ТОКИО. /NHK/. Европын удирдагчид Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэд баяр хүргэжээ. Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель “Twitter” хуудсаараа дамжуулан Сүга Ёшихидэд халуун баяр хүргээд, ЕХ-Японы харилцааг бэхжүүлэх, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн байна.
Япон, ЕХ түүхэнд байгаагүй хамгийн сайн харилцааг тогтоогоод байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкийн эрх ашгийг эрхэмлэх” бодлого баримталж буй үед хоёр тал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг өнгөрсөн онд баталсан гэж тэрбээр мэдэгджээ.
 
 
 
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд Сүга Ёшихидэг томилогдоно хэмээн найдаж байснаа илэрхийлээд, өнгөрсөн долоо хоногт талууд чөлөөт худалдааны “түүхэн” хэлэлцээр байгуулсныг тэмдэглэжээ. Мөн тэрбээр хоёр орны харилцаа шинэ түвшинд хүрснийг энэхүү үйл явдал харуулсан хэмээгээд, “Баяр хүргэе” хэмээх үгийг Япон ханзаар бичсэн байна.
 
 
 
"Сүга Ёшихидэ Японы улс төрд олон жилийн турш зүтгэсээр ирсэн бөгөөд Герман, Японы харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин гүнзгийрсэн" гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдээд, цаашид олон талт үзэл, чөлөөт худалдааг хөгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллана хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг