Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбатад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр экзекватурыг нь гардуулж өглөө.
Мөн үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
 
Уулзалтын үеэр Монгол, Украин хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өргөмжит консулын үүрэг, оролцооны талаар санал солилцлоо гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэв.
 
Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болох тухай холбогдох журамд заасан байдаг.
 
Өргөмжит консулын тухай журмаас:
 
Экзекватурыг томилогч улсаас олгосон патентыг үндэслэн Өргөмжит консулд олгодог.
Хүлээн авагч улс экзекватур олгосон өдрөөс эхлэн Өргөмжит консул үүрэгт ажилдаа орсонд тооцно.
Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болно.
гадаад улсын төрийн албан хаагч байж болохгүй
өөр улсын Өргөмжит консулын албыг давхар хашихгүй
Өргөмжит консулын албыг хашихдаа Монгол Улсаас аливаа зардал, хөдөлмөрийн хөлс шаардахгүй
Өргөмжит консулыг хоёр жилийн хугацаагаар томилно.
Өргөмжит консул Монгол Улсыг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхитэй явуулна.
Өргөмжит консул нь Монголын холбогдох байгууллагын хүсэлтээр хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагаас баримт бичиг нэхэмжлэн гаргуулна.
Өргөмжит консул ГХЯ, дипломат төлөөлөгчийн газартай өдөр тутмын харилцаагаа www.consuls.net интернет сүлжээ, е-мэйл, чат, бусад утас болон факсын шугам ашиглан явуулна.
Өргөмжит консул албан байр, уналгадаа Монгол Улсын төрийн далбаа мандуулж, албан байрандаа “Монгол Улсын өргөмжит консулын газар” гэсэн хаяг байрлуулна.
Өргөмжит консул хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн зэрэг салбарт болж буй үйл явдлыг хууль ёсны арга замаар судалж ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт мэдээлнэ.
Өргөмжит консул нь хүлээн авагч улсад хүн, малын гаралтай халдварт өвчин гарсан, бусад онцгой байдал үүссэн талаар ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэж, Монголын иргэдэд сэрэмжлүүлэг өгнө. Дэлгэрэнгүй: http://www.mfa.gov.mn/?page_id=28195
 
 Өргөмжит консул Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дор дурдсан үүрэгтэй байна:
 
иргэнийг саатуулсан, баривчилсан, хуулийн этгээдийн эсрэг гомдол гаргаж шүүхэд хандсан тухай бүр дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд нэн даруй мэдэгдэх,
иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах,
иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардлагатай арга хэмжээ авах,
иргэн нас барвал дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд даруй мэдэгдэх, төрөл төрөгсдийг нь тодруулах, шарилыг хадгалуулах, цагдаагийн болон бусад тодорхойлолтыг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, талийгчийн үнэт зүйл, бичиг баримтыг хадгалах,  шарил буюу чандрыг Монголд хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
эцэг эхийн асрамжгүй, насанд хүрээгүй иргэдэд асран хамгаалагч, эрүүл мэндийн байдлаас эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй болсон насанд хүрсэн иргэдэд харгалзан дэмжигч олж өгөх,
иргэний өвлөх эд хөрөнгийн талаар мэдээлэл олбол дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд мэдэгдэж, өвлөх асуудлыг шийдтэл эд хөрөнгийг хамгаалах,
байгалийн гамшиг, алан хядах үйл ажиллагаа зэрэгт нэрвэгдсэн иргэдэд бололцоотой бүхий л туслалцаа дэмжлэг үзүүлэх,
шүүхийн шийдвэр болон гэрчийн мэдүүлгийг дамжуулах,
иргэд, хуулийн этгээдэд хүлээн авагч улсын хууль тогтоомж, зан заншил болон тэдний эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх,
иргэдийн нийгэмлэг, үүсгэл санаачилгыг дэмжиж хамтран ажиллах,
иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар Монголын болон хүлээн авагч улсын төрийн бус болон хүний эрх, өмгөөллийн байгууллагадтай хамтран ажиллах.