sonin.mn
Онгож гандсан саарал малгайн дороос горьдол тээсэн ядруу нүдээр ширтсэн бор царайтай  өвгөн “Сэтгүүлчтэй уулзах гэсэн юм” гэв. “Зууны мэдээ” сонин маань “Иргэдээ өмөөрч бичнэ” гэсэн уриатай. Зовж, ядарч яваа иргэд иймэрхүү байдлаар бидэнд ханддаг. СХД-ийн IX хорооны иргэн Д.Энхээ гуай тархины хүнд гэмтлээс болж  чих хатуу болсон  хэдий ч хэдэн үг сольсноо  ярилцлага хэлбэрээр уншигч танаа  хүргэе.
 
-Та өөрийгөө танилцуулна уу, ямар асуудлаар манай сонинд хандах болов?
 
-Намайг Д.Энхээ гэдэг. Уугуул нутаг Сүхбаатар аймгийн Жавхлант шарга,  удам судар гэвэл би  Дарьганга даяар  “Жунжаа” хэмээн алдаршсан Дагва хувилгааны хүү. Сонинд хандах болсон шалтгаан  өөрийн тухай. Би энхийн цагт эр цэргийн албанд очоод даргадаа бууны жадаар цохиулж, зодуулан  тархиндаа хүнд гэмтэл авч сонсголгүй болсон. Баруун гар хугарч, яс нь цуурсан.  Ингэж хохироод  зогсохгүй дээр нь  хилс хэрэгт гүтгэгдэн  хэлмэгдсэн. Энэ мөчөөс миний амьдрал  там болж хувирсан. Энэ насанд нөхөгдөшгүй эд хөрөнгө, оюун санаа, бие сэтгэлийн  хохирол амссан ч өнөөг хүртэл намайг цагаатгасан, нөхөн олговор олгосон зүйл үгүй. Иймээс “Зууны мэдээ” сонинд хандаж байгаа минь энэ.
 
-Тухайн үед яг юу болсон юм бэ? 
 
-Одоогоос 38 жилийн өмнө буюу 1981 онд цэргийн албанд татагдан Сүхбаатар аймгийн 152 дугаар цэргийн ангид хуваарилагдсан. Багадаа цахилгааны талын юм сонирхдог хүүхэд байсан. Тэгээд техник мэргэжлийн сургуулиар цахилгааны мэргэжил эзэмшиж, овоо дүйтэй болсон үедээ цэрэгт очсон. Цэргүүдийн анкеттай танилцсан  дарга нар намайг ангийн орон сууц үйлчилгээний албанд цахилгаанчнаар ажиллуулахаар болсон. 1981 оны есдүгээр сарын 22-нд ангийн хээрийн сургуульд явж байтал араас дуудлага очсон. Иртэл мал болтол согтсон хэдэн офицер угтсан. Гэрэл цахилгаан тасарч, би хэрэгтэй болсон шиг байгаа юм. Орон сууц албаны дарга н.Хатанбаатар, ахлах ахлагч н.Эрхэмбаяр, хүнсний түгээгч ахлагч н.Орхонсайхан нар надад буу тулган байлдааны хуйтай жадаар ар дагз руу цохиж унаган гурвуул нүүр ам, элэг, бөөр рүү өшиглөсөн. Толгой, чихнээс цус гараад тогтохгүй байхад орон сууцны албаны дарга гар буу тулгаж “Битгий баашлаад бай, харуулын байрыг одоохон гэрэлтэй болго” гэсэн.
 
Миний бүх бие, гар хөл даагдахгүй, толгой хагарч баруун чихнээс цус гарч  цэрэг хувцас цус болсон. Дагз руу хуйтай жадаар цохиж  гэмтэл авснаар баруун чих бүрэн сонсголгүй болсон. Баруун гар хугарч зүүн гар саажилттай цээжин хэсгийн хэлхээ яс бэртэнгэтэй Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж удаан хугацаанд эмчлүүлсэн. Энэ гэмтлийн улмаас насаараа зовж байна.
 
-Таныг зодож гэмтээсэн хүмүүс хариуцлага хүлээсэн үү?
 
-Гэмтэл эдгээгүй байхад  жилийн дараа намайг цэргийн албанд дахин татсан. Дахиад 152 дугаар ангидаа очлоо. Дарга нар дуудаад “Чамайг ахлагч орон тоон дээр цахилгаанчнаар ажиллуулна, 400 төгрөгийн цалин олгоно” гэсэн. Ингээд ажиллаж эхэллээ. Нэг өдөр “Уурын зуухны ус халааж, цэргүүдийг усанд оруул” гэлээ. Ус халаагаад цэргүүдийг усанд оруулж байтал “Штабын дарга н.Цэнд-Аюуш дуудаж байна” гэсэн. Очиход  замын шонд өлгөсөн хоёр  гэрлийн нэг нь хагарсан байсан. Бямба гариг учраас орон сууцны албаныхан амарч байгааг хэлсэнд “Муу Хятадын тагнуул, миний нүднээс далд орохгүй бол буудна. Чамайг удахгүй барьж хойш нь хүргэнэ”  гэж агсам тавьсан. Ингээд би  Хятадын тагнуул хэмээн  хөөгдсөн. Энэ өдрөөс хойш би дахин 152 дугаар ангийн үүдээр шагайгаагүй.
 
