ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Дэд ерөнхийлөгч Майкл Пенс нар даваа гаргийн орой Цагаан ордонд уулзжээ. Энэ тухай “NBC” телевиз АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.  
Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп, Пенс нар бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд улс орныхоо ашиг сонирхлын үүднээс үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцжээ. "Өнгөрсөн долоо хоногт хууль зөрчиж, Конгрессын ордон руу дайран орсон хүмүүүс 75 сая америкчуудын дэмждэг "Бүхнээс дээгүүр Америк" хөдөлгөөнийг төлөөлөхгүй гэдгийг тэд нотолсон” гэж төлөөлөгч хэлснийг “NBC” телевиз онцолсон байна.
Тус телевиз мөн нэгдүгээр сарын 6-ны өдөр жагсагчид АНУ-ын Конгрессын ордон руу дайран орсноос хойш Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар уулзаагүй болохыг онцлон тэмдэглэжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Америкийн засаг захиргааны одоогийн тэргүүн Трампыг дэмжигчид Конгрессын ордон руу дайран орж, Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байдены ялсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахад саад хийхийг оролдсон билээ. Конгресс дахь Ардчилсан намынхан Трампыг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж буруутгасан бөгөөд түүнийг огцруулахыг шаардсан юм. Бүгд найрамдах намын зарим төлөөлөгч мөн үүнтэй ижил үзэл бодлоор байр сууриа илэрхийлсэн билээ. Трампын үйлдэл болон Капитолын толгод дээр болсон эмх замбараагүй байдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн АНУ-ын засаг захиргааны хэд хэдэн албан тушаалтан огцорсон юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг