sonin.mn
Гэмт хэрэг, хууль бус наймаанд нэр холбогдон олон улсад эрэн сурвалжлагдаж буй монгол дипломатуудын нэрсийг өнгөрсөн долоо хоногт ил болгосон. Жагсаалтад байх нэр бүхий 69 хүнийг Польш улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа юм. Энэ мэдээлэл задарсны дараа буюу өнгөрсөн мягмар гаригт ЗГХЭГ-ын ахлах референт, эрэн сурвалжлагдаж буй гэх Д.Нямжав үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргав. Тэрээр 2001-2005 онд ОХУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан гэдэг. Ийнхүү одоогоор жагсаалтаас нэр бүхий зургаан хүн хариуцлагаа хүлээгээд байна. Эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн нэрсийг цааш ухаад үзвэл улс төрийн хүрээнд нэлээд асуудал ундарч мэдэхээр байна. Салбарын сайдын сандал, суудал ч яригдах бололтой.
 
 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр мэдээлэл хийж, шаардлагатай бол салбарын сайдтай нь хариуцлага тооцох санал хүргүүлнэ гэдгээ хэлсэн. Түүний мэдээллээр бол хууль бус наймаанд холбогдсон хүмүүсийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдсээр байж буцаан томилсон асуудал байгаа юм байна.
 
 
Тэгэхээр яалт ч үгүй энэ асуудалд салбарын сайд нь холбогдоод байгаа юм. Одоогоор Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Сочи хотноо албан ажилтай яваа учир байр сууриа илэрхийлээгүй байна. Ямартай ч түүний эзгүйд хариуцлагын асуудал гарч ирлээ.
Польш улсын цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж буй 69 хүний жагсаалтад одоогоор дипломат төлөөлөгчдийн газар буюу Гадаад харилцааны яаманд ажилладаг хүмүүс байна. Мөн улс төрийн намуудын удирдах албаны хүн, дипломат болон албан пасспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн Монгол Улсын иргэд, тэдний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс ч байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ сонин