-Та тэгээд холбогдох байгууллагуудад гомдол гаргаж, нөхөн олговор, тэтгэмж хөөцөлдөөгүй юм уу?
 
-Ах нь хар нялхаасаа хэлмэгдэж, өвөөгөө, аавыгаа гээд хайртай бүхнээ буудуулж алуулан, өөрөө эсэрүүний хүүхэд” гэж ад үзэгдэж, гоочлуулж ирсэн. Миний амьдрал  бүр бага наснаас эхлээд айдастай явж ирсэн. Цэрэгт үзсэн “дэглэлт”, буу тулгуулж, жадны үзүүрт сийчүүлэн бөмбөгнөтөл чичирч, зодуулж нүдүүлж, цусаа урсгаж, ясаа хугалуулж, эрүүл эрхтэнгүй болж, “Хятадын тагнуул” гэж хөөгдөн  амь зулбаж яваа хүн гомдол санал тавибал дарга эрх мэдэлтнүүд нь шорон руу ачуулах байсан биз. 1990 он хүртэл би айдастай амьдарсан.
 
1995 оноос  ардчиллын салхи орж, би ч жаахан сэхээ орж  тэр үед манай аймагт томилолтоор ажилласан Ерөнхий сайд П.Жасрай гуайтай уулзаж өргөдөл өгч байлаа. Тухайн үед  Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Улаанд өргөдөл өгч явлаа. Харамсалтай нь тэр хүмүүсийн гаргасан “Энэ хүнийг таарч тохирох ажилтай болго, төсөлд хамруул” гэсэн шийдвэрийг нь  доод тушаалынх нь хүмүүс хэрэгжүүлээгүй.
 
-Одоо та хаана, яаж амьдарч байна?
 
-Манайх СХД-ийн  IX  хороонд  байдаг. Хөгшин бид хоёр хотод ирээд тэнд дөрвөн ханатай бор гэрт амьдарч байгаад 2016 онд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 0.5 сая төгрөг олгоход хашаандаа шавар байшин барьсан. Бага охин маань АУШУИС-ийн төгсөх ангид сурдаг.
 
-Та манай сониноор дамжуулан төр засагт хандаж, өөр  юу хэлэхийг хүсч байна?
 
-Миний бие энэ насаараа оюун  санаа, бие сэтгэл, эд хөрөнгө, эрүүл мэндийн нөхөж баршгүй их хохирол амслаа. Хэлмэгдэж хохирсон иргэн миний хүсэлтийг Монголын төр засаг, ХЗДХЯ, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагаатгалын комисс, Хэлмэгдэгсдийн холбоо, ХЭҮК  анхааралдаа авч нөхөн олговор олгож,  цагаатгаж өгнө үү гэж хүсч байна. Тэгэх аваас  “Амьсгаатай мах”  болж энэ амьдралаа  өнгөрүүлсэн өвгөн ах нь  сэтгэл амар нүд аних байх. Надтай хамт энэ их  зовлон шаналалыг туулж  ирсэн хөгшин болоод хоёр охины минь шаналал гуниг жаахан ч атугай нимрэг гэж хүсч байна даа.
 
Нэрт сэтгүүлч А.Даваасамбуу агсан тэртээ 1980-аад онд  үед “Дэглэгчдэд дэг  хэрэгтэй” хэмээн бичиж байсан билээ. Мнай сонины “Иргэний индэр” буланд хандсан Д.Энхээ гуайн  туулж өнгөрүүлсэн зам тэр л үеэс эхлэлтэй ажээ. Тэгвэл одоо ч  гэсэн цэргийн ангид  “дэглэлт” үргэлжилж, энх цагт эр цэргүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь нийгэмд түгшүүрийн дохио өгч ирэв. Жадлуулж, буу тулгуулж хэлмэгдэж явсан  жирийн  цэргийн  жаргал үзээгүй тавилангийнхаа тухай манай редакчид ирж ярьсан Д.Энхээ гуай “Миний ярилцлагыг гаргаснаар  танай сонин, сэтгүүлч хилсдэж хэлмэгдэх вий. Орон шоронд оруулчих вий. Бүх баримт нь бий шүү” хэмээн санаа  зовж  холбогдох баримт бичгүүд, өвөө болон аавынхаа цаазаар авахуулсан тушаал, цагаатгасан тогтоол, өөрийн болон хүүгийнхээ эмнэлгийн онош, эмчилгээний картыг үзүүлж байсан юм.  “Цэрэгт очиж  дэглүүлж,  хэлмэгдсэнээр  амьдрал минь там болсон” өгүүлж суугаа өвгөн цэргийн яриаг холбогдох байгууллагууд анхааралдаа авна гэж найдаж байна.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин