sonin.mn

Он гарснаас хойш хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн гурван тохиолдлыг ЦЕГ бүртгэжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн XXVII хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсаныг эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Мөн Хан-Уул дүүргийн XVI хороонд оршин суух хаягтай, 34 настай, эмэгтэй А нь тус шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ хоёр ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг тогтоосон байна. Өнгөрсөн сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хуурамч 20 мянгатаар гүйлгээ хийсэн иргэн болон энэ сарын 1-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч 10 мянгатын дэвсгэртээр үйлчлүүлсэн хэргийг харьяалах цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Энэ хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Монгол Улс төдийгүй аливаа улсын мөнгөн тэмдэгт нууцлалын өндөр зэрэглэлтэй байдаг. Нарийвчилсан нууцлал ч бий. Тэгэхээр мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхййг мэдэхийн тулд иргэд худалдан авапт хийхдээ авч өгч буй мөнгөн дэвсгэртээ шалгах хэрэгтэй. Гол нь өнгө нь хувирсан эсэхийг сайтар харах хэрэгтэй” гэж анхаарууллаа.

 

Б.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин