sonin.mn
КИЕВ. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Гүржийн удирдагч асан Михаил Саакашвилигийн иргэншлийг сэргээжээ. Холбогдох зарлигийг Украины төрийн тэргүүний цахим хуудсанд нийтэлсэн байна.
Гүржийн Ерөнхийлөгч асан Украинд тавдугаар сарын 31-нд буцан ирж магадгүй гэж урьд нь "Страна.ua" интернэт-хэвлэл эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилсан байна. Саакашвили парламентын сонгуулийн өмнө “Шинэ хүчнүүдийн хөдөлгөөн” намын үйл ажиллагааг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Харин Саакашвили Украинд албан тушаал сонирхохгүй байна гэж өнгөрсөн долоо хоногт  "Макси-ТВ" телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байжээ. Түүний хэлснээр, тэрбээр Украиныг шударга бусаар орхин гарсан учир буцах гэж байгаа аж. Зеленскийг зарлиг гаргасны дараа Саакашвили түүнд “Facebook” хуудсаараа дамжуулан талархлаа илэрхийлжээ. Дараа нь тэрбээр "Наш" телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо лхагва гарагт Украинд очно гэдгээ мэдэгдсэн байна.
Саакашвили 2013 онд Гүрж улсыг орхин гарсан юм. Тус улсад түүний эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд зарим хэргээр нь эчнээгээр хорих ял оноожээ. Саакашвили 2015 онд Украины улс төрд орж, Одесс мужийн захирагчийн албыг хаших болсон байна.
Гэвч 2016 онд тухайн үеийн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Саакашвилиг бүс нутгийг хөгжүүлэх амлалтаа биелүүлээгүйгээр барахгүй мужийн эдийн засгийн үзүүлэлтийг улам дордууллаа хэмээн огцруулсан байна.  Порошенко 2017 онд Саакашвилигийн Украины иргэншлийг цуцалжээ. Гүржийн Ерөнхийлөгч асан Украины шүүхэд гомдол гаргасан боловч одоог хүртэл авч хэлэлцээгүй байна.
Украины ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Саакашвили тус улс руу буцахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг