Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж МАН үхэн хатан зүтгэж байна. МАН маш олон буруу зүйлийг зүтгүүлж байсан олон тохиолдлыг би мэдэх боловч энэ удаагийнх шиг үхэн хатан зүтгүүлж, хүчиндэж байсныг санахгүй байна. Үүнтэй холбогдуулан Үндсэн Хууль тойрсон онол, практикийн зарим үндэслэл хэлэхгүй бол болохоо байлаа…
 
Черчиллийн үг ба “монгол ойлголт”
 
Манай сэхээтэн нэрт лаларууд У.Черчиллийн “хэрэв бусдыг нь үл тооцвол ардчилал бол хамгийн адгийн систем мөн”, “Ардчилал бол төгс зүйл биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээр юм бодож олоогүй байна” гэж мэдэмхийрэн солиордог ба үүнийгээ бат үнэн хэмээн тэнэгтэн лалартах бөлгөө.
Үнэн хэрэг дээрээ Уинстон Черчилль ингэж хэлээгүй юм. У.Черчиллийн хэлсэн үг өнөөгийн манай нөхцөл байдалтай явц цав тохирч байгаа тул түүний 1947 оны 11 дүгээр сарын 11-нд Английн парламентын Нийтийн Танхимд хэлсэн үгийг орчуулан хүргэж байна:
“Нэр хүндтэй жентльмен парламентыг юу гэж ойлгодог вэ ? Ноён дарга аа, үүнийг түүнд ойлгуулах юмуу эсвэл хамгийн гол зүйлийг дурдан хэлэхийг надад зөвшөөрөөч. Ардчилал гэдэг бол дан ганц амлалт өгч мандат авсныхаа дараа юу дуртайгаа хийж болдог зүйл огт биш. Удирдлага хийгээд ард түмний хооронд бат бэх холбоо харилцаа байх ёстой гэж бид үзэж байна…”
 
“Ард түмний төлөө, ард түмний бүтээсэн ард түмний Засгийн Газар” бол ардчиллын халдашгүй тодорхойлолт мөн. Ардчилал бол “бид олонхийн саналыг авсан, гэхдээ хугацаа нь таван жил байх эсэх нь чухал биш. Бид тэднийг (ард түмнийг-Х.Д.Г.) яах ёстой вэ ?” гэсэн хэрэг огт биш гэдгийг би сайд нарт тайлбарлах ёстой болж байна. Энэ бол ардчилал биш, манай орны хүмүүсийн үндсэн хэсэгт огт хамаагүй намын чалчаа үг мөн…”
 
“Парламент биш, харин ард түмэн парламентаар дамжуулан эрх барьдаг юм…”
 
Засаглалын олон хэлбэр энэхүү алдаа нүгэл бүхий ертөнцөд туршигдсаар ирсэн, цаашдаа ч туршигдана. Ардчилал бол төгс бөгөөд хаа сайгүй тохирох зүйл гэж хэн ч батлаагүй. Үнэн хэрэг дээрээ цаг хугацааны явцад туршигдаж байсан бусад хэлбэрийг үл тооцвол ардчиллыг засаглалын хамгийн адгийн хэлбэр гэж үзэж болно. Гэхдээ өөр үзэл бодол байдаг бөгөөд энэ нь манай оронд өргөн дэлгэрсэн юм. Ард түмэн бие даасан бүрэн эрхтэй бөгөөд чингэхдээ энэ нь үе залгамжлах байдлаар байдаг, үндсэн хуулийн бүхий л арга хэрэгслээр илэрхийлсэн олон түмний санаа бодол бол ард түмний эзэн ноён биш, харин тэдний зарц болсон сайд нарын үйлдлийг төлөвшүүлж, чиглүүлж, хянах ёстой…”
 
“Парламентын олонхи болон бүлэг хүмүүсийн хянаж буй аппарат нь ард түмэн яаж хандах буюу сонгуулийн өмнөх хөтөлбөрт туссан эсэхийг огт тоолгүй толгойдоо орсон болгоноо тулган хүлээлгэх бүрэн эрх юм…”
 
“Ард түмний саналыг авалгүйгээр энэхүү парламентын сүүлийн жилүүдэд гаргаж буй манай орны мөн чанарт нөлөөлөх хууль гаргахыг эсрэг тал зөвшөөрөх ёстой юу ? Үгүй шүү, ноёдоо, манай ардчилал: “Үгүй, мянга дахин үгүй. Ард түмний олонхи хүлээн аваагүй, тэдний хүсээгүй мэт санагдсан зүйлсийг хуулийн мандатын сүүлчийн шатанд Та нар хийх эрхгүй” гэж сургадаг юм…”
 
Хэт гүн агуулгатай, дэндүү өргөн цар хүрээтэй У.Черчилийн энэхүү үгэнд дээр “нэмээд хасаад” байх юу ч үгүй, “нэмж тайлбарлах” ямар ч шаардлага байхгүй.
У.Черчилль: “Ард түмнээсээ асуу”, “Ард түмний юу хүссэнийг хий, тэдний зарц бай” гэж сургаж байна. Харин Д.Лүндээжанцан тэргүүтэй лам хар нь үл мэдэгдэх хорт могой, түүнийг дагалдсан үр могойнууд Черчиллийн дээрх үгнээс “хэрэв бусдыг нь үл тооцвол ардчилал бол хамгийн адгийн систем мөн”, “Ардчилал бол төгс зүйл биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээр юм бодож олоогүй байна” гэсэн хоёрхон ишлэл авч мэдэмхийрэн солиорч, улмаар Үндсэн Хуулинд ард түмнийг эзгүйчлэн халдаж байна. Д.Лүндээжанцангийн ард олон толгойт МАНАН хэмээх хорт мангас байгааг олж харахад нэг их ухаан хэрэггүй гэж бодож байна.
Хуур мэдэхгүй бол чихийг бүү мушги” гэсэн манай ардын мэргэн сургааль бий…
 
Хамгийн амархан хийгээд хамгийн хүнд зарчим, аргын тухай
 
Үндсэн Хуулийн хийхэд хоёр өөр зарчим, арга зүйг хослуулан, зэрэгцүүлэн хэрэглэдэг бөгөөд үүнийг “харьцуулах арга”, “өөрөөс нь ургуулах арга” гэж нэрлэж болно. Энэ тухай товч өгүүлсү.
 
1.Харьцуулах арга
Энэ нь бусад орны Үндсэн Хуулиудыг харьцуулан үзэж сайныг нь авч, мууг нь гээх арга юм. Үүний тулд дэвэн дэлхийн бүх Үндсэн Хуулийг үзэж судлах ёстой “их хүнд” ажил мэт санагдана. Гэвч монгол сэхээтэн “хамгийн хялбар”, “хамгийн товч” аргаар явах нь мэдээж хэрэг. Иймээс монгол сэхээтэн эсвэл “Харьцуулсан Үндсэн хууль судлал”, эсвэл “Үндсэн Хуулийн эрх зүй” гэсэн хоёрхон номын аль нэгийг хальт мөлт уншсан нэр зүүдэг. Ингэмэгцээ тэрхүү сэхээтэн нэрт лалар Үндсэн Хуулиар онолдож, мэдэмхийрч, балайрч солиорч, бөөлжиж эхэлдэг. “Тэнд ийм байдаг, энд ийм байдаг” гэсэн хэллэг тэдний амнаас уяатай…
Энэхүү харьцуулах аргыг огт хэрэглэж болохгүй юу гэсэн асуулт гарна. Үгүй л дээ, энэхүү “харьцуулах аргыг” зайлшгүй, гарцаагүй хэрэглэх ёстой. Харин ганцхан хатуу нөхцөл байдаг ба энэ нөгөө “өөрөөс нь ургуулах” аргатай зэрэгцүүлэн, хослуулан хэрэглэдэг жамтай.
 
2. “Өөрөөс нь ургуулах арга”
Энэ нь монголын нийгэм иргэншил, ямар юм, бусдаас давуу болон дутагдалтай тал нь юу юм, хувь хүн нь ямар, монгол үндэстэн юуг зорин зорин тэмүүлэх ёстой, үүний тулд бид юу хийх ёстой, ямар Үндсэн Хуультай байвал ирээдүйтэй бол ? гэсэн ихээхэн том, гүнзгий агуулгатай асуудал, асуултуудад хариу өгөх ёстой.
Эдгээрийг багцалбал: 1. Бид хаанаас ирсэн бэ ? гэсэн түүхэн гүн ухааны асуудал, 2. Бид хэн бэ ? гэсэн танин мэдэхүйн ерөнхий шинжилгээний буюу үндэстний гүн ухааны асуудал, 3. Бид хаашаа явахаар зорьж байна вэ ? гэсэн ирээдүй судлал, үндэсний үзэл санааны асуудал гэсэн гурван багц асуудал болно.
Энд өгөх хариулт бидэнд байгаа юу ? Байхгүй. Лав л МАНАН-гийн олигархиуд, түүний “онолч” Д.Лүндээжанцан, “зөвлөлдөх ардчиллын онолч” Г.Занданшатар болон тэднийг дагалдан хөөрцөглөгч нусан буунуудад үзээд өгье гэсэн ч байхгүй…
Та нар чадал чинь байгаад, хоншоор чинь хүрдэг юм бол монголын нийгмийг “өөрөөс нь ургуулан” шинжилсэн судалгаагаа үзүүлчих. Та нарт түй ч байхгүй юм чинь ямар үхснээ үзүүлдэг юм ? гэж би Та нарыг басч байна…
Товчлон өгүүлбэл “харьцуулах арга”-аар хийсэн шинжилгээ бол хагас дутуу, өрөөсгөл, харин түүнийг өөрөөс нь ургуулах аргатай хослуулан, зэрэгцүүлж хийвэл сая системийн бүрэн шинжилгээ болно.
 
Энэ хоёр аргын аль нь илүү вэ? гэж асууж болох. Эцсийн эцэст Монгол Улс, монгол үндэстэн өөрийн гэсэн, өөртөө тохирсон Үндсэн Хууль хийх ганц л зорилготой. Харин энд тэндэхийн гоё сайхан бүхний “цуглуулга” болсон Үндсэн Хууль манай нөхцөлд огт ажиллахгүй. Эндээс “харьцуулах арга” нь туслах шинжтэй, харин “өөрөөс нь ургуулах арга” голлох шинжтэй гэж дүгнэж болно. Дүгнэх ч гэж дээ, цаанаасаа шинжлэх ухааны үндэслэл нь ийм юм…
 
 
Зайлшгүй хослуулан хэрэглэх ёстой хоёр аргын нэгийг нь ор тас орхичихоод дан ганц “харьцуулах аргаар” Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт гэх новшийн зүйлээ хүчээр зүтгүүлэх нь үндэстний өмнө үйлдэж буй гэмт хэрэг мөн.
 
МАНАН олигархийн үндсэн хууль
 
Ардчиллын 30 жилд “капиталын анхдагч хуримтлал”, “зэрлэг капитализм”, “нийгмийн давхраажилын” үйл явц болж, монголын нийгэм баян ядуу гэсэн эсрэг тэсрэг ангид хуваагдан, засгийн эрх мэдлийг явцуу цөөнхи барих болсон нь маргашгүй баримт юм. Энэхүү явцуу цөөнхийг МАНАН, олигархи, эрх баригч бүлэг гэж нэрлэдэг.
Энэ ч огт байж болшгүй үзэгдэл биш юм. Гэхдээ гадаад орны олигархи цөөнхи өөрсдөө баяжихын хамт улс үндэстнээ өөд татдаг нийтлэг жишигтэй. Харин монголын явцуу цөөнхи гадаадынхантай нийлж, ард түмэн, үндэстнээ ясыг цайтал мөлждөгөөрөө ялгаатай. Гадаадын хөрөнгөтөн ард түмнээ “шулан мөлжиж” байсан ч ерөнхий агуулгаараа улс үндэстнээ нийгмийн дэвшил рүү хөтөлж, үндэстний баялгийг арвижуулж байдаг бол монголын олигархиуд улс орноо мөхөл сүйрэл рүү хөтөлж, төрийн эрх мэдлийг булаан авч байгалийн болон нийгмийн баялгийг цөлмөн шавхаж дангаараа баяжиж байдаг.
Үүний учир шалтгаан нь сүүлийн 30 жилд “социализмын”, “эзэнгүй”, “хэний ч биш” өмчийг ямар ч хараа хяналтгүй завшин авч, явцуу цөөнхи хувьдаа өмчлөх болсонтой холбоотой ба улмаар “эрх мэдэл бол өмчтэй болох гол арга мөн” гэсэн атгаг үзлийг бий болгосон юм. Монголын олигархиудын баяжиж ирсэн өмч хувьчлал, банкны дээрэм, газрын наймаа, лицензийн наймаа, ашигт малтмалын наймаа зэрэг бусармаг үйлдлүүд нь “эхлээд эрх мэдэлд хүр, тэгээд дараа нь хүссэнээрээ идэж уу” гэсэн гаж зарчим, сэтгэл зүйг бий болгожээ.
Хэдийгээр тун муухай ч гэсэн энд дурдсан бүхэн хэзээ ч байж болшгүй, бусад улсуудад огт үл тохиолдох орь ганц үзэгдэл бас л биш юм. Бусад улсын жишгээс үзэхэд шилжилтийн гэх замбараа цадигаа алдсан зурвас үед ийм гаж үзэгдэл болдог бөгөөд хэсэг хугацааны дараа буюу шилжилтийн үед дуусмагц эмх цэгцэндээ орж, цаашдаа бүтээн байгуулах шинж давамгайлж, байгалийн болон нийгмийн баялгийг харьцангуй шударгаар хуваарилдаг жамтай.
 
Харамсалтай нь монголын олигархиуд ингэж “тоормослож” чадсангүй, идэж уусан тэр чигээрээ дайрч 30 жил зэрлэг дүрмээрээ тоглосоор улс орон, үндэстнээ сүйрлийн ирмэгт авчиржээ.
Өмч хувьчлалаар баяжсан гадаадын олигархиуд хэсэг хугацааны дараа их бага хэмжээгээр бүтээн байгуулах ажилд шилждэг бол монголын олигархиуд улам их улам эрээ цээргүй идэж уух болсноороо ялгаатай юм. 30 жилийн дотор гялтайж гялайх ганц ч шинэ үйлдвэр барьсангүй, манай эдийн засаг зарим талаар 1990-ээд оны түвшинд одоо л дөнгөж хүрч байгаагаар нь монголын олигархиудын “эвдэн сүйтгэх” нөр их чадавхийг харж болно.
 
 
Одоо нийгмийн байдал 1990-2000 оныхоос тэс өөр болов. Эдүгээ “эзэнгүй өмч” гэж байхгүй болов, цаана нь “эзэнгүй өмч” асар их байгаа ч эрх мэдэл барьсан хэдхэн баагий дураараа булаан дээрэмдэх боломж багасав. Дассан сурсан аргаараа хулгай дээрэм хийх гэтэл өрсөлдөгч нар нь уурлаж, эсэргүүцэх болов.
Эндээс дараах дүгнэлтүүд гарна:
Нэг. 30 жил хэрэглэж дадсан хулгай, дээрмийн арга хумигдах хандлага бодитой бий болов.
Хоёр. Монголын ард түмний хараа хяналт, шаардлага өндөржиж, олигархиудын дураараа дургих, дунд чөмгөөрөө жиргэх боломж үлэмж хумигдав.
Гурав. Олигархиудын аль нэг бүлэг дангаараа идэж уудаг завхрал дуусч, “олуулаа” буюу үгүй ядахдаа хэд хэдэн олигархи бүлэглэл “хувааж идэх” шаардлага үүсэв. Эндээс олигархи бүлгүүдийн зөрчил тэмцэл хурцдав.
Дөрөв. Ард түмний зүгээс ч, олигархиудын зүгээс ч “тоглолтын шинэ дүрэм” зохиохыг шаардах болов. Энэ нь Үндсэн Хуулийг өөрчлөхийг жам ёсоор, зүй ёсоор шаардаж байгаа юм.
 
Олигархиудын дүрэмгүй, зэрлэг тоглолтоос залхсан ард түмэн шинэ, шударга Үндсэн Хууль шаардах болов. Харин олигархиуд ард түмний энэ хүслийг “дагуулан тонгорч”, эрх мэдлээ үүрд хадгалан үлдэх ёрын арга сэджээ.
 
Үүний тулд “ард түмний төлөө, ард түмний бүтээсэн ард түмний Засгийн Газар” гэсэн агуулгатай төлөөллийн ардчиллыг устгаж, оронд нь “зөвлөлдөх ардчилал” гэсэн батлагдаагүй, шалгагдаагүй “шинэ онол” гадаадаас оруулж ирэв. “Зөвлөлдөх ардчилал” хэмээх “онолынхоо” дагуу “зөвлөлдөх санал асуулга” гэгч жүжиг тоглов. Өөрсдийн “математик аргаар сонгож авсан” хэдэн хүн суулгаж байгаад Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт гэгчээ “дэмжүүлэв”. Цаашдаа эрх баригчдын “математик аргаар” тусгайлан сонгож авсан хүмүүс ард түмнийг “орлох” бөгөөд зөвхөн тэд л “зөвлөлдөх ардчиллыг” хэрэгжүүлэх юм.
Д.Лүндээжанцанг өмнөө барин МАНАН-гийн зүтгүүлж буй Үндсэн Хуулийн нэмэлт гэгч нь “дордуулсан 7 өөрчлөлт”-ийг “засах” нэртэй хэдий ч үнэн хэрэг дээрээ олигархиудын улс төрийн өрсөлдөөн тэмцлийг дагнан зохицуулсан “дүрмийн нэмэлт” юм.
Нэгэнт ард түмэн “хасагдсан” учраас Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт гэгч нь өрсөлдөн тэмцэлдэгч олигархи бүлэглэлүүдийн үүрдийн ноёрхлыг хадгалах цорын ганц зорилготой байх нь мэдээж хэрэг.
Үүнийг олигархиудын бусармаг үйлдлээр хялбархан нотолж болно. Анхны “зөвлөлдөх санал асуулгыг” 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн ид үетэй давхцуулан хийсэн, одоо монголчууд тараад явчихсан халуун зунаар үхэн хатан зүтгүүлж байна. МАНАН нэмэлт өөрчлөлтийн “хэлэлцүүлгээ” ард түмнээр биш, 2020 оны сонгуулийн штабынхаа хүмүүсээр хэлэлцүүлж байгаа чинь худлаа юу ?! Ард түмэн бүгдээрээ “тараад алга болчихсон”, налайчихсан үед нэмэлт өөрчлөлт гэгчээ зүтгүүлж байгаа чинь хүчин, хулгайн хэрэг биш юм уу ?!
 
Угаасаа хулгайч царайлсан МАН-ын новшнуудын хийж байгаа ямар ч үйлдэл далд, нууцлаг, хуурмаг бөгөөд, хулгай хүчингийн шинж чанартай байдаг аж. 
 
 
Иймээс Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт бол яав ч Монголын ард түмний Үндсэн Хууль биш, харин сонгодог хорчин Д.Лүндээжанцан, МАНАН, олигархи, намын явцуу цөөнхийн дангаар ноёрхлыг үүрд хадгалан үлдэх процессын тохируулга мөн.
Одоо над руу сүрэглэн дайрна. “Чи тийм мундаг юм бол өөрийнхөө хийсэн Үндсэн Хуулийг надад үзүүлчих…” Та нар шиг тэнэг лаларт үзүүлэх биш, харин монгол ард түмэн, монгол үндэстэнд тустай Үндсэн Хуулийн концепци надад байна. Би ямар ч гэсэн Д.Лүндээжанцан хийгээд МАН-ын новшийн онолчид бүгдээрээ нийлээд ирсэн ч тэдний дор орно гэж ёстой номонд хазгай. Ийм мэдлэг мэргэжил, онол практикийн хангалттай мэдлэг надад буй…
“Чи тийм мундаг юм бол нэмэлт өөрчлөлтийг зүйл заалт бүрээр нь шүүмжлээдэх…” Энэ талаар маш олон хүн “үй түмэн” шүүмж хэлж байгаа. Үүнийг давтан нурших илүүдээ гарсан шаардлага надад байхгүй…
Харин үйл явцын өрнөлийн хэрээр үзэл бодлоо илэрхийлэх боломж надад нээлттэй байгаа…
Энэ удаад МАНАН “нэмэлт өөрчлөлтөө” хүчиндэн баталж болох л юм. Гэхдээ энэ нь 2020 оны УИХ-ын сонгуульд МАН унах хангалттай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл болох нь ямар ч эргэлзээгүй.
Монголын ард түмэн Д.Лүндээжанцангийн нэрээр МАН-ын зүтгүүлж буй нэмэлт өөрчлөлтийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж хэрэг. Иймээс Үндсэн Хуулийн асуудал ойрын жилүүдэд нээлттэй байх нь бас л эргэлзээгүй…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?