sonin.mn

-Юуны өмнө танд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Галт тэрэгний үйлчлэгч бүсгүй ийм том тайлан тоглолт хийсэн гэхээр сонин байна? Уншигчдад өөрийгөө танилцуулахгуй юу?

-Би Завхан аймгийн Дөрвөлжин суманд 1981 онд төрсөн. Багаасаа хөгжимд сонирхолтой хүүхэд байсан. Тэгээд тав, зургадугаар ангидаа Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид сурч байгаад 1995 онд хот руу ирж, Хөгжим бүжгийн коллежид орж 2001 онд төгссөн. Манай ах дүү нараас урлагийн, төмөр замын хүн ч байхгүй.



-Багадаа ээж аав, эгч дүүсээ орхиод хотод ирж сурна гэхээр хөгжимд үнэхээр дуртай хүүхэд байсан байх нь. Гэтэл яагаад төмөр замчин болчихов ?

-Долдугаар ангид орох жил Нарантуяа багш маань хот руу шилжчихсэн л дээ. Тэгээд Завханд хуучрын багшгүй болчихсон учраас хотод ирж Хөгжим бүжгийн коллежид орсон. Хамгийн билэгшээлтэй нь хотод ирээд Нарантуяа багшийнхаа багш СТА Б.Бодьсүрэн багшийн шавь болсон. Энэ хүний шавь болж зургаан жил сураад 2001 онд төгсөж байлаа.

 

Гуравдугаар курсын оюутан байхаасаа цэргийн ансамбельд гэрээт хөгжимчнөөр ажиллаж байгаад төгсөөд үндсэн хөгжимчнөөр хэсэг ажилласан. Хүүгээ төрүүлээд гэртээ сууж байхдаа ТЗДС-ийн вагоны үйлчлэгчийн ангид 2004-2005 онд сурч төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ шууд ажиллаж чадаагүй. Хүүгээ Завханд ээж дээрээ аваачиж өгөхдөө шууд орхиод ирж чаддаггүй.

 

Хэсэг хугацаанд нутагтаа байхдаа Завханы театрт хөгжимчнөөрөө ажилласан. Тэгээд 2007 онд төмөр замдаа орж, вагоны үйлчлэгчээрээ ажиллаж эхэлсэн дээ.



-Галт тэрэгний үйлчлэгчийн ажил хүнд хөдөлмөр. Хажуугаар нь тайлан тоглолтоо хийчихнэ гэхээр бас хөдөлмөрч бүсгүй юм. Тайлан тоглолт хийе гэдэг санаа хэзээ төрөв?

-Энэ хавар ээлжийн амралтаа аваад нутагтаа очиж амарсан. Тэгэхэд Очирваань хайрхандаа очиж мөргөсөн. Яг тэр үед л анх тайлан тоглолт хийх санаа төрсөн. Тэгээд ер нь, яагаад би тоглолт хийж болохгүй гэж бодоод л... Ирээд хөгжим бүжигт хамт сурч байсан найз нөхөд, нутгийн уран бүтээлчдэд тайлан тоглолтоо хийе гэхэд бүгд л маш сайхан хүлээж авч дэмжсэн.

 

Дээр нь хамт олон, ах дүү нар ч их тус болсон. Найз нөхөд, хамт олон туслаад дэмжээд өдөр шөнөгүй гүйгээд байхад би залхуурч суух, унтах эрхгүй шахуу болсон гэх үү дээ. Тэгээд л зориглоод зүтгэсэн өнөөдөр тайлан тоглолтоо хийчихээд явж байна.



-Тоглолтод чинь ямар уран бүтээлчид оролцов?

-Тоглолтод оролцохоос гадна тусалсан олон хүнийг энд дурьдмаар байна. Анх тайлан тоглолтоо хийе гэж шийдээд Урсгал засварын цехийн мастер Б.Чинбат ах, зааварлагч Ц.Цэцэгмандал эгч хоёрт хамгийн түрүүнд хэлэхэд маш сайхан хүлээж авч дэмжсэн. 50 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Л.Отгонцэцэг миний дунд сургуулийн найз. Тэр найз маань 80 хүүхэдтэй найрал дууны хамтлагаа аваад ирж байгаа юм.

 

С.Батсүх гавьяат, дуучин Б.Дэлгэрмаа, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан гээд маш олон хүн тусалж дэмжсэн. “Айзам" хамтлагийн анхны гишүүн соль гитарчин, хөгжмийн зохиолч О.Хүрэлбаатар ах студидээ хөгжмийн бүх л бичлэгийг хийж өгсөн. Мэдээж бүхэл бүтэн тайлан тоглолтод бэлдэхийн тулд асар их бэлтгэл хэрэгтэй. Тэр болгоныг гэртээ хөгжим дуугаргаад байж болохгүй.

 

Бэлтгэл хийх байр, тоглолтын хувцас гээд бүх л зүйл дээр хамт сурч байсан найз нөхөд минь тусалсан. Тоглолттойгоо хамтатгаад ээжийнхээ 60 насны ойг тэмдэглээд, бас ах дүү нараа цуглуулж ургийн баяр хийлээ. Бид дор бүрийнхээ ажил амьдрал гэж явсаар ах дүү нар минь нэг л холдоод хөндийрөөд байх шиг. Тэгээд ургийн баяр хийе гэж бодсон юм. Их сайхан болсон шүү.



-Таны урын санд төмөр замын сэдэвтэй уран бутээл бий юу?

-Урын санд маань төмөр замын сэдэвтэй дан хөгжмийн бүтээл одоогоор алга. Мэдээж, “Ган зам", “Вагон депогийн хүүхнүүд” гээд сайхан дуунууд байдаг. Уран бүтээлийн тайлан тоглолт дээр Монголоос гадна Унгар, Орос, Япон гээд үндэстэн бүрийн хөгжмөөс оруулсан. Завханы хөгжмийн багш О.Хүрэлбаатар гуайн “Амьдралын тойрог" шинэхэн уран бүтээлийг тайлан тоглолт дээрээ анх удаа олны хүртээл болголоо.

 

Хуучрын ансамбелийг бүрдүүлсэн. Тайлан тоглолт дээр 26 номер гарсны 10 нь миний гоцлол байсан. Мөн Уран бүтээлийн тайлан тоглолтдоо зориулаад “Мөргөлийн уул Очирваань шүтээн” гэдэг шинэ дуу хийлгэж, олны хүртээл болголоо. Соёлын дээдийн багш Ц.Эрдэнэ аяыг нь хийж, Д.Сумъяа гэдэг лам хүн үгийг нь бичсэн сайхан дуу шинээр төрсөн.


-Хөгжимчид байнгын бэлтгэлтэй байх, дээр нь гараа эвдэрчихнэ гээд хүнд ажил хийдэггүй гэдэг. Таны хувьд энэ бүгдийг яаж зохицуулж байна вэ?

-Найман жил сурсан, хөгжимчнөөр гурав, дөрвөн жил ажиллачихсан. Тийм болохоор хуучраасаа холдож чаддаггүй. Би хөгжимчин гээд төмөр замынхаа ажлаас хойшоо ухраад байж болохгүй шүү дээ. Энэ хоёр мэргэжилдээ дуртай. Тийм болохоор аль алиныг нь аваад л явахыг хичээдэг. Мэдээж, байнгын бэлтгэлгүй бол хөгжимчин хүн зэвэрдэг.

 

Гар хурууны хөдөлгөөн удааширна. Тайлан тоглолтын өмнө дасгал сургуулиа сайн хийсэн. Сүүлийн хэд хоног ажлаасаа чөлөө аваад бэлтгэлээ хийсэн л дээ. Тэгэхгүй бол болохгүй. Би ямар ах дүү нартаа эсвэл найр наадамд тоглох гэж байгаа биш. Тийм том тайзан дээр олон үзэгчийн өмнө сайн тоглохгүй бол болохгүй. Тайзаа, мэргэжлээ хүндэтгэх хэрэгтэй шүү дээ.

 

Өдрийн цагаар тоглолтын бэлтгэл бусад ажлаа амжуулаад шөнө нь бэлтгэлээ хийж байлаа. Түүний хүчинд энэ тоглолтын үеэр өөрийгөө нэг их голоогүй. Гэхдээ үе үеийн хуучирчдыг бэлтгэсэн багшийнхаа сэтгэл хүрээгүй байх вий гэж санаа зовж байна.



-Хуучир хөгжмийн бусад хөгжмийн зэмсгээс ялгарах онцлог нь юу байдаг вэ. Манай уншигчдад сонин байж магадгүй?

-Хуучир сурахад маш хэцүү хөгжим л дөө. Хоёр нарийнхан чавхдас дээр тоглодог. Ятга, ёочин, шууд даралттай төгөлдөр хуур зэрэг хөгжмүүдээс их онцлог. Тийм хөгжмүүдийг бол энд нь ингэж дарахад ийм хөг гарна гэдэг тодорхой байдаг. Хуучрыг сонсгол сайтай, нарийн мэдрэмжтэй хүн тоглодог. Хурууны өндөг жаахан дээшилж, доошлоход л буруу ая дуугарна.

 

Маш нарийн ур чадварыг шаарддаг. Хоёр чавхдастай гэдгээрээ морин хууртай төстэй. Гэхдээ морин хуурын чавхдас хоорондоо зайтай учраас хурууны засвараар, дээр нь тохож, дарж тоглодог. Нум нь салангид. Тэгвэл хуучрын хоёр нарийхан утасны дундуур нумны хөвч нь салахгүйгээр байдаг гэдгээрээ онцлог. Анх сурч байхад их эвгүй. Хяхтнуулаад л...

 

Эхлээд сурч байхад манай гэрийнхэн бүр түвэгшээгээд л юу тоглоод байгаа юм бэ гэдэг байсан. Сүүлдээ ээж аав  “Алив миний хүү нэг ая тоглоод өгөөч” гэж урам өгөөд л... Өдий зэрэгт хүргэсэн багш нартаа л баярлаж явна даа.



-Тийм нарийн мэргэжлийг олон жил сурч эзэмшчихээд одоо өөр ажил хийж байна гэдэг харамсалтай биш гэж үү? Магадгүй зарчм үед за больё доо, хөгжимчнөөрөө ажиллая гэж бодож байв уу?

- Би ёстой ухралтгүй шийдсэн. Харин ч цаашид сурч, төмөр замын өөр мэргэжлээр ажиллахсан гэж бодож байгаа. Гэхдээ үйлчлэгчийн ажлаа голж байгаа юм биш шүү. Ажилдаа хүн гологдоно уу гэхээс хүн ажлыг голж болдоггүй. Хүмүүс надаас ямар ажил хийдэг вэ гэж асуудаг.

 

Тэгэхээр нь маш олон төрлийн ажил хийдэг гээд хэлчихдэг. Хос мэргэжилтэйдээ бахархдаг. Хөгжим бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Хуучраа бариад хэдэн ч цагаар хамаагүй суух үе бий. Хөгжим тоглож байхад сайхан мэдрэмж төрдөг.



-Яг ямар мэдрэмж...

-Хөгжмөө тоглоод суухаар гар халаад, дотроос өөрийн эрхгүй халуу дүүгээд нүүр улаа бутарчихдаг. Тайвшираад... Нэг л тийм гоё мэдрэмж төрдөг л дөө. Яг үгээр илэрхийлж чадахгүй байна. Онгод ороод л... Удаан гамм уншаад, нэг нотыг хэдэн гишгэмээр тоглодог л доо.

 

Тэгж удаан гамм уншиж бэлтгэл хийхэд бараг гурван цаг зарцуулдаг. Би хувьдаа урлаг хүнийг тайван, тэвчээртэй, хөдөлмөрч болгодог гэж боддог. Би хөгжмийн нэг шавьтай болсон. Б.Дөлгөөн гээд их хичээнгүй сайн охин байгаа.  Сая миний тайлан тоглолтод оролцсон.



-Уралдаан тэмцээнд оролцож байгаа биз дээ?

-Оролцолгүй яахав. Байгууллага дээр болж байгаа урлагийн үзлэгт байнга оролцдог. Манайхан чи л түрүүлэх байлгүй дээ гэдэг. (инээв) 2010 онд МҮЭ-ээс зохион байгуулсан Ардын урлагийн наадамд оролцож мөнгөн медаль хүртэж байсан. Энэ наадам 35 жил засварласны дараа зохион байгуулагдсан юм билээ. Алтан медалийг Багануурын хөгжмийн хамтлаг авсан.

Манай байгууллага урлаг спортыг их дэмждэг. Тэр жил ӨМӨЗО-ны Хөх хот Ордос, Бугат хотоор арав хоног дөрвөн үйлчлэгчийг аялалд явуулсан. Нэг нь галт тэргэнд гарсан галыг унтраасан, нэг нь сайн бүжиглэдэг, нэг нь сагс тоглодог, тэгээд миний бие, аялаад ирж байлаа.



-Танд уран бүтээлийн болоод ажлын их амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ дашрамд хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сая тоглолтын үеэр МЗХ- ны Тэргүүний залуу алтан медалиар шагнуулсан. Хамт олон минь л тодорхойлсон байх. Шагнал авна гэж зүүдлээгүй байсан. Гайхах, балмагдах зэрэгцсэн шүү. Мөн өнгөрсөн жил би галт тэрэгний Г.Дуламсүрэн даргын цуваанд байсан. Цувааны аварга үйлчлэгч болсон.

 

Тэр үед би Г.Дуламсүрэн даргад таны ачийг хариулнаа гэхэд их гайхаж харж байсан. Сая тайлан тоглолтоо. хийх гэж байгаагаа хэлэхэд Г.Дуламсүрэн дарга их баярлаж, хуучин бригадынхан маань тусалсан. Ачийг нь тоглолтоороо хариулж байгаа минь тэр л дээ. Бас намайг чөлөө аваад тоглолтодоо бэлтгэж байх хооронд миний ажлыг хувааж хийж байсан С.Баттөр даргатай 28 дугаар цувааны хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.

 

ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүн Ц.Даваадулам, галт тэрэгний үйлчлэгч С.Одонтунгалаг гээд эгч нар маань өөрсдөө ажилтай мөртлөө надад амралтын жаахан цагаа харамлалгүй өдөр шөнийн алинд нь ч тусалж байсан. Тэдэндээ баярлалаа.