sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Солонгос хоороондын эдийн засгийн цаашдын хамтын ажиллагааны талаарх шинэ төлөвлөгөөгөө БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гуравдугаар сарын 1-нд танилцуулна. Энэ тухай “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын засаг захиргааны нэрээ нууцлахыг хүссэн сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр баасан гарагт тэмдэглэх тусгаар тогтнолын төлөөх Гуравдугаар сарын 1-ний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан уг төлөвлөгөөг зарлах аж. Мүн Жэ Ин үг хэлэх үеэрээ Солонгос хоорондын харилцааны эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэг дээр голлон анхаарч, Солонгосын хойгийг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар ярина гэж эх сурвалж онцлон тэмдэглэжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч ойрын туслахуудтайгаа энэ долоо хоногт зөвлөлдөх уулзалт хийх үеэрээ Солонгосын хойгт шинэ дэглэмийг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлжээ. “Энэ бол дайн дажин, сөргөлдөөнөөс энх тайван, хамтын хөгжил рүү, үзэл суртлын хагарлаас эдийн засгийн хөгжил цэцэглэлт рүү шилжих шинэчлэл юм” гэж Мүн Жэ Ин мэдэгдсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч  Вьетнамын нийслэл Ханой хотод болж буй БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын дараагийн өдөр төлөвлөгөөгөө танилцуулах аж.
Гуравдугаар сарын 1-ний хөдөлгөөн Солонгосыг Японы түрэмгийллээс чөлөөлөх зорилготой хөдөлгөөн байжээ. 1919 оны гуравдугаар сарын 1-нд Солонгосын  33 эх оронч Сөүлд тусгаар тогтнолын тунхаг бичгийг уншин сонордуулсан байна. Энэ үйл явдал олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болон үл дагах ажиллагаануудын эхлэлийг тавьсан бөгөөд тэмцэл хөдөлгөөн нэг жил үргэлжилжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг