ЛОНДОН. /BBC/. Цагаан ордны ажилтнуудыг томилсны дараа Жо Байден гадаад бодлогын багаа бүрдүүлж эхэллээ. Төрийн нарийн бичгийн даргын гол албан тушаалд тэрбээр Энтони Блинкенийг нэр дэвшүүлжээ. Барак Обамагийн үед Блинкен АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд Байденыг сүүлийн хорин жилийн хугацаанд хамгийн сайн мэдэх хүн юм. Түүнийг нэр дэвшүүлж байгаагаа Байден даваа гаргийн орой албан ёсоор зарлаж, гол албан тушаалуудад томилох бусад хэд хэдэн хүнийг нэрлэжээ.
Тухайлбал, Жейк Салливан Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албыг хаших бол Линда Томас-Гринфилд НҮБ дахь АНУ-ын төлөөлөгчөөр ажиллана. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэднийг албан ёсоор зарлахаас нэлээд өмнө нэрлэж байсан юм. 
 
 
 
Дотоод аюулгүй байдлын агентлагийн тэргүүний албан тушаалд өмнө нь тус байгууллагын дарга нарын нэг байсан өдгөө 60 настай, Куба гаралтай Алехандро Майоркасыг нэр дэвшүүлжээ. Тэрбээр энэ албан тушаалд томилогдсон анхны латин америк хүн болох юм. Өмнө нь АНУ-ын Тагнуулын төв газрын анхны эмэгтэй орлогч дарга болж байсан Эврил Хейнс үндэсний тагнуулын газрын дарга болно. Тэрбээр 17 байгууллагаас бүрддэг Америкийн тагнуулын газрыг удирдаж, тус улсын тагнуулын хөтөлбөрийг хариуцна.
 
 
 
Байдены Засгийн газрын Сангийн сайдаар анх удаа эмэгтэй хүн томилогдоно гэж “Washington Post” сонинд түүнтэй ойр гурван эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Сангийн яамыг Обамагийн үед Холбооны улсын нөөцийн системийн даргын албыг хашиж байсан Жанет Йеллен тэргүүлнэ.
АНУ-д бага үүрэг хариуцлага хүлээлгэхийг илүүд үздэг Доналд Трампаас ялгаатай нь Жо Байден НАТО, ДЭМБ зэрэг олон улсын эвслүүдтэй хамтран ажиллахыг дэмжигч гэдгээрээ алдартай юм.
“Washington Post” сонинд бичиж буйгаар, АНУ-ын шинэ Ерөнхийлөгч гадаад бодлогынхоо багийг засаг захиргааныхаа тулгуур багана болгохоор төлөвлөж байна.
 
 
 
Энтони Блинкен
 
“Washington Post” сонин өдгөө 58 настай Блинкенийг Жо Байдены хамгийн ойрын бөгөөд, хамгийн удаан хамт ажилласан зөвлөхүүдийн нэгээр нэрлэж байна. Тэрбээр Байдены сонгуулийн штабт олон улсын асуудлыг хариуцан ажиллажээ. 2002-2008 онд Байдены даргалж байсан Сенатын танхимын олон улсын асуудал эрхэлсэн хорооний дарга байсан байна.
Байданыг дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа зөвлөх нь болжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Иракийн асуудлаар маш их зүйлийг хийжээ. 2013 онд өгсөн ярилцлагадаа Байден түүнийг супер од гэж нэрлэж байв.2015-2017 онд Блинкен Хиллари Клинтоны орлогчоор ажиллаж, Ойрхи Дорнодын асуудал болон “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажлыг хариуцаж байжээ.
 
 
 
Дональд Трампыг Ерөнхийлөгч байх хугацаанд Батлан хамгаалахын сайдын улс төрийн асуудал хариуцсан орлогч Мишель Флурнойтой хамтран байгуулсан геополитикийн эрсдэлийн үнэлгээний зөвлөх компанийг удирдаж байсан байна.
 
 
 
Энтони Блинкен бол Нью-Йоркийн удам дамжсан дипломатчдын гэр бүлээс гаралтай. Түүний эцэг Унгарт, авга ах нь Бельгид Элчин сайдаар ажиллаж байжээ. Блинкен хүүхэд насаа Парис хотод өнгөрүүлсөн бөгөөд ээж нь франц хэлээр чөлөөтэй ярьдаг америк оюутнууд, уран бүтээлчдийн төвийг удирдаж байжээ. Блинкений хойд эцэг нь Холокостоос амьд үлдсэн еврей гаралтай, Польшийн хуульч, зохиолч Самуэл Пизар юм.
Блинкенийг маш сайн мэддэг хүмүүс түүнийг хүний ​​эрхийг хамгаалахын ач холбогдолд үнэхээр итгэдэг гэж ярьцгаадаг, мөн удирдагчдынх нь бодлогыг үл харгалзан Израилын аюулгүй байдлыг хангах ёстой гэж үздэг. “Guardian” сонинд бичсэнээр, эдгээр итгэл үнэмшил нь гэр бүлийнх нь туулсан амьдралтай олон талаар холбоотой байна.
Залуу насандаа Холливудын продюсер болохыг мөрөөддөг байсан Энтони Блинкен Харвард, Колумбийн их сургуулиудад хууль зүй, сэтгүүл зүйн чиглэлээр суралцжээ. 1990-ээд оны үед Билл Клинтонд зориулж илтгэл бичиж байжээ. Түүний эхнэр АНУ-ын Нууц албаны дарга асны ач охин бөгөөд тухайн үед тэргүүн хатагтай Хиллари Клинтоны хувийн туслахаар ажиллаж байсан байна.
Блинкен АНУ-ын орчин үеийн түүхэн дэх бага насны хүүхдүүдтэй анхны төрийн нарийн бичгийн дарга болох юм.
“Wall Street Journal” сонинд мэдээлснээр, тэрбээр коронавирустэй тэмцэх олон улсын кампанит ажлыг эн тэргүүний зорилт болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ ажилд АНУ-ыг тэргүүлэх үүрэг гүйцэтгүүлэхийг хүсэж байгаа аж.
Блинкен идэвхтэй гадаад бодлогын өмөг түшиг гэдгээрээ алдартай юм. 2011 онд тэрбээр Ливид явуулж буй НАТО-гийн ажиллагааг дэмжиж, Байдентай цор ганц удаа олон нийтийн өмнө санал зөрөлдөж байжээ. Хоёр жилийн дараа Сирийн хэрэгт Өрнөдийн орнууд хөндлөнгөөс оролцохыг дэмжсэн юм.
Харин одоо тэрбээр Америкийн цэргүүдийг Афганистан, Иракаас яаравчлан гаргах нь зохистой гэдэгт эргэлзэж байна гэж “Wall Street Journal” сонинд бичсэн байна. “Хэрэв та тоглоомоос гадуур байвал танд асуудал үүснэ. Хэрэв та үйл явдалд дотроос нь нөлөөлж чадахгүй бол таныг хэн ч тоомсорлохгүй” гэж тэрбээр одоогийн сонгуулийн өмнөхөн сэтгүүлчдэд мэдэгдэж байжээ.
Блинкен мөн энэ ярилцлагадаа Хятад улс иргэддээ тавьж буй хяналтыг чангатгахын тулд орчин үеийн технологийг ашиглаж байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, ертөнц техно-ардчилал ба техно-автократ гэж хуваагддаг гэж Жо Байден үздэг.“Тайваньтай эдийн засгийн хэлхээ холбоогоо бэхжүүлэх нь манай ардчилсан нийтлэг үнэт зүйлс, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх хамтын зүтгэлтэй нийцэж байна" гэж Блинкен саяхан твиттер хуудсандаа бичжээ. Тайваньтай харилцаагаа хөгжүүлэхээс өөр Бээжинг бухимдуулдаг зүйл улс орнуудын гадаад бодлогод байдаггүй билээ.
Блинкен Төв Америкаас хууль бусаар цагаачлахыг бууруулах хамгийн сайн арга бол эдгээр улсуудын хөгжлийг дэмжих явдал юм гэж мэдэгдэж байв.
Бүх ардчилсан тогтолцооны нэгэн адил тэрбээр ОХУ-ыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж шүүмжилж байсан боловч саяхан өгсөн ярилцлагадаа “START III” гэрээг сунгахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Баруунаас нүүр буруулж буй Орос улс Хятадаас улам их хамааралтай болж байгааг Владимир Путин мэдэж байгаа бөгөөд энэ нь Москватай харилцаагаа сайжруулах түлхүүр байж болох юм гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлж байв.
“Уур амьсгалын өөрчлөлт, цар тахал эсвэл аюултай зэвсэг дэлгэрүүлэх гэх зэрэг томоохон асуудлаар дангаар шийдвэр гаргаж болохгүй. АНУ шиг хүчирхэг гүрэн ч ийм асуудлуудыг дангаараа даван туулж чадахгүй" гэж тэрбээр Гудзоны хүрээлэнд илтгэл тавихдаа мэдэгджээ.
 
 
 
Блинкений дуртай сэдэв бол Америкийн ёс суртахууны манлайлал юм. "Хямрал, үймээн самуунтай үед дэлхий нийт хамгийн түрүүнд АНУ руу хардаг. Бид үргэлж зөв байдаг эсвэл хүн бүр бидэнд хайртай байдаг, эс бөгөөс бид хэлж чаддаг болохоор биш, харин өөрсдийн үйлдлийг өөрсдийн зарчимтай нийцүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг болохоор тэр юм" гэж тэрбээр 2015 онд хэлжээ.
 
 
 
“New York Times” сонин Блинкенийг дөрвөн жилийн туршид Трампын хийсэн урьдчилан таамаглах аргагүй мэдэгдэл, үйлдлүүдийн дараа өөрийн дор ажиллах албан тушаалтнуудыг төдийгүй гадаадын түншүүдээ тайвшруулж чадах тэсвэр тэвчээртэй, гүдэсхэн хүн гэж нэрлэж байна. 
Байден, Блинкен нар АНУ-ыг Парисын уур амьсгалын гэрээ, ДЭМБ мөн Ираны цөмийн хэлэлцээрт буцаан оруулах эхний алхмуудын талаар нэлээд удаан ярилцаж амжсан гэж “Washington Post” сонины эх сурвалжууд мэдээлжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг