Монгол төрийн томилгоо ямар ч болчихоод байгаа юм бэ дээ. Яриад байдаг мерит зарчим, төрийн хүний ёс суртахуун хог дээр үсэрсэн.
Одоо бүр улайм цайм томилгоо болж, араас нь тэр даргын найз, энэ даргын дүү эсвэл нутаг ус, цэрэг цуух яриад л өнгөрдөг боллоо.
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр гэнэт нэгэн томилгоо хэлэлцсэн. Хэлэлцэх ч юу байхав, шийдээд л, томилоод л орхисон.
Тэр бол СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг томилсон явдал юм.
П.Дэлгэрнаран нь улсад 32 дахь жилээ ажиллаж байгаа. Үүнээс төрийн албанд долоо дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай гэж намтарт нь тэмдэглэжээ.
Тэрээр 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн байна.
Ингээд 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга, 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга, 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл, 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх, 1997-1999 онд “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал, 2012-2013 онд Автотээврийн газрын дарга, 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал, зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сараас УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байжээ. Энэ ажилд ороод удалгүй СЕХ-ны даргаар томилогдсон байна.
П.Дэлгэрнарангийн хамгийн олон жил ажилласан газар нь “Автотээврийн үндэсний төв” /АТҮТ/ ТӨҮГ юм.
Энэ ТӨҮГ-ын талаар бид сайн мэднэ. Улсын дугаар, улс хоорондын С зөвшөөрлөөрөө авлига цэцэглүүлсэн газар. АТҮТ-ийн олон албан тушаалтан АТГ-т байцаагдаж, шүүхээс ял сонссон. Цаашдаа ч авлигын хэргүүд нь ар араасаа хөврөөд байна шүү гэдгийг албаны хүмүүс онцгойлон анхааруулсан байна лээ.
Хэдхээн баримт түшье.
 
 
 
 
АТГ-аас 2018 оны сүүлээр тус байгууллагад  гэнэтийн шалгалт хийж, АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг баривчилсан. Албан өрөөнөөс нь 57 сая төгрөгийн авлигыг илрүүлж байлаа. АТҮТ-ийн Тээврийн ухаалаг, систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн  Э гэгч нь  эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг АТГ-аас шалгасан.  Тэрээр  2017  оны долдугаар сард  төв сервертээ нэвтэрч, Тавантолгойн нүүрсийг зөөдөг БНХАУ-ын компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан хэрэгт холбогдсон юм.
 
 
 
АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг, мэргэжилтэн О.Адъяасүрэн, Ч.Мөнхзул, М.Дархижав, улсын бүртгэгчээр ажиллаж байсан Л.Хантайшир, Архивын лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг, тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэдэг “Крэйзиспийд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Амарзаяа нар АТГ-т саатуулагдаж шалгуулсан. Энэ хүмүүс улсын хилээр түр горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байхад буцааж, гаргалгүй улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоод зогсохгүй мөнгө угааж байсан хэрэгт холбогджээ.
АТҮТ-ийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А,Ш нар нь үгсэн хуйвалдаж нэгэн ББСБ-ын эзэмшлийн есөн сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасч, уг компаниас 2.1 сая төгрөг авсан. Бас нэг арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд  гурван өөр номертой гэрчилгээг гаргаж бүртгэлийн систем оруулах зэрэг хэрэгт холбогдсон. 
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх АТҮТ-ийн харьяа тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнүүд,  АТҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Б нар нь зохих хурлын шийдвэргүйгээр “Ажнай хишиг” ХХК-нд 12, “Мэнд транс” ХХК-д найм, “Хан хүч транс” ХХК-д 12, “Өсөх баян транс” ХХК-д 19, “Банч транс” ХХК-д 40, “Цэций цагаан луус”ХК-д 58 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон.
АТҮТ-ийн Бүртгэлийн тасгийн дарга Ч.Болор, ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг нарыг авлига авсан хэргээр АТГ-т шалгуулж байгаа.
 
 
 
2020 оны гуравдугаар сарын 25-наас наймдугаар сарын 12 хүртэл АТҮТ-ийн албан хаагчид 3000 улсын дугаарыг сольсон асуудлыг АТГ илрүүлсэн.
 
 
 
2017-2019 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс АТҮТ-ийн албан тушаалтнуудад холбогдох авлигын гэмт хэргийн шинжтэй 10 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас таван албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн.
АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр хоёр улсын хооронд ачаа тээх тусгай зөвшөөрөл олгохын тулд Өмнөговьд нүүрс тээвэрлэгч нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтнаас 20 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан.
Ийм жишээ баримт олон.
Үүний олонх нь П.Дэлгэрнаранг АТҮТ-ийн захирал байхад гарч байжээ.
Нөгөөтэйгүүр энэ бүхнийг дуулгадаг нь П.Дэлгэрнаранг авлигачин, С зөвшөөрөл, улсын дугаар “худалддаг” байсан гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ энэ олон авлигын хэргийн хаана нь чив чимээгүй удирдаад сууж байсан нь хачирхалтай л юм.
Юутай ч түүнийг АТҮТ-ийг удирдаж байхад нь дунд, доод шатанд нь авлига цэцэглэж байжээ гэдгийг хэлж буй юм.
 
 
 
Их хэмжээний орлого төвлөрдөг, тэр хэрээр байнгын хараа хяналтад ажилладаг байсан П.Дэлгэрнаран ажилд нь “сүүдэр тусах вий” гэж анхаарч байх ёстой байсан юм. Нэг үгээр хэлбэл, тэр хариуцлагатай байх ёстой байв.
 
 
 
П.Дэлгэрнаранг АТҮТ-өөс 2019 оны тавдугаар сард чөлөөлсөн. Түүнтэй байгуулах гэрээг ТӨБЗГ сунгаагүй гэдэг юм. “...Оронд нь МАН-ын нэг дарга хүнээ тавих гээд П.Дэлгэрнаранг шахсан” гэдэг яриа ч бас бий.
Гэхдээ л ийм хариуцлага алдаж, хараа хяналтаа сулруулсан нөхрийг дэвшүүлэн СЕХ-нд томилсон нь “..Төрийн бодлого байх даа” гэж сохроор л найдахаас...
Угтаа П.Дэлгэрнаран чинь “авлигын уурхай”-гаас ачигдчихалгүй, харин дэвшээд явчихсан нөхөр байгаа юм.
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин