Эхлээд нэг түүх сануулъя. Монголчуудын өвөг Хүннүгийн хаан ширээнд эцгээ хөнөөж суусан Модунд Дорнод Ху нараас элч довтолгосон байдаг. Модуны эцэг Түмэн шаньюйгийн мянган газрын гүйдэлтэй сайн морийг гуйжээ. Модун “…Хөрш улсаасаа ганц агт яахин харамлах билээ” гээд өгөөд явуулсан байна. Дорнод Ху нар хэсэг хугацааны дараа дахин элч илгээж нэг хатныг нь гуйжээ. Бас л өгчээ. Удалгүй дахин элч довтолгож Хүннү, Дорнод Ху хоёр улсын хилийн дагуу байсан хүн, амьтангүй нутгийг өгөхийг гуйжээ. Тэр нь Хүннү гүрэн Дорнод Ху нарын хооронд маргаанаас болоод хүн амьдархаа больсон, орхигдсон газар ус байв. Хүмүүс маргааны улмаас хоёр захаар нь амьдарч байжээ. Тэр газрыг Дорнод Ху нарын тэргүүн нэхэж “…Орхигдсон газар танайхаас хол манайхаас ойр тул өг” гэжээ.  Модун түшмэдээсээ хэрхэхийг асуухад, зарим нь “…Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно” гэв. Үүнд Модун машид хилэгнэн “…Газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно” гээд, “…Өг” гэсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, Дорнод Ху нарыг гэнэт довтолж, эрхэндээ оруулсан түүх бий.
 
 
Модун шаньюйгийн энэ үг өнөөдөр “…Газар бол улсын үндэс” хэмээх цөм онол болчихоод байгаа юм.
 
 
Тэгвэл У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар үүнийг огоорч, улсын нийслэл Улаанбаатар, Дархан хотын төвийн нэлээд олон га газрыг Оросын талд 100- гаас дээш жилээр ашиглуулахаар өгсөн байна.
Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 11-нд Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцжээ.
Үүнийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Харин УИХ энэ ноот бичгийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны есдүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан байгаа юм.
 
 
Уг ноот бичигт “…Монголын тал Улаанбаатар болон Дархан хот (Дархан-Уул аймаг) дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэсэн байна.
 
 
Ингэхдээ Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд  заасан “…Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэснийг, Газрын тухай хуулийн 6.3-т заасан “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”, 44.1-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ” гэснийг ашиглаж шийдсэн бололтой.
Гэтэл Монгол Улсын иргэн бид газар эзэмших, ашиглах гэвэл таван жилийн хугацаатай гэрчилгээ бичүүлж авдаг. Хууль дээрээ 15-60 жил эзэмшүүлж болно гэдэг ч дээр хэлснээр таван жил л болдог. Тэгээд болоогүй, жил бүр гэрээгээ сунга гэнэ. Хоёр жил зориулалтаар эзэмшихгүй бол хүчингүй болгон гэж айлгана. Ер нь л асуудал их бий. Харин “Москва”-д өгсөн энэ олон га газрыг 100 жил ашиглуулчихаад 98 дахь жил дээр дахин хэлэлцэж сунгаж болно гэчихсэн байх жишээтэй.
Өөрөөр хэлбэл, нийслэл Улаанбаатар, Дархан хотын төвийн газрууд Оросын эзэмшилд 2119 он, түүнээс цааш ашиглагдах нь гэсэн үг.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин