурмагтайгаа байсаар л байна. Үнэн байгаа багт худал ялагддаг нь ёс суртахууны хууль юм даа.  
 
-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй гэдэг байр суурь дээр парламентад суудалгүй намууд нэгдэж улмаар намуудын дарга нар үүнийгээ Ерөнхий сайдтай уулзаж илэрхийлсэн байсан. Тэр дотор танай намын нэр бас явж байсан?
 
-Манай нам оролцоогүй. Намын нэр оруулсан байсан. Зөвшөөрөлгүй оруулж болох уу? Тийм л хариуцлагагүй байгаа юм шдээ. “МАНАН”-г нураахын тул бид хүч хавсарч зүтгэнэ. МАНАН ард түмний амьдралыг доройтуулж байгаа нь үнэн. Энэ итгэл үнэмшлээ л дагана. Түүнээс У.Хүрсэлсүхийг дэмжих, эх дэмжихдээ асуудал байгаа юм биш. У.Хүрэлсүх үнэхээр их цэвэрлэгээ эхлүүлж байгаа юм бол дэргэд байгаа нөхдөөсөө үүнийгээ эхлүүлэх хэрэгтэй. 
 
-Нэр бүхий 40 гишүүдийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрохгүй бол чуулгандаа суухгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний улмаас УИХ чуулганы хуралдааны хуралдаанаа хийж чадахгүй сар боллоо. Энэ байдлыг таны зүгээс хэрхэн харж байна. Альных нь зөв юм бэ?
 
-Тэд хэн ч байсан Монголын төрөөр тоглож болохгүй. Төрийн эрх барих дээд байгууллага сар ажиллахгүй байж болох юм уу? Зодолдоод ч болсон ажлаа хийх хэрэгтэй шдээ. Ард түмний олонхи нь хүсээд, 40 гишүүн нь хүсээд байгаа бол  тэр дарга өргөдлөө хормын дотор өөрөө өгөх хэрэгтэй. Хуулиас дээгүүр ёс суртахуун гэдэг зүйлийг баримтлах нь төрийн хүний зарчим шүү дээ. Өгөхгүй шалтгаан байгаа бол үүнийгээ бас ойлгомжтой хэлэх хэрэгтэй.
 
-ЖДҮ гэдэг зүйлд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон нь нийгэмд багагүй бухимдал үүсгэлээ. Сүүлдээ Ерөнхий сайд нь хүртэл өөрийн хамаарал бүхий этгээддээ зээл авч өгсөн гэх дуулианд нэр холбогдоод авлаа. Үүнийг та хөндлөнгөөс хэрхэн харж байна вэ?
 
-Хуйвалдаад л авчихсан бол хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа байх.  Өмч хувьчлалаас хойших эдийн засгийн эргэлзээтэй бүх асуудалд шалгалт оруулах хэрэгтэй. Үндэсний тусгай ажлын хэсэг байгуулж хулгайлагдсан бүх хөрөнгө, өмчийг олж цуглуулах ажлын зохион байгуулах хэрэгтэй юм билээ. Төрийн өндөр албан тушаалтан нь хууль бус зүйлтэй холбогдсон бол илүү л өндөр ялтай байх учиртай. Гэм байвал ял үүрүүлэх хэрэгтэй.
 
 
-Ярилцсанд баялалаа.