“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Оюундарь, АИХ-ын депутат Д.Банзрагч, МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн С.Ононбаяр нар оролцож “Энэ Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй юу” сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
 
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ХАРААТ БУС АЖИЛЛУУЛАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа юуны өмнө байгалийн баялгийг тэгш хуваарилах зарчмыг тусгасан нь хамгийн гол концепц гэж үзэж байгаа.
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын засаглалыг илүү төгөлдөршүүлж эхэлж байгаа. Парламентын ардчилал Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа төдийгүй улс орны хөгжлийн үндэс суурь юм.
 
-Парламентын засаглал сайжирснаар УИХ-ын гишүүд илүү хариуцлагатай болохоос гадна парламент хууль тогтоох чиглэл рүү ажиллах юм.
-Үндсэн хуульд орж байгаа зарчмын томоохон өөрчлөлтийн нэг нь гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх юм. Ингэснээр Засгийн газарт буюу Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх зэргээр бусад орны сайн жишигт нийцэж байна.
-Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлдэг байх зарчим УИХ-ын II хэлэлцүүлгээр 52 гишүүний саналыг авч чадсангүй.
-Шүүх засаглалыг хараат бус болгох асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр онцгойлж авч үзсэн. ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо зэргээр өөрчилсөн.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхээр нэмэлт өөрчлөлт хийсэн нь хамгийн чухал гэж үзэж байна.
-Хууль хүн бүр адилхан үйлчлэхгүй байгааг иргэд шүүмжилдэг нь хууль шүүхийн байгууллагатай холбоотой. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд шинэчлэл хийж чадсан заал бол яах аргагүй шүүхтэй холбоотой заалт.
 
АИХ-ын депутат Д.Банзрагч: ТӨРД ЗӨВ ХҮНИЙГ СОНГОХ ТОГТОЛЦОО АЛГА
 
-Би 1992 оны Үндсэн хуульд төрийн тогтолцооны шийдлийг сайн тусгаж чадаагүй. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах биш шинэчлэн найруулах хэрэгтэй. Монголын нийгэм улс төр, эдийн засаг гажигтай. Эдийн засагт ямар ч зорилго алга.
 
-Ерөнхийлөгч хүчний байгууллагууддаа сүлжээ үүсгэчихээд дураараа шийдвэр гаргуулдаг боллоо. Их хурал амьдралд нийцэхгүй хууль гаргадаг. Тухайлбал, батлагдаад хэдхэн сар болсон Зөрчлийн хуулийг нэрлэж болно.
 
-Өнөөгийн Засгийн газар тогтворгүй. Жил хагас болоод солигдож байдаг. Шүүх нь эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд үйлчилдэг. Үүнээс Монголын нийгэм тэр аяараа гажуудсаныг харж болно.
-Нийгмийн гажуудалд хүнээс болж буй зүйл байгаа ч хуулийн нөлөөлөл ч бас бий. Төрд зөв хүнийг сонгох тогтолцоо механизм алга.
-Үндсэн хуулийг шинэчлэхдээ ард түмнээс асуух ёстой. Өмнө батлахдаа ард түмнийг төрийн хэрэгт оролцуулсан. Хууль батлах хүмүүсээ намын квотоор гаргаж ирвэл жинхэнэ шилдэг хүмүүс гарч ирнэ.
-Шинээр сэтгэдэг, өөрчлөлт хийх мэдлэг чадвартай хүмүүсийг сонгож гаргаж ирээд шинэ Үндсэн хуулийг батлуулах хэрэгтэй. Өмнөх систем бол хамгийн зөв.
-Үндсэн хуулийг иж бүрэн өөрчлөхдөө цаг үеэ мэдрэх хэрэгтэй. Бүтнээр нь өөрчлөх нийгмийн уур амьсгал, хүлээлт бий болоогүй байна.
 
МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр: ШҮҮХИЙГ АРД ТҮМЭН СОНГОДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
 
-1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 27 жилд Монголын нийгэм тэр аяараа хэлмэгдсэн. Дахиад 20-30 жил Монголын нийгэм, ард түмнийг хэлмэгдүүлэхгүйн тулд Үндсэн хуулийг эргэж харах ёстой.
-1992 оны Үндсэн хуулиас болж маш олон залуучууд боловсрол эзэмшиж чадаагүй. Гэр бүл зохиож, орон сууцтай болж чадахгүй хэлмэгдсэн.
 
-Нийгмийн захиалгатай олон асуудлыг одоогийн Үндсэн хуулиар шийдвэрлэхгүй юм бол дахиад нэг үе хэлмэгдэнэ. Хойч үедээ хараалгах зэмлүүлэх зүйлийг битгий хийгээсэй гэж бодож байна. 
 
-Өнөөгийн Үндсэн хуулийг цогцоор нь өөрчлөх шаардлагатай. Тодорхойгүй заалтууд маш олон бий. Монголд Их хурал гэж байхгүй, дандаа сул гишүүд байгааг өөрсдөө олж харахгүй байна.
-Үндсэн хуулийн 35 хувьд л нэмэлт өөрчлөлт оруулаад нэмэргүй. Цаана нь Монголын нийгэмд шийдлээ хүлээсэн олон асуудал байгааг олж харахгүй байна.
-Байгалийн баялгийг ард түмэнд өгөх үү, шүүхийг нийтээрээ сонгох уу, засаглалын ямар байх гээд олон асуудлыг Үндсэн хуулиар шийдвэрлэж өгөх хэрэгтэй.
-Гэтэл өнөөдөр эрх баригч нам 2020 онд өөрсдийгөө хамгаалахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна.
-Үндсэн хууль засаглалаа анхнаасаа буруу зурсан учраас одоо сонгодог утгаараа ажиллаж чадахгүй байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болоход муудах юм байхгүй. Ерөнхийлөгч буруу шийдвэр гаргавал санал нь унаад явах боломжтой.
 
МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн С.Ононбаяр: АРД ТҮМНЭЭС САНАЛ АСУУХ ШААРДЛАГАГҮЙ
 
-Үндсэн хуулийг хөгжлийнхөө явцад хэд хэдэн удаа өөрчиллөө. Энэ хугацаанд Монголд парламентын засаглал тохирохгүй гэдэг нь харагдлаа. 1996-2000 оны хооронд дөрвөн Засгийн газрын нүүр үзлээ.
-1992 оны Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх шаардлагатай. 35 хувийг өөрчилнө гэдэг бол эрх баригчдад зориулсан хувилбар.
 
-МАХН-аас Шинэ Дээд хуулийг боловсруулж сүүлийн хоёр жил бүх, аймаг сум, дүүрэгт танилцуулсан. Бид Ерөнхийлөгчийн засаглалтай байж хоёр парламенттай байя гэж үзэж байгаа. 
 
-Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 27 жил ард түмний амьдрал сайжирсангүй. Харин олигархи, МАНАН бүлэглэлийн цөөн хэдэн хүн баяжлаа.
 
-Монгол хүнийг төрийн хамгаалалтад авахыг Үндсэн хуульд тусгаж өгөх ёстой. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй, оюутны сургалтын төлбөрийг төрөөс бүрэн даадаг системийг бий болгох хэрэгтэй. 
 
-МАХН-аас боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуульд шүүхийг ард түмнээр сонгуулахаар тусгасан. Шүүгч засаглал ард түмний мэдэлд байхаар хуульчилсан.
-МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд реформын шинжтэй ямар ч заалт байхгүй.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс Ерөнхийлөгч саналаа татсан учраас одоо ямар ч төсөл байхгүй. Тиймээс ард түмнээс санал асуух шаардлагагүй. Тийм төсөл ч байхгүй.
-Ард түмнээс асуух гэж байгаа бол засаглалын хэлбэр, байгалийн баялаг, шүүх засаглалаа асуух хэрэгтэй.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин