sonin.mn
Улс төргүй улс төр
 
 
 
Ингэхэд улс төр юу болоод байна ? Ийм энгийн асуулт тавибал Монголоос мэдэх хүн цөөхөн гарна. Яагаад гэвэл улс төрийн мэдээлэл бараг буюу огт алга гэж бүрэн итгэлтэйгээр хэлж болно. Нөгөө талаас улс төр сонирхох “зав” огт гарсангүй. Яагаад ? Яагаад гэж дээ, бүх нөхцөл нь “цаанаасаа” тэгж таарсан юм. Одоо хүүхдийн хичээл эхэлж, монголчууд одоо л “ухаан орж байгаа” гэж бодсоны учир хийсэн улс төрийн анализаа толилуулж байна. Энэ талаар зун бичих гэснээ ид айрагдаж, наадамдаж, найрлаж байгаа манай ямар ч баагий дурын улс төрийн дүгнэлтийг нулимаад хаядаг занг нь монгол судлаачийн хувьд эрхбиш мэдэх учир больчихсон юм. Одоо бол цаг нь болсон гэж бодож байна…
 
Сонгуулиас өмнө ба хойш
 
Сонгуулиас өмнө Засгийн Газрын “давхар дээлийг” 5 дугаар сарын 25-аас эхлэн “тайлна” гэж ҮХНӨ-т тов тодорхой заасан атал гүрийсээр байгаад Засгийн Газраа авч үлдэв. Ингээд Монгол Улс бүтэн сар гаруй хууль бус Засгийн Газартай байж, шинэ Үндсэн Хуулиа ноцтой зөрчив. Шинэ Үндсэн Хуулиа эхний жилдээ ингэж зөрчиж байгаа юм чинь дараа нь хэд зөрчихийг Бурхан ч мэдэхгүй…     
Хэдийгээр намууд нэлээд эртнээс бэлтгэж байсан боловч ҮХНӨ-ийн дараа сонгуулийн ажилдаа шуудран оров. Энэ ч байдаг л нэг явдал. Гэтэл гэнэтийн хүчин зүйл гараад ирэв. Яг 2020 оны 1 дүгээр сарын 1-ээс ковид гэж нэг айхтар юм бий болов. Анхандаа ч яахав, айсандаа хөл хорио тогтоов. Орох гарах “үй түмэн” гарцтай бусад орнуудыг бодвол УБ гэсэн ганцхан хотоор дамжин орж гардаг, урд хойт гэсэн хоёрхон гарцтай улс чинь хөл хорио тогтооход ядах юмгүй, хаагаад л тас. Манай ард түмэн энэ арга хэмжээг талархаж гэх нь хаашаа юм, ямар ч гэсэн ойлгон хүлээцтэй тэвчээртэй хүлээж авсан юм. Хөл хорио нийгмийн харилцааны маш олон талыг хааж, боомилж байгааг 2 болон 4 дүгээр сараас ухаарав. Ийм “азны юм” гэж хаа байхав ? Хөл хориотой зэрэгцүүлэн сонгуулиа явуулдаг хэрэг. Олон түмнийг мэдээлллээс тасална, бас мөнгө хөрөнгөө ч хэмнэнэ, бас ямар ч хяналтгүй учир дураараа луйвардана. Энэ тохиолдолд иргэдийн санал бодол биш, сүлжээтэй нам ялах нь гарцаагүй гэдгийг эрх баригчид “ойлгожээ”. Ерөнхийлөгч сонгуулиа хойшлуулах санал тавьсан боловч урьдын адил “хуц” гэв.  
Дэлхийн 20 гаран орон сонгуулиа хойшлуулсан атал сонгуулиа явуулсан Солонгосын “тэргүүн туршлагыг” зад сурталчлав. Солонгос үхвэл Монгол дагаж үхнэ…
Сонгуулийн өмнөх бүх төрлийн маш олон судалгаагаар МАН ялах нь тодорхой байсан атал баттай нь дээр гэж үзээд зад луйвардах сурсан аргаа хэрэглэв. Энэ удаад сонгууль яаж луйвардсаныг ярих нь илүүц. Надтай надгүй улс төрийн бүх нам, иргэний хөдөлгөөнүүд дүгнэчихсэн юм.   
 
 
Харин би энэ удаагийн УИХ-ын сонгууль луйвар болсон гэдгийг бүрэн зөвшөөрөхийн хамт энэ сонгууль МАН өөртөө итгэлгүй, луйвраас өөр аргаар засгийн эрхэнд байх боломжгүй гэж дүгнэж байна.  
 
 
Сонгуулийн дараа луйвар болсон гэж баахан орилов. Улс төрийн нам, хөдөлгөөнүүд ганц ганцаараа орилов, дараа нь хэд хэдээрээ нийлж орилов. Эрх баригчид огт тоогоогүйгээс гадна шаардлага тавьж буй нам хөдөлгөөнүүд хүчээ нийлүүлж, ажлаа уялдуулж чадсангүй. Н.Энхбаяр “дарга болно” гэж зүтгэснээс бүтэлгүйдэлд их том “хувь нэмэр” оруулав. Гаднаас нь харахад хамтран орилж буй мэт боловч нэгдсэн зохицуулалт, уялдаа холбоо гэж түй ч байсангүй. Цаанаа бол хэн нь ирэх 4 жилд сөрөг хүчний “дарга болох” гэдэг дээр өрсөлдөж байлаа.
Дараа нь наадам хийнэ хийхгүй гэж бөөн юм болов. Монголын түүхэнд анх удаа болж байгаа учраас “үй түмэн онол” гарч, гаргаж мэргэн цэцнээ үзэлцэв. Тэгээд хийсэн ч биш, хийгээгүй ч биш өнгөрөв. Чаддагаараа наадмын нээлтийг сайхан муухай гэж дүгнэсэн хоёр тал болж хэрэлдэв. Монгол хэрүүл, шийдэл мөнөөсөө мөн л дөө. Монголчуудыг наадамдаж байх хойгуур Засгийн Газрын албан тушаалын хуваарилалтыг “санаа амар” хийв. Тоож байгаа амьтан ганц ч байхгүй. Ганц нэг баагий “еэ еэ бөөвөө” гэж дуугарсан шиг санагдана.
 
Дараа нь Үндсэн Хуулийн 6-ын 2 заалтаар сүлжээний өргөн маргаан явуулав. Энэ ертөнцийн хамгийн “онолч ард түмэн” гэдгээ яруу тод харуулав. УИХ-ын дарга Г.Занданшатар: “Миний хийсэн Үндсэн Хуулийг шүүмжилбэл гэмт хэрэг болно шүү” гэж сүрдүүлэв. АНУ-д Үндсэн Хуулиа шүүмжилдэггүй тогтсон практик байдаг. Түүнийг дуурайж байгаа царай нь энэ. Манай нөхцөл маш өөр гэдгийг дарга нар ухаарсангүй…
 
Дараа нь сонгуулийн өмнө төсвийн тодотгол хийхгүй гэж гүрийж байснаа “мартаад” төсвийн тодотгол хийсэн нэр зүүв. Ч.Хүрэлбаатар “баабардаж” байгаад ор нэрийн төдий тодотгол хийв. 300 конторын (оффис) барилгаа цээжээрээ хамгаалан авч үлдэв. Ингээд МАН-ын барилгын компаниуд төсвийн ихээхэн мөнгөтэйгээ үлдсэн ба энэ мөнгөний нэн тодорхой хэсгийг орон нутгийн сонгуульд зарцуулах нь мэдээж хэрэг.
За ингээд энэ зунжингаа Монголын төр засгийн “хийсэн ажил” болон монголчуудын “ярьсан ажил” ингэсгээд дуусаж байгаа юм.
Гэхдээ монголчууд ярьж шуугиж байсан шүү. Ямааны ноолуур, төрийн хээ угалз, наадмын нээлт, бөхчүүдийн шээс, хятадын эрлийз, ковидын эсрэг вакцин, бороонд нурсан зам, хотын түгжрэл,  Сүүнээ бүсгүй, бүдүүлэг цагдаа, хилээ нээ хаа гэхчлэн яриагүй юм байхгүй. Харин улс төр л ярьсангүй. Яриагүй ч гэж дээ, “дассан сурснаараа” ярих гэхээр учрыг нь олж чадахаа байсан буюу бие биенээ “ойлгохоо больсон” гэвэл арай зөв байх. “Ганц дуртай юм”-аа ярьж чадахаа больсон гэхээр манай ард түмэн оюун санааны хувьд үнэхээр доройтсон нь нотлогдоод байгаа юм. Өмнө нь манай монголчууд арай ч ийм мангуу байгаагүй санагдана. Яагаад ийм мангуу болов ?!
 
Монголд 30 жилийн турш хэрэгжиж, хэрэгжүүлж, ойлгож ойлгуулж ирсэн хоёр намт ардчилсан тогтолцоо нурж, түүний оронд ганц бүлгийн манлайллын төлөө өрсөлдсөн улс төрийн шинэ талбай бий болж байна. Төлөвших гэвэл арай дээр байх. Гэхдээ ганц бүлэгт манлайллын систем цаашдаа төлөвшиж тогтох уу, нуран унах уу гэдэг нь шийдэгдээгүй байна. Энэ нь хэн нэгний дур зоргоор шийдэж, шийдэгддэг асуудал биш л дээ…
 
Энэ үйл явцыг ард түмэн ойлгоогүй, харин эрх баригчид “сайн ойлгож” байгаа гэж үзвэл тун их эндүүрэл болно.   
Энэ хооронд төр засаг буюу МАН юу хийсэн бэ ? Сөрөг хүчин байхгүй, сөрөг хүчний болон ард түмний дуу хоолой, хяналт байхгүй үед хийх ёстой бүхнийг хийв. Үүнийг монголоор “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх” гэж нэрлэдэг. Одоо ганц бүлэгт манлайллыг ярих нь зөв гэж бодож байна. Энд МАН-ын тухай ярих нь мэдээж хэрэг…
 
 
МАН доторхи бүлгүүд, түүний шинж чанар
 
 
МАН-ын дотоод бүлэг, бүлэг хоорондын өрсөлдөөнийг залхтлаа ярьсан гэж ярих хүмүүс байгаа л байх. Гэвч МАН-ын бүлгүүд доторхи өрсөлдөөн, түүний механизм, хувирлыг мэдэх хүн цөөхөн. МАН-ынхан өөрсдөө ч ухаарахгүй байхад гаднын хүмүүс ойлгоно гэж байхгүй л дээ. Энэ нь дээр дурдсан улс төрийн шинэ талбар (поле), шинэ тоглогчид (актор) үүссэнтэй холбоотой. (Францын улс төр судлаач П.Бурдъе-г үз.)
МАН хэд хэдэн бүлэг, түүний өрсөлдөөн дээр тогтож ирсэн. Эдгээр бүлгээс МАН-ын даргын толгойлсон бүлэг голлох бүлэг болдог. МАН сонгуулийн өмнө болон сонгуульд ялсан тохиолдолд дээд зэргийн “эв нэгдэлтэй” ажилладаг. Энэ үед намын дарга Бурхан болно. МАН өөрийн дарга Н.Энхбаярыг “Үндэсний удирдагч”, “Хоёр дахь Чингис хаан”, “Ард түмний эцэг”, “Гималайн уул” хэмээн өргөмжилж, түүнийг 30 гаруй удаа “оны шилдэг тэргүүний хүн” болгож байсан нь энэ дүгнэлтийг эргэлзээгүй нотолно. 
 
МАН-ын даргын голлох бүлэг өөрийн эрх мэдэл болон нөлөөг өргөжүүлэхийг чармайх бөгөөд энэ нь бусад бүлгийн эрх ашгийг хөндөж, тэдний дургүйцлийг төрүүлдэг. Ингээд МАН дотор элдэв төрлийн жигүүр, хөдөлгөөн үүснэ, үүсгэнэ. Ардчиллын 30 жилд хамгийн олон жигүүр хөдөлгөөн МАН дотроос гарсан. Мөн МАН хамгийн олон буюу 5 шинэчлэл хийсэн. Одоо 6 дахь шинэчлэл нь…    
 
“Уламжлал шинэчлэл, ардчилал, шударга ёс” жигүүр, “Шинэ эргэлт” хөдөлгөөн, “Онц Их Хурлын төлөө” “Улаан сарнай” хөдөлгөөн, “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”,  “Шинэчилье” хөдөлгөөн, “Шинэ хүч” хө­дөл­гөөн, “МАН-ын Шинэчлэлийн хороо” гэхчлэн дурдаад баршгүй. Энэ бол бүрэн биш жагсаалт. Бүрэн жагсаалт бусад өгүүлэлд олон давтагдсан тул энэ удаад “залхуурав”. Хаа очиж АН-д тоогоо алдсан олон жигүүр, хөдөлгөөн үүсч байгаагүй юм.
 
Энэ нь МАН дотор тэмцэл өрсөлдөөн байнга болж ирснийг болон МАН-ын жигүүр хөдөлгөөнүүд хуурамч гэдгийг тодорхой харуулдаг. МАН доторхи жигүүр хөдөлгөөнүүд бол намын голлох бүлэг болохын төлөө өрсөлдөөний толь мөн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 30 жилд МАН дотор ямар ч шинэчлэл болоогүй гэж бат итгэлтэйгээр дүгнэж болно.
 
Тэгвэл МАН-ын хамгийн сүүлчийн шинэчлэл буюу У.Хүрэлсүхийн бүлэг М.Энхболдын “голлох” бүлгийг шахан зайлуулснаар МАН-ын шинэчлэл болсон гэж үзэж болох уу ? гэсэн зарчмын асуудал гарч ирнэ. Үгүй л дээ. У.Хүрэлсүхийн бүлэг ердөө л байраа сольж, голлох бүлэг л болсон гэж хариулах байна. Түүнчлэн У.Хүрэлсүхийн бүлэг голлох бүлэг болсноор МАН-ын бүх бүлэглэлүүд устсан буюу үйл ажиллагаагаа зогсоосон гэж үзэж болох уу ? гэсэн удаах асуулт гарна.
 
У.Хүрэлсүхийн зовлон
 
“Уламжлал ёс”-оор У.Хүрэлсүх өөрийн багийг бүрдүүлсэн. Яг ч өөрийн баг биш юмаа, бусад бүлгийн төлөөллийг ямар нэг хэмжээгээр оруулж, “тэнцвэр” хадгалахгүй бол өөрийнхөө уналтыг түргэсгэнэ. Ямар ч гэсэн “шинэ” боловсон хүчин давамгайлсан “холимог хуурга” Засгийн Газар бүрэлджээ. Одоо У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн илт давуу ялалтыг ашиглан өөрийн бүлгийг МАН доторхи голлох бүлэг болгох гэж бүх чадлаараа зүтгэж байна. Энэ бол МАН-д байдаг л нэг жирийн үзэгдэл юм.
Ингэлээ гээд МАН дотор олон жил оршиж ирсэн бусад бүлэглэлүүд устаж алга болсон гэсэн хэрэг огт биш. Яг одоо МАН-д ялалтын дараа даргаа тойрон хүрээлэх, шүтэх үйл явц ид явагдаж байна. Одоохондоо намын гаднах сөрөг хүчин байхгүй, намын дотоод дахь бүлгүүд байхгүй, гав ганцаараа даналзаж байна.
 
Онолын хувьд ч, практикийн хувьд ч ийм байдал удаан үргэлжлэх бололцоогүй. Эсвэл төвлөрөл захиргаадалт ноёлсон ганц бүлгийн дангаар дарангуйлалд шилжинэ, эсвэл ганц бүлгийн дангаар дарангуйлал нуран унана. Ийнхүү Монгол Улс ганц бүлгийн дагнасан дарангуйлалд шилжих үү, эсвэл олон бүлгийн ардчилсан өрсөлдөөн рүү шилжих үү гэдэг торгон зааг дээр тулж ирэв. Болж буй үйл явцаас ажиглахад ганц бүлгийн дарангуйлал руу тэмүүлэх хандлага нь илт давуу болов.                   
 
Хэвлэл мэдээллийг хаан боомилж байгаа, интернетийг цензурдэж шүүмжлэлт мэдээллийг системтэйгээр устгаж байгаа, жагсаал цуглааныг хааж хориглож байгаа, иргэдтэй харьцаж байгаа хандлага зэргээс үүнийг хялбархан нотолж болно. Сүүлдээ бүр төр засгийн өндөр албан тушаалтны зүгээс иргэдийг сүрдүүлэх явдал хэд хэдэн удаан гарав. “Бяр нь амтагдаад” байгаа нь илт. Үгүй л дээ, ард түмэндээ бяр сүрээ үзүүлсэн төр засаг удаан тогтож байсан тохиолдол түүхэнд байхгүй.
Үүнийг У.Хүрэлсүх бусдаасаа илүү дарангуйлагч болохоороо ингэж байна гэж дүгнэж хараахан болохгүй. Цаанаасаа өгөгдсөн боломж нь энэ, эрх мэдэлдээ тэсэн тогтох цорын ганц арга нь энэ.
Өөрөөр хэлбэл Монголд тогтсон улс төрийн гаж систем “төрийн монопольт капитализм” руу шилжиж байна. Одоогийн эрх баригчид “30 гэр бүлийн” тоонд орж, нэрлүүлэхээсээ санаа зовж, ичдэг гэж гэж Та нар бодож байна уу ? Үгүй шүү, харин тэд үүгээрээ ихэд бахархдаг ба 30 гэр бүлийн тоонд орохын төлөө өрсөлддөг юм.
 
Шинэ Үндсэн Хуулийг чухамхүү 30 гэр бүлийн үүрдийн ноёрхлыг хангах гэж хийсэн гэдгийг би монгол судлаачийн хувьд баттай хэлж чадна.
 
Би болон монголчууд 30 гэр бүлийг бүрмөсөн устгах гээд байгаа юм биш. Гагцхүү монголуудыг туйлдтал нь шулан мөлждөг, ямар ч хараа хяналтгүй, ханаж цадахаа мэдэхгүй идэж уудаг, үндэстний эрх ашгийг уландаа гишгэдэг дур зоргийн араншинг нь хязгаарлах гэж зүтгээд байгаа юм.
 
 
Гурвалсан холбооны түүхээс        
 
Сүүлийн үед Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын гурвалсан холбооны тухай сайн муугаар их ярих болов. Дэлхийн түүхэнд улс төрийн гурвалсан холбоо амжилттай болж байсан тохиолдол ганц ч байхгүй. Улс төрд гурвалсан холбоог “триумвират” гэж нэрлэдэг ба “гурван эрийн холбоо” гэсэн үгнээс гаралтай.
Анхны триумвиратыг Римийн эзэнт гүрэнд НТӨ 60 онд агуу суут Гай Юлий Цезарь, Гней Помпей, Марк Красс гурав байгуулж, Римийн ардчиллын төлөө тэмцжээ. Энэ үед агуу Цицерон: “Энэ чинь бүтэхгүй ээ. Эхлээд нэг нь алга болж, хоёр нь үлддэнэ. Дараа нь нэг нь алга болж ганц дарангуйлагч л үлддэг юм” гэж ёрлон хэлж байжээ. Энэ ёсоор болж эхлээд хоёр нь нийлж байгаад Крассыг зайлуулав. Дараа нь Юлий Цезарь агуу жанжин Помпейг устгав. Ганцаараа дарангуйлагч болон үлдсэн Юлий Цезарыг “хамтрагчид” нь 23 удаа хутгалж алсан юм. Үүнийг 1 дүгээр триумвират гэж нэрлэдэг.
Үүнээс римчүүд сургамж авсангүй. Асар удалгүй НТӨ Гай Октавиан, Марк Антоний, Марк Эмилий Лепид гурав  НТӨ 43 онд ахин триумвират байгуулав. Лепид нь хөөгдөж, Антоний нь Октавинтай тулалдаж ялагдаад дараа жил нь амиа хорложээ. Үүнийг 2 дугаар тримвират гэдэг.
Дараа нь Францын агуу их хувьсгал залгав. Энэ бол 1789 оны хавьцаа үе юм. Агуу их хувьсгалч Робеспьер, Сен Жюст, Кутон нар Римийн түүхийг үл харгалзан триумвират байгуулав. Бүгдээрээ өөрсдийн нэрлэсэн Хувьсгалын талбай дээрээ гильотинд толгойгоо авахуулав.    
Үүний дараа Наполеон Бонапарт, Сиейес, Роже-Дюко гурав хашрахгүй ахиад л тримвиурат байгуулав. Сиейес нь Францаас хөөгдөв. Роже-Дюко мөн адил Францаас хөөгдөв. Ганцаараа үлдсэн Наполеон юу болсныг бүгд мэдэх хойно юуг нь ярихав.
Энэ чинь аль дивангалавын явдал байна гэж орилох гэж байна уу ? Тэгвэл саяхны жишээ авъя:
Октябрийн хувьсгалыг Ленин ганцаараа хийсэн гэж олон хүн эндүү боддог ч түүнийг Ленин -Троцкий – Свердлов нарын триумвиурат хийсэн. Цаашаагаа бол Зиновьев- Каменев-Сталин нарын, Маленков – Хрущев – Булганин нарын, Брежнев – Косыгын – Подгорный нарын триумвират өрсөлдөн тэмцэлдэж байлаа.
 
Манайд триумвират байгаагүй гэж орилох гэж байна уу ? Үгүй шүү. Эхлээд Сүхбаатар – Бодоо – Данзан нарын, дараа нь Чойбалсан – Лосол – Дэмид нарын триумвират байсан юм шүү. 
 
Эхлээд хоёр нь үлдэж, дараа нь нэг нь дарангуйлагч болон үлддэг гэдгийг дэлхийн түүхийн жишээнээс хангалттай нотолсон гэж бодож байна.     
 
Нөхцөл байдал хүндэрсээр
 
Мэдээж маш олон хүчин зүйл үйлчилж байгаа боловч эдийн засгийн уналт агшилт болон олон түмний дургүйцэл хоёр голлох нөлөөтэй гэж үзэж болно.    
Яахав дэлхийн эдийн засаг бүхэлдээ саатал, уналтад орсон гэж тайлбарлаж болно. Энэ ч үнэхээр үндэстэй. Гэхдээ манай төр засгийн буруу ажлаас болсон тэнэглэл хүндрэл, алдаа түүнээс дутахгүй нөлөөлж байна.
Засгийн Газар, ялангуяа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “гадаад өр дарсан” гэж худлаа ярьж байсан боловч энэ нь олон улсын байгууллагуудын дүгнэлт, олон улсын статистик мэдээллээс оргүй худал болох нь нотлогдож байна. Гадаад өр зээл толгойтой үснээс их болж, үүнийг худал мэдээлэх аргаар залилах боломж хаагдав. Гадаад өрийн зээлийн хүүг түр хойшлуулж, нэмж өр тавих замаар Монгол Улсын өрийг асар их нэмсэн нь тодорхой байна. Дөнгөж саяхан Монголын өр ДНБ-ний 77 хувьд хүрсэн гэх олон улсын байгууллагын маш ноцтой мэдээллийг хэдхэн минутад сүлжээнээс устгаж амжиж байна. Мэдээлллийн зуунд ийм тэнэг аргаар бузар булайгаа нууж чадна гэж эрх баригчид бодож байвал тун их эндүүрч байна.
Би “үй түмэн” тоо баримтаар эдийн засгийн доройтол, өр шир, бульхай луйврыг баталж чадах боловч олон тоо хэлмээргүй байна. Яагаад гэвэл монголчууд 3-аас илүү тоо цээжилдэггүйг би сайн мэднэ. Иймээс зүгээр л эдийн засаг сүйрч байна, идэж уух явдал улам гаарч байна гээд л тогтоочихсон нь амар…
 
