sonin.mn
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн санал болгосон Засгийн газрын гишүүд-сайд нарын нэрсийг баталсан юм.
Тэд нь
1. Шадар сайд Я.Содбаатар  /УИХ-ын гишүүн асан/
2. ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ / УИХ-ын гишүүн/
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
4. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр (генерал, БХЯ-ы Газрын Дарга)
5. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/
6. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
7. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
9. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар  /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
10. Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
11.Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
12.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон /Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
14. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
15. Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатар  /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/
16. Соёлын сайд С.Чулуун / ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/ нар байв.
 Хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу " Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх." ёстой.
 
Өөрөөр хэлбэл одоо нэгэнт МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан тул У.Хүрэлсүхийн санал болгосон нэр дэвшигчид сайд болох нь тодорхой, тэд УИХ-ын гишүүдийн өмнө зөвхөн тангараг л өргөх учиртай.
 
УИХ-ын 2020 оны сонгуульд МАН ялалт байгуулснаас У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газарт хэн хэн сайд болох тухай яриа улс төрийн хүрээнд хамгийн хүчтэй яригдаж байв.
Ингэхдээ УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж чадаагүй буюу нэр дэвшсэн ч ялагдсан хуучин, ахмад улс төрчдийг сайд болгох буюу эсвэл МАН дахь фракциудын тэнцвэрийг хангасан хэлбэрээр Засгийн Газрын гишүүдийг тодруулах байх гэсэн гутранги маягийн хүлээлт л нийгэмд байсан нь нууц биш.
 
Гэвч У.Хүрэлсүх үүнээс эрс өөр буюу дийлэнхи улс төрчдийн улиг болтол ярьдаг ч огт хийж зүрхэлдэггүй байсан жинхэнэ мэргэжлийн, технотратуудын Засгийн Газар байгуулахыг зорьсон нь сайдад нэр дэвшигчдийн нэрс ил болмогц тодорхой боллоо.
 
Сайдад нэр дэвшигчдийг харцгаая.
Мэдээж өөрийнх нь үйл ажиллагаанд тус дэм болох, хамгийн ойрын хариуцлагатай албандаа буюу Шадар сайдад Я.Содбаатар, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайдад Л.Оюун-Эрдэнэ гэх мэтээр итгэлт нөхдөө дэвшүүлжээ.
Түүнчлэн Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарыг улирааж, Эрүүл Мэндийн Яамыг 3 жил орчим удирдахдаа өөрийнхөө шаггүй менежер гэдгийг харуулсан Д.Сарангэрэлийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдад нэр дэвшүүлсэн байна.
Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдад нэр дэвшсэн Х.Нямбаатарын хувьд УИХ, Засгийн Газрын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах нэн чухал үүргийг давхар хүлээж буй болов уу?
Ингээд л үлдсэн сайд нарыг үндсэндээ технотратууд гэж тодорхойлж болно.
 
Салбар салбартаа мэргэшин ажиллаж, бүр сайд болж буй, зарим нь бүр яамныхаа Төрийн Нарийн Бичгийн Дарга хүртэл төрийн албанд ажилласан туршлагатай, харьцангуй нас залуу Л.Халтар, Г.Ёндон, З.Мэндсайхан, Н.Тавинбэх, Б.Цогтбаатар, С.Чулуун, А.Ариунзаяа, Н.Энхтайван, Б.Мөнхбаатар, Л.Цэдэвсүрэн нарын дунд нам бус хүн хүртэл байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү ажиллах, бас дахин ажиллах л үлдээд байна.
 
Ийнхүү Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу танхимынхаа сайд нарыг УИХ-аар батлуулалгүй, өөрөө шууд мэдэн томилж буй анхны Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хуучин улс төрчдийн өр авлага, шахалт, дарамтаас ангид, Монгол Ардын Намын фракц, бүлэглэлийн төлөөллүүдийг багтаасан бус жинхэнэ мэргэжлийн, технотратуудын танхим бүрдүүлэхийг зорьсон нь тодорхой болж байна.
Энэ бол сайн эхлэл, гэхдээ ажлынх нь үр дүнгээр л ард түмэн энэ Засгийн Газарт дүн тавих учиртай гэдгийг Ерөнхий сайдад сануулахад илүүдэхгүй биз ээ.
 
П.Мандах