sonin.mn
УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сангаас зээл авсан нь тодорхой болоод байгаа билээ.
Тодруулбал
 
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая,  УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая,УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая, УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн аавын “Хүннү” компанид 950 сая, УИХ-ын гишүүн А.Сүхбат , УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нар өөрсдийн компаниуддаа  950 сая төгрөг авсан нь ил болоод байгаа.
 
 
Уг асуудлыг Нийслэлийн Прокурорын газраас хянаад “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон, зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэж үзсэн байна. Иймээс ч уг газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Улмаар хэрэг бүртгэлийн ажиллагаанд тус газраас байнга хяналт тавина гэж Нийслэлийн прокурорын газраас мэдэгдээд байгаа юм.
 
Э.Мягмар