Шүүхийн тухай хуулийг үтэр түргэн батлуулах санаархал далд сонирхол УИХ-д олонх болсон МАН-ын үл бүтэх нөхдөд их байгаа нь сүүлийн үед ажиглагдах боллоо. Хамгийн хуудуутай бас маапаантайгаар хуралдсаны тод жишээ бол 2020 оны нэгдүгээр сарын 5, 6-нд шилжих шөнийн 03:00 цаг хүртэл тасралтгүй 17-18 цаг хуралдаж, Хууль зүйн байнгын хороо парламентын түүхэнд шинэ хуудас нээчихсэн мэт сошиалаар хэсэг даналзацгаав. Хэзээ байтлаа ХЗБХ-ны гишүүд хууль батлуулахын төлөө ингэж “өдөр алдаж шөнө” гэгчээр цаг наргүй хуралдаж бас үхэн хатан нойр хоолоо умартаж байлаа даа. Маш их гайхав. Бас нэлээд их эргэлзээ төрөв. Шөнө дөл болтол хуралдсан гэх энэ мэдээлэл нь УИХ-ын гишүүдийн амбиц ямар их байгааг харуулаад зогсохгүй Шүүхийн тухай хуульд хандаж буй ханддага, гаргаж буй авир араншин, попорч буй сошиал сэвэлт зэргээс их тодорхой харагдав. Улстөрчдөд бас ямар, хэмжээний мэргэжлийн ёс зүй, этик байгааг харуулсан үйл явдлууд ар араасаа цуварсаар байна. Олон нийт чих тавин хүлээсээр өчигдөртэй золгов. Учир нь, өчигдөр буюу энэ сарын 6-нд 21:30 минутаас МҮОНРТВ-ийн эфирээр DE FACTO шууд мэтгэлцээнт нэвтрүүлэгт нотлогч талаас Монголын Шүүгчдийн Холбооны тэргүүн, шүүгч, доктор, дэд профессор /Ph.D/ Ж.Оюунтунгалаг оролцож, Шүүгчдийн Сахилгын зөрчлийг мэргэжлийн алдаатай хольж хутгаж оруулсан Сахилгын хорооны асуудлыг олон нийтэд маш ойлгомжтой тайлбарласан биш зарим амбицтай гишүүдийн аманд багтаж, гүтгэлэг доромжлол амссанаар үргэлжлэх төлөвтэй болчихов. Бид өнөөдөр ямар нийгэмд амьдраад байна вэ? Ардчилсан нийгэмд аж төрж яваа гэж бодож байгаа минь худлаа болж таарав уу? гэмээр хачирхалтай үг, үйлдлүүдийг зарим гишүүд гаргасан нь анхаарал татав. Хууль батлуулах тэр дундаа хуулийн салбарын амин чухал эд эс болсон Шүүгчдийн эрх зүйн байдлыг тодорхойлох Шүүхийн тухай хуулийг батлуулна гэдэг тийм амар хялбар ажил биш нь тодорхой. Хууль батлуулах үйл явц ямар түвшинд өрнөдөг, юу гээчийн хор хуйвалдаан болдог, хэсэг бүлэг нөхдийн амбицаар тодорхойлогддог вэ? гэдгийг жилийн өмнө УИХ-ын чуулганаар батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн үеэр илүү мэдэрч байсан сэтгүүлч хүний хувьд энэ удаагийн Шүүхийн тухай хуульд хэн гоцгойрч гол дүрд тоглож, хэний эрх ашгийг дээгүүрт тавьж, шүүгчдийг өөрсдийнхөө өмнө сөхрүүлэх далд хүсэл сонирхол байгааг гарын алган дээр тавьсан мэт тодхон харчихлаа.
Хуульчдын холбооны “нэг ангийн гэх” хэсэг бүлэглэлийн нөхдийн хорт хуйвалдаанаар Өмгөөллийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл цагдаа хориг тавьж байсан ч нийгмийн захиалгаар, олон нийтийн хүсэл зоригоор аливаа саад бэрхшээлийг даван батлагдаж байсныг харж байсан цаг саяхан.
Өмгөөлөх байгууллагад 8-9 жил ажиллахдаа сэтгүүлч миний бие “Өмгөөлөгч” сэтгүүлийг эрхлэн гаргаж, нийтийн захиалгад оруулж, хуулийн төв байгууллагын №1 сэтгүүл болгосон энэ бүх хугацаанд хууль зүйн салбарын эргэн тойрны үйл явдлын “амьд гэрч” болоод зогсохгүй хуулийн чиглэлээр суралцаж, энэ талаар бусад сэтгүүлчдээс илүүтэй мэргэшсэний хувьд Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлгийг харж ажигласны үндсэн дээр хэдэн үг хэлхэе гэж бодлоо. Энэ хугацаанд маш олон эрдэмтэн судлаач, доктор профессор, академичидтай нүүр тулан уулзаж, хууль зүйн салбарын алдаа оноо, цаашдын хөгжлийн талаар нэлээд их ярилцлага, сурвалжлага бэлтгэж, нийтлэл, өгүүлэл статья бичсэн байх юм. Шүүхийн процедурыг жинхэнэ амьдрал дээр хэрэгжүүлж, ард иргэдийн зөрчигдсөн эрхийг хуулийн хүрээнд хамгаалж ажилладаг хүмүүс бол өмгөөлөгчид юм гэдгийг би гүн бат ойлгосон удаатай. Түүнтэй адил хууль, шүүхийн байгууллагын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бол тэр тогоон дотор нь ажиллаж буй мэргэшсэн шүүгчдийн санаа бодлыг тусгаж, илүү өндөр түвшинд аваачих ёстой болохоос биш дөрвөн жилийн цикльтэй сонгогддог “Хэн нэгэн попрогч улстөрчдийн далд санаархал, шунал хүслийн золиос” болгож хэрхэвч болохгүй.
 
 
 
Ял завшдаг, хөөн хэлэлцэх хугацааг будлиантуулдаг, хэн нэгнийг шүүхийн өмнө хүлээх хариуцлагаас хаацайлдаг, шүүгчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, дарамт шахалт үзүүлдэг байх ёсгүй. Сахилгын хороо гэгчийг УИХ-аар байгуулж, тэр гишүүдийг томилгоо хийдэг байх нь өөрөө ёс зүйгүй асуудал гэдэг хэнд ч илэрхий зүйл дээр маргалдаж байгааг хараад ой гутсан шүү!!!.
 
 
 
Амьдралд ойр хууль тогтоомж гаргахын тулд тухайн тэр амьдралыг маш сайн мэддэг хүн л хийж таарна. Жишээлбэл, Боловсролын системд бага ангийн үндсэн суурь мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тавьж өгөх хүн бол мэдээж бага ангийн багш. Тэр хүн бага насны хүүхдийн сэтгэхүй, насны онцлог, тэдэнд тохирсон суурь мэдлэг ямар түвшинд байх ёстойг хамгийн сайн мэднэ. Түүнтэй адил Шүүхийн эрх зүйн системийн хамгийн том хуулийг барьж авсан мөртлөө яагаад мэргэжлийн хүмүүсийг оруулахгүй, шүүгчдийн санаа бодлыг сонсохгүй, зүгээр нэг “судлаач нэр”-тэй хэсэг бүлэг хүмүүсийн үгээр хууль батлуулах гэж чичрээд байгаа хэрэг юу вэ? Тухайлбал, манай Өмгөөллийн тухай хуулийн асуудал болоход практикт нэг ч удаа өмгөөлөл хийж үзээгүй, дан онолын түвшний мэдлэгтэй мөртлөө нөгөө л О.Мөнхсайхан, А.Бямбажаргал гэх мэт нөхөд сүр бадруулж, энд тэндхийн улс орны туршлага гэх эрээвэр хураавар цуглуулсан “хагас хугас мэдээлэл”-ээ УИХ-ын гишүүд, олон нийтийн тархийг угаах гэж оролдож байсантай яг өнгө ижил зүйл Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлэг, ажлын хэсэгт тохиож байгааг олж хараад ихэд гутав. Хэзээдээ доктор гэх О.Мөнхсайхан Шүүхийн салбарыг гартаа оруулчихсан мэт яв цав ажил үүргийг нь тэгтлээ сайтар мэддэг болчихсон хэрэг вэ? Хуульчдын холбооны Шүүхийн сахилгын хороонд орчихсон тууж явсан тэр нөхөр бол бас л эрх зүйч байсан.
 
 
Хуульч болох мэргэшлийн шалгалт өгч үзээгүй, амьдрал практикт хэргийн материалтай танилцаж байгаагүй, зөвхөн Их сургуулийн түвшинд бакалавр, магистр цаашлаад гадаадын аль нэг улс оронд доктор хамгаалсан болж ирчихээд Хууль зүйн салбарыг шүүх, прокурор, өмгөөлөлтэй цуг самраад байдаг нь ямар учир жанцантай юм бэ. Яршиг ядаж хуульчийн сонгон шалгаруултад орж, шалгалт өгөөд Хуульчийн гэрчилгээ аваад бас өмгөөлөх, шүүхийн шалгалт өгч ганц жил болов хугацаанд практикт ажиллаад үзсэн бол дүүрч гэхсэн!
 
Цагтаа Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа эрхэм УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хуульчдын холбооныхонд Хуульчийн гэрчилгээ гаргаж өг гэж шахамдуулж, ёс зүйгүй аашилж байсан талаар нэг хэсэгтээ шуугиж байсныг тодхон санаж байна. Хэрэв тэр үед найз нөхөд нь эрх зүйч нөхөрт саймшраад Хуульчийн гэрчилгээ хууль бусаар олгочихоогүй бол ямар ч байсан Б.Энхбаяр миний мэдэхээр хуульч биш эрх зүйч байх ёстой. Хуульч болж үзээгүй, шалгалтыг нь өгч байгаагүй “эрх зүйч нар” улс төрд орж ирчихээд хуулийн салбараар наадаж суудаг нь ямар учиртай юм бэ??? Үндсэн хуулийн цэцийн дарга асан, академич Ж.Амарсанаа багшийн тэр хуулийн мэдлэгийн хүрээ, салбар болгоны онцлогийг нүдэнд харагдаж, гарт баригдтал мэдэрч чаддаг тийм нарийн мэдрэмж, мэргэжлийн өндөр ур чадварыг залуу эрдэмтэд болох О.Мөнхсайхан, А.Бямбажаргал болон УИХ-ын гишүүн гэх сэтэртэй, эрх зүйч Б.Энхбаяр зэргийн нөхөд та бүхэн дээрх нэр дурдсан томоохон академичдын хэмжээнд очиж чаддаггүй юмаа гэхэд ядаж хэр хэмжээгээ мэдэж, хааяа амбицаа дарж, даруу төлөв байхыг сурахад яана!!! Ямар сайндаа цагтаа одоогийн ХЗДХ-ийн сайдын зөвлөх, академич С.Нарангэрэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд оюутнуудад хичээл зааж байхдаа гэнэт нэг өдөр өмгөөлөгчийн ажил эрхлэхээр шийдсэн гэдэг. Учир нь, Хууль цаазын дунд сургуульд өмнө нь сурч, амьдрал практикт ажиллаж ирсэн хүмүүс дээд боловсрол эзэмшихээр их сургуульд орж ирснийг хараад өөрийгөө дотроо голж, улмаар өмгөөлөгч болж, практикт орж хуульч- өмгөөлөгчдийн амьдралыг ойроос нь имэрч үзсэнээ 99 өмгөөлөгчийн “ХӨРӨГ НАЙРУУЛАЛ” номд нэгэнтээ дурсан ярьсан байдгийг сайн санаж байна. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдах үеэс эхлээд манай нийгэмд ЗАСАГЛАЛЫН ОНОЛыг Үндсэн хуулиараа тунхаглан бичсэн байдаг. Тухайлбал, Хууль тоггоох, Гүйцэтгэх, Шүүх засаглал гэж энэ гурван засаглал байдаг гэх онолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, манай улс 1992 онд Үндсэн хуульд оруулж өгснөөр ШҮҮХ ЗАСАГЛАЛ нь бусад хоёр засаглалтайгаа адилхан хэн хэнээсээ хараат бус байхаар Үндсэн хуулиар тунхагласан нь үүнийг өөрчлөх, хооронд нь хольж хутгах онолын хувьд ямар ч боломжгүй, хуулийн хувьд ч угаасаа ингэж гаргасан биздээ. Гэтэл улс төрчид өнөөдөр улс орныг засаглалын хямралд оруулж, ард иргэдийн амьдралаар “жонглёр”-дож, өөрсдийнхөө хүсэлд нийцүүлэн хууль санаачилж бас батлуулж хууль зүйн салбарыг бүхэлд нь самарч байгааг хараад үнэндээ ЭМГЭНЭЛ төрж байна. Миний, чиний, та бидний төдийгүй үр хүүхдийн минь ирээдүйгээс хумсалж хулгайлж, бидний Үндсэн хуулиар олгогдсон заяамал эрхэнд халдаж байгаа ийм бусармаг зүйлийг “нүдэн балай, чихэн дүлий” өнгөрөөж яавч болохгүй. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Шүүх засаглалын үйл ажиллагаа 30 жил болж байна. Энэ хугацаанд алдаатай бас оноотой их зүйл бий. Ялангуяа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед “Шүүхийн шинэчлэл” нэрийн дор Шүүхийн багц хуулийг батлуулна гээд баахан болсон болоогүй хууль батлуулаад, сүүлд тэр нь Үндсэн хуулийн цэц дээр хэдэн удаа унаж, Үндсэн хууль зөрчив дөө. Анхнаасаа хазгай буруу гишгэж эхлүүлсэн ажил эцэст нурж унадгийн тод жишээ энэ. Аливаа хууль тогтоомжийг батлан гаргахдаа эцсийн эцэст Үндсэн хуулийн цэцэд очоод унадаггүй байхаар нягт нямбай зохицуулалт хийж чадвал тухайн хуулийн насжилт удаан байж, тэр хуулийн ажлын хэсэгт орж ажилласан нөхдийг мэргэжлийн хуульчид гэж үнэлэхэд буруудахгүй болов уу? Гэтэл сүүлийн үед гаргаж буй аливаа хуулийн зүйл, заалт бүр Үндсэн хуулийн цэц дээр очоод уначихдаг болчихсон нь эдгээр хуулийг, батлан гаргасан нөхдийн мэргэжлийн ур чадваргүй байдлыг илтгэсэн үзүүлэлт гэхэд хилсдэхгүй. Энэ бүх үйл явдлуудаас гадна Шүүх засаглалд улс төр идэвхтэй оролцоод эхэлснээс болж, Шүүх засаглалыг ард түмний дунд “нэр хүндгүй болгох”, “шүүхэд итгэх ард түмний итгэлийг алга болгох”-оос гадна нөгөө талаараа Шүүгчид өөрсдөө хариуцлагагүй ажиллах тийм боломжуудыг нээсэн гэж хардаг. Онолын хувьд шүүх засаглалд улс төр орж болохгүй гэдгийг өндөр хөгжилтэй аль ч улс орны эрдэмтэн, судлаачидтай “Өмгөөлөгч” сэтгүүлээр дамжуулан ярилцахад энэ тал дээр маш хатуу байр суурьтай байдаг юм билээ. Гэтэл яагаад бүтцийн хувьд шүүхийн салбар өөрөө хөдөлгөөнд орж, ганхаж эхэлсэн бэ? гэхээр Шүүхийн шинэчлэл нэрийн дор хууль боловсруулаад, боловсруулсны дараа Шүүгчдийг сонгон шалгаруулж тавихаас эхлүүлээд үнэндээ “мордохын хазгай” болсноос үүдэлтэйг шулуухан хэлчихье. Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу Ерөнхийлөгчийн томилсон 13 шүүгчийг ямар ч үндэслэлгүйгээр халчихаад эргэж ажилд нь томилохгүй байх үеэс эхлээд энэ Шүүхийн системд улс төр гэдэг уур амьсгал гүн бат орсныг тэр үеийн онол практикийн хурлын үеэр эрдэмтдийн хэлсэн үг, бичсэн өгүүлэл, нийтлэлүүд болон ОНМХ-ээр явсан мэдээ, мэдээллүүдэд бишгүй бий. 
 
 
 
Үүнээс болж шүүхийн салбар хөдөлгөөнд орж эхэлсэн бөгөөд мэргэжлийн хуульчдаас хамгийн сайныг шилж, сонгож оруулах ёсгой байтал ШЕЗ-ийн гишүүдийн үзэмжээр Шүүгчийг сонгон шалгаруулах шалгалтад №1-д орж тэнцсэн нь биш тээр сүүлд орсон этгээдэд хүртэл шүүгч болох зам мөр нээгдсэнтэй шууд холбоотой. Гэтэл иргэд бас хуульчид юу гэж боддог гээч!!! Хамгийн сайн хуульчид шүүхэд байдаг гэсэн ойлголтоор хандаж ирсэн боловч энэ итгэл үнэмшлийг улс төрчид өөрсдийн гар хөлийг шүүхэд шургуулснаас болж үгүй хийчихсэн гашуун түүхтэй.
 
 
 
Өнөөдрийн нийгэмд:
1. Шүүхэд хандах иргэдийн хандлага эрс муудаж,
2.Шүүгчдийн нэр төр навс унаж,
3. Шүүхэд өгөх үнэлгээ нэлээд муудсан гэхэд хилсдэхгүй. Бүгд энэ талаар ярьж бас шүүмжилж байдаг зүйл бол энэ. Мэдээж 500 гаруй шүүгчид дунд маш сайн ажиллаж байгаа “жинхэнэ ясны шүүгч”-д их байгааг би үгүйсгэхгүй. УИХ-аар Шүүхийн тухай хууль батлагдах гэж байгаатай холбогдуулан шүүгчдийн Сахилгын зөрчлийг хэрхэн шийдвэрлэх бол гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татсаар байна. Шүүхийн тухай хуульд ямар алдаа оноо байгааг хамгийн сайн мэдэх хүмүүс бол шүүгчид. Анхан шатны шүүхийн гаргасан мэргэжлийн алдааг дараагийн шатны шүүх нь залруулаад явчих зүйлийг Сахилгын хороонд хариуцуулахаар улайрч байгааг яавч зөвтгөх арга алга. Тэд ядаж аль нь шүүгчийн гаргасан мэргэжлийн алдаа, ямар нь сахилгын зөрчил, ёс зүйн алдаа болохыг ялгаад салгачих зүйлийг улс төржүүлээд зогсохгүй УИХ өөрсдөө тэр Сахилгын хорооны гишүүдийг томилдог болчихвол хууль, шүүхийн салбарт жинхэнэ завхрал гээч юм үүсэх нь тодорхой. Хамгийн ойрын жишээ бол МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог нэрлэж болно.
 
 
 
УИХ-аас долоо, Засгийн газраас дөрөв, Ерөнхийлөгчөөс дөрвөн хүн томилдог тэр жишиг нь өнөөгийн упс төрчдийн халаасны хүнийг тэр албан тушаалд захиалгаар тохоон томилсоор ирснийг тодхон харж болно. Сүүлдээ тэр суудлын төлөө нам хооронд, гишүүдийн дунд “хор найруулалт” ордон хавиар явдаг болсныг амтай болгон ярьсаар ирлээ. Энэ бол нууц биш, хэнд ч илэрхий үнэн бодит зүйл.
 
 
 
Харин саяхан шахуу Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг олон нийтийн хэлэлцүүлгээр хэлэлцэж, нээлттэй ил тод явуулсан нь маш сайн жишиг болсныг хэлэх хэрэгтэй. Цаашид Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилохдоо ард нийтийн дунд хэлэлцүүлж, санал авч, “нээлттэй хэлэлцүүлэг” хийж, яг мэргэжлийн мэргэшсэн хуульчдыг тэр өндөр албанд тохоон томилдог болсон цагт энэ хууль зүйн салбарыг самууруулж буй улс төрчид тийшээ “бялуу хүртэж” шагналын албан тушаалаар очдог буруу хандлага аяндаа алга болох юм. Улс төрчдийн гараас хол, мэргэшсэн байхыг эрмэлзэж, зорьж байгаа бол улс төрөөс хараат бус оршиж, томилгоо нь ард түмний нүдэн дээр нээлтгэй ил тод байх нь нийгэмд шударга ёсыг тогтоох жинхэнэ мэргэжлийн хуулидын очдог газар, хууль биелүүлдэг зөв цэг байх нь дамжиггүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд ардчиллыг дан ганц АН-ын өмч мэтээр ойлгодог ядмаг сэтгэлгээг таягдан хаяж, ард түмний сэтгэлийн дуулдагаар ардчиллыг аварч, дарангуйллаас ангижрах замыг иргэн хүн таны оролцоо чухал гэдгийг хаа хаанаа мэдэрдэг бас мэддэг байх чухал. Мэдээж Шүүхийн тухай хуулийг өөрчилж байгаа нь зөв гэдэгтээ хэн ч маргахгүй. Өөрчлөгдөхгүй хууль гэж амьдралд огт байхгүй. Бүх юмс хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг нь жам ёс. Харин нийгмийн амьдрал дунд нийгэм, эдийн засгийн хөгжлийн аяс, өнгө төрх, хүмүүсийн ахуй амьдрал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, аливаа хууль өөрчлөгдөж бас сайжирч байх ёстой. Энэ бол амьдралын хууль бас теором. Энэ утгаараа Шүүхийн тухай хуулийг өөрчилж, шинэчилж байгаа гэдэг үүднээс би харж байна. Энэ хуульд авах зүйл бишгүй бий. Ялангуяа шүүгчдийн ахуй амьдрал, шүүхийн бие даасан, шүүгчдийн хараат бус байдлыг хангахтай холбогдсон олон шинэлэг зохицуулалтууд орсон байна лээ. Харин яаж нийгэмд нэгэнт уначихсан Шүүхийн байгууллага болон Шүүгчдийн нэр хүндийг өсгөх вэ? гэдэг дээр хуулийн бүтцээс харахад ерөөсөө “шүүгчдэд арга хэмжээ аваад байх юм бол болох юм байна” гэдэг “гэнэн” санаа орчихсон яваа нь маш буруу. Ёс зүйгүй, сахилга хариуцлага алдаж байгаа шүүгчдэд сахилгын ямар арга хэмжээ авч болохыг бас аль нь мэргэжлийн алдаа байхыг олон талаас харж, сайн хуульчилж өгөхгүй бол Хууль тогтоогч Та бүхэн ямар алдааг мадаг гаргахаар байгаа нь ХЗБХ-ны удаа дараагийн хуралдаанаар илт ажиглагдаж байгааг хэлье. Энэ дунд амьдралд ойрхон зүйл ярьж байгаа гишүүд бас цөөнгүй харагдана лээ. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар зөв зүйлийн талаар үг дуугарч байсан нь дээрх гишүүд хуулийн системд ажиллаж байсан туршлагатай болохоор тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байна гэсэн ойлголт төрсөн. Гэтэл энэ дунд хуулийн системд ялангуяа Шүүх засаглалын үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй мөртлөө таамгаар хэдэн судлаачдын цуглуулсан хөөсөрсөн мэдээ мэдээллийг, гадны улс орнуудын хуулийн үндэслэлүүдийг шууд тэр чигээр хуулбарлаж байгаа нь болохгүй гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд та бүгд хэзээ ойлгох хүмүүс вэ? Гадаад орны дэвшилтэт, шинэлэг, ололттой, сайн гэсэн зүйлийг авч хэрэглэж бололгүй яахав. Гадаадын улс орны хууль эрхзүйн өндөр хөгжлийн түвшнийг энгийнээр “ургамал”-тай зүйрлүүлж тайлбарлая. Жишээ нь хамгийн үржил шимтэй сайн чанарын ургамлыг авчирч, өөрийн газар нутгийн хөрсөнд тариалахад хэрэвзээ арвин ургац хурааж чадаж байвал мэдээж сайн хэрэг. Гэтэл огт ургахгүй муу ургамлыг хэчнээн арчилж тордоод, тариад ямар ч нэмэр байхгүй. Угаасаа ургацаа өгөхгүй нь тодорхой. Манай орны хууль, шүүхийн системийн хөгжил дэвшил, эрх зүйн соёл өнөөдөр доогуур түвшинд байгааг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр эрх зүйн соёл нь ороо бусгаа, улс төрчид нь төлөвшөөгүй ийм нөхцөлд өндөр хөгжилтэй төлөвшсөн орнуудын хуулийг шууд авчирч хуулна гэдэг нь ерөөсөө догматизм учраас хуулийн асуудалд хөнгөн гоомой хандаж, аливаа хуулийн шинэчлэл нэрийн дор нөгөө догматизмыг улс төрчид энэ мэтээр хуулийн салбарт авчирч битгий хуулаасай. Хөндлөнгөөс энэ бүхнийг харж, ажиллаж байгаа сэтгүүлч хүний хувьд хэд хэдэн зүйпийг анхаарч бас судалж үзэв.
ШЕЗ-ийн 2017 онд зохион байгуулсан “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт Олон улсын бага хурлын эмхэтгэлд “Шүүгчид ямар төрлийн сахилгын зөрчил, ёс зүйн алдаа дутагдал гаргадаг талаар иргэд болон өмгөөлөгчдөөс ирүүлсэн гомдлын агуулга”-ыг тоймолсон байдлаар уншигч танд хүргэе. Тухайлбал:
•Хувийн ашиг сонирхлын үүднээс хэргийн нэг талд үйлчилсэн;
•Зохисгүй байдал гаргасан;
•Шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмаар мэдэгдээгүйгээс оролцож чадаагүй, мэтгэлцэх эрх хангаагүй;
•Шүүхийн шийдвэрт тусгаагүй арга хэмжээг гүйцэтгэх хуудсанд бичсэнээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу хийгдсэн;
•Шинжээч томилсон тогтоолоо шинжилгээний байгууллагад хүргүүлээгүй, биелэлтийг хангаагүй хугацаа алдсан;
•Шинжээч томилуулах хүсэлт гаргахаар шинжээчээ нэрлэн бич гэж шаарддаг;
•Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах болон шүүхээс гарч буй бусад тогтоол, захирамж, шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж зааж, үндэслэлгүйгээр эрх хязгаарласан;
•Шүүх хуралдаан дээр загнасан, басамжилсан;
•Хэргийн оролцогчид зөвлөгөө, заавар өгсөн;
•Ганцаарчлан уулзсан;
• Эд зүйл үнэ төлбөргүй ашигласан;
•Гэр бүлийнхээ гишүүний зээлтэй банкинд холбогдох маргааныг банкны талд шийдвэрлэсэн;
•Хуулийн хугацааг баримталдаггүй хэт удаашруулдаг;
•Шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд гаргахад хяналт тавиагүй, танилцуулаагүй;
•Захирамжаа хуулийн хугацаанд гаргадаггүй, гомдол гаргах хугацаа өнгөрсөн хойно өгдөг;
•Шүүх хуралдааны дундуур шүүгч гарч явсан;
•Шүүх бүрэлдэхүүн гүйцээгүй байхад шүүх хуралдаан эхлүүлсэн;
•Шүүх хуралдааны дундуур бүрэлдэхүүний шүүгч хоцорч орж ирсэн;
•Шүүх хуралдааны бичлэгийг өгдөггүй, танилцуулдаггүй гэх зэрэг Шүүгчдийн Сахилгын хороонд гаргасан өргөдөл, гомдлын 80 орчим хувь нь шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон алдаа байдаг бол үлдсэн 20% нь шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчил байгаа нь энэхүү судалгаагаар гарчээ.
 
Тухайн шүүгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа илэрхий энгийн алдаа гаргаж, иргэдийг хохироож, чирэгдүүлж хүнд суртал гаргаж буй тохиолдолд тэр шүүгчийг Мэргэжлийн шалгалтын хороогоор оруулж, дахин шалгалт авдаг тогтолцоотой байвал зүгээр санагддаг.
 
Энэ нь Шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хараат бус байдалд нөлөөлж буй хэрэг биш гэдгийг зайлшгүй хуульчлах шаардлагатай юм. Харин ар өврийн хаалгаар, эсэн бусын аргаар шүүхэд шургалсан зарим шүүгчдийг шүүхийн салбараас холдуулж, нийгэмд шударга ёсыг тогтооход энэ нь “САЙН ЦЭВЭРЛЭГЭЭ” болж таараа. Ийм энгийн атлаа илэрхий мэргэжлийн алдааг санаатай, санамсаргүй байдлаар гаргаж буй тухайн шүүгчийн хувьд мэдлэг боловсрол дутаж байгаа хэрэг болохоос хөндлөнгөөс шүүгчийн үйл ажиллагаанд оролцож байгаа зүйл биш гэдгийг ойлгож, Шүүхийн урьд өмнө гаргасан хууль, эрх зүйн алдаануудыг ахин дахин гаргахгүй байх хэрэгтэй. Үндсэн хууль зөрчиж, хууль батлан гаргаад байгаа улс төрчдийг цаашид яах ёстой вэ? Анх хууль санаачилсан хүнд хариуцлага хүлээлгэх ёстой юу? Эсвэл тухайн хуулийг батлалцсан УИХ-ын гишүүд хариуцлага хүлээх болж байна уу? Сүүлдээ иргэд олон нийтийн зүгээс: -Та нарын хөнгөн хуумгай баталсан хуулиуд Үндсэн хуулийн цэц дээр очоод уначихна шүү гэх яриа хүртэл гардаг болчихлоо. Гэтэл Үндсэн хуулийн цэц дээр ийнхүү УИХ-аас батлагдсан хуулиудын зүйл заалт болон шат шатны шүүхээс шүүгчдийн гаргасан шийдвэрүүд унаснаар УИХ-ын гишүүд болон Шүүгчид хохирох уу? эсвэл тэр хуулийг хэрэглэж, эрх ашгаа хамгаалуулах гэсэн ард иргэдийн эрх ашигт илүү их хор хохиролтой юу? гэдгийг уншигч танаас асууя.
 
АРД ИРГЭДЭД ИЛҮҮ ХОХИРОЛТОЙ ХУУЛЬ ОРЖ ИРЛЭЭ
 
Мэдээж бөөнөөрөө гар өргөж баталсан УИХ-ын 76 гишүүд бүгд хариуцлага хүлээнэ гэж муйхарлаж болохгүй нь ойлгомжтой. Үндсэн хууль зөрчиж, санаатайгаар тухайн хуулийг батлуулсан хүн эцсийн эцэст ХАРИУЦЛАГА хүлээдэг байх ёстой санагдана. Харин тэр хуулийн санааг анх гаргаж, бусдад ойлгуулж, итгэл үнэмшил төрүүлснээрээ тухайн УИХ-ын гишүүн та өөрөө огцордог байх ёстой!!! Анхнаасаа Үндсэн хуулийн цэцийн өндөр босгыг давахгүй унах нь ойлгомжтой хуулийг айж ичихгүй баталсаар байгаа нь өнөөгийн Монголын нийгмийн ЭМГЭНЭЛ болчихоод удлаа. Дөнгөж саяхан Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг олон түмэн ярьж байна. Үндсэн хууль зөрччихлөө гэж нийгэм даяар шуугиж байна. Гэтэл үнэн хэрэгтээ эцсийн эцэст хэн хохирч байна вэ? Үндсэн хуулийн хүрээнд аливаа хуулийг боловсруулж батлан гаргана гэдэг тухайн хуульчаас мэргэжлийн өндөр ур чадвар, хандлага, мэдлэг боловсрол шаардсан маш нарийн ажил гэдгийг эхлээд ойлгочих!!! Гэтэл Үндсэн хууль зөрчсөн хууль батлуулаад тэр нь удаа дараа Үндсэн хуулийн цэц дээр очоод унаад байвал тухайн хуулийг санаачилсан, ажлын хэсэгт орж ажилласан, лобби зохион байгуулсан хүмүүс хичээл сурлагаар яривал “муу сурлагатан” гэж өөрсдийгөө үнэлвэл яг зохино. Тиймд Хууль тогтоох засаглалд ажиллаж буй ийм мэтийн хуулийн хийдэлтэй, дутуу дулимаг хууль боловсруулж, батлуулахаар санаархдаг ийм мэтийн “Үндсэн хуулийн цэцээр өөрийгөө шалгуулж муу дүн авсан” попрогч улс төрчдөөр ахин дахин хууль батлуулаад байх шаардлагагүй гэсэн үг. Өөрөө хэлбэл, ийм мэргэжлийн ур чадваргүй, мэргэжил боловсрол тааруу “асман хуульчинцар бас эрх зүйчдийн оронцог”-уудыг ялангуяа иргэд цаашид УИХ-ын гишүүнээр сонгох ч хэрэггүй гэж боддог шүү!!!
Урьд өмнө батлагдсан Шүүхийн багц хуульд ямар алдаа гарсан бэ? гэхээр ерөөсөө мэргэжлийн хүмүүсийг оруулаагүйг нэрлэж болно. Монгол Улсын Үндсэн хуульд огт байдаггүй тойрог гэж зүйлийг Шүүхийн тойргийн системд оруулж, баахан шүүгчийн амьдралаар тоглож, бүх аймгуудаар тарааж, орон гэргүй болгож хаяад буцаагаад авчирсан гашуун түүх бий.
 
 
 
Эцсийн эцэст Шүүхийн системд маш муугаар нөлөөлж байдгийг байнга санацгаа. Бүү март!!! Цаашид хамгийн нэр хүндтэй, ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, мэргэжлийн ур чадвартай хуульч хүн шүүгч байхаас өөр сонголт байхгүй. Түүнийг шилж, сонгож олно гэдэг бол хамгийн түрүүнд улс төрчдөөс хол байлгах ёстой.
 
 
 
Улс төрч оролцсон газар бүрд бөөн будлиан үүсдэг болчихлоо. Энэ нь маргах аргагүй үнэн зүйл болчихож. Дандаа хууль бус зүйл хийж, авлига хээл хахууль нүүрлэсэн, эрх ашгийн зөрчилдөөнтэй байх нь бий. Улс төрчдөөс ангид, тэдний гар хөлөөс хол Шүүгчийн сонгон шалгаруулалтыг явуулах зөв механизмийг шүүгчид өөрсдөө эрж хайцгаа. Иргэний нийгмийн төлөөлөл ТББ эсвэл эрдэмтэн судлаачдын төлөөллийг түлхүү оруулах хэрэгтэй. Сахилгын хороонд Хууль зүйн байнгын хорооноос төлөөлөл орсон байгаа нь улс төрчдөөс оруулж ирэх бохир цуваа тасрахгүй гэж мэд!!! Улс төрчид шүүгчдийг сонгон шалгаруулаад эхлэхээр наад хүмүүс чинь улс төрчтэй найзлахгүй яах билээ. Эргээд нөгөө улс төрчдөд хариуг нь барьж таараа шүү дээ. Тэгээд яваандаа улс төрчдийг гуйдаг, тэр намын бүлэглэлүүд дотор ордог, гар хөл нь болдог, тэдний хүсэл зоригийг биелүүддэг болохоос өөр хаачих билээ. Ийм ёс зүйгүй бохир, заваан байдлыг шүүгчид та бүхэн өөрсдөө таслан зогсоох ёстой. Жишээ нь, Ардчилсан намын төлөө явж байсан хүмүүс эсвэл МАН-д зүтгэж байсан хүмүүс бүгд сүүлд нь шүүгч болчихоод эргээд хариугаа барьдаг гаж тогтолцоо бий болчихсон нь үнэн шүү дээ. Энэ бол хуулийн систем буруу тийшээ явж байгаагийн тод жишээ. Шүүхийн бие даасан, шүүгчдийн хараат бус байдлыг энэ удаагийн Шүүхийн тухай хуульд илүү боловсронгуй болгож сайжруулахаар хуульчилж өгч байгаа гэж итгэж хүлээж байгаа шүү!!! Гэхдээ шүүгчдийн хараат бус байдаыг зөвхөн цалин гэдэг өрөөсгөл утгаар ойлгож, нийгэмд шүүгчдийг харлуулж, сошиалаар гөвж ерөөсөө болохгүй. Амьдралынхаа бүх хугацаанд ШҮҮГЧ гэдэг ажлыг хийж явах тухайн шүүгчийн хувьд өндөр цалин хөлс амьдралынх нь гол баталгаа болж байх ёстой нь зүйн хэрэг. Нийгмийн, эрүүл мэндийн, ахуй амьдралын, олонд хүндлэгдэх хүндлэл гээд маш олон зүйлээр шүүгчийн ажил мэргэжил нийгэмд олон янзын хэмжүүрээр хэмжигдэж байдаг гэж ойлшдог. Шүүгч хүн хараат бусаар ажиллана гэдэг нь Шүүн таслах ажиллагаанд төрийн өндөр албан тушаалтан, улс төрч, иргэн, хуулийн этгээд хэн боловч шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хязгаарлаж, оролцуулдаггүй байх эрх зүйн соёлыг бий болгох гэсэн зорилго агуулж байгаад талархалтай ханддаг. Гэтэл өнөөдөр манай улсад Шүүгчдийн соёлын түвшин хэр зэрэг байна вэ? Олон улсын онол, практикийн хурал, бусад хуульчидтай ялангуяа өмгөөлөгчидтэй уулзаад ярилцаж байхад сүүлийн үед шүүгчдийн сонгон шалгаруулалт гэдгээс эхлүүлээд маргаан их дагуулдаг, заавал нэг хүний, улс төрчдийн урд хойно орж уулзаж, тусламж дэмжлэг авч, ШҮҮХЭД ордог чиглэл рүү орчихсон нь нууц биш. Хэрэв энэ байдлаас үтэр түргэн салахгүй бол “агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” гэдэг шиг намд, улс төрчдөд, баян чинээлэг хүмүүст заавал хариу барих гаж сэтгэлгээ, буруу хандаага шүүгчдэд суучих аюул тун ойрхон гэж мэд!!! Тэр бүх буруу хандлага, гаж сэтгэлгээг бий болгохгүйн тулд энэ удаагийн Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийг хийж байгаа гэж ойлгож байтал улс орны өнөөгийн байдал, улс төрчдийн сошиалд гаргаж буй уур амьсгалыг хараад тэр итгэл үнэмшил алга болж байгаад санаа зовж байна.
Би ганцхан шүүхийн асуудлаар ярьж байгаа юм биш. Сэтгүүлчдэд ч бас Ёс зүйн хороо гэж бий. Гэхдээ түүнийг 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд хуульчлаагүй нь учир дутагдалтай. Өмгөөллийн болон Прокурорын тухай бусад хуулиудыг харахад бүгд Сахилгын хороотой. Тус Сахилгын хорооны гишүүд мэргэжлийн алдаа гаргасан нэр бүхий прокурор, өмгөөлөгч, нотариатчийн асуудлаар хуралдаж, хэрвээ тодорхой зүйлийн сахилга, ёс зүйн зөрчил гаргавал Сахилгын хороо руу явуулж, тодорхой арга хэмжээ авахуулахаар тохирч, дотоод дүрэм журмаа батлаад мөрддөг. Гэтэл энэ удаагийн Шүүхийн тухай хуульд хуульчлах гээд байгаа Сахилгын хороо баахан маапаантай бас маргаантай асуудлууд дагуулж байгаад хэргийн учир оршино. Сахилга гэдэг нь хүмүүсийн ажиллах, суралцах, үйлчлэх зэрэг аливаа үйл ажиллагааг журамлавал зохих дүрэм горим. Жишээлбэл, ажлын сахилга хариуцлага, сургуулийн сахилга бат, сахилга алдах гэх мэт. Сахилга алдах гэдэг нь журмыг чанд сахиад мөрдөх үйл ажиллагааг хэлдэг. Тэр журмыг тухайн батлагдсан хуульдаа нийцүүлээд явуулах нь тодорхой. Шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлага нь шүүгчийн үндсэн мэргэжлийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой боловч энэ хоёр өөр зүйл. Шүүгч мэргэжлийн алдаа гаргаад байна уу, эсвэл ёс зүй зөрчиж сахилгын арга хэмжээ авагдах гээд байна уу? гэдгийг Та бүхэн өнөөдрийг хүртэл ялгаж салгаж чадаагүйн улмаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчдын Мэргэжлийн хариуцлагын дүрэм гэж батлагдсан боловч одоо хүртэл дагаж мөрдөгдөөгүй хийдэл бий. Мэргэжлийн хариуцлагын дүрэм дотор мэргэжлийн ажил, ёс зүй хоёрыг хооронд нь хольж хутгаад хаячихсан байдгийг эрдэмтэн судааачид үргэлж шүүмжлэлттэй хандсаар ирсэн байдаг. Аль нь мэргэжлийн алдаа юм, аль нь ёс зүйн зөрчил юм гэдгийг ялгаж салгахгүйгээр УИХ-ын гишүүд, Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн нөхөд хэрвээ ХЭЗБТХууль шиг мэдвэл зохих зүйлээ гаргаагүй, шүүхийн үндэслэх хэсэгт үндэслэлийг бичээгүй гэдэг байдлаар оруулбал маш том алдаа гарах болно. Энэ тухай Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Шүүгчид та бүхэнд маш тодорхой бас ойлгомжтой байдлаар тайлбарлаж, зөв юм хэлж яриад байналээ. Сайн чихээ тавиад сонсоход яана вэ?
 
УИХ-ЫН ЭРХЭМ ГИШҮҮД ТА НАР!!!
 
Шүүхийн хараат бус байдлын тал дээр Үндсэн хуульд Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэсэн нь Шүүх эрх мэдлийн мөн чанар, гол онцлог, шударга бус шүүгчийн статусын амин сүнсийг Үндсэн хуульд хийсэн. Нөгөө талаар Олон улсын баримт бичгүүд, гэрээнд Шүүгчийн ёс зүйн олон улсын стандарт Шүүгчийн ёс зүйн талаарх Банглорын зарчим гэж бий. Олон улсын баримт бичгүүд болон Банглорын зарчимд: “Шүүгчид сахилгын арга хэмжээ ногдуулах буюу огцруулах ажиллагааг зөвхөн сахилгын зөрчил гаргасан, эсхүл ажил эрхлэх чадваргүй болсны үндсэн дээр ихэнх төлөв буюу бүхэлдээ шүүгч нараас бүрдсэн сахилгын баг хэрэгжүүлэх учиртай” гэсэн байдгийг бүү март!!! Эцэст нь дүгнэхэд, энэ хууль бол нийгэмд шударга ёсыг тогтоох, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хамгаалах “амин сүнс” учраас энэ хуульд нийт шүүгчид болон иргэд, олон түмний санаа бодлыг сайтар тусгах ёстой. Дараа нь энэ ёс зүйн дүрмээ зөрчвөл, -Уучлаарай гээд албан тушаалаа өгдөг байх хэрэгтэй. Нөгөө талаар энэ хууль дан ганц шүүгчдэд зориулагдаагүй. Бас иргэд, олон нийтэд зориулагдах ёстой. Шүүх гэдэг бол ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байдаг нэг хэлбэр. Та бүхэн шүүх засаглал гэх байх. Мэдээж Шүүхээс гарч буй шийдвэр нь заавал биелэгдэх гэдэг шинж чанараараа Засаглаж байгаа болохоос биш яг үнэндээ Иргэний, Захиргааны болон бусад дараа дараагийн төрөлжсөн шүүхүүд байгуулбал энэ бүгд үйлчилгээний газрууд гэдгийг хатуу ойлго!!! Үйлчилгээний газрууд хүмүүст яаж үйлчилж, хүмүүсээс хэрхэн талархал хүлээж авдаг вэ? яг тэр шинж чанарыг энэ хуулиараа тогтоож өг!!!
Одоо бол шүүх нь ерөөсөө засагласан эрх ямбатай, хаалганаасаа эхлээд хүн зоноосоо тасарсан, Шүүгчид нь загнаж зандарсан, зааварлаж зөвлөсөн байдлаар өмгөөлөгчдөд шүүх хуралдааны үеэр хандаж буй буруу хандаага нь өмгөөлөгчдийг үйлчлүүлэгчийнх нь өмнө эвгүй байдалд оруулах, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх, “БИ Л ШҮҮГЧ” гэсэн ЭГО нь ихэдсэн байдал газар авсан, тэр байтугай шүүгчээс өмнө Шүүхийн нарийн бичиг, шүүгчийн туслахууд нь шийдвэр гаргадаг, иргэнийг чирэгдүүлдэг шинж чанартай болсон нь нууц биш. Үнэхээр шинэчлэл гэдэг бол хүмүүс тэр шүүхэд очихыг хүсэж мөрөөдөж байдаг, очоод шударгаар шийдвэрлүүлсний төлөө сэтгэл ханамж авдаг болох ёстой. Үүнд зорихгүйгээр Үндсэн хууль зөрчсөн заалт оруулчихаад, тэр нь хэрэгжих гэж баахан цаг алдаад, тэр хугацаанд хүмүүсээс “попор”-дож үнэлгээ авах гэж байвал энэ чинь зорилго биш шүү!!!
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн гол зорилгоос хазайж, зөвхөн олон нийтээс үнэлэмж авах гэж байгаа нь илт байналээ. Энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл. Попрох гэж байгаа бол бодлогын түвшинд попор. Улс төрчид уг нь улс орны бодлогын хэмжээнд асуудаыг тавиад, тэр нь хууль болж гараад, төрийн бодлого болж, ард түмэнд хэрэгжиж байж үнэлгээ авдаг. Түүнээс биш ганц нэг хуулийн төлөө үнэлгээ авах нь учир дутагдалтай. Тиймд улс төрч та бүхэн попрохоо больж, маш чамбай хууль гаргах ёстой гэж сэтгүүлчийн хувьд ойлгож байгаагаа уламжилъя.
 
 
М.Эрдэнэчимэг
Сэтгүүлч, докторант