sonin.mn
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 15-нд болж, Монгол Улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд иргэдийг төлөөлөх төлөөлөгчид сонгогдоно. Энэ жилийн НИТХ-ын сонгуульд зургаан нам, эвсэл, хоёр бие даан нэр дэвшигч өрсөлдөх юм.
Энэхүү хоёр бие даан нэр дэвшигчдийн нэг хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ НИТХ-ын 15-р тойрог буюу Сүхбаатар дүүргийн 11-20 дугаар хороонд  нэр дэвших үнэмлэхээ өнөөдөр гардан авлаа. Д.Мөнх-Эрдэнийн хувьд 2016-2019 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөхөөр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын 129 байршилд явган хүний болон авто зам хаасан, орц гарц, хаалт, хашаа, бусад төрлийн объектыг чөлөөлөх ажлыг иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж, удирдаж байснаас гадна хууль бус газар олголттой тэмцэж байснаар нь Нийслэлийн иргэд түүнийг сайн мэднэ. 
 
 
Д.Мөнх-Эрдэнэ: “Би хотын захиргаанд ажиллаж байсан хүний хувьд нийслэлд юу нь болж байна, юу болохгүй байна гэдгийг мэднэ. Тэр тусмаа миний нэр дэвшиж байгаа Сүхбаатар дүүргийн хойд 10 хороо буюу 11-20 хороонд ямар ажил хийх шаардлагатайг сайн мэдэж байна.
 
 
 
Тоглоомын талбай, гэрэлтүүлэг, газар өмчлөлийн асуудал, худаг ус, автомашины болон явган хүний зам, намаг, дэд бүтэц, ажилгүйдэл, ажлын байр гээд шийдвэрлэх ёстой асуудал олон. Гэхдээ аль ч утгаар нь үзсэн нийслэл хотын хөгжлийн ирээдүй, түлхүүр бол гэр хороолол юм. Хотын түгжрэлийг бууруулах, иргэдийн ажиллах, амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалт хийх, эдийн засгийг тэлэх, бизнес эрхлэх, ажлын байр ихээр бий болгоход шаардлагатай газар, хүмүүс, зах зээл тэнд байна.  
 
 
 
Нийслэлийн төсвийн орлого 1,2 их наяд төгрөг. Үүнээс 760 гаруй тэрбум төгрөг нь нийслэлийн оршин суугч иргэдийн буюу Та бидний төлсөн хувь хүний орлогын албан татвар. Энэ бол бага мөнгө биш. Улс, нийслэл, дүүргийн төсөв нийлээд 730 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил нийслэлийн хэмжээнд хийдэг. Үүнийг үр ашигтай зөв зүйлд зарцуулах ёстой. Зайлшгүй хэрэгцээтэй бус зүйлд буюу дарга нарын албан өрөөг тохижуулах, тавилга худалдаж авах, гадаад айлчлалд зарцуулдаг мөнгийг танах, царцаах хэрэгтэй байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийн төлөөллийн байгууллага тул оршин суугч, иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд бүх хүн хүч, хөрөнгө, ажлаа  чиглүүлэх учиртай” гэж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэрээ хэлсэн юм.