sonin.mn
Монгол Улсын авлигын төсөөллийн индекс 2017 онд 36 оноотой болж, өмнөх оны үзүүлэлтээс 13 байраар ухарчээ.
“Трансперенси интернэшнл’’ олон улсын байгууллагаас авлигын асуудлаарх нэр хүнд бүхий судалгаа, үнэлгээний 13 байгууллагын тайлан болон энэ чиглэлийн шинжээч, бизнесийн удирдах албан тушаалтнуудын үнэлгээнд тулгуурлан энэхүү үнэлгээг гаргасан байна. Манай улсын авлигын төсөөллийн индексийн үнэлгээ юунаас болж буурсан шалтгааныг шинжилж үзвэл, авлигын нөхцөлийг нэмэгдүүлдэг хүнд суртал, төрийн албанд томилоход мерит зарчмын хэрэгжилтийн байдал, төрийн эрхийг тодорхой эрх ашгийн төлөө авах зэрэг хүчин зүйлсийн улмаас буурсан байна. Тухайлбал, авлигын төсөөллийн индексийн нэг эх сурвалж болох World Bank Country Policy and Institution Assessment-ийн тайланд Монгол Улс 2015, 2016 онд 100-гаас 47 оноо авч байсан бол 2017 онд 43 оноо болж буурсан байна. Энэхүү үнэлгээг дараах гурван асуултаар хэмждэг аж. Үүнд:
•Гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал, төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэх;
•Төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх;
•Төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүний далд ашиг сонирхолд автдаг эсэх. Энэ нь шийдвэр гаргагчдад хариуцлагын тогтолцоог сайжруулах болон бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг бууруулах шаардлагатайг харуулж байна. Харин энэ удаад шүүх эрх мэдлийн үнэлгээ өсчээ. Тодруулбал, авлигын төсөөллийн индексийн 13 эх сурвалжийн нэг болох “Bertelsmann Foundation Transformation Index”-ийн тайланд Монгол Улс 2015, 2016 онд 100 онооноос 36 оноо авч байсан бол 2017 онд 41 оноо авч дээшилсэн байна.
Мөн авлигын төсөөллийн индексийн бас нэг эх сурвалж болох “Дэлхийн шударга ёсны төсөл’’-ийн “Эрх зүйт ёсны индекс”-ийн 2017-2018 тайланд дурдсанаар, гол үзүүлэлт болох “Шүүх авлигад өртөхгүй байдал”-ын үзүүлэлтээр Монгол Улс 2016 онд 0.48 оноотой байсан бол, 2017-2018 онд 0.52 болж, эерэг үнэлгээ авчээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин