ТОКИО. /Kyodo/. Японы эзэн хаан Нарүхито, түүний гэргий Масако нар тус улсад төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания нарыг үдэхээр Токио хотын “Palace” зочид буудалд мягмар гарагт зочилжээ.
Эзэн хаан тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларснаас хойш түүнд бараалхсан анхны гадаадын хүндэт зочид болсон Трампын гэр бүл өнгөрсөн бямба гарагт Япон улсад хүрэлцэн очсоноосоо хойш уг зочид буудалд байрлаж байсан юм.
Японы эзэн хаан, гэргийн хамтаар хүндэт зочдыг нутаг буцах сүүлийн өдөр нь уулзах уламжлалтай ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч даваа гарагт Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой албан ёсны уулзалт хийхийн өмнө гэр бүлийн хамтаар эзэн хаан болон түүний гэргий нартай уулзсан билээ.
Эзэн хааны гэр бүл даваа гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлтэй хүндэтгэлийн зоог барьжээ. Япон улсад хийж буй Д.Трампын дөрвөн өдрийн айлчлал өнөөдөр дуусах юм. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг