sonin.mn
Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны удирдлагууд энэ сарын 10-нд 200 сая төгрөгийн авлига авч байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь баривчилжээ.
 
Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны удирдлагууд БНХАУ-ын иргэн Л-ээс авлига авч, БЗД-ийн Их цуурайтын аманд хотхоны зориулалт бүхий талбайг эзэмших гэрчилгээ олгосон байна.
 
Ингэхдээ өөрсдийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан аж. Цагдаагийн алба хаагчид мөнгө болон бусад нотлох баримтыг хурааж, АТГ-т шижлүүлсэн хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэллээ.
 
Мөн тэрбээр, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг