Б.Баярбаатар чуулганы хуралдаа суухгүй байгаа УИХ-ын гишүүдийн нэг билээ. Тэрээр яагаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа тухай асуусан сэтгүүлчдэд хариулахдаа: "Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйх ёстой. Эр хүний хувьд уучлалт гуйх ёсгүй. О.Саранчулуун, Э.Ариунзаяа нарын гишүүдийг гүтгэж, ялгаварлан гадуурхсан шигээ яг тийм хэлбэрээр уучлалт гуйсан цагт УИХ-ын чуулганд сууна гэдгээ хэлсэн." гэв.
Улстөрчид хоорондоо маргалдаж болно. Нэгнийхээ үг, үйлдэлд гомдож, уучлалт шаардах ч эрхтэй. Гэхдээ хувь улстөрчийн гомдол, тунирхал төрийн ажлыг гацаах хэмжээнд хүрч болох уу гэдэг нь өөр асуудал.
Ялангуяа УИХ улсын төсөв хэлэлцэж буй үед энэ асуулт бүр ч чухал болно. 2027 оны улсын төсвийн төсөл наймдугаар сарын 31-нд өргөн мэдүүлэгдсэн бөгөөд уг төсвөөр ирэх онд төр хаанаас хэдий хэмжээний орлого бүрдүүлэх, юунд хэдийг зарцуулах, орон нутагт ямар санхүүжилт олгох, төсвийн алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх зэрэг улс орны бүтэн жилийн санхүүгийн бодлогыг шийдэх юм.
Төсөв гэдэг хэдэн их наяд төгрөгийн тоо нийлүүлсэн хүснэгт төдий зүйл биш. Түүний цаана багш, эмч, төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, хүүхэд, гэр бүлд чиглэсэн бодлого, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, дэд бүтэц гээд иргэн бүрийн амьдралтай холбоотой асуудал бий. Тухайлбал, 2027 оны төсвийн хүрээний хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд тэтгэврийг ирэх онд хэрхэн нэмэгдүүлэх, инфляцтай уялдуулах асуудлыг хүртэл хөндөж байсан.
Тиймээс яг энэ үед “тэр хүн уучлалт гуйтал чуулгандаа суухгүй” гэх тайлбар сонгогчдын өмнө хэр ач холбогдолтой сонсогдох вэ?
УИХ-ын гишүүний үндсэн ажлын нэг нь чуулган, Байнгын хорооны хуралдаанд оролцож, хууль тогтоомж болон улсын төсвийг хэлэлцэн шийдвэрлэх явдал. Парламентын шийдвэр нэг хүний сэтгэл хөдлөлөөр бус, 126 гишүүний оролцоо, мэтгэлцээн, санал хураалтаар гардаг. Өмнөх төсвийн хэлэлцүүлгүүд дээр ч ирц бодит асуудал болж байсныг УИХ-ын албан ёсны мэдээлэл харуулдаг. Тухайлбал, 2026 оны тавдугаар сарын 29-ний нэгдсэн хуралдаанд 66 гишүүн цагтаа ирж, 40 гишүүн хоцорчээ. Тухайн өдрийн хэлэлцэх асуудлын эхэнд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл байсан юм.
Улстөрчдийн хоорондын маргаан өнөөдөр үүсээд маргааш намжиж болно. Харин төсвийн бодлогын алдаа, гаргасан эсвэл гаргаагүй шийдвэрийн үр дагаврыг иргэд бүтэн жил, цаашлаад олон жилээр үүрдэг.
Ахмадын тэтгэвэр хүрэлцэх эсэх, багш эмчийн цалин амьдралд нь хүрэх эсэх, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх эсэх, иргэдийн татварын мөнгийг хаашаа, хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал бол улстөрчдийн хэн нэгэндээ гомдсон гомдлоос хавьгүй өргөн хүрээтэй нийтийн эрх ашиг юм.
Уучлалт гуйхыг шаардаж бололгүй яахав. Үзэл бодлоо илэрхийлэх ч эрхтэй. Гэхдээ тэр бүхнээ төрийн ажлаа хийж байхдаа зэрэгцүүлэн шийдэх учиртай.
Сонгогчид УИХ-ын гишүүнийг хэн нэгнээс уучлалт нэхэж, уучлалт гуйтал нь чуулганы танхимаас хол байлгахын тулд сонгодоггүй. Харин өөрсдийнх нь өмнөөс төрийн бодлого хэлэлцэж, төсөв баталж, татвар төлөгчдийн мөнгө хэрхэн зарцуулагдахыг хянаж, байр сууриа илэрхийлж, санал өгөхийн тулд сонгодог.
Тиймээс энд Б.Баярбаатар, О.Саранчулуун, Э.Ариунзаяа нараас гадна чуулганы хуралдаанд хувийн болон улс төрийн маргаанаас шалтгаалан оролцохгүй байгаа УИХ-ын гишүүн бүхэнд тавих нэг асуулт байна.
Эмо гишүүдийн гомдол тэтгэвэр, цалин нэмэхээс илүү чухал гэж үү?
С.Сарнай
Даваа - 09 сарын 21,
2026
Сэтгэгдэл1
766 байсан нь дээр байж дээ Ингээж улайм цаа цалин тэтрэвэр нэмэхийг сургуулийн байрыг хүртээмжтэй болгохыг эсэргүүцэж байсан удаа байхгүй шүү Наанаа инфляц энэээ тэрээ мундаг онол ярина цаанаа цалин тэтгэвэр нэмчихвэл МАН ы Учрал нарын баг ялчихна гэж нөгөө л улс төрөө бодож иргэдийн амьдралыг золиослоход бэлэн байна