Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2020.05.14) үдээс хойш хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулж, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсруулсныг дурдав.
 
 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2005 онд 60/21 дүгээр тогтоолоор баталсан Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц нь дэлхий нийтийн худалдаа, хамтын ажиллагааны цахим орчны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, оролцогч талуудын шууд болон шууд бус зардлыг бууруулах, хил дамнасан цахим харилцаа, экспорт, импорт, олон улсын худалдааг дэмжихэд чиглэсэн эрх зүйн бичиг баримт юм. Өнөөгийн байдлаар уг конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор манай олон талт хамтын ажиллагаатай улс орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ багтаж байгаа бөгөөд 10 орчим улс нэгдэн орохоор ажиллаж байгаа аж.
 
Монгол Улс энэхүү конвенцыг соёрхон баталснаар дээр дурдсан цахим харилцааны давуу талыг манай улсад олгохоос гадна цахим болон цаасан суурьтай мэдээллийн хэрэгслийн эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдал, цахим гарын үсэг болон ердийн гарын үсгийн ижил тэнцүү нөхцөлийг тогтоох, цахим харилцааны баримт бичгийг илгээх, хүлээн авах, хадгалах, автоматжуулсан мэдээллийн системийг ашиглах нөхцөл боломж бүрдэх юм байна. Манай улс уг конвенцод нэгдсэнээр гишүүнчлэлийн татвар төлөхгүй, санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй, конвенцыг төлөөлөх байгууллагыг дотооддоо байгуулах, түүнчлэн хэрэгжилтийн талаарх ямар нэг тайлан, илтгэл гаргах шаардлага тавигдахгүй гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдав. 
 
 
Мөн уг конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Гадаад харилцааны сайдаас асуулт асууж тодруулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.