sonin.mn

- Тэнд ард түмэн ядууралтайгаа л тэмцэж байна

- Балбын бослогыг манайхан сошиалд хэт сэвж, бүр уриалж байна

- Сайд дарга нараа занасан пост, бүр нийтлэл ч бичжээ 

- “Балбадах”, “непалдуулах” гэсэн жаргон гараад ирсэн ч байх шиг


Энд би Монгол, Балба хоёрыг шууд харьцуулах санаа байхгүй. Мэдээж 30 сая хүнтэй Балбыг 3.5 сая хүнтэй Монголтой харьцуулах утгагүй. Гэхдээ нэг л нийтлэг бий. Тэр нь ЯДУУРАЛ. Шалтгаан нь ЯДУУРАЛ. Шалтаг далим нь цахим сүлжээний хориг. 


Улс орон нь ядууралтайгаа дэндүү удаан зууралдсан, хүн амынх нь олонхи ядуу, түүнээсээ гарч чаддаггүй, хичнээн шилжилт хийгээд ч нэмэргүй энэ л гашуун үнэн Балбад биетээр, бодитоор нотлогдож байна. Балбын ард түмэн мэдээж авлигач эрх баригчдынхаа эсрэг боссон, үүний сацуу ядууралтайгаа тэмцэж буй хэлбэр нь л тэр юм. Нэгэнт ядуурал ужгирч, нийгмийн өвчин болсон бол үүний буруутныг эрх баригчдаасаа хайдаг жишиг дэлхийн улс орнуудад тогтчихсон, түүнээс зайлах аргагүй. Киргизийн удаа дараагийн өнгөт хувьсгал ч үүнийг нотолсон. Цаад нийгмийн шалтгаан нь ядуурал л байсан, үнэндээ. 



Монголд ямар сургамжтай үйл явдал вэ гэдэг асуулт босч ирнэ, хүссэн хүсээгүй. Хэвлэл, сайтууд надаас ч асууж байна. Би ингэж хариулна. Юу гэвэл манай улс 35 жилийн турш ардчилал, шинэчлэлийн замаар явж байна. Дараагийнхаа нийгмийн байгуулалтад бүрэн шилжиж чаддаггүй. Түүхэндээ хамгийн урд удаан шилжилт хийж байна. Тоталитаризмаасаа ардчилал эрх чөлөө рүү хийж буй урт удаан шилжилт. Коммунизмаа халаад 35 жил бид капитализм руу шилжиж байгаа ч эцэст нь хүрдэггүй. Уг нь ийм их урт удаан хугацаанд шилжиж дуусаад өсөлт рүүгээ шат ахиад хөгжлөө жигдлээд явчихмаар байдаг. Байдаггүй.  


Энэ шилжилт удаан байгаагийн балгаар Монголд ардчилал нь ядууралтайгаа хамт зэрэгцэн оршиж байна. Ардчилал, эрх чөлөөний цаана хуулийн засаглал, иргэний хариуцлага, бүтээн байгуулах эрх чөлөө нь шударга ёстойгоо хослоод хамт явдаг ертөнцийн жам буй. Гэтэл бид тэр замаас хазайчихсан. Хувь заяагаа гартаа атгаад, амьдралаа авч явах, амьдралаа босгох эрх чөлөө монголчуудад илт дутагдаж байна. Монголын Төр ард түмнээ хэргээр ядуу байлгаад байгаа юм ер байхгүй. Өөрөө өөртөө эзэн байх эрх чөлөөг нь дутаагаад байгаа юм биш, өөрсдөө хичээхгүй, хэрсүүжихгүй дэндүү удаж байна. Ажиллаж хөдөлмөрлөж, орлоготой болох эрх чөлөөгөө эдэлж чадаагүйн гайгаар хүн амын 30% орчим нь байнга, бараг мөнхөд ядуу. Асаргааны эдийн засагтай. Ард иргэд нь арчаагүй, нийгмийн халамж шаардагчид. Шударга ёсны нэрийн дор мөнгө нэхэгчид. НҮБ-ын өмнө хүлээсэн Тогтвортой хөгжлийн зорилтод хамгийн нэгдүгээрт ядуурлыг арилгана гэж байгаа. 


Хоёр шигтгээ: 

1) НҮБ-аас гадна Дэлхийн Банкны гол уриа нь “Дэлхийг ядууралгүй болгох”, тэгээд хөгжил цэцэглэлээ хуваалцах (Тhe World Bank Group goals: End extreme poverty and Promote shared prosperity);

2) Зөв хүн сонгогдоод ахар богино хугацаанд хурдтай хатуухан ажиллавал болдог жишээ. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милэй инфляцыг 25.5%-аас 1.5% болгон нэг сарын дотор буулгаж, ядуурлыг 57%-аас 31.6% болгож багасгажээ. Нэн ядуучуудын тоог 18%-аас 6.9% дээр авчирчээ. Улсын төсвийг ашигтай батлуулдаг болжээ. Тэрээр Ерөнхийлөгчийн ажлаа 2023 оны 12 сард аваад эхний үр дүн нь жил хүрэхгүй хугацаанд ингэж гарчээ. 

3) Монгол хүн Аргентин хүнээс дор, усан тэнэг биш шүү дээ!


Монгол Улс 2030 он гэхэд ядуурлыг 15% хүртэл бууруулна гэсэн том амлалтыг НҮБ-ын өмнө хүлээсэн. Гэтэл 5-хан жил дутуу байхад энэ хувь дээрээ бууж чадах уу? Иймд бид ядууралтайгаа давхар тэмцэх хэрэгтэй. Мэдээж авилгатай тэмцэнэ, ядууралтай хийх тэмцлийг салгаж болохгүй. Ядууралтай тэмцэнэ гээд хүч хэрэглэх юм үү, популизм явуулаад нэмэргүй. Ядууралтай тэмцэх үндсэн хүч нь ард түмэн өөрөө юм. Ажил хийж, сайн сайхан амьдралынхаа төлөө тэмцэж, ирээдүйдээ үлдээх сайн сайхны үндэс суурийг нь өөрсдөө л тавина. 


Яг өнөөдөр Монголд, нийслэлд ард иргэд ядуурах золбирох эрх чөлөөгөө л хэтрүүлж эдлээд байна. Монголын хувьд өөр нэг онцлог бол гэр бүлсэг нийгмийн харилцаа. Ажил хийхгүйгээр ах дүү, анд нөхдийнхөө дэмээр өлсөхгүй, цангахгүй яваад байдаг. Бие биенээ мөлжиж амьдардаг ийм байдлыг үтэр түргэн халах хэрэгтэй. Ядууралд эрх баригчид буруутай юу, буруутай. Гэхдээ нийгмийн харилцаа, гэр бүлсэг ахай ижийсэг тогтолцоо бүр ч ихээр буруутай. Монголд ажилгүй явлаа, алиа алдлаа гээд турж үхсэн ганц ч тохиолдол байхгүй. Гэхдээ баяжуулдаггүй, хөгжүүлдэггүй, нэгнээ мөлждөг тэр байдлыг нь л өөрчлөх шаардлагатай.


Энд ямар дүгнэлт хийх вэ гэвэл тэнд 30 сая хүний олон жилийн ужигрсан ядуурлыг гэтэлгэж төвшитгөх амаргүй, олон жилийн уйгагүй хөдөлмөр чармайлт шаардлагатай. Гэтэл манай гуравхан сая хүнийг ганц “далайлт”-аар ядуурлаас нь гаргачихмаар надад санагддаг юм. Төрийн хуулийн хатуу зохицуулалт, урамшууллыг хослуулаад шахахад л (хүний эрх ардчиллаа цуцлахгүй!) болчих мэт. 2030 он гэхэд хүн амынх нь 30% ядууралтай, тэгээд бас ийм их нутаг дэвсгэртэй, тэр үед өссөн байж таарах олон арван сая малтай, хөрсөн дороо яндашгүй их баялаг нөөцтэй Монгол ядуураад сууж байна гэдэг дэлхийг дэлдийлгэнэ шүү.  


Ядуурал энэ хэвээрээ үргэлжилсээр байх ахул Балба шиг нийгмийн донсолгоон дэгдэхийг ор тас үгүйсгэмгүй. Ядуугаараа хэт удаан байгаад байвал ийм л үр дүнд хүрэх жамтай. Ер нь ядуу хүнд нинжин сэтгэл, хайрлах харамлах юм гэж үлддэггүй, зөвхөн өс хонзон, үзэн ядалтаар тэмцэлд босдог гашуун сургамж энэ удаагийн Балба болж байна. Миний ажиллаж байсан Египетэд 2013 онд дахин хувьсгал дэгдэх үеэр “Ийм нөхцөлд арми засгийн эрх авах, эсвэл өлсгөлөн ядуусын аймшигт самуун дэгдэх ийм л хоёр зам хүлээж байна” хэмээн тус улсын нэртэй улс төрч Аль-Барадей бичиж байв. Яг л хэлж дээ. Балбад өлсгөлөн ядуусын аймшигт самуун дэгдэх шахсан юм биш үү? Харин азаар Балбын арми нь хууль сахиулах байгууллагатай хамтран аюулгүй байдлаа хангаж чадах шиг боллоо. 


Төгсгөх үгс.

1. Монголчуудад Төр нь ажлын байр олноор нь гарган өгч, өндөр цалин, чанартай амьдрал бий болгох нөхцөл бүрдүүлэх нь нэн чухал байна. Бүр хойшлуулашгүй! 

2. Ажилсаг хөдөлмөрч хүн, ажилсаг хөдөлмөрч ард түмэн л сайн сайхан явдаг гэдэг бол тун энгийн үнэн! 

3. Хөдөлмөрлөж байж улс хөгждөг, амьдрахын тулд өөрсдөө тэмцэх ёстой! 

4. Ядууралгүй нийгэм тогтвортой, хөгжил дэвшил нь жигдэрсэн, хүн ард нь аз жаргалтай! 


Энэ тухай ярья гэвэл барагдахгүй том сэдэв шүү дээ. Сингапураар жишээлээд би зөндөө бичсэн дээ. Бараг нэг ном бэлэн байна! 


Нүд нээгдсэн монголчууд минь Сингапур, Балба хоёрыг харьцуулчих! Тэгээд дунд нь Монголоо байр эзлүүлэх гээд үз, тархиндаа!


Д.Баярхүү