У.Хүрэлсүхэд дургүйцэх эхний алхам Засгийн Газрын албан тушаалыг хуваарилахаас эхэлсэн. Гомдсон хүн “үй түм”. Одоохондоо үүнийгээ ил гаргахгүй байгаа боловч шүд зуун заналхийлсэн баагийнууд багширалдаж байна.
 
Өрсөлдөөн тэмцэл хурцадсаар
 
Гэтэл орон нутгийн сонгууль хаяанд ирэв. Нийгмийн баялгаас хүртэх хийгээд эрх мэдэлд хүрэх сүүлчийн боломж. Ингээд байлдаан дахин сэргэх нь тэр. “Санал нэгтэйгээр” ковидын хөл хориог сунгав. Одоо орон нутгийн сонгууль өнгөртөл хөл хориог цуцална гэж гонжийн жоо. УИХ-ын сонгуулиар хөл хорионы “ач тусыг” мэдэж, асар их мөнгө хэмнэхийн хамт ялалт байгуулсан улс чинь юу боллоо гэж хөл хорио цуцлахийм ?!
 
МАН УИХ-ын сонгуулийн үеэр сүлжээгээ нэгдмэл байдлаар ажиллуулж болж байсан бол одоо намын нэгдсэн сүлжээ хэд хэд хуваагдан далдуур дайтаж эхлэв. Энэ тухай мэдээллийг ихэд нууцалж байгаа боловч үүнийг далдлах ямар ч арга байхгүй.
 
Одоо У.Хүрэлсүх намаа “сахилгажуулах” гэж бүх хүчээрээ оролдож байна. Гэвч МАН УИХ-ын сонгуулийн өмнө “сахилгаждаг” болохоос орон нутгийн сонгуулиар “номондоо ордог” үе хэдийн өнгөрчээ. Хамгийн том тулалдаан Улаанбаатарын төлөө болж байна. Улаанбаатарыг алдвал намын мэдэл хийгээд түүний сүлжээний талаас илүүг алдана гэсэн хэрэг. Дүүргийн байлдаан бол ярих ч юм биш. Одоохондоо эмгэнэлтэй бөгөөд инээдэмтэй олон жишээг ярихаас түдгэлзэж байна. Яаж ч тэр олон онигоог зэрэг ярих билээ. Гэвч энэ талаар тун удахгүй бичнэ…
Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль шууд залгана. Энэ үеэр зарчмын цоо шинэ асуудал гарцаагүй дэвшин гарч ирнэ. Энэ нь хэнийг Ерөнхийлөгч болгох вэ ? гэсэн улигт асуудал биш, харин ганц бүлгийн дарангуйлал руу явах уу, олон намт ардчилсан тогтолцоо руу явах уу гэдгийг шийдэх зарчмын сонголт байх болно.
Би: “Системийн аль нэг элемент системтэйгээ тэнцүү буюу илүү гарах боломжгүй” гэх системийн онолын аксиомыг олон удаа улиглаж байгаа. Олон хүн “хоосон онол” гэж бодоод байх шиг. Гэвч энэ бол онол биш л дээ, системийн түгээмэл зүй тогтол байгаа юм.
 
Иймээс нийгмийн идэвхитэй иргэн бүрийн өмнө нэг бүлгийн дарангуйлал уу, олон намт тогтолцоо юу гэсэн сонголт тулгарч байна. Жинхэнэ улс төр гэвэл энэ л байна…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?