sonin.mn
Өчигдөр буюу 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөөний 10 цагийн орчим үл таних хүмүүс Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал, Бүгд Найрамдах Турк улсын иргэн Вейсел Акчай (Veysel Akcay)-г хулгайлсан хэрэг гарсан. 
 
Вейсел Акчайг баривчилж авч явахаар Улаанбаатарт газардаад байсан Туркийн тусгай үүргийн CT4010 онгоц өчигдөр оройн 21:24 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрсөн юм. Хулгайлагдсан гэгдэх Вейсел Акчайг тус онгоцоор авч ниссэнгүй. Тэрээр Эрүүгийн цагдаагийн газарт байцаагдахаар үлдсэн юм. 
 
Монгол Турк сургуулийн ерөнхий захирал, БНТУ-ын иргэн Вейсел Акчайг шөнийн 01:40 цагт Шүүх эмнэлгээс гаргав. Тэрээр “Би зүгээр ээ. Хэргийг шалгаж байна. Та нартаа баярлалаа. Намайг ямар хүмүүс авч явсныг мэдэхгүй, хэргийг шалгаж байгаа" гэснээр Эрүүгийн цагдаагийн албаныхан түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр авч явсан юм. Тэрээр ийнхүү чөлөөтэй болсныхоо дараа болсон явдлын талаар дурдаж, монголчуудад баярласнаа илэрхийлсэн бичлэгээ цахим сүлжээнд тавьжээ.
Уг бичлэгт тэрбээр “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад, над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гараас минь барьж сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна. Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн хэлжээ.
 
Энэ бичлэг дэлхий даяар түгж байгаа бөгөөд бусад улс оронд байгаа турк багш нар төдийгүй иргэд “Монгол Улсад баярлалаа” хэмээн олон нийтийн сүлжээгээр талархал илэрхийлж, Монгол Улсын ардчилал дэлхийд хүчээ харууллаа хэмээн сэтгэгдлээ бичсээр байна.