Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов.
 
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. Уг зохицуулалтаар “Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно.
 
Засгийн газрын гишүүн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн нэмэлт оруулсан юм.
Мөн шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх дэгийг тусгайлан зохицуулсан.
Уг хуулийн 31.1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн томилогдсоноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө”, 31.2 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний тангаргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тогтооно”, 31.3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал батална” гэж тус тус  заажээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам”-ыг баталсан билээ.
Уг журамд Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх өдөр, цагийг  Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтоох, тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэл ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн ёслолын алба хариуцан хангаж, зохион байгуулахаар заасан.
Энэ үндсэн шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол 15 цаг 05 минутад чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд эхлэв.
Тангараг өргөх ёслолын ажиллагааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг уншиж сонсголоо.
 
 
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжид, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн  Д.Сарангэрэл, Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар  Г.Сайханбаяр, Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван, Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн, Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар, Засгийн газрын гишүүн-Соёлын сайдаар С.Чулуун, Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан, Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх, Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан нарыг тус тус томилсон тухай дурджээ.
 
Ингээд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншин Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, тусгайлан бэлдсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, Улсын Их Хурлын даргад тангаргийн бичгээ гардуулав.
 
 
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулав. Дараа нь хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.
Тангараг өргөх ёслолын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд баяр хүргэж үг хэллээ.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, гүйцэтгэх засаглалын дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар томилогдсон Та бүхэнд Улсын Их Хурлын гишүүд, нийт монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
Төрийн сүлдний өмнө, төрийн эрх барих дээд байгууллагадаа Та бүхэн тангараг өргөлөө. Үүгээрээ Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрд тангараг өргөж байгаа анхны сайд нар болж буйгаараа онцлогтой.
 
Монгол Улсаа шинэ ирээдүй хөтлөх түүчээ, хөдөлгүүр  нь төрийн сайд Та нар юм гээд нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, өргөсөн тангарагтаа үнэнч байж, Ерөнхий сайддаа түшиг тулгуур болж, ажил үүрэгтээ эзэн болж хариуцлагатай, эрчтэй ажиллахыг шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд захилаа.
 
Үүгээр Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол өндөрлөв.
 
 
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы энэ сарын 07-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль  тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталсан.
 
Хууль тогтоолын төслүүд батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах эрх зүйн зохицуулалт бүрдсэн. Мөн уг хуулийн төслүүдтэй шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газар тохируулагч 12, хэрэгжүүлэгч 23, нийт 35 агентлагтай ажиллахаар болсон юм.
 
Энэ үндсэн дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын гишүүдэд нэр дэвшигчдээ намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан улмаар Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд хүн нэг бүрээр танилцуулж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамж гарган, улмаар Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөснөөр шинэ Засгийн газар бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.