sonin.mn
Оросын нэрт эдийн засагч Михаил Хазины “Завтра” радиод өгсөн ярилцлагыг хүргэж байна. М.Хазин бол 2008 оны хямралыг “тааж”, урьдчилан прогноз хийсэн, Орост болон дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгийн том аналитик юм. Энэ ярилцлага өнөөгийн эдийн засгийн даяар хямралыг ойлгоход тус болно хэмээн үзэж товчлон орчуулав…
 
“Завтра”: Михаил Леонидович. Би Танаас 4 багц асуулт асуух гэж байна. Нэгдэх асуулт: Өнөөдөр эдийн засгийн хүрээнд бидэнд ямар асуудал тулгараад байна ? Энэ нь ердийн нэг цикл хямрал юмуу, аль эсвэл эндээс сүйрэл үнэртээд байна уу ? Хоёр дахь асуулт: Болоод байгаа зүйлс жам ёсны гай зовлон уу, эсвэл хүний хийсэн зүйл үү ? Гурав дахь асуулт: Хэрэв хүн бүтээсэн юм бол энэ нь хэнд ашигтай вэ ? Дөрөв дэх асуулт: Энэ бүх зүйл дэлхийн эдийн засаг, манай Орост яаж тусах вэ ?
 
Михаил Хазин: Одоо болж байгаа зүйлийг “капиталын үр ашгийн уналтын хямрал” буюу бета-хямрал гэдэг. Энэ бол түүхэнд тохиолдож буй 4 дэх бета-хямрал юм. Америкийн Их Хямрал бол хоёр дахь хямрал байсан. 1929 оны 10 дугаар сарын “хар мягмар” гэж алдаршсан өдөр бол 1930 оны 3, 4 дүгээр сард эхэлсэн бета-хямралын өмнөтгөл нуралт байсан юм. Өнөөдрийн бета-хямрал 2008 оны намар эхэлсэн, гэхдээ дефляцийн хувилбараар өрнөсөн 1929 оныхоос ялгаатай байсан ба тэр үед АНУ-ын Холбооны Нөөцийн систем юу ч хэвлээгүй. Энэ удаад инфляцийн хувилбараар өрнөж, Холбооны Нөөцийн систем эдийн засаг руу баахан мөнгө цутгасан. Чингэхдээ энэ нь хэд хэдэн шаттай байв.
Нэгдүгээр шат. 2014 оны зун хүртэл мөнгийг зүгээр л хэвлэж байв. Үүний дараа өөр хэрэгсэл рүү шилжив. Жишээлбэл: алдарт “Панамын жагсаалт”-аар далимдуулан Их Британийн хөрөнгийг хураав. Дараа нь ерөөсөө “цэвэр” мөнгөгүй байсан бүх хүмүүсийн мөнгийг хураав.
 
Хэрэв ийм хагас нууц, дөрөвний нэг нууц, угаасаа нууц мөнгийг ил мөнгөтэй харьцуулсан харьцаа 2016 онд 50: 50 байсан бол 2018 оны сүүл гэхэд ойролцоогоор 7% хүртлээ буурсан.
 
Энэ бол комплаенс-хяналтын үе (заавар хүсэлтэд нийцүүлэн үйлдэх гэсэн утга) байсан бөгөөд банкнууд дахь төлбөр зогсож, хүмүүст мөнгө олгохоо болих г.м. үр дүнд хүргэсэн. Энэ бол огт утгагүй явдал, мөн чанараараа галзуурал байсан юм. Чингэхдээ эргэлзээтэй төлбөрийг хиймэл оюун ухаан тодорхойлж буй мэт байв…
Цаашаа бол мэдээж хэрэг, цаашид ингэж амьдарч болохгүйг ойлгох болов. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялсан ба улмаар АНУ-ын либерал загварыг консерватив загвараар сольсноос улайрсан зодоон, Трампыг устгах оролдлого бий болов…
Яагаад ? Бреттон-Вудын загварыг бүхий л хувилбараар нь аваад үзэхэд ийм байдаг юм: Эхлээд АНУ мөнгө хэвлэнэ, энэ мөнгийг үндэстэн дамжсан банкуудаар дамжуулан ил болгоно. Цаашаа бол энэ мөнгөөр Хятад болон “гурав дахь ертөнцийн” бусад орнуудад үйлдвэрүүд барина. Цаашаа эдгээр үйлдвэрүүд нь хямд бараагаар АНУ-ыг хангана. Мөнөөх л санхүүгийн корпорациуд эдгээр барааг худалдаж авах америкийн иргэдэд зээл олгоно. Бүх зүйл гайхамшигтай сайхан ч ганцхан асуудал тулгарсан: ихэнхи орлогыг америкчууд биш, харин санхүүгийн Үндэстэн дамжсан Корпорациуд хүртэх болжээ…
 
Яагаад гэвэл Үндэстэн дамжсан Корпорациуд ихэнхдээ АНУ-д байрлаж, америкийн иргэдийг зээлжүүлж байсан учраас амьдрал сайжирч буй мэт мэдрэмж төрүүлж байлаа. Гэхдээ энэ механизмын чухамхүү санхүүгийн хэсэг нь 2008 оны хямралын дараа ажиллахаа больжээ.
 
Хэрэв бид сайн ажиглавал сүүлийн 12 жилийн эдийн засгийн өсөлт өрийн түрүүлсэн өсөлтийн суурин дээр явж ирснийг харж болно. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр ямар ч өсөлт байгаагүй, түүнийг нягтлан бодохын янз бүрийн заль мэхээр бий болгосон нь харагдаж байна.
Үүний үр дүнд дараах нөхцөл байдал үүсчээ: АНУ санхүүгийн хүрээндээ орлого олохоо болив, учир нь олон улсын корпорациуд ашиг авчрахаа больсон тул хөрөнгө оруулахаа зогсоожээ. Гэтэл энэ үед Хятад худалдаанаасаа ашиг олсоор л байв. Өөрөөр хэлбэл, өмнө нь тэнцвэр байсан, гэхдээ янз бүрийн хүрээнд: АНУ санхүүгийн хүрээнд давуу бол Хятад худалдаанд давуу байлаа.
 
“Завтра”: Харилцан сонирхол байж дээ…
 
Михаил Хазин: Тийм ээ. Гэхдээ одоо Хятад нэмэхтэй үлдсэн бол АНУ-д энэ нь байхгүй болчихсон. Энэ нөхцөлд Трамп “АНУ-д үйлдвэрлэлээ буцаан авчиръя, Америкийг дахин агуу их болгоё” хэмээн эдийн засгийн загвараа өөрчилж эхлэв. Түүгээр ч үл барам Трамп америкийн ард түмний гол дайсан бол олон улсын санхүүгийн корпорациуд хэмээн зарлав.
Өөрөөр хэлбэл Трамп АНУ-ыг дахин үйлдвэржүүлэх зорилго дэвшүүлэв. Үүнд Хятад ямар хариу өгч чадах вэ ? Хятадад ч гэсэн новшийн байдал үүсээд байна. Хятадын гадаад худалдааны алдагдал бараг триллион доллар хүрээд байна. Бүх юм сайн сайхан мэт санагдана…Гэхдээ Хятадын төлбөрийн баланс ямагт сөрөг байдаг юм. Тэг орчим, гэхдээ л хасах. Энэ юу гэсэн үг вэ ? Миний тооцоогоор Хятад жил тутам 4 трлн доллартай тэнцэх юань хэвлэдэг. Гэтэл Хятадын ДНБ 16 трлн доллар. Харин АНУ-ын бодит ДНБ 14-15 трлн доллар, бусад нь бүгд хуурамч…
Эндээс энэ хоёр улс жилийн 6 хувийн өсөлттэй үед ДНБ-нийхээ 25 хувьтай тэнцэх мөнгө хэвлэж байна гэсэн хэрэг болж байна уу ? Хэрэв тэднээс доллараар дамжуулан эргэлтэнд буй илүүдэл мөнгийг татан авах боломжийг нь авчихвал юу болох вэ ?
25 хувийн инфляци болно, энэ нь багцаа тооцоогоор мөнгөн эмисс болон ДНБ-ний өсөлтийн хоорондын зай унана, өөрөөр хэлбэл жилийн 19%-ийн ялгаа гарна гэсэн хэрэг.
 
Ийм хэтийн төлөв Хятадын удирдагчдын санаанд огт нийцэхгүй, иймээс тэд өвөрмөц төрлийн санхүүгийн сөрөг (асимметр) арга авч байгаа гэж би бодоод байгаа юм. Тэдний логик маш энгийн.
Хятад нөхдүүд одоо ингэж хэлж байгаа: “Залуус аа, Дэлхийн бүх эдийн засаг хятадын сэлбэг дээр амьдарч байгаа, одоо бид карантин маягийн юм тогтооно… Танай эдийн засаг босоод л ирнэ, харж л байгаарай. Ийм учраас эсвэл манай бүтээгдэхүүнийг худалдаж ав, эсвэл өөрийнхөө үйлдвэрлэлийг хурдан сэргээхийг бодож үз.”
 
Гэтэл 2-3 жилийн дотор үйлдвэрлэлийг сэргээх боломж байдаггүй л дээ. Үүний дээрээс хөрөнгийн биржүүд хэт халалттайг тооцох юм бол энэ нь сүйрэл гэсэн хэрэг. Хятадын энэ байр суурийг яг энэ утгаар нь АНУ-ын Ардчилсан намыг дэмждэг, “улсын ёроолын гүнийг” хянаж байдаг мөнөөх л санхүүгийн либерал- глобалчид уухайлан шүүрч авч байна гэж би дүгнэж байна. Чухам ийм учраас Хятадууд “миний дайсны дайсан бол миний нөхөр” гэсэн зарчмаар Трампын эсрэг дайрч байна. Энэ логик энгийн бөгөөд ойлгомжтой: “Хэрэв одоо америкийн эдийн засгийг унагавал америкчууд Трампыг хөөн зайлуулж, 2020 оны 11 дүгээр сард өөр Ерөнхийлөгч сонгоно”
 
“Завтра”: Хэрэв би Таныг зөв ойлгосон бол энэ хямралыг Хятад, АНУ-ын либерал-глобалистууд” зохион байгуулсан гэж Та үзээд байна аа даа ? Хятад корона вирусын сэдвийг ярьж ч амжаагүй байхад бүх дэлхийн ХМХ-ийг хянадаг глобалистууд “хүн төрөлхтөн маргааш сүйрнэ” гэсэн аймшигтай орилоон зохион байгуулсан шүү дээ…
 
М. Хазин: Энэ нь үнэн биш хэдий ч хамгийн логик үндэстэй гипотез болж таараад байгаа юм. Харин бусад таамаглалуудад маш олон уялдаагүй зүйлс байгаа.
Үүнээс цаашаагаа бол маш сонин эргэлтүүд гарсан. Ажаад байхад энэ үймээн сандрааныг зах зээлийг нураахын тулд дэгдээж эхэлсэн…Чингэхдээ санхүүгийнхэн нөхцөл байдал тэдний бүрэн хяналтад байгаа гэж тооцсон юм. Яагаад ? Яагаад гэвэл АНУ-ын хэт халсан санхүүгийн зах зээл “доороос хийх засвар”-т бэлэн байсан, угаасаа л унах ёстой байсан юм. Үүний логик нь: “Одоо бид зах зээл Трампаас болж унасан гэж хэлнэ, тэртэй тэргүй унах л юм чинь. Үүнд дөрөөлөн бид Холбооны Нөөцийн Санг шахаж, 2008 онд бидэнд, банкуудад өгсөн шиг их мөнгө олж авна. Дараа нь бид уналтыг зогсооно, угаасаа зогсох ёстой (эсэргүүцлийн түвшин Доу-Жонсын индексээр ойролцоогоор 18300 пунктээс хэтрэхгүй, энэ түвшин хүртэл зай ч бий, лай ч бий) гэж тооцжээ.
Гэтэл огт тооцож байгаагүй 2 том үйл явдал болов.
Нэг дэх нь: Саудын Араб нефтээрээ тулган шаардалт (ультиматум) хийв. Ахиад л нефтийн өнөөгийн үнэ Оросоос илүү Саудын Арабт сүйрэлтэй гэж тооцжээ. Яагаад гэвэл баррель нефтийн 40 долларын үнэ Оросын хувьд зөвшөөрч болох байсан ч Саудитуудын хувьд сүйрэл юм. Яагаад гэвэл Саудитуудын улсын төсөв баррель нефтийг 80 доллараар тооцож хийсэн. Эндээс Москва, Эр-Рияд хоёр америкийн занарын хийн үйлдвэрлэлийг дампууруулж, дараа нь бүхнийг эргүүлж авахын тулд “хар алтны” үнийг буулгах зарим тохиролцоо хийсэн гэж хардах өөр нэг таамаглал гарч ирнэ…
Арваад жилийн өмнөөс бид ойрын 10-15 жилд нефтийн үнийн коридор 60-70 долларын хооронд хэлбэлзэнэ гэж тооцож байсан. Тэгээд ч энэ коридор дотор хэлбэлзэж байлаа…
 
Гэтэл нефтийн үнэ буугаад ирмэгц Оросын либералууд Путиныг “унагах” хэрэгтэйг ойлгож, шууд л хэрэглээний зах зээл дээр галзуурал зохион байгуулав. Үүнийг эхлүүлсэн үе нь 3 дугаар сарын 9 буюу амралтын өдөр байж таарлаа.
Ингээд “дээрээс” шууд арга хэмжээ авч чадахгүй болжээ. Энэ үеэр Төв банк, Сангийн яам хоёр буюу манай мөнгөний засгийнхан рублийг нефтийн үнэтэй зориудаар уяв. Энэ шалтгааны улмаас нефтийн үнэ унамагц рублийн үнэ дагаад унав.
 
Энэ логик маш энгийн. Учир нь манайх урьдын адил асар их өргөн хэрэглээний бараа импортлодог, девальваци хийвэл үнийн өсөлт гарцаагүй юм. Ингээд тооцож гарсан байна: одоо Үндсэн Хуулийн санал хураалт болно, яг энэ үеэр ард түмэн лангуу хоосон байгааг харна, үнэ өснө, харин одоо бол бүх юманд Путин буруутай гэж хашгирч болно: “Путины боол Сечин саудитуудтай нийлж, нефтийн үнэ унагасан, одоо хүмүүс идэх юм юу ч байхгүй” гэх мэт. Үүнийг “зүгээр өнгөрөөж” болохгүй…
Гэтэл нөхцөл байдал дэлхийн санхүүчид болон банкируудын хяналтаас гарч орхив. Нуралт хэтэрхий хүчтэй байснаас тэд айжээ. Энэ нөхцөлд маш гайхамшигтай үйлдэл хийв.
Холбооны Нөөцийн Сангийн хүүг шууд л нэг хувь буулгасан ба энэ нь маш их мөнгө юм. Ингээд зах зээлд асар их мөнгө цутгана гэж мэдэгдэв. Харин америкийн индексүүд унаж эхлэв. Унах унахдаа 13 хувиар шүү…
Яагаад ? Яагаад гэвэл Холбооны Нөөцийн Сангийн шийдвэр бүтэн сайн гарсан ба ингээд бүх юм дээшээ явах ёстой байв. Гэтэл Трамп нэгдэх өдөр нь ухралт (рецесс) эхэлж, зах зээл нурж байна хэмээн мэдэгдэв. Эндээс би Трамп энэ уналтад саад хийлгүй, туслах ёстой гэсэн нүүдэл бодож олсон гэж би бодож байна.
Хямралын үед, мөн онцгой нөхцөл байдал тулгарсан үед төрийн үүргийг хүчтэй болгодог жамтай байдагт хамаг учир байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр удирдлагын бүх хөшүүргийг Трамп өөртөө авч, үүний улмаас банкирууд ихээхэн суларна. Дашрамд дурдахад энэ нөхцөлд Трампын эсрэг талынхны үйлдлийг хорлон сүйтгэл гэж ойлгож эхлэв. Онцгой нөхцөл байдлын үед хорлон сүйтгэгчдийг буудан алж дүүжилдэг бөгөөд үүнийг цэргийн гэмт хэрэг гэж үздэггүй. Энэ бүхнээс үзэхэд нөхцөл байдал өөрчлөгдөж, Америкийн гол хүн нь Трамп болов. Ийм ч учраас л зах зээл үргэлжлэн унаж байна.
 
“Завтра”: Та энэ хямралыг Хятад зохион байгуулах нь юунд хэрэгтэйг тайлбарлалаа. Мөн Та энэ нь либерал глобалистуудад яагаад хэрэгтэйг тайлбарлалаа. Мөн Саудын Араб Орос хоёр яагаад нефтйин үнийг буулгаж байгааг тайлбарлалаа. Гэхдээ либерал глобалистууд Хятад хоёр корона вирусын өрөг тоглож эхлэх яг тэр үед манайх нефтийн үнийг унагах ямар шаардлага байгаа юм ?
 
М.Хазин: Туйлын чухал нэг нөхцөл байдлыг анхаарах хэрэгтэй. Либерал ХМХ-ийн байнга улиглан үглэдэг логик нь ийм: Орост бүх юмыг хариуцаж байгаа цорын ганц хүн нь Ерөнхийлөгч Путин, ийм учраас рублийн уналтыг ч, эдийн засгийн уналтыг ч, ер нь бүх муу асуудлыг Путин хариуцах ёстой. Путин л Набиулиннаг ч, Силуановыг ч гэх мэтчилэн бүгдийг нь тавьсан биз дээ…
Гэхдээ бодит байдал дээр бүх юм өөр. Орост хоёр элит бүлэг бий: нэг нь нөхцөлт байдлаар эх оронч, нөгөө нь нөхцөлт байдлаар либерал, ингээд энэ хоёр бүлэг үхэх сэхэхээ үзэн хоорондоо байлдаж байна.
Эдний аль нь ч бүрэн эрх мэдэл авч чадаагүй, тэр ч байтугай нөгөөгөө хүчтэй хорлож чадахгүй. Гэхдээ либерал бүлэг нь аажмаар, удаанаар хожигдож, эрх мэдлийн хөшүүргээсээ аажмаар ангижирч байгаа. Гэсэн хэдий ч либерал бүлэг АНУ-ын албан ёсны засгийн дэмжлэгийг 2016 онд алдсан. Хэдийгээр энэ бүлгийг дэмждэг маш их нөлөө бүхий хүч Вашингтонд байгаа ч гэсэн ялагдаад байна. Одоо бид АНУ-д ямар тулалдаан болж байгааг бэлхнээ харж байна. Манай Орост ч гэсэн үүнтэй адилтгам тулалдаан болж байна ! Оросын либерал ХМХ-үүд Ерөнхийлөгч Путиныг АНУ-д Трампыг аль нэгэн “Нью-Йорк таймс” балбаж байгаагаас илүү балбаж байна.
 
Путиныг унагахыг хүсч буй хүчнүүд тэдний цорын ганц боломж бол ард түмнээр Ерөнхийлөгчийг балбуулах гэдгийг ойлгоод энэ шугамаа идэвхитэй явуулж байна. Тэдний логик энэ байна л даа: “Путин хаан болохыг санаархаж байна.” Энэ үг яаж, хэзээ гарсан бэ ?
 
Путин Үндсэн Хуулийн засвартаа Бурхны тухай сануулчихсан юм. Чингэхдээ ямар нэг тодорхой Бурханыг хэлээгүй, ерөөсөө л уламжлалт үнэт зүйлсээ баримтлах илт санаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл либерализмын альтернативыг дэвшүүлсэн, Бурхан ч гэсэн Содом, Гоморро нарыг шийтгэсэн биз дээ…Энэ бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын холбоо гэр бүлийн асуудал байсан бөлгөө. Путин өнөөгийн Орос орон бол Гостосмысл-ээс (Оросын түүхийн эхэн үеийн эртний овгийн ахлагч) авахуулаад одоо хүртэлх бүх түүхийг залгамжлагч гэж хэлсэн юм. Энэ бол либералуудад огт үл таалагдах, төгс консерватив логик учраас тэд эрх мэдлийг атгах, шилжүүлэхийг эсэргүүцсэн дууг түрэн хашгирч байна.
Тэдний цаад санаа нь АНУ-д Трампын хийж буйтай дүйцүүлэн ойлгож болох Путины консерватив шилжилт хийх гэсэн оролдлогыг нурааж, түүнийг ард түмэнтэй нь муудалцуулах гэсэн явдал юм.
Мөн Путин ч тэр, Трамп ч тэр менталитетаараа баруун консерваторууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгүй Путин Трампыг бодвол арай зүүн байх. Энэ л шалтгаанаар өмнөх ерөнхийлөгчийн хугацааг тэглэх засвар үүссэн бөгөөд энэ нь засаглал шилжүүлэх сэдвээр дамжуулан элитүүдийг дээш нь шахах боломжийг хааж орхисон юм.
 
“Завтра”: Таны бодол логиктой л харагдаж байна. Гэхдээ ингэвэл нэг асуулт гарч ирнэ. Та хоёр бүлэглэлийн тэмцлийн тухай ярилаа, гэхдээ өнөөдөр либералуудын хийж буй зүйлс Оросын бүх эдийн засгийг нуралтад хүргэж чадах хүчтэй цохилт мөн үү ?
 
М.Хазин: Саяхан болтол оросын хэвлэл мэдээллийн орон зай “Дэлгүүр хоосон байна- Лангуу хоосон байна ! гэсэн орилооноор дүүрэн байв. “Одоо л бүх юмыг худалдаж авцгаа, удахгүй юу ч үгүй болно” гэж хүмүүсийг турхирч байв. Энэ бүхнийг яагаад хийсэн юм ? гэдгийг би тайлбарлая.
Либерал баг олон жилийн турш эзэрхэн дайрч байсан. Путины эсрэг анхны дайралт 2018 оны сонгуулийн дараа шууд эхэлсэн ба Улюкаевын хэрэг, Магомедовын хэрэг гээд цааш үргэлжилдэг…
Гэхдээ нөхцөлт эх оронч баг либерал багийг бүх үед дарж ирсэн юм. Ингээд эцэстээ либералууд цааш хүлээх боломжгүй, нөөц нь шавхагдаж, гадаад дэмжлэг саарч байгаа гэдгийг ойлгосон ба тэгээд л сүүлчийн эрс тулалдаандаа оржээ. Үүнийг эмнэлэгт ч гэсэн ”хямрал” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл өвчний эсрэг дархлаа (иммунитет) тэмцэж байна. Бүдүүн тоймоор зүйрлэвэл энэ “дархлаа” нь Орос орныг аврах гэсэн манай эх оронч хүчин, харин “өвчин” нь биднийг идэж архагшсан либерал халдвар юм. Бүр 1956 онд Хрущев ЗХУКН-ын ХХ Их Хурал дээр материаллаг хэрэгцээг хангах нь манай гол зорилго гэж тунхагласан. Энэ бүхэн хуримталсаар 1991 онд өвчин тов тодорхой болж, либералууд засгийн эрхэнд гарсан юм.
 
“3автра”: Хэрэв энэ либералуудын “эцсийн бөгөөд эрс тулалдаан” юм бол, хэрэв тэд үүнийгээ бүрэн хөтөлбөрөөр явуулж байгаа бол үүний нөгөө тал нь хаана байгаа юм ? Хэрэв хорлон сүйтгэл мөн юм бол, хэрэв алив юмыг шууд нэрлэвэл төрийн эргэлт ч юм уу, түүний хариу нь хаа байгаа байгаа юм ?
 
М.Хазин: Би хариу байгаа гэж бодож байна, мөн зайлшгүй арга хэмжээ авна гэж бодож байна…Гэхдээ л манай либералуудтай учраа ололцоно гэдэг бол үнэхээр зовлонтой. Бид либералуудын бүхэл бүтэн үеийг өсгөж бойжуулсан ! Би ХМХ-ийг ярихгүй байлаа гэхэд “олон нийтийн санал бодлын лидерүүдийн” эгнээнд либералууд байнга ялгарч байдаг. Манай бүх эдийн засагчид болон удирдагчид эсвэл Эдийн засгийн дээд сургууль, эсвэл РАНхиГС (Оросын Улс Ардын аж ахуй, төрийн албаны Академи) болон тиймэрхүү төрлийн сургуулийг төгссөн байдаг…
Тэднийг эсвэл делибералжуулах хөтөлбөрийн хүрээнд дахин сургах ёстой, эсвэл амьдрал ямар байдгийг мэдрүүлэх үүднээс ажлаас нь халж, улс ардын аж ахуйн үйлдвэрүүдэд ажиллуулах ёстой.
 
Би Путины үйлдлүүдэд прогноз хийх гэээгүй. Путин энэ утгаараа бол гроссмейстер бөгөөд түүний бүх нүүдлүүд гэнэтийн байдлаараа ч, үр ашгаараа ч ер бусын байдаг. Ийм учраас Путинд маш их нөөц (резерв) байгаа бөгөөд түүнийгээ ажил хэрэгтээ зарцуулах нь мэдээж хэрэг.
 
Түүнийг нь бид одоохондоо мэдэхгүй л дээ. Гэхдээ консерватив үзэл санаанд эргэн орох хэрэгтэй гэж үзэж байгаа хүн бүр өнөөдөр Путиныг дэмжих ёстой гэсэн ганцхан зүйлийг би хэлж чадна.
(Энд “цэвэр” Оросын дотоод асуудалтай холбоотой олон асуулт гарч, хариуд нь маш олон баримт, үндэслэл хэлснийг алгасав- Орч.)
 
“Завтра”: Асуудлыг өөрөөр тавиад үзье. Путин яг тодорхой юу хийхийг урьдчилан хэлэх боломжгүй. Гэхдээ либерал бүлэглэл ерөнхийдөө азаа үзэж бүхнээ тавихаар шийдсэн үед, нэгтгэж хэлбэл “аажим” төрийн эргэлт хийх гэж байгаа үед энэ байдлаас яаж гарна гэж бодож байна даа ?
 
М.Хазин: Юуны өмнө манай нөхцөл байдал ямар ч гарцгүй зүйл биш гэдгийг хэлэх ёстой. Нийгэм-эдийн засгийн утгаар бид маш олон зүйлийг хийх боломжтой. Жишээлбэл, рублийг доллар руу чөлөөтэй хөрвүүлэхийг зогсоож болно, экспортлогчдын валютын зардлыг заавал буцаан худалдахыг болиулж болно, валютын хяналтыг чангатгаж болно г.м.
 
“Завтра”: Эдийн засгийн ямар арга хэмжээ авах ёстой тухай маш олон зүйл ярьж болно. Харин эрт орой хэзээ нэгэн цагт хэн нь хорлон сүйтгэгч вэ, үүний төлөө хэнийг шийтгэх ёстой вэ ? гэсэн асуулт гарч ирнэ дээ…
 
М.Хазин: Асуудал ийм л дээ…Өнгөрсөн оны 12 дугаар сард Путин: “Би буудахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн. Үүний цаана: “Хэрэв намайг албадвал бууддаг л байх даа” гэсэн санаа байгаа. Миний бодлоор одоо түүнийг энэ рүү түлхэж байна даа…
 
“Завтра”: Ерөнхийлөгч зүв зүгээр сууж байгаад гэв гэнэт “би хэнийг ч буудмааргүй байна” гэж хэлэхгүй дээ ?
 
М.Хазин: Тэр бас “цэвэрлэгээний” тухай ярьсан шүү…Бас машиныг нэгэнт л асаасан бол дараа нь түүнийг зогсоох нэн түвэгтэй гэдгийг ч хэлсэн…
Дашрамд дурдахад Путинд нэг гайхамшигтай чанар байдаг, тэр бүх асуултад заавал хариулдаг ! Шууд л хариулдаг ! Үүнийг бүр өнгөрсөн оны 12 дугаар сард хэлсэн боловч үгэнд нь ороогүй ! Одоо толгойгоо шаах болж дээ…
 
“Завтра”: Таныхаар бол одоо асуудал Орост төрийн эргэлт хийх, илт хорлон сүйтгэхээр оролдож буй хүмүүст хатуу арга хэмжээ авах болтлоо явжээ дээ, янз нь ?
М.Хазин: Ер нь бол тийм шүү. Би ийм арга хэмжээ авах байх гэж бодож байна…
 
2020 оны 04 дүгээр сарын 09
 
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг