sonin.mn

Уул уурхай тойрсон тулгамдсан асуудлыг хөнддөг цувралын энэ удаагийн дугаарт сэтгүүлч Б.Бүрэнжаргалын Дорноговь аймагт хийсэн сурвалжлагаас нийтэлж байна.

Дохио өгвөл ухасхийн уралдахад бэлэн мэт эгнүүлэн зогсоосон хүнд даацын цоо шинэ машинуудыг хараад дуу алдахгүй байхын аргагүй. Ямартаа л гучаад машинтай нэг эгнээг дурандаа багтаан зургийг нь авахад хүнд даацын аварга машинууд хүүхдийн тоглоом шиг жижигхэн харагдаж байхав.

Ийнхүү ноён хутагг Данзанравжаагийн төрсөн нутаг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт байрлах "Айл баян"-гийн уурхайгаас Хятад улс руу нүүрс зөөхөөр ачаагаа хүлээн зогсох зуун тоннын, 100-н том машиныг хараад өөрийн эрхгүй "Замаа барилгүй нүүрсээ зөөж тоос, шороо гэгч өлөн тахлаар хүн, мал, ургамал, амьтан гээд амьтай болгоноо талхлуулсан Таван толгойн гамшгийг давтах нь дээ" гэсэн айдас төрснөө нуух юун.

Аймгийн төвөөс 180 км, Ханги мандалын хилийн боомтоос 160 км зайтай, металлургын үйлдвэрт ашиглах боломжтой сайн чанарын 14 сая тонн нүүрсний нөөц бүхий Айл баянгийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, толгой компани "Коэл"-ийн захирал нь түүний дүү Б.Балдорж гэнэ.

Харин энэ сарын долоонд Дорноговь аймгийн засаг даргын захирамжаар баталсан удирдамжийн дагуу тус уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, цалин, нийгмийн даатгал, гадаадын иргэд, байгаль орчин, зам, тээвэр, тэсэлгээ, техник хэрэгслэлийн аюулгүй ажиллагаа зэргийг шалгаж очсон ажлын хэсгийнхэнд "Коэл" компанийн оператор "Билэгт говь" ХХК-ийн захирал Н.Наранбаатар уурхайгаа танилцууллаа.

Тэрээр "Бид 2011 оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлж 60,0 сая ам.долларын хөрөнгийг уурхайн хөрс хуулалт, зам засвар, барилга байгууламж, цалин хангамжид оруулж 300-аад ажилтантай ажиллаж байна. Ордын батлагдсан неөц 14,0 сая тонн. Жилдээ 1,5-2 сая тонныг олборлох юм бол 7-10 жил ажиллах ерөнхий төлөвлөгөөтэй.

Сэндвичээр ажилчдын болон офиссын байр барьж байгаа. Завсарын газар, шатахууны станц, 150 тоннын пүү, объект бүрт уурын зуух, ус шахах 250-400 кВт-ын дизель станц барьж, боомт хүртэл 160 км сайжруулсан шороон зам тавьсан. Өнгөрсөн оны 12 дугаар сард олборлосон 31 мянган тонн нүүрсийг Ханги руу ачуулсан. 2012 онд 1,2 сая тонн нүүрс олборлож, 24 тэрбум төгрөгийн татвар төлнө. Дөрөвдүгээр сараас нүүрсээ олборлож эхэлнэ" хэмээн бүтээн байгуулалтаа танилцуулсан.

Дорноговь аймгийн Тээвэр, авто замын газрын дарга А.Баяраа "Хатуу хучилттай замгүй бол нүүрс тээвэрлэх боломжгүй. Эрдэс баялгийн сайдын 285 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2009 оны захирамж байгаа. Танай компани замаа сайжруулж байна гээд дагтаршсан хөрсийг нь хусаад, шаардлага хангахгүй шороо асгачихсан. Улам их шороо, тоос босно. Энэ ажлаа "түр зогсоо, ирж уулз" гэхэд уулзаагүй шүү дээ" хэмээн хэлж байлаа.

Харин Наранбаатар захирал "Манай компани зөвхөн уурхайгаа л хариуцна. Нүүрсний тээврийг "Айл баг" компани гүйцэтгэнэ. Аль хэдийнэ 60 сая долларын хөрөнгө оруулалт хийчихсэн. Уурхайн техник хэрэгслэл авахад зориулж ХХБ-аас 15,0 сая долларын зээл аваад байна. Нэг км замыг нэг тэрбум төгрөг буюу сая доллараар тавина.

Ингэхээр зам тавихад 160 сая доллар хэрэгтэй. Тийм боломж манай "Коэл" компанид байхгүй. Зам шаардлага хангахгүй байгааг мэднэ. Муу хайргаар хийсэн. Нарийн, эргэлт ихтэй, машин эвдрэхэд зогсоол байхгүй. Тоос боссон нөхцөлд машин мөргөлдөх магадлалтай байгаа. Манай хөрөнгө оруулалтаар зам барьсан "Дардан зам" компанийнхантай бид нэг ч уулзаагүй байгаа" гэсэн тайлбарыг өгч байлаа.

Уурхайн хөрс хуулалтын ажлаа газар дээр нь танилцуулсан Наранбаатар захирлаас "Нүүрсээ олборлосон ч зөөвөрлөх боломжгүй юм биш үү?" хэмээн лавлахад "Үйлдвэрлэлийн зориулалттай хоёр цистернтэй. Замаа услаад нүүрсээ зөөнө. Бид анхнаасаа л сайжруулсан шороон замаар нүүрсээ зөөнө гэж тооцсон. Өөр арга байхгүй, хатуу хучилттай зам барьхад наад зах нь хоёржил болно. Сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийг би олж үзээгүй" гэж хариулсан.

Харин "Коэл" компанийн төлөөлөгч, уурхай дээрээ хуваарийн дагуу ирээд байсан М.Раднаасамбуу дээрхи асуудалд  "Бид дотоод асуудалд оролцдоггүй. Шатахуунаар л хангадаг. 2014 оны II улирал хүртэл орон нутгийн чанартай хатуу хучилттай 60 км зам барих гэрээ хийсэн гэсэн. Зам тавиагүй нөхцөлд нүүрс зөөхгүй гэсэн чухам юу байгааг би мэдэхгүй. Таван толгойд зам тавиагүй гээд тээврийг зогсоогоод эргээд нээгээд л байгаа шүү дээ. Тэр маягаар л явах болов уу гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Ёстой л "Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг" гэгчийг эндээс харж болохоор байгаа биз. Ийнхүү "Экспортын чиг баримжаатай Монгол улсаа хөгжүүлнэ" хэмээн тунхагласан төр засаг нь "замаа барьчихаад баялгаа зөөгөөд бай" гэсэн шийдвэрийг цаасан дээр гаргасан хэдий ч амьдрал дээр хэрэгжихгүй байна. Эцэст нь байгаль экологи сүйдэж нутгийн иргэд ус, ундгүй, ухсан хар нүх сахиад л үлдэх вий дээ.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг Улаанбаатарт ажиллах үеэр нь уулзаж асуудлыг тодруулахад "Зөвхөн Айлбаян ч биш, хоёр жилийн өмнө аймгийн нутагт байгалийн хөрсөн дээгүүр хүнд даацын машинаар байнгын тээвэрлэлт хийхийг хориглосон шийдвэрээ гаргасан. Тийм ч учраас бид "шалга, хяна" гэдэг үүргийг мэргэжлийн байгууллагууддаа өгсөн. Сайжруулсан зам нь болохгүй байгаа бол манай мэргэжлийн байгууллагууд зевшөөрөхгүй байх ёстой.  Бид ямар ч байсан нутгаа Өмнөговь шиг болгохгүйн төлөө ажиллаж байгаа" хэмээн аймгийнхаа мэргэжлийн байгууллагуудцаа итгэл хүлээлгэснээ илэрхийлсэн.

"Айлбаян"-гийн уурхайн нүүрсийг зөөх замын тухайд ийм байдалтай байна. Харин нүүрс тээврийн таван компани саналаа ирүүлсэн, гэтэл дээрх 100 машиныг өмчлөгч "Айл баг" ХХК-ийн нэр тэр дунд байхгүй, квотоосоо илүү гадаад ажилтан ажиллуулж байгаа, хууль дүрмийн дагуу хураамжаа төлсөн гэж амаар хэлэхээс үзүүлэх баримт байхгүй, урьдчилж удирдамжаа хүргүүлээд 200 км газар гурван машинтай 10 гаруй хүн ирж байхад "нягтлан тайлангаа аваад явсан" гээд үзүүлэх баримтгүй сууж байсан, харуул хамгаалалтынхан нь үнэмлэх зөвшөөрөлгүй, ажилчдыг хэд хэдээр нь халсан ч тушаал нь байхгүй, байхгүй болгоныгоо хотод байгаа төв офисс руугаа чихсэн гэх мэт асуудал бишгүй л байна.

Гэхдээ асуудал бол ажил явахгүй гэсэн үг биш. Энэ болгоноо засаж залруулаад явах нь тухайн компани, нутаг орон, байгаль экологитоо хэрэгтэй гэдгийг шалгасан, шалгуулсан талууд хүлээн зөвшөөрч байгаа нь ололт.

Удахгүй Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барихаар ярьж байгаа. Тэнд гангын үйлдвэр барина. Нүүрсээ 400 км зайтай Тавантолгойгоос зөөнө гэж төлөвлөж буй. Гэтэл 200 км-т байгаа "Айлбаян"-гийн чанартай нүүрсийг урагш нь зөөх гэж байна. Энэ уурхайг арваад жил ашиглана гэж байгаа ч "Айл баянгийн 14.0 сая тонн нүүрсийг зуу биш 300 машин хоёр жилийн дотор зөөх гэж байна. Хурдын Чойжилсүрэнгийн компани Тавантолгойд нүүрс тээвэрлэж байгаа шүү дээ" хэмээн албаны хүн ярьж байлаа.

Ийнхүү Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Төмөрхуягаар ахлуулсан мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, тээвэр авто зам, цагдаа, хөдөлмөр халамж үйлчилгээ, аймгийн ҮЭ-ийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөгч бүхий ажлын хэсгийнхнийг уурхайгаас буцахад "ажлаасаа үндэслэлгүй халагдсан" гэх гурван залуу 70 км зайтай Хөвсгөл сумаас зорьж ирэн уурхайн хашааны гадаа уулзсан юм.

Тэд ажлын хэсгийнхэнтэй уулзахаар хашааны гадаа хоёр цаг хүлээжээ. Гурван сарын эхээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт нарыг уурхайчидтай уулзаад явсан орой нь Балдорж захирал "томчуудад илүү, дутуу юм ярилаа" гээд дөрвөн хүнийг ажлаас нь халсны гурав нь юм байна. Уул уурхай эрхэлж буй компанийн удирдлага эхнээсээ ил тод, хууль дүрмээ биелүүлж ажиллавал уугуул иргэд нь ухсан нүх сахиад үлдэхгүй нь дамжиггүй.

Эх сурвалж: "Хөдөлмөр"