Олон улсын нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж, дэлхийд олон туйлт систем бүрэлдэж байна. Манай хөрш улсын төрийн тэргүүн дэлхийд сүүлийн зуун жилд болж байгаагүй их өөрчлөлт болж байна хэмээсэн нь ч бий. Геополитикийн энэ их ээдрээтэй нөхцөл байдалтай холбоотойгоор мөн асар хүчтэй мэдээллийн дайн өрнөж байна. Уг дайны нөлөө Төв Азийн цээжинд орших Монголыг маань ч тойроогүй дайрч байгаа нь сүүлийн жилүүдэд хүчтэй мэдрэгдэх боллоо.
Тодруулбал зарим нэг улсыг улайран дэмжигч буюу эсвэл нөгөө улсыг нь үзэн ядагчид бий болж, бараг л хөлбөмбөгийн фанатууд шиг нийгмийн сүлжээгээр нэг "байлдах" явдал нэн элбэгшив. Яахав, улбаа нь бол саяных ч юм биш л дээ. Нэр төрийг нь унагах гэсэн хэн бүхнийг Хятадтай холбодог технологи олон жил хэрэгжиж байна.
Америкийн долларын эзэд л биднийг ядуу амьдруулж байна гэх номлолыг хэсэг нөхөд бараг л хориод жил хүчтэй түгээсэн. Сүүлийн жилүүдэд баруунд дэлгэрсэн Оросыг үзэн ядах үзэл ч манай зарим иргэдэд нөлөөлж, ийм агуулгатай улс төржилт тод ажиглагдах боллоо.
Мэдээж ардчилсан Монгол Улсын иргэд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин иргэд маань өөрсдийнхөө үзэл бодлыг Монгол төрийн бодлого байх ёстой мэтээр улайрах нь зохисгүй юм. Гадаад бодлого гэдэг бол тун эмзэг, нарийн, улс төржиж, туйлширч огт болохгүй салбар. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг ягштал хэрэгжүүлж, нүүдэл бүрээ тооцож ажиллаж гэмээн эх орны эрх ашиг хангагдана.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гэдгийг мэдээлэл, харилцаа талаас нь харвал Монголын төр ямарваа нэг улсыг сайн улс, муу улс гэж ангилахгүй, ямар ч үндэстэнг үзэн ядсан үг хэл ч гаргахгүй, үйлдэл бол бүр хийхгүй л гэсэн үг. Алдаа оноо аль ч улс оронд байдаг л биз, амьдрал юм хойно. Монгол төр түүнийг нь шүүхгүй, шүүмжлэхгүй, тусгаар тогтносон улсын хувиар энхийг эрхэмлэсэн бодлого л явуулах ёстой ажгуу.
Ийм л ээдрээтэй өдрүүдэд УИХ-ын дарга, эрх баригч МАН-ын дарга Н.Учрал анхныхаа гадаад айлчлалаа хийлээ.
Тодруулбал тэрээр Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийв. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзсан. УИХ-ын дарга энэ үеэр Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулав.
Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай хийсэн халуун элэгсэг уулзалтын дараа Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийн нээлтэд оролцсон. Тэрбээр нээлтэд оролцох үеэрээ хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд дэлхийд ноолуур үйлдвэрлэлээр тэргүүлж буй Монгол Улсын хувьд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байна гэв.
Аж ахуйн нэгжүүдэд зориулсан энэхүү бизнес хэлэлцүүлгийн хүрээнд гарал үүслийн дүрэм, тарифын хөнгөлөлт, гааль, техникийн зохицуулалт, стандарт, баталгаажуулалт зэрэг худалдаанд шууд нөлөөлөх асуудлуудыг тодорхой, ойлгомжтой, ажил хэрэгчээр танилцуулснаар Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно гэж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр хоёр улсын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, соёрхон баталгаажуулсан юм. Уг санамж бичигт Монгол Улсаас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, ОХУ-аас Холбооны итгэмжлэлийн газрын дарга Дмитрий Вольвач нар гарын үсэг зурав.
Айлчлалын хоёр дахь өдрийн өглөө Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монголын парламентын төлөөлөгчид Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөсөн.
Цэцэг өргөх ёслолд Монголын талын албан ёсны төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев оролцсон юм. Сошиал орчинд зарим хэрэглэгчид "Энэ юун өвөө Н.Учралыг тосож байна аа" гэж бичиж байсан хүн бол үнэндээ ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев хэмээх асар их туршлагатай төрийн зүтгэлтэн байсан билээ.
Дараа нь Н.Учрал МАН-ын даргын хувиар Монголчуудын хамгийн сайн мэдэх Оросын улс төрчдийн нэг, Ерөнхийлөгч асан тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй уулзав.
Энэ уулзалт товлосон цагаасаа ч хэтэрч, маш элэгсэг уур амьсгалтай болсон бөгөөд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевт Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй айлчлал хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоёр улсын эрх баригч нам хоорондын харилцааг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэж байлаа.
Дашрамд дурьдахад хөрш хоёр орны эрх баригч хоёр намын дарга нар 10 жилийн дараа албан ёсоор уулзсан нь энэ байв.
Мөн өдөр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Хэлэлцээний үеэр Улсын Их Хурлын дарга ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байж ирснийг онцлоод, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар албан ёсны анхны гадаад айлчлалаа ОХУ-д хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа тэмдэглээд, энэхүү айлчлал нь манай хоёр улсын болон ард түмний бат бөх найрамдалт харилцааг улам бэхжүүлэхээс гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа онцлон тэмдэглэв.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин урилгыг нь хүлээн авч, албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлээд, 2023 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа дурдав. Тухайн үед хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг цохон тэмдэглэсэн юм.
Мөн Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар энэ онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд харилцан санал солилцсон.
2-р сарын 11-ий өглөө Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээрх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэг болгон барьсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөв.
Энэхүү хөшөө нь Аугаа их Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд Монголын ард түмний чин сэтгэлийн илэрхийлэл болгож Зөвлөлтийн ард түмэн болон Улаан армид илгээсэн дулаан хувцас, хоол хүнс, агт морьд, Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкны цуваа болон “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг хандивласныг бэлгэддэг гэдгийг Монголчууд сайн мэднэ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Геннадий Яковлевич Красниковтой уулзав.
Уулзалтаар хоёр улсын шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, энэ хүрээнд Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын байгаль экологийг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн асуудлаар шинжлэх ухааны бодитой судалгаанд суурилсан, чухал ач холбогдолтой дүгнэлтийг хоёр орны академийн судлаачид гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын оролцсон дараагийн арга хэмжээ бол Москва хотноо болж буй “Монгол-Оросын бизнес форум” байв. Уг форумд Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим төлөөлөл оролцсон бол Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цуглажээ.
Монгол Улсын Их Хурлын дарга уг форумыг нээж хэлсэн үгэндээ, хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор урагшлуулах боломж нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр болохыг тодотгов. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлтэй институцийн түвшинд ойртож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг илүү тогтвортой, урьдчилан таамаглахуйц болгох эхлэлийг тавьж байгааг онцоллоо.
Угтаа энэ хэлэлцээр нь зөвхөн тарифын асуудал бус, харин бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хөнгөвчлөх, гааль, техникийн зохицуулалт, стандартын уялдааг сайжруулах, улмаар аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байгааг хэллээ.
Ялангуяа Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хувьд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх, үйлдвэрлэл, логистикийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж болохыг тодотгосон юм.
Айлчлалын хүрээн дэхь хамгийн гол уулзах хүний нэг бол бол ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко байлаа. Айлчлалыг сурвалжилж буй сэтгүүлчид гучин минут орчмын өмнө Думын ордонд байраа эзлэх журамтай байв. Энэ зуур анзаарахад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн хамт олон Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг ихэд хүндэтгэн хүлээж авч буй нь илт байв.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг тосон авч, хүндэтгэлийн зургаа авахуулаад хэлэлцээ болох танхимыг зорих зуур л нээлттэй ярилцаж, уур амьсгал хэдийн элэгсэг болсон байлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар анхны гадаад айлчлалаа ОХУ-д амжилттай хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа тодотгов. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын парламентын хамтын ажиллагааны чухал механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан амжилттай хэрэгжсэнийг онцлов.
Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, экспорт, импортын зөрүүтэй харьцааг багасгах, эдийн засгийн харилцан үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр чухал хөшүүрэг болохыг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монголын бизнесийн төлөөллүүд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах эрмэлзэл, сонирхол ихээхэн өндөр байгааг айлчлалын үеэр зохион байгуулсан бизнес хэлэлцүүлэг, эдийн засгийн форумаас харж болно гэлээ. Иймд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчноор дэмжих, Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулахад анхаарч, ажиллаж байгаагаа хэллээ.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хэлхээ, холбоо чухал үүрэгтэйг тэмдэглэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл: 1924-1945 он” сэдвээр докторын зэргээ хамгаалсныг дурдаад өдгөөгөөс 81 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулсан Ялтын гэрээг баталсан түүхт энэ өдөр уулзаж буйд бэлэгшээж байна гэлээ. Иймд “Их Засаг” сургуулийн үүдэнд баримал болон баригдсан “Гитлерийн Германы эсрэг эвсэл” буюу Рузвельт, Черчилль, Сталин нарын зургийг харуулсан 1945 оны “Правда” сонины эх хувийг дурсгасан юм.
Парламентын залуу спикерийн хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан хамтын ажиллагааны яриа хэлэлцээний бодитой хэрэгжилтийг чухалчлан, манлайлж байгаад талархал дэвшүүлэв. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулахад чиглэсэн, өндөр түвшний, ажил хэрэгч уулзалтуудаар дүүрэн үргэлжилж байгааг онцоллоо.
Талууд эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, байгаль орчин, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглээд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.
Уулзалтын үеэр хөрш орнуудын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, мөн Монголын их өрийг дарахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга Н.Учрал гардуулсан юм.
Уулзалтын үеэр Валентина Ивановна Матвиенко УИХ-ын дарга Н.Учралыг “Ийм залуухан, боловсролтой удирдагчид их ирээдүй байна даа” гэж үнэлсэн нь бахархалтай сонстож байв.
Уг уулзалтаар айлчлалын арга хэмжээ дууссан юм. Мэдээж энэ айлчлалын дараа асар их хөрөнгө оруулалт цутгана гэж гоёчилж ч юм уу? дайн хийж байгаа оронд айлчиллаа гэх мэтээр шүүмжилж дүгнэх нь аль аль нь гэнэн хэрэг.
Тэгвэл энэ айлчлалын үр дүн юу вэ? Чухам яагаад УИХ-ын дарга Н.Учрал анхны айлчлалаа ОХУ-д хийх болов?
ОХУ бол Монгол Улсын мөнхийн хөрш, мянга мянган хаяа залган айлссан саахалт орон маань.
Мөн Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэсэн байдаг.
Ахуй талаа харсан ч нийгэм, эдийн засаг, соёл, урлаг,спорт, худалдаа гээд олон чиглэлийн идэвхтэй хамтын ажиллагаа манай хоёр орны дунд өрнөдөг. Улс төр талаасаа бас нэг онцлог бий. ОХУ харьцангуй босоо тогтолцоотой, эрх баригч нам нь тогтвортой бодлоготой. Иймээс ч нийгэм, соёл, улс төр, бизнес, эдийн засгийн аль ч хүрээнд эрх баригчид юу ярьж, ямар бодлого баримталж байна гэдгийг анзаарч, үйл ажиллагаа явуулдаг.
Энэ тохиолдолд Монгол Улс, ОХУ-ын хооронд улс төрийн итгэлцэл хэвийн байж, ямар нэг эргэлзээ, үл ойлголцолгүй байх нь бүхий л харилцааны суурь юм. Нөгөө талаасаа ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудад дөнгөж дөч шүргэж буй, залуухан, Англид боловсрол эзэмшсэн, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ч ажиллаж байсан Н.Учралыг таних гэсэн хүлээлт, магадгүй бага зэрэг эргэлзээ байсныг ч үгүйсгэхгүй.
Харин Монгол Улсын гадаад харилцаа бодлогын үзэл баримтлалынхаа дагуу үргэлжилсээр байгаа юм байна, хойшид ч хэвээр үргэлжлэх юм байна гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал Оросуудад ч, Монголчуудад ч нотоллоо.
Монгол, Оросын улс төрийн харилцан итгэлцэл улам нэмэгдлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын даруухан мэт атлаа асар том үр дүн энэ байлаа.
М.Гал-Арив
Баасан - 02 сарын 13,
2026
Сэтгэгдэл7
Uchral sain bainaa
Привет Бурятам.
Монголчуудыг хужаа,хасаг,хүн биш, эрлийз,хурлийз гэж Оросууд шиг яс үндэс, дов жалгаар турхирдаг буриад нь Москва руугаа явах Монголчуудад хамаагүй. Улс ард түмнийг үзэн ядах улс төрөө ярьвал хэн ч биш, еврейчүүдийг долоодог Европ дээд төрөлтөн Оросууд дэлхийд ганцаараа Азийн ард түмнүүдийг тэрэн дундаа биднийг доорд үзэж доромжилж шоолон дээрэлхдэг.
Оросийг дагаж найзалвал 100 жилээр дэлхийн хөгжилөөс хоцорно . Дарангуйлйл хоосро ядуурал болно . Баруун ёвропд байгаа оросууд өлөн ховдог ирдэг шүү үнэндээ ялгардаг оросууд
Путиний устгасан Агын Бурятыг Матвеенкогийн Дум-д хаа хамаагүй жүүд дуучин Кобзон төлөөлдөг байсан. Оросууд Эвенкүүдийг устгаад нутагт нь Еврейн автономи байгуулдаг хүмүүс юм чинь аргагүй. Одоо сая ч хүрэхгүй хүнээс нь 30 хүрэхгүй хувь нь хэлээ мэдэхгүй Буриадууд байдаг дэлбэрчихсэн Буриадын анхны Орос биш эрлийз ерөнхийлөгч нь бас хэлээ мэддэггүй.
Хөрш улс руугаа уулгалан дайрсан булаан эзлэгчидтэй хэсэгтээ зайгаа барих байсан юм. Очоод наалдчих юмаа.
Учрал бөөн салаавчтай л ирээ биз хаха