sonin.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын өдрүүдэд ОХУ, Саудын Арабтай газрын тосны олборлолтыг бууруулах талаар тохиролцоонд хүрнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр "Талууд юу хийхээ мэдэж байгаа. Газрын тосны дайн Орос болон Саудын Арабт сөргөөр нөлөөлнө. Вашингтон хэлэлцүүлэгт оролцоход бэлэн байна. Учир нь хэн ч аж үйлдвэрээ алдахыг хүсэхгүй. Газрын тосны салбарт олон мянган хүн ажилладаг. Тэднийг ажлын байрыг булааж болохгүй" гэсэн юм.
 
Гэхдээ түүний мэдэгдэлд Москва, Эр-Рияд хариу өгөөгүй байна. ОХУ, Саудын Арабын газрын тос олборлогчид энэ сараас гарцаа нэмэгдүүлснээр Ази, Европын голлох индексүүд унажээ. АНУ-ын тухайд сүүлийн саруудад импортоосоо давсан хэмжээний газрын тос экспортолж, эрчим хүчний салбар дахь бие даасан байдлаа хандгалахыг эрмэлзэж байна.
 
Харин нефтийн зах зээл сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүй хямралд орсон нь АНУ-ын газрын тос нийлүүлэгчдэд хүндхэн цохилт боллоо. Вашингтон газрын тосны дайныг зогсоохын тулд ОХУ-д давуу эрх олгоно гэж шинжээчид дүгнэж байгаа. Мөн "Умардын урсгал-2" хийн хоолойн эсрэг хоригийг цуцлаж магадгүй. Үүнд хийн хоолойн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд тавьсан хориг ч хамаарна. Орос улс Украинтай транзит гэрээ байгуулснаар Европ дахь хийн хангамж эрэлтээс давсан тул Трамп газрын тосны хуулийг цуцлах санал гаргажээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков "Саудын Арабтай дээд түвшний уулзалт хийхээр төлөвлөөгүй байна. Мөн "ОПЕК+”-ийн шийдвэрийн хариу хэлэлцээр хийх саналыг аль нэг тал гаргаагүй" гэдгийг цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Саудын Арабын тал энэ сарын 1-нд 12 сая баррель газрын тос олборлож дээд амжилт тогтоосон. Энэ бол Саудын Арабын эрх баригчид нефтийн үнийн дайнд буулт хийхгүй гэдгээ бзталсан үйлдэл гэж ING банкны шинжээчид дүгнэжээ. Мөн Вашингтон уналтад орсон занарын зах зээлээ аврахыг хичээж байна. Гэвч Хойд Дакота дахь АНУ-ын занарын тэргүүлэх компаниудын нэг "Whiting Petroleum" өнгөрсөн долоо хоногт дампуурлаа зарласан. "Whiting Petroleum" компаниас 2.2 тэрбум ам.долларын авлагатай байсан зээлдүүлэгчид гурван сарын хугацаанд 11 дахин унасан хувьцааны 97 хувийг авах санал гаргажээ. ОХУ-ын газрын тосны олборлолтыг бууруулах, АНУ-ын занарын үйлдвэрийг сэргээх нь Дональд Трампын зорилго. Хэрвээ ОХУ, Саудын Араб нэгдсэн шийдвэрт хүрэхгүй бол Д.Трамп арга барилаа өөрчилж магадгүй. Цагаан ордны Эрчим хүчний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Лори Самс Oilprice.com-д өгсөн ярилцлагадаа Вашингтон газрын хувьсах импортын татварыг нэвтрүүлэхээр төлөвлөснийг дурдаад "АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн үзэмжээр, ямар ч зөвшөөрөлгүйгээр нефтийн бүтээгдэхүүний импортын хураамжийг тогтоох эрхтэй" гэжээ. Өөрөөр хэлбэл АНУ импортын газрын тосны үнийг нэг баррелийг нь 50 ам. доллараар тогтооно гэсэн үг юм. Энэ шийдвэр нь занарын төслүүдийг аврахад чиглэжээ. Хэрэв үнийн санал бага байгаа бол зөрүүг төлбөрөөр нөхөх гэнэ.
 
 
 
Жишээлбэл, Брент маркийн газрын тосыг АНУ руу баррель нь 26.8 ам.доллараар импортлоход татвар нь 23.2 ам.доллар болно. Ингэснээр 50 ам.долларын үнийн саналыг тэнцвэржүүлэх юм. "Ерөнхийлөгч Д.Трампын хувьд энэ нь занарын үйлдвэрийг аврах хамгийн хямд төлөвлөгөө" болохыг Лори Самс онцолжээ. Баррель нь 50 ам.долларт хүрвэл дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулж, үнийн дайныг дуусгах чухал апхам болно.
 
 
 
ХЯТАД ОХУ-Д ЯЛАХАД НЬ ТУСАЛНА
 
Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд энэ сард нэг сая тонн газрын тос нийлүүлэх гэрээг ОХУ-ын компаниудтай байгуулжээ. Тахлын дараах Хятадын эдийн засгийн сэргэлтээс гадна аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллаж эхэлснээр тус улсад шатахууны эрэлт нэмэгдсэн. Дотоодын газрын тосны компаниудын хувьд энэ нь дэлхийн зах зээл дэх үнийн дайнд амжилтад хүрэх гол хүчин зүйл болж магадгүй юм. Тахлын тархалтыг хумьсан Бээжингийн эрх баригчид эдийн засгаа дэмжих олон арга хэмжээ авч эхэллээ.
Татвар, зээлийн хүүг урьд өмнө байгаагүйгээр бууруулсан. Хятадын Ардын банк зах зээлд 1.2 их наяд юанийн (170 тэрбум ам.доллар) нэмэлт хөрвөх чадварыг олгосон бөгөөд Сангийн яам нь орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад дэд бүтцийн төсөлд зориулж зорилтот бонд гаргахыг зөвшөөрчээ. Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр худалдан авах албан ёсны индекс 52 хувьд хүрсэн. Нэмж дурдахад төсвийн зардлыг оновчтой болгох ажлын хүрээнд Бээжингийн Төв Засгийн газар нар салхин цахилгаан станцын татаасыг цуцлах бодолтой байна. Хятадын эрх баригчид Вашингтонтой хийсэн шинэ худалдааны хэлэлцээрийг биелүүлэхэд бэлэн байгаагаа харуулахын тулд шатахууны эрэлт сэргэж буй давуу талаа ашиглаж, АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авахаар болсон. Гэсэн хэдий ч эрчим хүчний дийлэнх хувийг ОХУ-аас авч байна. ОХУ Хятадын газрын тосны гол нийлүүлэгч хэвээр байгаа нь энэ салбар дахь байр сууриа хадгалж үлдэхэд нөлөөлж байна. Тиймээс Бээжин дэлхийн газрын тосны зах зээл дэх Орос Саудын Араб, АНУ-ын сөргөлдөөнийг шийдвэрлэх хэмжээний чухал импортлогч юм. Одоо дэлхийн зах зээл дээр Брент маркийн газрын тос баррель нь 22.58 ам.долларын ханштай байна. Энэ нь Оросын төсөвтэй харьцуулахад хоёр дахин Саудын Арабын улсын төсвийн тэнцвэржүүлсэн түвшнээс бараг дөрөв дахин бага үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч, Эр-Риядын дэлхий хямд газрын тосоор хангах төлөвлөгөө нь Европ, АНУ дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг буулт хийхэд хүргэжээ. Цар тахлын улмаас шатахууны эрэлт буурч, Европын нефть хадгалах байгууламжуудын агуулах дүүрэн байна. Түүгээр ч үл барам Америкийн зарим компани түүхий эдийн ханшаа бурууллаа. ”Wyoming Asphalt Sour" компани битум үйлдвэрлэхэд ашигладаг өтгөрүүлсэн тосны үнийг нэг баррель тутмыг 0.49 ам.доллараар бууруулсан байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин