sonin.mn

Хүний өвчин зовлонгоор далимдуулан их хэмжээний мөнгө залилж авах хэрэг сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Одоогоос жил гаруйн өмнө Солонгосын Пак Кван Тэ гэх эмч Архангай аймгийн харьяат Аптансүхийн бөөрийг солиулна гэж нутагтаа залилан аваачиж, 80 сая төгрөгийг нь авчээ.

Тухайн үед донор таарахгүй байна гэсэн мөртлөө эрүүл байсан дэлүүг нь авч бөөр ч үгүй, дэлүү ч үгүй болгосон ноцтой хэрэг гарсан байна. Хохирогч Алтансүх “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэнд хандсанаар хэрэг ил болсон аж.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Э.Төмөрхуягаас тодруулж, зарим асуултад хариулт авсан юм.

-Алтансүх гэх залуу Солонгос эмчид залилуулсан хэмээн танай бүлгэмд хандсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?


-Одоогоос жилийн өмнө Алтансүх бөөрний дутагдалд орчихоод Солонгосын Анагаах ухааны доктор Пак Кван Тэ эмчийг Монголд байхад нь очиж уулзсан юм билээ. Тухайн үед Пак Кван Тэ эмч Солонгосын эмнэлэгт зуучилж өгөөд донороо аваад ир гэж байна гээд Алтансүхийг дагуулаад явсан. Удалгүй “Донор нь таарахгүй байна. Дахиад донор авчрах хэрэгтэй байна” гэжар гэрийнхэнд нь хэлсэн байдаг.

Ар гэрийнхэн нь Алтансүхэд таарах донорыг олоод шинжилгээ хийлгэсэн бичгээ Солонгос руу явуулсан. Гэтэл Алтансүхэд “Чиний дэлүүг авчихвал хоёр дахь донор чинь таарах юм байна" гээд 10 сая вонноор авсан байдаг.

Тэгээд хагалгаа хийх гэтэл хоёр дахь донор таарахгүй болчихлоо гэсэн хариулт өгсөн байгаа юм. Тэгээд л Алтансүх яах ч учраа олохгүй хохирчихоод эх орондоо эргэж ирээд бидэнд хандсан.

-Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ?


-Биеийн байдал нь маш муу. Долоо хоногтоо гурван удаа бөөрний аппаратад ордог. Орохгүй бол бие нь өвдөөд болдоггүй гэсэн. Сайн алхаж чаддаггүй.

-Пак Кван Тэ эмчтэй очиж уулзсан гэсэн. Асуудлыг та бүхэнд юу гэж тайлбарлаж байх юм. Алтансүхийн хохирлыг барагдуулах нь уу?


-Алтансүх шүүх, цагдаагаар их явсан юм билээ. Пак Кван Тэ эмч "Өргөдлөө татчих. Би 20 сая вонн өгье" гэсэн байгаа юм. Тэгээд 13 сая вонн өгчихөөд долоон саяыг нь өгөөгүй орхичихсон. Уулзах гэхээр зугтаад алга болчихдог гэсэн.

Бид өнгөрсөн пүрэв гаригт АШУҮИС-д очиж Пак Кван Тэ эмчтэй уулзсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгчихсөн. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа.

Эд эрхтэний наймаа гэж харагдахаар явагдчихсан байхад анагаахын сургуулийн багш нар бүгдээрээ Пак Кван Тэ эмчийг өмөөрөөд байсан. Хэн дуртай, харийн хүн эмч гэж ирээд монголчуудыг эмчлэх нэрээр эд эрхтнийг нь аваад байвал олон хүн хохирч үлдэнэ.

Алтансүхийн араас Солонгос улс руу бөөрний дутагдлаар явахаар 10 гаруй хүн бүртгүүлчихсэн байна лээ. Энэ хүмүүс ч гэсэн Алтансүх шиг хохироод үлдэх ёсгүй. Тиймээс бид хэргийг шалгуулж, үнэн бодит байдлыг тогтоолгохоор зохих газарт нь хандсан.

-Долоон сая вонныг нь өгөөгүй юм байна. Хэзээ хохирлыг нь барагдуулна гэж байна вэ?


-Пак Кван Тэ эмч үлдсэн долоон сая вонныг өгч хохиролгүй болгоно гэсэн. Гэтэл Анагаах ухааны сургуулийн эмч нар орж ирээд "Пак эмч ийм юм хийх ёсгүй" гэж өмөөрөөд бөөн юм болсон.

Тангараг өргөсөн хүмүүс байж бүхэл бүтэн нэг хүн биө сэтгэлээр хохирчихсон байхад ёс зүйгүй үйлдэл гаргасан. Асуудлыг нь мэдэхгүй байж бидэнд буруу өгөөд дайраад байна лээ. Хэдхэн монголчууд биө биөэ хайрлаж хамгаалахгүй юм бол хэн ч биднийг тоохгүй шүү дээ.

-Ер нь Алтансүх нийт хэдэн саяар хохирчихоод байгаа юм бэ?


-Алтансүхээс гарсан нийт зардал 80 сая төгрөг болсон. Эм тариа, зардал, хоол унд гээд их мөнгө хэрэгтэй. Бөөрний дутагдлыг манай улсад эмчилж чадахгүй байгаа. Пак Кван Тэ эмчийг их хэмжээний мөнгө залилсан, мөн эд эрхтэн зарсан гэдгээр нь эрүү үүсгэж байна.

Энэ хүн хөдөлмөр эрхлэх ямар ч чадваргүй болчихсон. Эхнэр хүүхдийг нь хэн тэжээх юм. Тэгэхээр монголчууд гадны эмч нар эмчилгээ сайн хийдэг гэсэн бодлоосоо татгалзах хэрэгтэй.

Гадагшаа явж эмчлүүлээд эрүүл саруул болсон хүмүүс бий. Гэхдээ энэ мэтчилэн эд эрхтнийг нь худал ярьж авах, сэтгэл санааны дарамтад оруулах явдал ихэсч байна. Үүнд л иргэд болгоомжтой хандах хэрэгтэй.

-АШУҮИС-д Пак Кван Тэ эмч хэдэн жил багшилж байгаа вэ. Удирдлагууд нь энэ асуудлыг мэдэж байна уу?


-АШУҮИС-ийн мэс заслын тэнхимд энэ жилээс багшилж байгаа гэсэн. Удирдлагууд нь энэ асуудлыг мэдэхгүй гээд өмгөөлөөд байсан. Биднийг тус сургуульд очиж Пак Кван Тэтэй уулзахад цагдаагийн байгууллагын эрх мэдэл бүхий хүмүүс ирчихсэн явж байсан. Энэ асуудлыг чимээгүй байгаад дарчих санаатай эмч олон байсан.

Тиймээс энэ хүн оргон зайлах магадлалтай. Гадагшаа гараад явчихвал хариуцлага тооцох хүн олдохгүй. Алтансүх аймгийнхаа банкнаас их хэмжээний зээл авчихсан. Энэ Пак Кван Тэ гэх хүнд хариуцлага тооцохгүй бол нэг монгол гэр бүл хохироод үлдэнэ.



-Монголчууд гадагшаа явж эмчилгээ хийлгэвэл сайн үр дүнд хүрнэ гэж боддог. Манай нэг иргэн өнөөдөр эд эрхтний наймаанд өртчихөж. Пак Кван Тэд залилуулсан өөр хүн хандсан уу?


-Одоогоор Пак Кван Тэг шалгуулж эхэлж байна. Алтансүхээс гадна бөөрөө эмчлүүлнэ гээд хохирсон дөрвөн хүн байгаа. Нэг хүнийг нь гэхэд аавынх нь бөөр таарна гээд хагалгаа хийсэн. Гэтэл аав нь нас барчихсан.

Өөрийнх нь бие ч муу байгаа гэсэн. Эд эрхтний наймаа хийсэн гадны иргэнд ямар шийтгэл ногдуулахыг харж байя. Нэг үгээр хэлэхэд Солонгос, Хятадынхан монголчуудын үр удмыг сүйтгэж байна. Үүнд хууль хяналтынхан анхаарал хандуулах цаг болсон.

    Монголчууд сүүлийн үед мэргэжилтнүүдээ голон гадны эмчийг шүтэх болсон. Тэд хэдийгээр нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай, оношлогооны нарийн багаж төхөөрөмжтэй ч алдаа гаргах нь бий. Монголчуудын сүүлийн үөд сүжрэх болсон Солонгос, Хятадын эмнэлэгт хандаад буруу эмчилгээ хийлгэж, улмаар насаараа эдгэршгүй өвчтэй үлдсэн хүн бишгүй бий.

Өвчин тусангуутаа л "Солонгосын эмнэлэгт очоод хагалгаа хийлгэвэл эдгэрнэ. Заавал явах хэрэгтэй" гээд байгаа хэдэн төгрөгөө бариад хүний нутгийг зорих иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь нууц биш.

Мөн интернэт орчинд “Солонгос, Хятад улсад найдвартай эмчилгээнд зуучилна” гэх зар хаа сайгүй хөврөх болсон. Хэдэн төгрөгөөр эмчлүүлэх юм бол гэдгийг сонирхдог хэрнээ эмчилгээний дараа гарах сөрөг үр дагаврыг боддог хүн ховор болчихож. Гадны эмч ирлээ гэх сургаар заавал үзүүлнэ гээд өдөр шөнөгүй дугаарладаг. Монголчуудын гэнэн итгэмтгий занг ашиглан гадаадаас залилан хийхээр ирдэг хүн ч нэмэ байгаа.

Бид хохирогч Алтансүхээс ярилцлага авахаар холбогдоход “Архангай ирчихсэн байна. Биөийн байдал тааруу байгаа. Улаанбаатар орохоороо уулзаж, тодорхой мэдээлэл өгьө” гэсэн юм.

"Босоо Хөх Монгол” бүлгэмийн залуус ч “Хэн дуртай харийн нэг ирж монголчуудыг эмчилнэ гэсэн нэрээр эд эрхтний наймаа хийж байна. Пак Кван Тэ Солонгостоо сайн эмч гэсэн. Гэхдээ яг эмч мөн үү. Эд эрхтний наймаачин уу гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Анагаах ухааны их сургууль ч гэсэн ямар хүн ажилд авч  байгаагаа судлах хэрэгтэй. Хүний амь нас хариуцах ирээдүйн эмч нар бэлдэж байгаа эрдмийн өргөө шүү дээ. Монголчууд бид аливаа зүйлд болгоомжтой хандах хэрэгтэй" гэв.

Па Тэ нь одоогоор АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимд багшилж аж. Тэрээр БНСУ-ын "Анам" эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал ажээ. Энэ хэргийг хэрхэн шийдэхийг бид иргэн мэдээлэх болно.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: