sonin.mn
МАХН-аас ҮХНӨ, УИХ тарах болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монгол Ардын Хувьсгалт Намаас
Улсын Их Хурлыг тарахыг шаардаж байна
 
2016 онд 60 тэрбумын гэх хууль бус аргаар бүрэлдсэн өнөөгийн УИХ байгуулагдсан цагаасаа эхлэн хууль зүйн болон ёс зүйн хувьд төрийн эрх барих дээд байгууллага байх, түмнийг төлөөлөх эрхгүй гэдэг нь тэдний олон үйлдлээр батлагдлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн дийлэнх нь ард түмний, бизнес эрхлэгчдийн боломжийг хааж ЖДҮДСангаас их хэмжээний зээл хулгайлсан, Засгийн газрын гишүүд нь Концессын гэрээг хувьдаа болон хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан авсан, нэгэнт олон түмэнд ил болсон, дүгнэлт нь гарсан “Оюу толгойн гэрээ”, “Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсгийн материалыг УИХ-аар хэлэлцэхгүйн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар /Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж буй үед өөр асуудал хэлэлцдэггүй гэсэн журамтай/ улайран дайрч байгаа зэрэг нь УИХ-ыг тараах хангалттай үндэслэл болж байна.
 
ЖДҮДС-ийн хэрэг болоод бусад үйлдлүүдээрээ барьцаалагдсан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаар зохион байгуулж буй “операци” нь үнэн хэрэгтээ өргөн хэрэглээний бараа, нефть бүтээгдэхүүн бензин шатахууны үнийн өсөлт, утааг 50% буруулна гэсэн Ерөнхий сайдын өөрийнх нь амлалт биелэх боломжгүй болж байгаа зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.