sonin.mn
ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн газрын дарга П.ЭНХТАЙВАНТАЙ барилгын салбар дахь энэ чиглэлийн тулгамдсан асуудлаар ярилцлаа.
 
-Барилгын салбарын ХАБЭА-н ойлголтын талаар ярилцлагаа эхэлье?
 
-Барилгын салбарын ХАБЭА нь нэгдүгээрт ярих зүйл. Манайд хэвийн бус нөхцөлтэй дөрвөн салбар бий. Үүний нэг нь мэдээж барилгын салбар. Хуульдаа ч тэгэж заасан байдаг. Ер нь ямар ч салбарыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулах нь чухал гэдгийг бид мэднэ. Тус салбарт ХАБЭА-н мэргэшсэн боловсон хүчин ажиллаж байж осол аваар гарахгүй байх боломжтой. Мэргэжлийн бус хүн удирдахаар тавих шаардлага нь сулраад ирж байгаа юм. Хэвийн бус нөхцөлтэй ажил олгогч аж ахуйн нэгжийн хуулийн өмнө хүлээх үүрэг хариуцлага нь тодорхой байгаа боловч түүнийг мэдэх хүн ховор болсон. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тавих хяналт өнөөдөр суларснаас тэд үүргээ мэдэхгүй байна. Тухайн ажилчдад эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгч чадахгүй байгаа юм. Гэхдээ барилгын салбарын ХАБЭА-н сахилга бат зөвхөн ажил олгогчоос хамаарах асуудал биш гэдгийг онцолж хэлье.
 
-Ажил олгогч тухайн ажилтныг ажилд анх авахдаа эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах ёстой юу?
 
-Ажилтныг тухайн ажлын байранд авахдаа эрүүл мэндийн үзлэгт оруулах нь ажил олгогчийн гол үүрэг. Жишээлбэл, ажилд орох гэж буй ажилтан харааны болон сонсголын бэрхшээлтэй эсэх, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй эсэхийг тодорхойлуулсны дараа ажлыг хийж болно гэсэн эмнэлгийн дүгнэлт гарна.  
 
Үүний дараа ХАБЭА-н нийт ажилчдын сургалтад хамруулна. Байгууллага өөрөө ХАБЭА-н сургалт явуулах эрхгүй бол сургалтын бацгууллагатай хамтарч зайлшгүй яауулах ёстой. Ингээд урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгсний дараа ажилд гаргана. Зааварчилгааг тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон онцлогт тохирсон, тусгай сургалтын анги танхимд хоёр цагаас багагүй хугацаагаар явуулна.
 
-Ажилтан тухайн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээнээс гадна аюулгүй байдлын гэрээг хамтад нь хийх шаардлагатай гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
-Аж ахуйн нэгж байгууллага тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээг аюулгүй байдлын гэрээтэй хамт хийх ёстой гэж хууль дүрэмдээ заасан байдаг. Аюулгүй байдлын гэрээ гэдэг нь ажилчин болоод ажил олгогч ямар үүрэг, харилцан хүлээх, хариуцлагаа хүлээхгүй бол ямар хариуцлага үүрэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн баримт бичиг юм. Ажилтан ажлын цагаас хоцрохгүй, хөдөлмөр хамгааллын хувцсаа бүрэн өмсч, өгсөн зааварчилгааны дагуу ажиллах ёстой. Мэдээж цалин хөлсөө цаг тухайд нь авах эрхтэй. Энэ процесс алдагдахаараа цаашаа явах үйл ажиллагаа нь доголдоод байгаа юм. Тэгэхээр тухайн ажилтан эрх үүргээ маш сайн ойлгож, биелүүлэхгүй бол эрсдэл гарах аюултай. Мөн тухайн бригадын ахлагч нь хүний амь насыг хариуцаж байгаа гэдгээ бүрэн ойлгосон бол ХАБЭА-н анхан шатны зааварчилгаа, сургалт, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байнга өгөх ёстой. Ажилтан үүнийг үл ойшоож алдаа гаргасан бол түүний буруу болно.
 
-Барилгад хөдөө орон нутгийн ХАБЭА-н мэдлэг ойлголтгүй хүмүүс ажиллах нь элбэг байдаг. Энэ нь осол, аваар гаргах шалтгаан гэж үзэж болох уу?
 
-Манайд Хойд Солонгос болон Хятадын иргэд гэрээгээр ажиллах нь элбэг байна. Амьдрахын тулд орон нутгаас ирж барилга дээр ажиллаж буй нь буруу биш л дээ. Тэд ажил хийж болно. Гэхдээ хамгийн гол нь тэднийг дүрэм журмын хүрээнд ажиллуулах ёстой. Эхлээд ХАБЭА-н сургалтад хамруулж, шалгалт авна. Тэнцсэн тохиолдолд ажилд авахад асуудалгүй. Угаасаа барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэг номерт тавихгүй бол болохгүй байна. Түүнчлэн ХАБЭА-н чиглэл алдагдаж, хүний амь нас эрсдээд байгаа нь тоног төхөөрөмжтэй холбоотой. Уг нь хөдөлгөөнт машин механизмтэй харьцах аюулгүй ажиллагааны дүрэм гэж байдаг. Үүнийг мэдэхгүй болохоор осол гараад байгаа хэрэг. Барилгын салбар зохион байгуулалт, менежментээ зөв хийвэл аюул, осолгүй байх боломжтой. Харин түүнийгээ хангаж чадахгүй бол хамгийн эрсдэлтэй салбар. Сүүлийн үед уул уурхайн салбарт осол аваар гарах нь бага болоод байна. Яагаад гэвэл, тэд урьдчилан сэргийлэх сургалтаа маш сайн явуулдаг. Ингэснээр ажилчдынх нь ХАБЭА-н мэдлэг дээшилж, тархиа цэнэглээд байгаа юм. Барилгын салбарт ч хууль дүрмээ баримталж, урьдчилан сэргийлэх зааварчилгаагаа өгөөд явахад осол гарахгүй гэдгийг дахин онцолж хэлмээр байна.
 
-Барилгын салбар нь улирлын шинж чанартай учраас олон цагийн сургалт явуулахад цаг алддаг байж болно шүү дээ?
 
-Барилгын салбарыг хүмүүс зөвхөн зун ажилладаг гэж ойлгодог. Зун ид ачаалалтай байж болно. Гэхдээ жилийн дөрвөн улиралд ажлаа явуулж буй компаниуд байна. Эдгээр нь өвөл ажиллах аюулгүй ажиллагааны заавраа гаргаж, зохион байгуулалтай яваа учраас асуудал гарахгүй байна. Харин ХАБЭА-н хууль дүрмээ баримтлаагүй байгууллагууд л осол аваар гаргаад байна. Энэ л хамгийн аюултай.
 
-Тухайн ажилтан хадаасан дээр гишгэж хөлөө гэмтээхэд хэнийх нь буруу болох вэ?
 
-Хадаасан дээр гишгэсэн хүн өөрөө нэгдүгээрт буруудна. Яагаад гэвэл, аюултай орчинд ажиллахгүй байх эрхтэй гэдгээ мэдээгүй. Мөн хадаастай мод талбай дээр байлгаж байгаа талбайн инженерийн буруу. Ажлын байрны нөхцөл бололцоог хангаж өгөөгүй гэсэн үг. Ажлын байрны нөхцөл бололцоог хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсний дараа тэр хүн гэмтвэл тухайн хүний буруу. Ийм л хоёр талтай. Аюулгүй ажиллагаа нь ажил олгогч, ажилтан хоёроос шууд хамааралтай.
 
-Ажилчин эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхтэйгээ тэр болгон мэдэхгүй байх тохиолдол байдаг. Хуульдаа энэ талаар яг юу гэж заасан байдаг вэ?
 
-Хөдөлмөрийн хуулийн 18 дугаар зүйлд ажилчин хүний эрх, үүргийг заасан байдаг. Үүнд, ажил олгогч ажилтанд эрүүл аюулгүй ажлын байр бэлдэж өгөөгүй бол ажилтан хөдөлмөрлөхгүй байх эрхтэй. Ажилтан өөрөө өөрийнхөө аюулгүй байдлаа хангуулах эрхтэй. Үүний дараа ажлаа хийх үүрэгтэй.
 
-Танай байгууллага барилгын салбарын ХАБЭА-н асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
 
-Манай төв нь барилгын салбарын үйл ажиллагаанд Хөдөлмөрийн сайдын А/33 дугаар тушаал, MNS -4969:2000 стандартаар оногдсон төрийн үйлчилгээ үзүүлэх эрхийнхээ дагуу хууль эрх зүйн орчин, сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь ямар түвшинд байна гэдгийг нь хянах хүрээндээ ажлаа явуулж байна. Бид тухайн байгууллагад очиж зааварчилгаа өгөх, зөвлөмж хүргүүлэх, сануулах үүрэгтэй. Сануулсан хугацаанд алдаагаа засаагүй бол дараагийн шатны арга хэмжээг авах буюу МХЕГ-т ханддаг.
 
 
Л.Тулга
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин