Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж болон “Үндэсний хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Б.Рэнцэнтавхай нарын хү­мүүс хэвлэлийн бага ху­рал хийж МҮОНРТ-ийн дар­гаар гурав дахь удаагаа улиран сонгогдоод байгаа М.Наранбаатар болон МҮОНРТ-ийн Удирдах зөв­лөлийн гишүүдийн ашиг орлого, телевизийн орлого, зарлагад нэн яаралтай сан­хүүгийн шалгалт хийхийг АТГ газар болон ТЕГ-аас шаардав. 
 
М.Наранбаатар нь улсын төсвөөс жилд 6.3 тэрбум төгрөгөөр санхүүждэг, 700 гаруй ажилтан, албан хаагч­тай энэ том айлыг халаа сэлгээгүй гурав дахь удаагаа тэргүүлэхээр болоод байгаа гэх цуурхалыг нийгэмд са­наатайгаар тараагаад бай­гаа ч МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн хурал ирэх сарын эхээр болж, энэ асууд­лыг эцэслэн ший­дэх юм байна.
 
Анх телевизэд хөтлөгчөөр аж­лын гараа­гаа эхэлж бай­сан М.Наран­баатар өн­гөр­­сөн хуга­цаанд өөрийн найд­вар­тай той­рон хүрээ­лэгчдийн баг бүр­дүү­лэхийн тулд албан тушаалын наймааг ёстой л эрээ цээргүй хийж ирсэн гэнэ.
 
МҮОНРТ-д боловсон хүчний асуудлыг жинхэнэ утгаар нь дампууруулж, төлөөний хүмүүсээ аль чухал албанд томилохдоо мэргэшсэн дүр зураг нь өөртэй нь албанаас гадуур “нууц” харилцаатай гэгддэг нэвтрүүлэгч Г.Гэрэлээг “Өглөө” хөтөл­бөрийн дар­гаар тавиад удал­гүй МҮОНТ-ийн санхүүг атгадаг Эдийн засгийн албаны даргаар тавьжээ. 
 
Өнөөдөр үндсэндээ МҮОНТ-ийн санхүүгийн нарийн асуудлууд М.Наран­баатар, Г.Гэрэлээ хоёрын нууц то­хиролцоогоор явагд­даг гэд­гийг бүх л ажилчид нь мэддэг хэрнээ яаж ч чад­даггүй, нэг ёсондоо М.Наранбаатарын дарх­лагд­сан эзэмшлийн газар бол­сон гэдгийг З.Дорж гуай мэдэгдэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр удаа буюу найман жил байдаг бол МҮОНРТ-ийн хөрөнгөөр туйлж суугаа М.Наранбаатар захирал гурав дахь удаагаа улиран сонгогдох бүх л арга, нүх сүвээ нэгэнт ух­чихсан гэдгийг энэ үеэр баримттай дэлгэсэн юм.
 
Тухайлбал МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржийг Арабын нэгдсэн улсаар дагуулан явж бэлэг сэлтээр дарсан сурагтай. Урьд нь хоёр дахь удаагаа сонгогдохдоо ч тэр үеийн дарга байсан Н.Чилаажавыг мөн л га­даадад дагуулан явж өөрийнхөө төлөө хоёр гараа өргөх болтол нь дайлж, цайл­саар санасандаа хүрч байж. 
 
Тэр ч байтугай өнгөрсөн тавдугаар сард олон ангит киноны павилон, концертын тайз хийх зориулалтаар батлагдсан 40 сая төгрөгөөр өөрийгөө сайн ажилласан гэх тодорхойлолт гар­гуу­лаад шагнуулж бай­жээ.
 
Түүний хууль бус ажил­лагааг бүгдийг нь багтаан бичнэ гэвэл бүтэн сонинд багтахгүй гэж хэвлэлийн бага хурал зарлагчид мэ­дээлсэн юм.
 
Мөн МҮОНРТ-ийн ха­шаанд өөрийн төрсөн дүү Мянган­буугийн Шатарын ком­паниар барилга ба­риулж, тойрон хүрээ­лэгчдээ эх­ний ээлжинд байртай бол­гох тохироо хийгдсэн байж бо­лохыг ч үгүйсгээгүй юм. 
 
Түүнчлэн монголдоо ганц МҮОНТ-ийн 600 студийн дуу чимээ нэвтрүүлдэггүй, чанарын өндөр түвшинд хийгдсэн хана, хаалгыг сольж чанаргүй шилээр соль­сон нь өмнөхөөсөө до­лоон дор болсныг мэргэж­лийн хүмүүс санал нэгтэй хэлж, энэ ажлынхаа нэ­рээр хэчнээн сая төгрөг завшсаныг нь ч шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн.
 
Өнөөдөр төсвийн цалин­тай МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар хэдхэн жи­­лийн дотор Монголын толгой баячуудын эгнээнд шилжиж, саяхан болсон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 90 жилийн ойн үеэр ёстой л арабын баячууд шиг ханхалзаж байсан гэнэ.
 
Улаан асартай битүү сийлбэртэй гэр барьж алт, мөнгөн аягаар зочид гийчдийг дайлсан түүний энэ их хөрөнгө мөнгө ямар эх ундрагатайг сайтар нягт­лан шалгах цаг болсныг төрийн шагналт, зохиолч З.Дорж байн байн сануулж байсан юм.
 
Өнөөдөр АН-ын Ерөн­хий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, өмнө нь МҮОНТ-ийн за­хирлаар ажиллаж байсан Ц.Оюундарь нэгэнтээ МҮОНРТ-ийг живж буй “Ти­таник”-тай зүйрлэн хэлж байсан. 
 
Тэрбээр “MNB ааж­маар живж байгаа Титаник шиг санагддаг болсон. Дотор нь амь тавин гүйлдэвч яаж ч чадахгүй байгаа халуун сэтгэлтэй уран бүтээлчид хөөрхий” хэмээн гашуун үнэнийг хэлсэн.
 
Ийм л нэг гурван төрийн нүүр үзэж, өргөл барьц, албан тушаалын наймаалцлаар МҮОНРТ-ийн захирлын албанаас ховхорч өгдөггүй М.Наранбаатар гэх “Төс­вөөс төрсөн тэрбумтан”-тай ч ажилчид нь цалингаас цалингийн хооронд өрийн сүлжээнд баригдсан, улсын төсвөөс 6.3 тэрбумаар санхүүждэг ч хамгийн муу мэдээллийг олон ний­тэд дамжуулах аядсан “аажуу­хан живж буй аварга онгоц” шиг хөөрхийлөлтэй газрын үнэн нүүр царайг З.Дорж, Б.Рэнцэнтавхай нарын хүмүүс дахин илчиллээ. Ха­рин энэ талаар эрхэм дээдсүүд юу гэж бодож сууц­гаадаг юм бол. 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: