sonin.mn
Засгийн газрын боловсруулсан 2020 оны төсвийн төсөлд тусгасан багцад анхаарал татсан хөрөнгө оруулалт болон зардлыг цувралаар хүргэж байна. Энэ удаа эдийн засагч Б.Лхагважавын байр суурийг хүргэж байна.
 
-Сонгуулийн өмнөх жилийн төсөв эрх баригч намын сонгуулийн сурталчилгаанд зориулагддаг гэдэг. Ирэх оны төсөвт энэ байдал илүү ажиглагдаж буйг эдийн засагч, улстөрчид шүүмжилсээр байна. Тэгэхээр энэ байдал  үргэлжилсээр байх уу. Үүнийг яаж засах вэ?
 
-Нийтийн өмчийг хамгаалсан механизм төрд байхгүй байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг эрх баригчид гарын салаагаараа цацах нөхцлийг бүрдүүлж байна. Төсвийн татварын орлогыг НӨАТ-ын буцаан олголтоор ил болгож байгаа ч энэ хуулийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй. Уг нь төр НӨАТ-ын буцаалтаа 100 хувь авбал авлига байхгүй болно. Одоогийн хуулиар  100 хувь авч чадахгүй байна. Бүх зүйл  НӨАТ-ын баримтаар ил болох учиртай. Энэ системийг бүрэн хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна.  Саяхан НӨАТ-ын хуульд нэмэлтээр өөрчлөлт оруулах гээд чадаагүй. Тендерийн тухайд нийтийн, төрийн мөнгөөр хийж байгаа нийтийн үйлчилгээний салбарыг хариуцах арга замыг дэлхийн бусад орон амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тодруулбал, тухайн тендерийг хэрэгжүүлэхдээ 15 хувийг хяналтын компанид өгдөг. Хяналтын компани хяндаг. Буцаагаад ашгийг нь 0 байлгаад, зөвхөн ажилчдын цалин хоёр дахин илүү байдаг зарчимтай. Өөрөөр хэлбэл, цалинг ердийн цалингийн ажилчдын фондоос олгох хуультай. Ингэснээр авлига арилсан байдаг. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын хуулиа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хуулийг  батлууснаар 2011 оны хямралын үед манайх энэ хуулиа барьцаалж Чалко-гоос 250 сая ам.долларын зээл авсан. Гэхдээ уг хуулийн үндсэн механизмыг энэ хуульд тусгаагүй.  Өрийн хэмжээ 40-45 хувь болбол төсвийн хөрөнгө оруулалтыг зогсоодог.
 
 
Ажилчдын цалинг дараа жилд нэмдэггүй. Манайх энэ мэт хэрэгтэй заалтуудыг нь хуульдаа тусгалгүй баталсан юм. Өнөөдөр  өрийн тааз 50-60 хувь болсон. Энэ мэтээр хуульдаа гадныхны заавал тусгасан хэрэгтэй заалтуудыг хасч билэгдлийн чанартай хууль баталдагт асуудал нь байна. Нөгөөтэйгүүр үүнийг батлуулах гэж буй хүмүүсийн мэдлэг чадвартай холбоотой.
 
 
Сайханбилэгийн Засгийн газар гурван тэрбум төгрөг зээлж 3000 км зам тавьсан. Сүүлийн хоёр жилд манай төсвийн орлого, хоёр их наяд төгргөөр давуу байгаа. Гэвч 240 км зам тавьж чадахгүй байна. Дархан, Налайхын замаа харчих.  Энэ юуг хэлж байна вэ гэвэл “мөнгөтэй байлаа гээд ажил хийх  сэтгэлтэй, менежментгүй хүмүүст хэчнээн их мөнгө байгаад нэмэргүй гэдгийг харуулж байна. Гэтэл нэг нь зээл аваад 3000 км зам тавьж чадаж байхад нөгөөх нь өнөөдөр 240 км зам тавьж чадахгүй 300 хүнээ зам тээврийн ослоор алчихаад сууж байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Зам, тээврийн сайд хариуцлагаа хүлээгээд огцрох ёстой. Тэгэхээр мөнгөтэй байлаа гээд хийж чаддаггүй Засаг байдаг юм байна. Чаддаг хүмүүст нь хувийнханд энэ ажлаа өг. Тэгээд өөрсдийнхөө төсөвт тавьсан зардлаа багасгаад яваач ээ. Хэрэв НӨАТ-ын системийг дахин сайжруулах эрх олдвол би үүнийг хийнэ ээ. Ингэснээр төсвийн орлого бүрдүүлэлтийг хянах боломжтой. Нөгөөтэйгүүр ирэх оны төсвийг татварын багц хуулийн хэрэгжилтээр орж ирэх мөнгөөр нөхнө гэдэг бодит төсөөлөл биш. Аливаа хуулийн үр дүн амьдралд хэр нийцэж буй эсэх нь дор хаяж 6-12 сарын дараа л  харагддаг.
 
 
Ц.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин