Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсанаар үргэлжиллээ.
 
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно” хэмээн өөрчлөхөөр төсөлдөө тусгажээ.
1992 онд Үндсэн хуулийг баталж байхад Улсын Их Хурлын нэг гишүүн 25.000 сонгогчийг төлөөлж байсан бол өдгөө манай улсын хүн амын тоо 1.2 саяар нэмэгдэн, нэг гишүүний төлөөлөх сонгогчийн тоо 43.000-д хүрээд буйг З.Энхболд дарга дурдсан. Түүнчлэн Үндсэн хуульд сонгуулийн тойргийн тогтолцооны асуудлыг тусгаснаар сонгуулийн хуулийг дөрвөн жил тутам өөрчилдөг байдлыг хааж өгнө хэмээн төсөл санаачлагч үзэж байгааг уламжилсан.
Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг таван жил болгон өөрчлөхөөр тусгасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдээлсэн. Түүнчлэн иргэний сонгох эрхэд хууль бусаар нөлөөлөх, саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэхээр төсөлд тусгасан бөгөөд үүгээр мөнгө, эд зүйл тарааж, санал худалдан авах явдлыг зогсооно хэмээн үзжээ.
 
Ерөнхийлөгч, Улсын Их хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно хэмээн тусгахаар Ерөнхийлөгч саналдаа оруулжээ. Ингэснээр татварын бодлого болоод тодорхой хуулийг зөвхөн Засгийн газар санаачлах гэх мэт зохицуулалтыг бий болгоно хэмээн тайлбарлсан юм.
Улс төрийн намтай холбоотой хэд хэдэн заалтыг шинээр оруулж ирж буй бөгөөд намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд гишүүний бүртгэл, өөрчлөлтийг сонгуулийн төв байгууллага хөтлөх, намын удирдлага болон удирдах дээд байгууллагын сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцахаар тусгажээ. Нам үл хөдлөх болон ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий хөдлөх хөрөнгө өмчлөхгүй, намын орлогын эх сурвалж, зарцуулалт нийтэд ил тод байхаар тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал дахь зарим заалтуудыг Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөл дэмжиж байгааг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа илэрхийллээ.
 
 
Тухайлбал, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох, Улсын Их Хурал 108 гишүүнээс бүрдэх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн тогтолцоо холимог байх тухай заалтыг Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөл дэмжиж байгаа хэмээгээд тавин дөрвөн гишүүн гэж тодорхой заах эсэх асуудлыг дахин ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөл, санал дахь улс төрийн намуудтай холбоотой заалтуудын талаар Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн саналыг илэрхийлсэн.
 
 
Үндсэн хуульд улс төрийн намтай холбоотой тодорхойлолт байх шаардлагатай эсэхийг дахин бодож үзэх нь зүйтэй хэмээгээд намтай холбоотой бусад заалтуудыг нэгтгэн найруулах нь зүйтэй байх гэж зөвлөлийн зүгээс үзэж буйг илэрхийлсэн.
Намын удирдлага болон удирдах дээд байгууллагын сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцдаг туршлага олон оронд, тухайлбал БНСУ ийм тогтолцоотой байдгийг тэрбээр мөн дурдаж байлаа.
Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.
 
 
Тэрбээр Улсын Их Хурал хууль тогтоох байнгын ажиллагаатай байх байгууллага байх нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна хэмээсэн өмнөх заалтыг далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэж өөрчилсныг дурдав.
Асуудлыг олонхиор шийдэх ардчиллыг хангах хүрээнд төсөлд ийнхүү тусгажээ.
 
 
Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох асуудлыг доорх байдлаар тусгасан байна.
Улсын Их Хурал сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж буйгаа тайлбарласан.
Улсын Их Хурлын хяналтыг боловсронгуй болгохдоо Улсын Их Хурлын нийт гишүүний ¼ буюу 19-өөс доошгүй гишүүний санаачилгаар Түр хороо байгуулах бөгөөд тус Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байхаар тусгасныг дурдсан юм.
 
 
Эцэст нь Улсын Их Хурлын сонгуультай холбоотой заалт, улс төрийн намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчимын талаар төсөлд хэрхэн тусгасныг тайлбарлалаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид төслийн танилцуулгуудтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.