МОСКВА. /TASS/. ОХУ, БНХАУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн хэд хэдэн улс Беларусийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдож буйд нь Александр Лукашенкод баяр хүргэж байхад Европын холбооны хэд хэдэн орон энэ сонгуулийг ардчилсан бус гэж үзэж, Беларусийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авахаа үгүйсгэсэнгүй.
 
ОХУ, БНХАУ, ТУХН-ийн орнууд Лукашенкод баяр хүргэжээ
 
Беларусийн удирдагчид хамгийн түрүүнд баяр хүргэсэн цахилгаан илгээсэн хүмүүсийн нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байжээ. 
“Таны улс төрийн үйл хэрэг Орос-Беларусийн бүхий л салбар дахь харилцан ашигтай байх харилцааны цаашдын хөгжил, хамтын ажиллагаага бэхжүүлэх, Евроазийн эдийн засгийн холбоо болон ТУХН-ийн баримтлах чиг шугамын асуудлаарх интеграцын үйл явцыг хөгжүүлэх, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага дахь цэрэг- улс төрийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд тус нэмэр болно гэж үзэж байна” хэмээн тэбээр баяр хүргэсэн цахилгаанд дурджээ.
 
БНХАУ-ын дарга Си Жиньпин баяр хүргэсэн цахилгаандаа Хятад, Беларусь хоёр бол “ахан дүүс” бөгөөд “тэсвэр хатуужилтай түншүүд” юм гэжээ. Түүнчлэн Лукашенкогийн удирдлага дор Беларусь улс төрийн үйл хэрэгт бахдам амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Лукашенкод Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Узбекистаны Төрийн тэргүүн Шавкат Мирзиёев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар мөн баяр хүргэжээ. 
 
Европын холбоо шинэ хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж магадгүй байна 
 
Беларусьт сүүлийн үед болоод буй үйл явдлыг Өрнөдийн орнууд таагүй хүлээж авч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэгчдийн эсрэг хүч хэрэглэхгүй байхыг Европын зөвлөлийн дарга Шарль Мишель Беларусийн эрх баригчдад уриалжээ. Харин Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен саналын тоог үнэн зөв гаргахыг уриалсан байна.
 
 
 
ЕХ Беларусийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж магадгүй байна хэмээн Польшийн Гадаад хэргийн сайд Яцек Чапутович мэдэгджээ. Түүнчлэн Беларусь дахь нөхцөл байдлаар ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар хэлэлцүүлэг хийхийг хүсжээ. Үүнээс гадна Беларусьт болсон эсэргүүцлийг Польш зохицуулсан хэмээн Лукашенкогийн мэдэгдсэнийг тэрбээр үндэслэлгүй гэжээ.
 
 
 
Беларусьт болсон сонгууль ардчиллын наад захын стандартад нийцээгүй хэмээн ХБНГУ-ын засгийн газар мэдэгдсэн байна. Германы засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдэхдээ, ЕХ Беларусь дахь нөхцөл байдлын талаар нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй гэжээ.
Сонгууль Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын стандарт, зөвлөмжтэй нийцэхгүй байгаа тухай Австрийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдахын сацуу баривчлагдсан бүх идэвхтнүүд, хүний эрхийг хамгаалагчид, сэтгүүлчдийг даруй суллахыг Беларусийн эрх баригчдад уриалжээ.
Беларусийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд Минск хотод жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш зэмлэн буруушаажээ. Чехийн парламентын депутатууд, намын удирдагчид Беларусийн сөрөг хүчнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг